Эдийн засгийн төлөв, нөхцөл байдлын талаар Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.
-Яг одоо УИХ-аар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Та эдийн засагчийн хувьд төсвийн хүрээний мэдэгдлээс юуг чухалчилж харав. ЗГ ирэх оны төсвөө хэрхэн төсөөлсөн байна?
-Төсвийн хүрээний мэдэгдэл бол Монгол Улс шиг уул уурхайн баялагтай оронд зориулагдаж 2010 онд батлагдсан хууль. Тухайлбал Чили, Перу зэрэг Өмнөд Америкийн улсуудад хэрэгждэг хуулийг ОУВС-гийн захиалгаар баталсан. Харамсалтай нь сүүлийн 10 жилд энэ хууль утгаа алдсан. Яагаад гэвэл өнөөдөр бөөн хэл ам болоод УИХ-ын гишүүд янз бүрийн санал гаргаж төсвийн хүрээний мэдэгдлээ баталлаа гэхэд араас нь тодотгол орж ирэхэд байхгүй болдог. Өөрөөр хэлбэл 9-р сард төсөв өргөн баригдахад бүх үзүүлэлт нь өөрчлөгдөөд ороод ирдэг. Яагаад өөрчлөгдөж байна гэхээр, орлого зарлага, гадаад өрийн нөхцөл байдлаа ижил түвшинд авч орох ёстой байтал нөхдүүд төсөв хангалттай зарцуулахын тулд бүх үзүүлэлтээ өөрчлөөд ороод ирдэг.
Өөрөөр хэлбэл, УИХ дээр бидний баталж буй хууль бол зүгээр л хуульд заасан учраас хэрэгжүүлж буй нэр төдий зүйл. Тийм учраас би сүүлийн хоёр, гурван парламент дараалж “Наадах чинь утгаа алдлаа. Гишүүд ээ, энэ дээрээ анхаараач ээ” гэж хэлж байгаа. Хэрвээ төсөв дагуулж бүгдийг өөрчлөөд байх юм бол өнөөдөр заавал батлах шаардлагагүй. Энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Эндээс гараагүй нөхцөлд Монгол Улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал хүнд хэвээр байх болно. Бид нүүрсний үнэ өндөр байхаар тооцож төсвөө тэлсэн. Одоо үүнийнхээ горыг амсаад явж байгаа. Энэ жилийн хувьд эдийн засгийн байдал хүндэрч байна. Хуулиа мөрдөж ажилладаггүй учраас л ийм зүйл болоод байна.
-6-р сарын 1 гэхэд төсвийн тодотголоо УИХ-д өргөн мэдүүлэхийн тулд төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл явж байгаа. Тодотгол хийхийн тулд хууль хамт өргөн барьж буйг юу гэж харж байгаа вэ?
-Төсвийн тодотгол гэдэг бол бид төсвөө зөв тооцоолж, зөв судалгаа хийж чадаагүй учраас төсвөө эргэн харж байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, муу сурдаг хүүхэд алдаатай биччихээд засаж байгаатай ижил зүйл гэж ойлгож болно. Ер нь сүүлийн жилүүдэд төсвийн тодотгол хийхгүйгээр төсөв батлагдаж байсан он жилийг бараг санахгүй байна. Энэ удаад зургаадугаар сард төсвийн өөрчлөлтүүд хийнэ гэж ярьж байна. Чухам ямар өөрчлөлтүүд орж ирэхийг би түрүүлж хэлэхэд хүндрэлтэй байна. Уг нь төсвийн тодотгол хийхэд шаардлагатай 3-4 заалтыг тодорхой заасан байгаа. Гэтэл харамсалтай нь эдгээр заалтуудын аль нь төсвийн тодотгол өргөн баригдах гол шалтгаан бэ гэдгийг түрүүлж хэлэхэд хүндрэлтэй байна. Мэдээж тухайн үедээ нэг заалтыг нь бариад хэлэх байх. Миний ойлгож буйгаар, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом унаад ирэхээр орлого нь бүрдэхгүй байгаа учраас зарлагаа танах байдалд хүссэн хүсээгүй очих байх.
-Жил талдаа орж байхад төсвийн алдагдал 1.4 их наяд байгааг ЗГ-аас танилцуулсан. Тэгвэл оны хоёрдугаар хагаст төсвийн нөхцөл байдал ямар байна гэж харж байгаа вэ?
