
"Oner international" компанийн үүсгэн байгуулагч Э.Цовоотой ярилцлаа. Тэрбээр 15 насандаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, гадаадын хэд хэдэн улсын тэтгэлэгт хөтөлбөрөөр сурсан. Арав гаруй хэлээр ярьдаг. Одоо "Oner international" компани нь хэд хэдэн улсад үйл ажиллагаагаа явуулж, 200 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байгаа юм. Э.Цовоо Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа тул бид онлайнаар холбогдсон юм.
-Одоо Унгар улсын аль хотод байна вэ?
-Будапешт хотоос жаахан зайтай жижгэвтэр хотод байна. 2-3 цагийн дараа Будапештэд байх оффис руугаа хөдөлнө дөө.
-Таныг хүмүүс гадаадын тэтгэлэгт оюутнуудыг хамруулдаг. 200 гаруй оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулснаар мэддэг юм байна лээ. Хэзээнээс энэ ажлаа эхлэв. Компаниа хэзээ байгуулсан юм бэ?
-Намайг Э.Цовоо гэдэг. TG гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Компанийн хувьд өмнө нь Монголд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Би зөвлөх байдлаар ажилладаг байсан юм. 2020 онд Ковидын үеэр компаниа гадаадад шилжүүлье гээд европт гарсан. Манай компани харьцангуй залуу гэж хэлж болно. Гэхдээ одоо 5-6 жил болчихлоо. Одоогоор боловсрол, аялал жуулчлал, хог хаягдал, технологи гэх мэт чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа маань өргөжөөд явж байгаа.
-Тэтгэлэгт хамрагдахыг зорьж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө ихэвчлэн өгдөг вэ?
-200 гаруй гэж байгаа боловч түүнээс ч олон хүүхдийг тэтгэлэгт хамруулсан. Яагаад гэвэл өөр өөр улсуудад оффистой байдаг. Тэтгэлгийн хувьд хамгийн чухал нь юу вэ гэхээр тэтгэлэг олон янз байгаа шүү дээ. Засгийн газрын тэтгэлэг, улсын тэтгэлэг, ямар нэгэн байгууллагаас өгч байгаа тэтгэлэг, муж, хотын тэтгэлэг гээд янз бүр. Үүнийг авахын тулд тухайн хүүхэд хамгийн түрүүнд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Улс, бүс, нутгаасаа хамаараад тэтгэлэг болгон өөр өөр. Би Монгол, Солонгос, Япон, Унгар, Колумб, Англи гээд нэлээд хэдэн улсаас тэтгэлэг авч сурсан. Улс болгон тэтгэлэг өгч байгаа сигмэнт болгон өөр өөр байдаг юм байна лээ. Америкт сурах гэж байгаа хүүхдүүд ямар эсээ бичих вэ, азид сурвал яаж бичих гэх мэтээр бүгд өөр өөр. Хамгийн эхэнд хүүхэд өөртөө итгэлтэй байх ёстой. Итгэлгүй бол сурах боломж хэцүү. Тэтгэлэгт хамрагдаад очиж сурлаа гэхэд түүнийгээ хадгалах хамгийн хэцүү. Багш нартайгаа ойлголцоно, найзуудтайгаа ойлголцоно. Түүн дээр нээлттэй байх хэрэгтэй. Миний нэг анзаарсан зүйл нь хүүхдүүд юу авах вэ гэдгээ л бодоод байдаг хэрнээ тэтгэлгийн хороонд, тэтгэлэгтээ би юу өгөх вэ гэдгээ анзаардаггүй юм байна лээ. Эхний ээлжид тэтгэлгээ ойлгох хэрэгтэй. Жишээ нь, Унгарын засгийн газрын тэтгэлгээр сурах гэж байгаа бол Унгарт юу авчрах вэ гэдгээ маш ойлгомжтой бичих ёстой. Тухайн орныхоо түүх, соёл, онцлогийг агуулж бичих ёстой байдаг. Ази тал руугаа аваад үзэхээр тухайн хүүхдийн академик байдлыг илүү хардаг юм шиг санагдсан. Академик талдаа энэ хүүхэд ямар явж байна. Тухайн орны хэлийг үзэх сонирхол байна уу гэдгийг хардаг. Ер нь ямар ч тэтгэлэг тухайн орныхоо соёл, хэлийг үзүүлэхийг зорьдог. Цаанаасаа тухайн улсын эрх ашиг давхар явж байгаа шүү дээ. Тэр улсын татвр төлөгчдийн мөнгө явж байгаа. Үнэгүй зүйл гэж байхгүй. Би энэ үнэгүй боловсрол, степендийг авч байгаа юм чинь эргүүлээд юу өгөх вэ гэдгээ ойлгох хэрэгтэй. Эсээ дээр хүмүүсийн бүх зүйл агуулагдах ёстой учраас үүн дээр би бусдын өгдөггүй зөвлөгөөг өгдөг.
