Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэг сарын дотор гарсан хоёр хэрэгт дарга нарт нь АДИЛХАН ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ…

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 59 секунд

Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэрэг зодуулсан гэх асуудал нэг сарын дотор хоёр удаа гарлаа. 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр боксын бээлий өмссөн цэрэг бусад цэргүүдээ зодож байгаа бичлэг цахим орчинд тавигдсан. 2026 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр мөн л цэргийн эрүү хугарч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэх мэдээлэлд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тайлбар гаргасан.

Шинэ он гарахтай зэрэгцээд цэрэг нэгнээ дэглэсэн, дүрмийн бус харилцаа үүссэн нь тогтоогдсон гэх тайлбараар Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч бөгөөд штабын дарга, хурандаа Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Улмаар 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны Б/01 дүгээр тушаалаар хурандаа Н.Лхагвасайханыг Дотоодын цэргийн штабын даргаар, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчаар дэд хурандаа Б.Чинзоригийг томилоод байгаа.

2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр гарсан хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж холбогдох хүмүүст хариуцлага тооцсон гэсэн мэдээллийг эх сурвалжууд өглөө. Боксын бээлий өмсөж бусад цэргүүдээ дэглэсэн түрүүч цолтой цэргийн цолыг хурааж, ангийн дотоод журмаар хариуцлага хүлээлгэж байгаа аж. Дэглүүлсэн гэх цэргүүдийн биеийн эрүүл мэнд хэвийн, хугацаат цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байна.

Харин сарын дараа гарсан цэргийн эрүү хугарсан гэх асуудалд ХЭҮК-оос хяналт шалгалт хийхэд "Үе тэнгийн цэргүүд хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Олон эрчүүд цугласан газарт нэгэнтэйгээ тоглох, онгирох зүйл гардаг. Үеийн нэгнээ "Мань нь чамайг ганц цохичих уу" гэхэд нь "Тэг, тэг" гээд л элгэнд нь цохисон юм байна лээ. Яг тухайн үед нь зүгээр байж байгаад цааш эргэж хэд алхаад унахдаа цементэн шалан дээр эрүүгээрээ унахдаа хугарсан асуудал үүссэн. Цэргийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна" гэх тайлбарыг өгчээ. Өчигдөр тухайн цэрэгт хагалгаа хийсэн. Хагалгаанд орохоосоо өмнө хоёр эрүү хугарсан тул юм идэж, ярьж чадахгүй байгаа ч өөрөө босож явж байсныг ар гэрийнхэн хэвлэлд өгсөн яриандаа дурдсан.

Сарын дотор гарсан хоёр хэргийн нэг нь баярын өмнө үүссэн гэх шалтгаанаар дарга, дээд албан тушаалтнуудыг бүгдийг нь үүрэгт нь ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл сарын дараа яг адилхан хэрэг давтагдахад "Хэргийг шалгаж байна" хэмээхээс өөр хариу одоогоор алга. Яг тухайн хэрэг гардаг өдөр нь тус ангид сэтгэл зүйн сургалт орсон байгаа юм. Үүнийгээ ч өөрсдийнхөө цахим хаягаар нийтлэн мэдээлжээ. Адилхан шалтгаанаар дахин тухайн ангийн захирагчид болон Дотоодын цэргийн штабын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

Өмнө нь ч Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчийн ходоод задарч нас барсан. Тус хэрэг 2022 оны зургадугаар сард гарч байсан юм.

“50 хувийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллууд хасагдсан гэдгийг багш нар хэлж байна“
“50 хувийн нэмэгдэл, үр дүнгийн урамшууллууд хасагдсан гэдгийг багш нар хэлж байна“
 
ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-ий АНУ-д болох тоглолтын тасалбар эзэмшигчид визний ярилцлагын цагаа түргэвчилсэн журмаар авах боломжтой
ЭСЯ: Хөлбөмбөгийн ДАШТ-ий АНУ-д болох тоглолтын тасалбар эзэмшигчид визний ярилцлагын цагаа түргэвчилсэн журмаар авах боломжтой
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!