УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ТӨХК-иудын өр төлбөртэй холбоотой асуудлаар ярилцлаа
-Таны хувьд саяхан төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудын өр төлбөртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байсан. Нөхцөл байдал ТӨХК-иуд дээр ямар байна?
-2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам, тээвэр, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбаруудад толгой компани 84, тэдгээрийн охин, хараат компани 17 нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээр компани, үйлдвэрийн газруудаас 100 хувь төрийн өмчийн 73, төрийн өмчийн оролцоотой 22, олон нийтийн нээлттэй хувьцаат компани 6 байна.
Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр нь авч үзвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (түүний харьяанд “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрчист Монгол” ХХК болон тэдгээрийн харьяа компаниудыг оролцуулаад нийт 41 ТӨК), Эрчим хүчний яам (түүний харьяанд 28 ТӨК), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (түүний харьяанд 14 ТӨК), Сангийн яам (түүний харьяанд 5 ТӨК), Зам, тээврийн яам (түүний харьяанд 5 ТӨК), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (түүний харьяанд 4 ТӨК), Эдийн засаг, хөгжлийн яам (түүний харьяанд 2 ТӨК), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (түүний харьяанд 1 ТӨК), Хууль зүй, дотоод хэргийн яам (түүний харьяанд 1 ТӨК) зэрэг нийт 11 хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нар байна.
Яг энд л асуудал нь байгаа юм. Одоогийн нөхцөлд ТӨХК-иуд алдагдалтай ажилласан ч татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа нөхөж байгаа. Толгой компаниудаар дамжуулан төсвөө батлуулж, алдагдлаа нөхөж, алдагдалтай ажилласан ч үр дүнгийн урамшууллуудаа авч байна. Үүнийг толгой компаниар нь харах гэхэд, нээлттэй биш буюу Шилэн данснаас авахуулаад мэдээллээ ил тавихгүй байгаад асуудал байна.
Өнгөрсөн хугацаанд 22 их наяд төгрөгийн алдагдал үүсэхэд түүнийгээ толгой компани юм уу төрийн эрх хэрэгжүүлэгч, төлөөлөл хэрэгжүүлэгчээр дамжуулан нөхөж ирсэн нь өнөөдрийн “өр төлбөр” гэдгийг үүсгэчихсэн. Энд хариуцлага алдагдсан асуудал яригдана. Нэг ёсондоо, хариуцлага хүлээх тогтолцоо нь ажиллаагүй гэсэн үг юм.
-Төрийн өмчит компаниудыг цөөлөх, ашигт ажиллагааг нь сайжруулах засаглал болон менежментийг нь анхаарах гээд олон асуудал байна л даа. Саяхнаас Засгийн газар удирдлагуудыг нь чөлөөлж эхэллээ. Гэхдээ төрийн өмчит компаниуд дээр явагдах бодлогын реформ дарга солих үйл явц болоод хувирчихлаа гэж шүүмжлэх хүмүүс ч байна?
-Хариуцлага тооцож байна. Гэхдээ эргээд дараагийн удирдлагыг томилохдоо Засгийн газраас ТУЗ-ийн бүрэн эрхэд халдмааргүй байна. Мөн сонгон шалгаруулалтаар тухайн удирдлагыг сонгох шаардлагатай.
Сонгон шалгаруулалтгүй томилогдсон бүх Төрийн өмчит компани эргээд алдагдал, авлига, зориулалтын бус худалдан авалтуудад орооцолдож байдаг. Тухайлбал, саяхан МИАТ компанийн удирдлагыг чөлөөлсөн ч эргээд шинэ удирдлагыг томилохдоо сонгон шалгаруулалт явсангүй шууд тавилаа. Энэ бол асуудал. Удахгүй Эрдэнэс Монгол, Эрдэнэс таван толгой, Төрийн банк гээд төрийн өмчит компанийн удирдлагууд шууд тавигдах уу.
Жишээлбэл, Хөгжлийн банкны хэрэг бол Засгийн газар нь Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдсанаас болж л үүссэн гэмт хэрэг шүү дээ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат гишүүнийг албан тушаалын томилгоогоор томилж байгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-ын 6.4-т “...төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэхээр томилогдсон төрийн захиргааны албан хаагч 2-оос илүү төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлд орж ажиллахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байна. Энэ мэтчилэн хуулийн олон зөрчил "үүрлээд" байгаа учраас авлига салахгүй, алдагдал арилахгүй, хувийн хэвшлийн эрхэд төр халдсаар хэвээр байна.
-Тэгвэл өр төлбөрийн асуудлыг одоо хэрхэх вэ. Таны хэлсэнчлэн ийм их хэмжээний өр төлбөр үүсчихсэн байдаг. Гэтэл компани нь алдагдалтай ажилласаар л байна. Нөгөө талдаа төр үүнийг төлөөд явж болохгүй баймаар?
-Төрийн өмчит компанийн ангиллыг маш тодорхой болгох нь эхний алхам. Тухайлбал, хувийн хэвшилтэй өрсөлдөх бүх ТӨК-ийг татан буулгах хэрэгтэй. Төрөөс тодорхой зохицуулалт шаардлагатай төрийн өмчит компаниудыг олон нийтийн шууд хяналтад оруулах шаардлагатай. Нийгэм рүү, иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн үр ашгийг чухалчилдаг төрийн өмчит компани болон үйлдвэрийн газруудтай байх шаардлага зайлшгүй тулгарч байна. Дулааны цахилгаан станц ч юм уу. Санхүүг ил тод нээлттэй болгох, засаглалын зөв тогтолцоогоо мөрдүүлэх гэдэг ч юм уу.
-Цаашид хэрхэх вэ гэдэг дээр таны шийдлийг ойлголоо. Тэгвэл одоо үүсчихсэн байгаа энэ төлбөрийг төр төлөөд явах уу. Төр төлөх нь өөрөө зохистой юу?
-Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож нэхэмжлэх боломжтойг нэхэмжлэх нь зүйтэй. Нийгмийн чиглэлийн төрийн өмчит компаниудын хувьд нэгэнт нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй төрийн хүлээх чиг үүрэг тул аль болох алдагдалгүй ажиллах, зөв засаглалд аваачих, олон нийтийн хяналтыг тавих, ил тод санхүүгийн тайлант арга хэмжээг авах хэрэгтэй
-ТӨХК-ийн асуудлыг ярьсных, та өмнө 2019-2021 онд алдагдалтай ажилласан 9 компанийн удирдлагууд 971 сая төгрөгийн урамшуулал авсан талаар хэлж байсан. Энэ асуудлыг та гүнзгийрүүлж судалсан зүйл бий юу?
-Албажуулахаар ЗГХЭГ-т албан бичиг явуулсан ч одоогоор хариу ирээгүй байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!