С.Амарсайхан: БХЯ, цэргийн штабуудаас эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг дутуу хийснээс албанд очсон хойноо буцаагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 52 секунд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өчигдөр Хил хамгаалах ерөнхий газарт ажиллав. Энэ үеэр цаг үеийн асуудлаар сайд болон ХХЕГ-ын дарга нараас тодрууллаа.

-Долоон цэрэг эрүүл мэндийн асуудлаар буцаагдсан гэх асуудал үүсээд байгаа. Үүнд тайлбар өгөөч?

-Ямар нэгэн дүрмийн бус харилцаа дээрэлхэлт, хүчирхийллээс үүдэн цэргийн албанд мордсон хүний үр, эх орны цэргүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Тиймээс энэ тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Дотоодын дүрэм журмын хүрээнд асуудлыг шийдэж, цэргүүдэд аюулгүй орчныг бүрдүүлэх, дүрэм журмыг чанд сахих, стандартыг мөрдүүлэх, сайжруулах шаардлага байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, цэрэг татлагад анхаарах ёстой. БХЯ, цэргийн штабуудаас цэрэг татлагыг зохион байгуулахдаа цэргүүд буцаж байгаа шалтгаан хэд хэдэн үндэслэлтэй байна. Хэд хэдэн эрүүл мэндийн шалтгаанаар буцаж байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг дутуу хийснээс үүдэн цэргийн албанд очсон хойноо албаа гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг. Хоёрдугаарт, дүрмийн бус харилцаанаас үүссэн цэргийн халагдалт явагдаж байна. Надад ирсэн тоогоор 65 цэрэг эрүүл мэндээр тэнцсэн, тэнцээгүй, дахин үзэх шаардлагатай гэж буцаагдсан тоонууд байгаа. Үүн дээр бид анхаарах ёстой. Татаад авчирсан хойно нь асуудал үүсэж болохгүй. Татахаасаа өмнө эрүүл мэндийн болон аливаа асуудал байвал нягталдаг тогтолцоо руу орохгүй бол болохгүй юм байна гэж үзэж байгаа.

-Тэдгээр цэргүүдийн хоёр нь эрүү нь хугарсан гэсэн оноштой эмнэлэгт хэвтэж байгаа. Энэ эрүүл мэндээр тэнцээгүй гэсэн шалтгаан мөн үү?

-Мэдээлэл орж ирсэн. Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарсан, гэмтсэн, чих сэтэрсэн гэдэг асуудал үүссэн. Эдгээр цэргийн ангийн удирдлагууд Улаанбаатар хотод ирсэн. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Үүнийг шалган тогтоох хэрэгтэй. Бид алба хаагч бэртэж, гэмтэхийг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Энэ бол тухайн ангиудын удирдлагатай шууд холбоотой асуудлууд. Эрсдэл хохирол гаргахгүй байх, зохион байгуулалтыг хийх, үйл ажиллагааг сайжруулах шаардлага байна гэдгийг л хэлээд байгаа.

-Өргөдлийн байнгын хорооны хурал дээр хэрэг хянан шалгах явцад сэжигтэн оргон зайлсан үед хэрэгт тооцогддог байсныг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болгосон гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Үүнээс болж хэрэг хянан шалгах явц удааширч байна. Энэ тухай та судалж үзсэн үү?

-Эрүүгийн хэрэг, захиргааны хэрэг зэргийн шүүхийн процессын уялдааг хангах, хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгахаас нааш энэ асуудлууд байсаар л байна. Тиймээс бид асуудлуудыг тус тусад нь биш нэгдсэн системийн хүрээнд харж үнэлэлт дүгнэлт хийх ажлууд хийгдэж байгаа.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Бямбасүрэнгээс тодруулав.

-Дүрмийн бус харилцааны улмаас цэргийн эрүү хугарсан асуудалд ямар хариуцлага тооцох вэ?

-Сүүлийн үед дэлгэцийн донтолттой, хар тамхи хэрэглэдэг, урд нь амиа хорлох оролдлого хийж байсан залуус татагдаж ирсэн. Эдгээр залуусыг цэргийн тангараг өргөхөөс өмнө чөлөөлж, цэргийн штабд нь буцааж өгөх ажиллагаа явагдаж байгаа. Нэлээд хэдэн цэргийн алба хаагчийг буцаагаад байна. Энэ дунд цэргийн сургалт зохион байгуулах явцад дүрмийн бус харилцааны асуудал Хилийн цэргийн 0131 дүгээр ангид үүссэн. Үүнийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд, шалгуулж байна. Хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарсны дараа зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцно.

-Өмнөговь аймагт сураггүй алга болоод олдсон цэргийн биеийн байдал хэвийн болсон уу. Хугацаандаа халагдсан уу?

-Тухайн цэрэг Өмнөговь аймгийн цэргийн ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат цэрэг. Тэмээнд мотоцикльтой явж байхдаа хурд хэтрүүлэн онхолдож, унасан. Унахдаа ухаан алдсан. Энэ хооронд бид эрэн хайх ажиллагааг олон түвшинд зохион байгуулан дөрөв хоног эрэн хайх ажиллагааг орон нутгийн удирдлага, хууль хяналтын байгууллага, ар гэрийнхэнтэй нь хамт зохион байгуулсан. Тухайн цэрэг 2-3 хоног ухаангүй хэвтсэн. Гурав дахь өдөр нь бороо орсон. Бороо орох үеэр цэрэг сэрж, ухаан ороод унасан газраасаа 120 гаруй метр мөлхөж замын ил хэсэгт гарч ирсэн. Ил хэсэгт гарсны дараа бид цэргийг олсон. Харьцангуй манай цэрэг хөдөө өссөн бие хаа сайтай байсан тулдаа дөрвөн өдөр, дөрвөн шөнө ус уулгүй, юм идэлгүй явсан ч эрүүл олдсон. Цэргээ бид татаж аваад, ээж аавтай нь уулзаад ТТАХНЭ-т сарын хугацаанд эмчлүүлсэн. Ингээд хугацаанд нь халж явуулсан.

АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс тав хоногийн завсарлага авлаа
 
Дундговь аймгийн зарим сумдаар 0.2-0.8 мм бороо оржээ
Дундговь аймгийн зарим сумдаар 0.2-0.8 мм бороо оржээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!