-Ер нь гадаад худалдаа их сайн байгаа. Өчигдрийн байдлаар зэсийн үнэ 14 мянган ам.долларт хүрсэн талаар дэлхий даяар “шуугиж” байна. Ормузын хоолойтой холбоотойгоор эрчим хүчний асуудал хүндрээд ирэнгүүт нүүрсний үнэ тодорхой хэмжээнд өссөн. Манай улс төлөвлөсөн 90 сая тонн нүүрсээ нийлүүлчихнэ. Гэтэл яагаад төсвийн тодотгол хийх гээд байгаагийн учрыг ойлгохгүй байгаа. Бид 90-ээс дээш 95 сая тонн нүүрс нийлүүлэх боломжтой боловч өнгөрсөн жилүүдэд оффтейк гэрээ хийснээс болж валют орж ирэхгүй байгаа гэсэн үг. Түүнээс биш манай эдийн засгийг авч явдаг хоёр бүтээгдэхүүний үнэ боломжийн хэмжээнд байна. Дөрөвдүгээр сарын дүнг харж байхад гадаад худалдаа боломжийн хэмжээнд явж байгаа ч яагаад тодотгол хийх шалтгаан болсон бэ гэдгийг би гайхаж байгаа.
-Нүүрсний үнийн өсөлт тийм ч барьцтай биш. Огцом буурах ч эрсдэлтэй. Гэтэл ирэх жилүүдэд нүүрсний экспортыг 95, 100 сая тонн гэж нэмэгдүүлж төсөөлсөнд боломж хэр байгаа бол?
-Захын нэг хүн л 5, 5 саяар нэмэгдээд байгааг анзаарч байна. Хятадын гангийн үйлдвэр ямар хэмжээнд явах гээд байна, үүнээс шалтгаална ч гэдэг юм уу тооцоо судалгаа чухал. Хөрш ганцхан улсад л нүүрсээ нийлүүлж байна. Гэтэл манайхны тооцоо судалгаа нь буруу яваад байна. Төсвийн хүрээний мэдэгдэл орж ирэхээр л 5, 5-аар нэмж оруулаад ирдэг.
Төсвийн зарлага хүртэл 31, 33, 37 их наяд гээд явчихсан. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөөд ирэхээр илүү юм зарна шүү гэдэг байдлаар мэргэжлийн үнэргүй, тооцоо судалгаагүй явж байгаад харамсалтай байна.
-Эдийн засаг нь чөлөөтэй байхад хүнсний инфляц 19.7 хувьд хүрнэ гэдэг хамгийн аймаар “реакцлах” үзүүлэлт-
-Эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийн нэг инфляцын түвшин хоёр орон тоо буюу 10.1 хувьд хүрлээ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар, амьдралын чанарт улам их нөлөө үзүүлэх байх. Гарах үр нөлөө нь юу байх вэ?
-Дөрөвдүгээр сарын инфляцын түвшин 10.1 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 7.4 хувиасаа гурван хувиар нэмэгдэнэ гэдэг нь багагүй анхаарал татна. Үүнд голлох нөлөө үзүүлж буй нь махны үнэ 80 хувиар нэмэгдсэн болон дизель түлшний үнэ 5000 орчим төгрөгт хүрсэн байдал. Монголбанкны 6+-2 гэдэг үзүүлэлтээс илүү гарчихлаа гээд шуугиж байна. Бид нэг хувь процентийг анзаарахгүй байгаа. Үүнийг УИХ дээр ярих ёстой. Хүнсний инфляц 19.7 буюу 20 хувьд хүрч байна. Энэ бол Монгол Улсын хувьд хамгийн дээд үзүүлэлт. Ковидын үед бүх зүйл хаалттай байхад хүнсний инфляц 18 хувьд хүрч байсан. Гэтэл одоо эдийн засаг нь чөлөөтэй явж байхад 19.7 хувьд хүрнэ гэдэг нь хамгийн аймаар “реакцлах” үзүүлэлт байхгүй юу. Үүнд бодлогын алдаа байна гэж хэлж болно. Үүнд УИХ-ынхан маш амархан дүгнэлт хийдэг. Монголбанкнынхан мөнгө нийлүүлээд байна, ажлаа хийхгүй байна гээд л хаячихдаг. Үнэн хэрэгтээ, улс орныг мөнгөний бодлого, төсвийн бодлогоор авч явдаг. Төсөв нь тэлээд, асар их хэмжээний мөнгө зах зээл рүү ороод байхад Монголбанк яаж ч тормозлоод дийлэхээргүй болсон гэж тайлбарлах гээд байна.