-Таныг 15 настайдаа ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд оюутан болсон гэж сонссон. Яаж тийм бага насандаа дунд сургуулиа дүүргэсэн юм бэ. 15 настай оюутан гэдэг ховор тохиолдол байх аа?
-Би 5-6 настайгаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Теннисний спортоор хичээллээд 20-иод жил болж байна. Тухайн үедээ Монгол Улсын шигшээ багт тоглодог байсан. Гурван удаагийн улсын аварга болж байлаа. Хамгийн том тэмцээн гэвэл оюутны олимпод Монгол Улс болон Унгар улсаа төлөөлөн оролцож байсан. Магадгүй багаасаа спортоор хичээллэсэн, нэг зүйлдээ тууштай байх гэдэг зүйл минь намайг хүмүүжүүлсэн болов уу гэж боддог юм. Мөн дээрээс нь аз гэж хэлж болно. Таван настай сургуульд орж байлаа. Гэр бүлийн туслалцаа сайн байсан. Би өвөө, эмээгийн хүүхэд. Өвөө, эмээ минь ч миний арыг сайн дааж байсан учраас би хичээл, бэлтгэлээ байнга чанартай хийдэг байсан. Их сургуульд ороод яг үнэнийг хэлэхэд надад тийм ч хэцүү байгаагүй. Жаахан хэцүү байсан зүйл нь хоёрдугаар курстээ гэрээсээ хол японд очиж сурахад эхний хоёр сар хэцүү байсан. Азаар би тэмцээн уралдаанаар өөр өөр улсуудаар их явдаг байсан учраас дасан зохицох чадвар давгүй байсан юм шиг байна лээ. Эхний хоёр сар жаахан хэцүү байгаад сүүлдээ дассан.
-Та хэдэн хэлээр ярьдаг вэ. Өөр өөр улс орны хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг гэхээр олон хэлээр ярьдаг байх?
-Явц дундаа би арав гаруй хэл сурч байсан байна лээ. Одоогоор сайн ярьдаг гэвэл 5-6 хэл бий. Ажил амьдралд хамгийн их ашиглагдаж байгаа гэвэл англи хэл. Монгол хэл, бусад хэлүүд маань илүү бизнесийн коннекшн үүсгэх байдлаар хэрэглэгддэг. Япон, испани хэлүүд маань бизнест илүү хэрэг болж байгаа.

-Та анх удаа гэрээсээ хол сурахад эхэндээ жаахан хэцүү байсан гэлээ шүү дээ. Тэгэхээр тэтгэлгээр сурах гэж байгаа хүүхдүүд сэтгэл санаагаа хэрхэн бэтгэх ёстой байдаг вэ?
