БНСУ-д хүүхэд хүчирхийлэгч этгээд 12 жилийн дараа шоронгоос суллагдсан нь иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Түүний хэрэг үндэсний хууль тогтоох байгууллагыг шоронгоос суллагдсан бэлгийн хүчирхийлэгчдэд зориулсан шинэ дүрмийг бий болгоход хүргэжээ.
Суллагдсан даруйдаа Чо Ду Сон гэмт хэрэг үйлдсэн газар болох хохирогчын амьдарч буй хотод суурьших хүсэлт гаргасныг иргэд эсэргүүцэж, гэрийнх нь гадаа цугларч заналхийлж байгаа аж. Түүнийг суллагдах үед ч хэдэн зуун хүн цугларч, түүний сууж явсан машин руу дайрсан юм.
Үндэсний Ассемблейгаас "Чо Ду Соны хууль" гэгдээд буй хуулийн төслийг баталснаар хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгтнүүдийг шөнийн болон хичээл тарах цагаар гэрээсээ гарахыг хориглосон билээ. Хуулиар ийм төрлийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг сургуулийн ойролцоо явахыг хориглодог.
Хэргийг эргэн сануулбал, 2008 онд 57 настай байсан Чо Ду Сон нэгдүгээр ангийн сурагч охиныг сургууль руугаа явж байхад нь барьцаалж сүмийн ариун цэврийн өрөөнд хүчирхийлсэн байна. Тэрбээр хийсэн хэргээ мэдэгдүүлэхгүйн тулд охины гэдэс дотрыг цувуулж, эргээд шалны модоор чихэж орхисон байв. Хэдий хохирогч охин амьд үлдсэн ч нарийн гэдсээ тэр чигт нь авхуулж, насан туршдаа гуурстай амьдрах болжээ. Энэ хэргийн талаар кино хүртэл гарч байсан билээ.
Чо Ду Соны тухайн үедээ согтуу байсан бөгөөд "юу ч санахгүй байна" гэж мэдүүлсэн нь хэргийг хөнгөлж, 12 жилийн ял оноосон нь хэтэрхий хөнгөдсөн гэж иргэд үздэг. Түүнийг суллагдахад электрон бугуйвч зүүлгэсэн ба долоон жилийн турш цагдаагийн хараа хяналтад байхаар болсон. Цагдаагийнхан түүний гэрт болон ойролцоох гудамж талбайг олон арван хяналтын камер суурилуулж, цагдаагийн эргүүлийг нэмж байрлуулжээ. Энэ нь зөвхөн түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэхээс гадна иргэдийн айдас түгшүүрийг намжаах, мөн түүн рүү иргэд халдахаас хамгаалсан явдал байв.
Чо Ду Сон суллагдсаны дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын вэбсайтад 600 мянга гаруй хүн гарын үсэг зурж, хэргийг дахин хэлэлцэхийг уриалж, түүнийг нийгэмд буцааж оруулж болохгүй хэмээн шаардаж байв. Гэвч Засгийн газар татгалзсан хариу өгчээ. Мөн иргэдийн зүгээс аливаа гэмт хэргийг шийдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлдэг явдлыг таслан зогсоохыг шаардаж байв. Энэ асуудал одоо ч маргаантай хэвээр байгаа бөгөөд иргэд шударга шүүхийг шаардсаар байна.
Эх сурвалж: BBC