Хэн нэгэн буруутан хайхаар Монголбанк руугаа заачихна. Гэтэл зах зээл рүү асар их мөнгө оруулаад байгаа нь Засгийн газар өөрөө. Төсвийн бодлого, мөнгөний бодлогоо хянаж байх ёстой хүмүүс нь тодорхой хэмжээний мэдлэг, боловсролгүй байгаа учраас замбараагүй хаячихсан. Энэ нь хаана очиж тусдаг вэ гэхээр, дундаж давхарга, бизнес хийж буй хүмүүст төдийлөн анзаарагдахгүй. Харин талхны үнэ 10, 20 төгрөгөөр нэмэгдэх төдийд Монгол Улсын нэн ядуу гэж нэрлэгдээд байгаа нэг сая орчим иргэнд маш том дарамт болдог. Ний нуугүй хэлэхэд, монголчууд дундаж давхаргагүй болчихлоо. Нэн ядуу гэлтгүй Монголын нийгэм тэр чигээрээ махныхаа үнийг дийлэхээргүй болсон. Гадаад нөхцөл байдлыг харахад, инфляцын энэ байдал цаашид үргэлжлэх өндөр магадлалтай байна гэж харж байгаа. Нэн яаралтай төсвийн тодотгол оруулж ирэх нэг шалтгаан нь энэ болов уу.
Төр, засгийнхан өөрсдийнхөө алдааг ойлгож, төсвөө данхайлгаж болдоггүйг анхаарах хэрэгтэй. Нүүрсний үнэ өсөнгүүт төсвөө данхайлгачихвал эргээд инфляцаар дамжиж ард түмний халаасыг суйлдаг юм байна. Инфляц бол нэн ядуу хэсэгт туйлын хүндээр тусаад эхэлсэн, дундаж давхарга нь багассан энэ үед гадаах амьдрал туйлын хүнд байгааг бид анзаарч байна шүү дээ.
-Иргэд, ААН-үүдэд хамгийн том дарамт үзүүлж буй зүйл бол татвар гэдэг. ЗГ-аас татварын дарамтыг 2.2 их наяд төгрөгөөр бууруулах зорилготой багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд хэлэлцэх гэж байна. Батлагдсан тохиолдолд энэ хуулийн цаашдын ирээдүйг нь юу гэж харж байна?
-Татварын дарамт 2 их наядаар хасагдах уу, 3 их наядаар хасагдах уу гэдгийг хэн нэгэн хэлж байгаагаас харж дүгнэлт хийх шаардлагагүй. Бид хоёрын ярьж буй төсвийн хүрээний мэдэгдлийг харахад л ойлгомжтой. Төсвийн зарлага жилээс жилд нэмэгдэж байхад дээрх хуульд татварын хөнгөлөлт байхгүй гэж ойлгож болно. Яах вэ, иргэдийн толгойг эргүүлсэн жижиг заалтууд харагдсан. Үүгээрээ татварын шинэчлэл хийж байна гэж яриад байгаа. Бодит байдал дээрээ худлаа хэдгийг юм уншдаг хүн төсвийн хүрээний мэдэгдэл дээрээс харахад л мэдэгдэнэ. Тиймээс дээрх өөрчлөлт гарч чадахгүйг би баттай хэлж чадна.
Өнөөдрийн нөхцөл байдалд нийт 6.5 их наяд төгрөгийн татвараа төлж чадаагүй ААН-үүд хаалгаа барьчихсан байна. Зөвхөн НӨАТ нь гэхэд л 3.2-3.3 их наяд орчим. Өөрөөр хэлбэл, НӨАТ гэдэг бол хамгийн эцсийн ард түмэн дээр буудаг татвар. Тэгэхээр 3 их наядын НӨАТ төлөгдөөгүй байгаа нь ард түмэн модоо барьж буйг батална. Харин 6.5 их наяд татвар төлөгдөөгүй гэдэг нь ихэнх ААН-үүд дампуураад хаалгаа барьж байна шүү гэдгийг харуулж байна. Ажиллаж буй том том компаниуд бол улсын төсвөөс тусалж дэмждэг нам дамжсан хүмүүсийнх. Энэ янзаараа инфляц нь болохоо байлаа, татварын ямар ч шинэчлэл хийхгүй юм байна, улс орныг авч явдаг ААН-үүд чинь хаалгаа барилаа шүү гэсэн ийм том дохио хаалга цохиж байна. Үүнийг УИХ дээр ярьж буй гишүүн харагдахгүй байгаа нь харамсалтай байна.
-Тэгвэл АН-ын нэр бүхий гишүүд ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийг өргөн мэдүүлсэн. Гэтэл ЗГ-аас ХХОАТ-ыг бууруулбал орон нутаг бие даах чадваргүй болж төсвөөс хараат болно гэдгийг анхааруулсан. Үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Аль аль нь зөв. Татварын нөхцөл байдал тун хүнд байгааг би түрүүн тодорхой тоонуудаар тайлбарласан. Орон нутгийн ард иргэдэд ХХОАТ-аас тодорхой хэмжээний мөнгө үлдэж буй нь үнэн. Тийм учраас ажлын хэсэг байгуулагдах байх, хоорондоо ярилцах байх гэж харж байна. Нэг нь муйхарлаж нэг хувь гээд, нөгөө тал нь огт болохгүй гээд байвал үр дүнгүй болно. Ажлын хэсэг байгуулагдаж, тав хувь байх ёстой юу, долоон хувь байх ёстой юу гэдгийг тодорхой хэмжээнд ярих байх. Аль аль талдаа байдал хүнд байна. Гэтэл өнөөдөр төсвийн тодотголоо хийх гээд яарч буй Засгийн газар бол ХХОАТ-ыг нэг хувь болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.