-Хүүхдүүд гадаадад суръя гэж бодож байгаа бол багаас нь эхлэх ёстой. Whats App гэх мэт платформуудыг сайн ашиглаж сурах хэрэгтэй. Имэйл мөн сайн бичиж сурсан байх ёстой. Анхаарах зүйл нь өөр хоол унданд нэлээд дасаж сурах хэрэгтэй. Дараагийн чухал зүйл нь санхүү. Бидний дараагийн зорилго өөрсдийн гэсэн академитай болох. Академиа байгуулбал бид зүгээр нэг хэл заахаас илүүтэй дэлхийн иргэнийг бэлтгэх чиглэл рүүгээ ахуйн хичээл заана. Дор хаяж л гэрээсээ хол газар сурахад хоол хийх шаардлага гарна. Би японд очихдоо сайн хоол хийж чаддаггүй байсан. Нэг ажилд ортол тогоочоор орчихсон. Эхэндээ асуудалтай байж байгаад хичээгээд хийгээд явж байтал нэг мэдсэн ахлах тогооч болчихсон байсан. Бидний баримталж байгаа зарчим гэвэл манайх 15 улсад төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. 7-8 улс нь оффис байдлаар албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаад дотоодгүй хүүхдүүд хард скиллүүдээ сайжруулах ёстой. Зөвхөн англи хэлэндээ IELTS-д мундаг оноотой байх биш хоол хийх чадвартай, хүнтэй харилцаж чаддаг, өөр орны соёлыг хүндлэх, түүхийг хүндлэх, хувцаслалтдаа яаж анхаарах ёстой гэх мэтээр заадаг. Хамгийн чухал зүйл нь өөрийгөө дайчлах чадвар. Эцэг эхчүүдийн хамгийн их асуудаг зүйл нь аюулгүй байдал. Мэдээж хүүхдээ гадаадад сургая гэж төлөвлөсөн бол гэр бүл найз нөхдөөсөө хол гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэг эх хүүхдийн харилцаа холбоо өндөр түвшинд байх ёстой. Өндөр гэхээр байнгын хүүхдээ хаана юу хийж байна, юу идэж байна, хичээлээ хийж байна уу гэдэг хяналт гэхээс илүүтэй нээлттэй ярилцах хэрэгтэй. Азиуд үр хүүхэд, эцэг эхтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй. Ямар нэгэн асуудал тулгарлаа гэхэд айхгүйгээр ээж аавдаа хэлдэг байх ёстой. Нууснаас болоод гарах эрсдэлүүд их байдаг. Хэцүү бэрхшээлийг эцэг эх асран хамгаалагчийн харилцаагаар даван туулах нөлөө их. Хүүхдүүд буруу нөлөөнд автахгүйн тулд спортоор хичээллэх, хичээлээс гадуур үйл ажиллагаанд идэвхтэй байх шаардлагатай. Үнэхээр завгүй юм чинь тиймэрхүү нөлөөнд автах нь бага. Би японд сурч байхдаа багахан судалгаа хийсэн. Оюутнууд багадаа 2-3 ажил давхар хийдэг. Би нэг ажил хийгээд теннис, сагсанбөмбөг, зургийн клубүүдэд явдаг байсан. Тэгээд цагаа хуваарилж, ажлаа хийнэ, секцүүддээ явна. Хичээлээ хийнэ гэхээр өөр зүйлд сатаарах цаг бага байсан. Мэдээж найз нөхөдтэй болох ёстой учраас сошиал орчинд ч цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй.
-Бизнес эрхэлж байгаа залуу хүний хувьд татварын орчин болон бусад зүйлс ямар байна вэ. Гадаадын салбарууд, монголд байх салбарын ялгаа гарч байна уу?
-Манай компани сүүлийн үед AI хиймэл оюун ухааныг оруулж ирж байгаа. Монгол залуусын хувьд чадвар нь байна. Юуг яаж хийхээ мэддэг ч хэлний бэрхшээл их тулгарч байна. Түүнийг нь засаад залруулаад явахад чадвар нь байгаа. Гадаадад сураад ирсэн тэр мэдлэг мэдээллийг нутагшуулах нь жаахан дутмаг ажиглагдсан. AI чиглэлээр сурч мэдээд ирснийг нөгөө л хуучин компьютероо тавьж өгөөд хий гэвэл тэр ажил явахгүй. Манайх үйл ажиллагаагаа аялал жуулчлалаар өргөжүүлэх болоод монголд найзуудтайгаа нэр өгөх талаар ярилцаж суусан юм. Нэр өгөх гэхэд л асуудал үүссэн. Гадаадад хуульчтайгаа ярилцаад нэрээ сонгоод 3-5 хоногт л болчихдог үйл явц. Татварын орчин ч ойлгомжтой. Европт байдаг нягтлантайгаа найман сар хамтран ажиллахад 1-2 удаа л уулзаж байсан. Энд татвар өндөр үү өндөр. Гэхдээ буцаагаад авч байгаа боломж бололцоо нь мөн өндөр. Манайх уламжлалт бизнесийг бодвол гайгүй байх. Би Унгарт рестораны бизнес хийж үзсэн. Рестораны бизнесийг эхлүүлэхэд засвар үйлчилгээгээ хийгээд, зөвшөөрөл юмаа авахад 2-3 долоо хоног л болж байсан. Манай ажлын лиценз хоёр хоногийн дотор л гарсан. Мэргэжлийн хяналтаас байнга хяналт шалгалт ирээд ингэлээ, тэглээ гээд байдаггүй. Алдаа гаргавал ямар хэмжээний торгууль шийтгэл авах нь ойлгомжтой учраас бүх зүйлийг стандартын дагуу хийдэг. Монгол залууст өгөгдөл, чадвар нь байна. Гэхдээ онлайн орчныг хангалттай сайн ашиглаж чадахгүй байгаа юм шиг анзаарагдсан. Зөвхөн 3 сая хүний зах зээл биш онлайн орчныг ашиглаж сурвал дэлхийд гарах боломж нь нээлттэй байгаа.
