УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, түдгэлзүүлэх шаардлагатай хэмээн үзсэн. Харин УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хаалттай хэлэлцэж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ маргааш нэгдсэн хуралдаанаараа эцэслэнэ. Гэхдээ дээрх асуудлыг нууцаар хэлэлцэнэ.
Хэрэв УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл байнгын ажиллагаатай долоо дахь удаагийн парламентын түүхэнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн дөрөв дэх гишүүн болох юм. Тодруулбал, 1996-2000 оны парламентад УИХ-ын гишүүн Д.Баттулга, Д.Энхбаатар, С.Баттулга нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байдаг. Тухайн үед буюу 1998 онд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан. Гишүүдийн олонхын саналаар баталсан энэ хуулийг санаачлагч тухайн үедээ Д.Энхбаатар гишүүн байсан. Гэвч бүх зүйл орвонгоороо эргэж, парламентын гурван гишүүн, казино байгуулах тендерт шалгарсан компанийн захирал нар шүүхээс ял сонсч, дээлээ нөмөрсөн юм.
Тэгвэл парламентын гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, тавьж явуулах сонирхол УИХ-д байдаггүй. Тодруулбал, энэ удаагийн парламентад өдгөө давж заалдах шатны шүүхээс хоёр жилийн ял сонсоод буй УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг ангийнх нь нөхөд хамгаалсан. Мөн ёс бус үйлдэл гаргасан Д.Мурат, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ах дүү, хамаатан садандаа зээл авсан хэрэгт буруутгагдаад буй Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүдийг ч хамгаалж, хуулийнханд өгч явуулаагүй юм.