-Хэрвээ ХХОАТ-ыг нэг хувь болгох хууль батлагдчихвал яах вэ, гарах үр нөлөө нь юу байх бол?
-Энэ бол АН-ын нөхдийн барьж авах хууль биш. Яагаад гэвэл барууны нам бол хувийн хэвшлээ дэмжье, дундаж давхаргаа нэмэгдүүлье гэдэг бодлого баримталдаг. ХХОАТ бол бидний хүсээд буй хөгжилтэй орнуудын хамгийн номер нэг татвар байдаг. Жишээлбэл, Европын орнууд бол маш их хэмжээний ХХОАТ авч, түүндээрээ л суурилсан байдаг. Яагаад гэхээр явуулж буй эдийн засгийн бодлого нь зөв учраас дундаж давхарга нь тэр хэмжээгээр их байдаг. Ард түмэн нь ч гэсэн ХХОАТ төлөхдөө “Би улс орноо хөгжүүлж байна” гээд туйлын дуртай байдаг. Гэтэл манайд бодлого байхгүй, ард түмний амьдрал нэн хүнд, ААН-үүд нь хаалгаа бариад ирэхээр энэ татварыг нь бууруулчихвал яасан юм бэ гэдэг санаа л явж байна. Энэ буруу бодлогыг нэг хууль өөрчилснөөр засна гэдэг бол том андуурал. Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл. Барууны чиглэлийн манай АН-ынхан хэзээ ч “ХХОАТ-ыг бууруулъя” гэж ярих ёсгүй.
-10 жил замбараагүй төсөвтэй, тооцоо судалгаагүй явсны гай гарч байна-
-Сүүлийн асуултаа асууя. ЗГ-аас “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх” хуулийг яаралтай горимоор өргөн барьсан. Хэрэв энэ хуулийг батлахгүй бол том төслүүдийн ажил удааширч, авсан зээлээ ашиглаж чадахгүйд хүрээд буйг ЗГ-аас тайлбарласан. Энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ хууль яг нэг жилийн өмнө өдийд орж ирж байсныг чуулган дээр хэлэлцээд буцааж байсан. Гадаад зээл бол төсвийн нэг бүрэлдэхүүн. 10 жил замбараагүй төсөвтэй, тооцоо судалгаагүй явсны гай гарч байна. Хөрөнгө оруулалтаа их тавьж, 76 гишүүний дур хүслийг биелүүлэхийн тулд энд тэнд юм тавьчихсан. Энэ бол Монголын төр хариуцлагагүй явж ирсний жишээ байхгүй юу. Төсвөө буруу төлөвлөж ирсэн алдаагаа засах гэж байгаа царай нь л энэ.
Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хууль батлагдвал Үндсэн хуулийн зөрчил болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Гадаад зээл, төрийн мөнгөний бодлого зэрэгтэй холбоотой асуудлыг УИХ шийдэх ёстой. Энийг мэдэхгүйгээр баталчихвал гадаад зээлийг УИХ бус Засгийн газар хянах гээд байна. Төсөв, санхүүгээ ойлгохгүй хүмүүс энийгээ мэдэхгүй байна.
Гуравдугаарт, Монгол Улсын гадаад өрийн нөхцөл байдал туйлын хүнд байгаа. Энийг би бараг 10 жил ярьж байна. 2016 онд нэг хүнд 10 сая төгрөгийн зээл оногдож байсан бол одоо 40 гараад явчихлаа. Ийм хэмжээнд байж болдоггүй ч гэсэн Засгийн газрын өр, компаниудын өр, санхүүгийн байгууллагын өр гадаад хөрөнгө оруулалтыг нийлүүлэхээр 40 тэрбумын маш өндөр зээлтэй болчихсон. Тиймээс гадаад зээлээ тооцоод байдгаа боль оо гэж байгаа юм.
Бүтээн байгуулалт руу жил бүр 2, 3 их наядыг хийж байх ёстой юмыг Сангийн яам нь хийгээгүй байна. Одоо асуудал үүсээд ирэхээр бид хоёр төсөвтэй болж УИХ-ын мэддэг зээл, санхүүтэй холбоотой асуудлыг төсвөөс салгаж хаяад Засгийн газар мэддэг болох гэж байна. Тэр битгий хэл, сая нийслэлээс төсөл оруулж ирж байна гэдэг чинь УИХ-ын гишүүдийн мэддэг асуудлыг орон нутгийн дарга мэддэг болох гэж буй нь шившигтэй ичмээр юм байхгүй юу.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!