-Бүх зүйл 100 хувь гэж байдаггүй гэдэг шүү дээ. Тэтгэлэгтээ тэнцээд очоод сурах явцдаа оюутнуудад ямар нэгэн асуудал, хүндрэл тулгараад буцах тохиолдол хэр их гардаг вэ?
-Бид шаардлага өндөртэй байж магад. Хэлний бэлтгэлд хүүхэд явууллаа ч гэсэн англи хэлний зохих хэмжээний мэдлэгтэй байх ёстой гэдэг шалгууруудыг өгдөг. Зарим компаниудыг ажиглаад байхад хүүхдээ гаргасан л бол боллоо гэсэн хандлагатай байдаг юм байна лээ. Залуусын сэтгэл зүй маш чухал. Хүмүүс хүүхдээ гадаадад гарлаа л бол баяжчихдаг гэж боддог. Үгүй шүү. Амьдрал ер нь төвөгтэй болно. Эхний 2-3 сар хувийн амьдралд асуудлууд гарч ирнэ. Өндгөө хаанаас авах вэ, эмнэлэг хаана байдаг вэ гэх мэт. Дараагийн 6 сар академик ачааллууд нэмэгддэг. Хичээлээ хийх, давхар ажил хийнэ. Хичээлээс гадуур ажилд хамрагдана гээд ачаалал нэмэгдэнэ. Энэ хооронд хэлэндээ сайн байх хэрэгтэй. Хэлний асуудал үүсээд хэцүү байгаад эхлэх юм бол бусад зүйл дээрээ ч хэцүү болно. Тэгэхээр хүмүүстэй харилцаж чадахгүй, дотогшоо болж эхэлнэ. Харилцаанд орохгүй болж эхэлнэ. Хүүхэд өөрөө бэлэн үү, бэлэн биш үү гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Буцаж ирж байгаа хүүхдүүд байдаг. Гэхдээ тэр нь алдаа биш гэж би харах дуртай. Алдсан ч тэр нь маш том туршлага болж үлддэг. Дараа дахин алдахгүй байх сургамж болдог. Надад ч гэсэн зөндөө кейсүүд байгаа. Тэтгэлэгт тэнцсэн. Чадвартай мундаг л гээд байдаг. Гэтэл миний маш олон тэтгэлгүүдэд материалуудаа өгөөд тэнцээгүй тохиолдлуудыг хүмүүс мэдэхгүй. Мөсөн уулын оройг л хардаг болохоос дор нь юу байгааг хүмүүс мэддэггүй. Энэ хүртэл хэцүү байсан уу. Хэцүү байсан. Түүнийг хэн ч мэддэггүй. Соёлын тал дээр миний санал нийлдэггүй нэг зүйл байдаг. Гадаадад очоод ресторанд ажиллалаа гэхэд хог асгах, нойл угаах нь энгийн л асуудал. Гэтэл монгол залуус Чингисийн монгол хог асгадаггүй юм аа. Би хог цэвэрлэдэг хүн биш. Нойл угаадаг хүн биш гэдэг. Тэгээд л хоёр хоногийн дараа халагдаж байгаа юм. Эсвэл өглөө ажилдаа ирдэггүй. Ажил 08.00 цагаас эхэлдэг байтал 08.30, 09.00 цагт ирдэг. Усыг нь уувал ёсыг нь дага гэж үг байдаг даа.

