Харамсалтайгаар амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины нэрээр нэрлэсэн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 39 секунд

Хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг хамгаалах нь төрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа байдаг. Дэлхий нийтэд сорилт болоод буй жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр бол түргэн шуурхай, мэдрэмж өндөртэй үйлчилгээ шаарддаг онцлогтой. Улаанбаатар хотноо өнөөдөр (2026.03.10) нээсэн “Шинэсаран” түр хамгаалах байранд нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай, хүний эрхийн олон улсын жишиг, стандарт хангасан анхны байгууламж төдийгүй сэтгэл зүй, эрх зүй, эрүүл мэнд, хувь хүний хөгжлийн тусламж үйлчилгээ, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах хүний нөөц, орчинг бүрдүүлжээ.

Хүн бүр айдас, хүчирхийллээс ангид амьдрах ёстойг, энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүйг байнга сануулах үүднээс Монгол охины гэгээн дурсгалыг мөнхжүүлэн гэр бүлийнх нь зөвшөөрөлтэйгээр шинэ төвийг нэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээлтийн үеэр онцолсон юм.

Тэрбээр, энэхүү төсөл нь зөвхөн барилга байгууламжийн нээлт бус, харин хүний эрхийг хамгаалах, хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, дэмжих тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн бодит алхам гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын стандарт болон Израйл Улсын Түр хамгаалах байрны загвараас жишээ авч, олон улсын жишигт нийцүүлэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс харгалзахгүй хүлээн авч сэтгэл зүй, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах ухааны дадлага, сургалт, зөвлөгөө үзүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай шинэ жишиг болохуйц барилга болжээ. Цаашид түр хамгаалах байруудыг энэ загвараар байгуулж, хүүхэд, эмэгтэйчүүдэд аюулгүй орчин, хамгаалалт, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх болно.

Гэр бүлийн хүчирхийлэл бол нэг айлын асуудал биш, нийгмийн аюулгүй байдал, ирээдүй хойч үеийн аж амьдралд шууд нөлөөтэй, ноцтой асуудал учраас Монгол Улсын Их Хурал хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрх зүйн шинэчлэлийг шат дараалан хэрэгжүүлж ирсэн, цаашид ч эрх зүйн орчинг боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэн, хохирогчдод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Үүнд өөрийн биеэр манлайлал үзүүлж ажиллах болно гэв.

Түүнчлэн хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн дэд сайдын хамт Цагдаагийн ерөнхий газрын харьяа түр хамгаалах байрны нөхцөл байдалтай очиж, танилцахад “Хүн ажиллаж, амьдрах боломжгүй” гэсэн дүгнэлттэй байсан тул шинээр баригдсан ч шийдэлгүй хоёр жил гацсан Түр хамгаалах байрыг яаралтай ашиглалтад оруулах чиглэл өгсөнөө сануулж, цаг алдалгүй, шуурхай ажиллаж, бүтэц орон тоог нь хүртэл шийдвэрлэсэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ.

Жишиг болохуйц түр хамгаалах байрыг байгуулахад Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон төслийн баг хамт олон, стандартын дагуу тохижуулахад Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

Ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байрыг ашиглалтад оруулснаар нийслэлийн хэмжээнд гурван түр хамгаалах байртай боллоо.

Шонхоруудын залуус цувралын харьцааг тэнцүүллээ
Шонхоруудын залуус цувралын харьцааг тэнцүүллээ
 
Монголын пара гүйлтийн цанын тамирчид 16, 22 дугаар байрт шалгарлаа
Монголын пара гүйлтийн цанын тамирчид 16, 22 дугаар байрт шалгарлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!