Хугацаа нь дууссан ҮХЦ-ийн дарга, албан тушаал сэлгэсэн Ц.Өлзийсайханы орны томилгоог оруулж ирнэ гэж ам гарснаас хойш нэг сар өнгөрлөө, С.Бямбацогт дарга аа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 41 секунд

Хаврын чуулган эхэлснээс хойш даруй хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Төрийн ордонд ийш тийш завгүй дүртэй холхисон гишүүд л дүүрэн байна. Начир дээрээ гараас нь гарсан гойд зүйл үгүй байтал бүрэн эрхийнх нь хугацаа талаасаа өнгөрчихлөө гэвэл бараг л буруудахгүй болов уу. Харин саяхнаас зарим байнгын болон дэд хороодын дарга нартаа "салхи" оруулж эхэллээ. Үүнтэй "барьцаад" нэг асуудлыг хөндөхгүй бол горьгүй нь.

Хагас сарын дараа гэхэд ҮХЦ-ийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад ойндоо хүрэх гэж байна. Тодруулбал, ҮХЦ-ийг даргалж буй Г.Баясгаланг Монгол Улсын Их Хурлаас санал болгосноор УИХ-ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж байв. Хуулиараа ҮХЦ-ийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог. Өөрөөр хэлбэл, Г.Баясгалангийн ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч оны зургаадугаар сард дууссан гэсэн үг. Гэтэл өнөөдөр эл томилгоог дурсах нь бүү хэл санаа зовниж, нэхэж шаардаж байгаа ч хүн алга. Гэтэл энэ чинь төр хугацаа нь дууссан "чихэр"-ээр хүүхдээ хуурч байгаагаас ялгаа юу байгаа юм бэ.

Үүн дээр "хачирлах" өөр нэг томилгоо бий. Өнгөрөгч оны 12 дугаар сард ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ц.Өлзийсайханыг "Төрд та хэрэгтэй байна" гэсээр урьж залах шахуу УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар авч ирж, томилсон. Гэтэл түүний оронд өнөөдрийг хүртэл ямар ч томилгоо хийгдсэнгүй. Угтаа Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд "Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр юун тэр 14 хоног. Ц.Өлзийсайхан дарга албан тушаал сэлгэснээс хойш таван сар гаруйн хугацаа өнгөрчихсөн шүү, нөхөд өө.

Нөхцөл байдал ийм л байна. Үндсэн хуулийн манаач болсон байгууллагынх нь нэг гишүүн дутуу, нэмээд бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан даргатай. Хариуцлагагүй, хариуцлагагүй гэхэд аль ч улсын хууль тогтоох байгууллага ийм томилгоог уландаа гишгэхгүй болов уу. Харин манайд бол арай өөр "хууль" үйлчлээд байх шиг байгаа юм.

-Ам асууя. Ойрын өдрүүдэд ҮХЦ-ийн гишүүний асуудлыг оруулж ирнэ гэснээс тань хойш НЭГ САР өнгөрлөө, С.Бямбацогт дарга аа-

Энэ томилгоог хэлэлцэх нь парламент болохоос УИХ руу оруулж ирэх үүргийг УИХТГ хүлээх ёстой. Учир нь яг одоо нэр цохогдоод буй Г.Баясгалан, Ц.Өлзийсайхан нарыг анх УИХ талаас санал болгож, томилуулж байсан юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы индэр дээрээс "Хугацаа нь дууссан болон орон гарсан ҮХЦ-ийн хоёр гишүүний асуудлыг ойрын өдрүүдэд оруулж ирэхээр ажиллаж байна" гэж мэдэгдэж байв.

Үүнээс хойш даруй нэг сар өнгөрлөө. Одоо л УИХ-ын даргаас ам асуумаар байгаа юм. Хаана байна вэ, өнөө маргаашгүй оруулж ирнэ гэсэн томилгоо тань. Эсвэл энэ томилгооны ард асар их улс төрийн ашиг сонирхол байдаг юм уу. Түүнийг нь дийлдэхгүй учраас хэнийг томилох дээрээ тохирч чадахгүй байгаа юм уу. Эцэс сүүлдээ ийм л хардлага төрж байна шүү дээ.

-Хоёр ч гишүүн нь "асуултын тэмдэг"-тэй байхад ҮХЦ хэр чадамжтай байж чадах вэ-

Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор ҮХЦ-ийн чадамжийн асуудлыг ярихаас өөр аргагүйд хүрч байна. Зүгээр ч нэг асуудал ҮХЦ-д хаяглагддаггүй болохыг та бид бүгдээр мэднэ. Улс төр, нийгэм эдийн засаг, хууль зүйн чухал үр дагавартай Үндсэн хуулийн маргаанууд л тэнд очдог. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн байдаг.

Ингэхдээ ҮХЦ-ээс "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна" гэх Ерөнхийлөгчийн тухай хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн тул түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм. Энэ мэт Үндсэн хуулийн маргаан дагуулсан олон асуудал ҮХЦ дээр очиж, ээлж дараалсан дүгнэлтүүдийг гардан авч байна. Ийм байхад бид хугацаа нь дууссан болон орон гарсан гишүүний асуудлыг тоолгүй явсаар байх хэрэг үү.

Ямартай ч хаврын чуулган хаалтаа хийхэд хэдхэн сар л үлдлээ. Ирэх намраас сонгууль угтсан улс төрдөө дарагдах нь ойлгомжтой. Үүнээс наана амжиж ҮХЦ-ийн гишүүдийн томилгоогоо шуурхайлах шаардлага байна. Байнгын үйл ажиллагаатай парламент ийм чухал томилгоон дээр хойрго хандах учиргүй.

Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсголыг Ж.Золжаргал даргална
Нийслэлийн 2024-2026 оны төсвийн асуудлаарх сонсголыг Ж.Золжаргал даргална
 
Нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулахаар боллоо
Нийслэлийн ахмадын амралт сувиллын төвийг байгуулахаар боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!