-Та нэлээд олон улсад тэтгэлэгт хамрагдаж сурч, ажиллаж, амьдарч үзсэн хүний хувьд таны очсон улс орноос хамгийн сурахад таатай, ажиллаж амьдрахад боломжийн улс нь аль нь байв?
- Хүн хүнд өөр л гэж хариулмаар байна. Яагаад гэвэл миний туулсан замнал хүмүүсийнхээс өөр. Хүмүүсийн очиж ажиллаж амьдрахыг хүсдэг европ, америк, латин америкийн орнуудад хүн өөрөө л сэргэлэн байвал боломж нь байдаг. Өөрсдөө хөгжингүй улс болохоор амьдрахад мэдээж өртөг өндөр. Гэхдээ боломжоо олж харж чадвал бүх зүйл нь нээлттэй. Азийн орнууд, япон солонгос зэрэг улсуудад соёл нь арай дөхөм юм шиг санагддаг. Миний хувьд япон хамгийн таатай улс гэж хэлнэ. Би нэлээд удаан тэнд сурсан. Хувь хүн өөрөө хичээвэл хаана ч амьдарсан таатай л даа.
-Хувь хүн гадаадын тэтгэлэг авахаар зорьсон бол өөрийгөө бэлтгэнэ. Хэлээ сурна. Бусад зүйлдээ бэлтгээд анхаараад явах нь ойлгомжтой. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гадаадад сургах гэж байгаа бол юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг эхчүүдийн зүгээс санхүүгээ маш сайн бэлдэх ёстой. Гадаадад эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь тусдаа данс нээгээд хадгалдаг. Энэ ойлголт монголд орж ирэх цаг нь болсон. Байгаагаасаа өгөх биш. Тусад нь хадгаламж үүсгэх ёстой. Хамгийн чухал зүйл нь 100 хувийн тэтгэлэг аваад явсан байсан ч хүүхдэдээ аюулгүй байдлын хадгаламж заавал байх ёстой. Яагаад гэвэл үүнээс болж асуудал үүсдэг гэдгийг би өөрөө мэдэж байгаа. Хүүхэд ямарваа нэгэн газар асуудал гараад байрнаасаа хөөгдвөл яах вэ. Хэд хоногийн мөнгө дутуу ч юм уу. Тэтгэлэг нь цагтаа өгөөгүйгээс болоод байрнаасаа хөөгдөх ч юм уу. Ажлаасаа халагдах ч юм уу маш олон асуудал гарна. Хамгийн том жишээ Ковид байна шүү дээ. Хоёрдугаарт, зөвхөн англи хэл гэхгүй давхар хэл судлах хэрэгтэй. Англи хэл одоо хэрэглээ болчихлоо. Тухайн хүүхэд амжилттай явахад хэл маш чухал. Тэтгэлэг авлаа гэхэд түүнийг ашиглах нь хамгийн чухал. Сурахаасаа гадна жижиг сажиг зүйлийг ажиглах ёстой. Унгарт гэхэд жишээ нь, метро нь яаж тавигдсан юм байна. Үйлчилгээний байгууллагууд нь хэр юм байна гээд бүгдийг ажиглаж байх нь зүйтэй. Мөн хүүхдээ заавал олимп дэлхийн аварга болгохгүй ч гэсэн спортоор заавал хичээллүүлээрэй гэж л зөвлөмөөр байна.
-Та 15 настайдаа дунд сургуулиа төгссөн гэхээр хэдэн настайдаа уншиж, бичиж сурсан юм бэ. Хамгийн анхны хэлээ хэдэн настай сурч байв?
-Миний хувьд англи монгол хэл хослуулж сурсан л даа. Дараагийн хэлүүдээ явц дундаа сурсан. Нэг хэл сурчихад бусад хэлийг сурахад дөхөм болдог испани хэл сурчихаар франц, герман хэлтэй дүйцэхүйц байдаг учир сурахад дөхөм байдаг. Манай хүүхэд гэхэд төрөлхийн 2-3 хэлтэй.
-Одоо хүүхэд нь хэдэн настай вэ?
-Зургаан настай төрөлхийн 2-3 хэлтэй. Орчноосоо л сурчхаж байгаа юм. Явц дундаа дахин хэдэн хэл нэмж сурахыг таашгүй. Үүнтэй уялдуулаад хэлэхэд, монгол хүүхдүүд монгол хэлээ сайн сураагүй байж дараагийн хэлээ сурч байгаа нь сэтгэл эмзэглэм санагдсан. Монгол хэл, соёл, түүхээ ойлгосон үедээ гадаад хэл сурах хэрэгтэй. Ядаж л жуулчдад гайд хийгээд үзэх хэрэгтэй. Түүхээ тайлбарлаж чаддаг байх ёстой. Ингэж байж гадаадад соёлоо ойлгуулна шүү дээ. Таван өгүүлбэр бүрэн уншиж ойлгож чадахгүй байж гадаад хэл сурна гэвэл эмгэнэлтэй шүү дээ.
-Таван жилийн дараа монголд ирэхэд хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Би хэдэн жуулчин аваад монгол хоолны газар оруулах гээд хайгаад олоогүй. Тав алхаад солонгос, хятад хоолны газар. Монголд ирсэн жуулчид монгол хоол идэхийг хүсэх үү, хятад солонгос хоол идэхийг хүсэх үү. Боловсрол талаасаа ч дархлаагаа алдсан юм болов уу гэж анзаарагдсан. Ус нь хүртэл ямар ч монгол орчуулагүй. Хятад, англи, орос хэлтэй байсан. Унгарт савлагаатай ус байлаа гэхэд заавал унгар орчуулгатай байдаг. Өөр хэлнүүд байж болно. Гэхдээ заавал унгар хэл байх ёстой. Гэтэл монголд идэж ууж байгаа юмныхаа ямар найрлагатайг мэдэхгүй хэрэглэнэ гэхээр хүнсний аюулгүй байдал руу хүртэл орно. Би хятад хэлгүй байж яагаад усны найрлагыг хятдаар унших ёстой гэж. Энэ бол агуулгын хувьд маш том асуудал. Энэ бол зөвхөн залуус руугаа гэхээс илүү бизнес эрхлэгчдийн хувьд анхаарах асуудал хаяг шошгийн бизнесийн асуудал хөндөгдөж байгаа юм.
Хүмүүс юунд хэрэглэхээ мэдэхгүй болохоор сурдаггүй. Жишээ нь, монгол бичгийг хүчээр сур гэж төрийн албаныханд даалгаж байгаа юм. Юунд ашиглах юм бэ. Мэдэхгүй учраас сурахыг хүсэхгүй байна. Түүнтэй адил үүнийг сурвал ийм зүйлд ашиглах боломжтой гэдгийг эхнээс нь хэлээд заагаад ойлгуулаад өгвөл сурахад дөхөм болно.
-Таны ярилцлагыг унших тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан залууст юу гэж хэлмээр байна вэ?
-Хамгийн эхэнд өөрсөдтэйгөө сайн тулж ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, судалгаа гэдэг зүйлийг маш сайн хийх хэрэгтэй. Юм хөгжчихөөд байхад чадахгүй гээд сууж байвал хэцүү шүү дээ. Залуучуудын гаргаж байгаа түгээмэл алдаа юу гэхээр сошиал орчноос мэдээлэл авах гээд байдаг. Зөвхөн фэйсбүүк инстиграммд пост бичээд л зөвлөгөө авах гээд байгаа бол хамгийн буруу зүйл. Үүнийг л битгий хийгээрэй. Мэргэжил сонголт дээрээ эргэлзээд байгаа бол тухайн мэргэжлээр ажилладаг хүнд нэг кофе, эсвэл хоол авч өгөөд ярилцаад үзвэл хамаагүй илүү амьд зөвлөгөө болно. Гуравдугаарт, ирээдүйд би хаана байх вэ гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрийгөө олоод, судалгаагаа сайн хийгээд, ирээдүйд хаана байх мэргэжилтэн гэдгээ маш сайн мэдрээрэй гэж л зөвлөмөөр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!