Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай махны үнийн өсөлт болон төрийн оролцоо чиглэлд ярилцлаа
-Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулна гэдэг үгийг хэдэн арван жил л ярьж ирлээ. Сүүлдээ төр оролцохгүй салбар ч гэж байхаа болилоо гэдэг шүүмжлэл их гарах болсон. Үүний хамгийн сүүлийн жишээ бол мах. Шадар сайд нь махны үнийн зохицуулалтад оролцохгүй гэж мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа ЗГ-аас үнийн өсөлттэй холбоотойгоор "Оролцохоос өөр аргагүйд хүрлээ" гэх мэдэгдлийг хийсэн. Төр ингэж махны үнийг буулгана, үнэ чөлөөлнө гэх байдлаар эдийн засагт оролцох нь хэр зохистой зүйл вэ?
-Махны үнэд төр оролцох нь сайн үзэгдэл биш. Хувийн хэвшил нь хийх боломжтой, зах зээлийн зарчмаараа явах зүйл дээр төрийн шууд оролцоо байна гэдэг сайн зүйл биш. Үүнийг эдийн засагчид байнга л хөнддөг. Төр тохиргоо, зохицуулалтаа хийгээд явах боломж тэнд байна шүү дээ. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд бид эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулъя, хувийн хэвшлээ дэмжье, ТӨХК-иудыг цөөлье зэргээр ярьж ирсэн. Энэ агуулгаараа Засгийн газар махны асуудалд оролцохгүй гэдэг байр суурьтай байгааг Шадар сайд мэдэгдсэн. Гэтэл хэдхэн хоногийн дараа оролцохоор болчихлоо. Миний харж буйгаар, бидний гол алдаа бол ЯАГААД бид ийм нөхцөл байдалд орчхов гэдгээ олж харахгүй байгаа явдал. Өнөөдөр яагаад эмч, багш нар цалин багатай байгаа юм, яагаад ахмад настнуудын худалдан авах чадвар доогуур байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын иргэд яагаад махны үнийн өсөлтийг дийлэхгүй байгаа юм. Нөгөө талдаа махны үнэ яагаад ингэж өсөв.
Өөрөөр хэлбэл, бид учир шалтгаан, суурь асуудлаа харахгүйгээр шинж чанартай нь тэмцэж ирсэн. Энэ бол Монгол Улсын хөгжлийн бодлогын гол алдаа. Үүнийгээ бид эхлээд засаж залруулах ёстой.
Тэгэхгүй бол гарцаагүй хүнд нөхцөл байдалд тулж очсон хойноо "Бид оролцохгүй бол болохгүй нь" гээд байна. Нэн тэргүүнд бид тогтолцооны үндэс суурь гажуудлаа олж харах ёстой. Энэ нь зөвхөн махаар хязгаарлагдахгүй. Бусад асуудлууд дээр ч ялгаагүй.
Өнгөрсөн жил багш, эмч нарын цалин хөлсийг нэмснийг санаж байгаа байх. Яагаад цалинг нь нэмж байгаа юм. Яагаад бид өнөөдрийг хүртэл эрүүл мэнд, боловсролын салбараа хол хаячихсан юм. Энэ мэтчилэн суурь асуудлаа олж харахгүй байгаа салбар олон байна. Үнэндээ махны үнээр л илэрч байгаа боловч эдийн засаг дахь төрийн бодлого бүтцийн, засаглалын, хөгжлийн загварын хувьд алдаатай байна гэсэн зүйл л харагдаж байгаа юм. Гол нь л энэ.
Нөгөө талдаа өнөөдрийн нөхцөл байдалд махны үнэд төр оролцохоос өөр аргагүй нөхцөл байдалд орчхож. Учир нь иргэд маань худалдан авах чадварын хувьд "доройтол"-д өртсөн. 10 ам.доллароор нэг кг мах авах боломжтой хүн нь хэд вэ. Нийт өрхийн орлого гурван сая төгрөг хүрэх үү үгүйтэй байна. Дундаж цалин 2.4 сая төгрөг. Иргэдийн маань 50-иас дээш хувь нь 2.1 саяас доош орлоготой. Ийм үед нийлүүлэлтийн шалтгаантайгаар махны үнэ өсөж байгаа нь худалдан авах чадвар дорой байгаа иргэдэд хүндээр тусаж байгаа юм. Мөн Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудын мэдэгдэж буйгаар нийлүүлэлтийн шалтгаанаас гадна зохиомол доголдол үүсгэсэн байж болзошгүй гэх асуудал яригдаж байсан. Ийм үед төр оролцохоос өөр аргагүй мэт харагддаг. Зарим үед оролцох нь зөв байх нь бий. Тиймээс
Засгийн газар нийлүүлэлт чиглэлд алдаа гарсан юм байна гэж үзээд оролцохоор шийдэх шиг боллоо. Гэхдээ энэ байдлыг дахин, дахин хийж болохгүй.
-Нөөцийн мах дээр зохион байгуулалтын алдаа гарснаас үнийн өсөлтөд нөлөөлсөн гэх зүйлийг албаныхан хэлж байгаа. Үүнээс гадна түлш, шатахуунтай холбоотой хүчин зүйлүүд ч мах бэлтгэлд нөлөөлсөн гэх нь ч байна. Гэтэл нөгөө талд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням шатахуун нөлөөлсөн гэх асуудлыг үгүйсгэсэн. Ер нь таны харж буйгаар үнэ өссөн шалтгааныг хэрхэн харж байна вэ?
-Ер нь эдийн засагт тодорхой асуудал гарч иргэнгүүт иргэд түүнийг ярьдаг л даа. Өнөөдрийн ярьж, таамаглаад байгаа зүйлс нь олон талаар хөвөрч байгаа боловч бид яагаад гол шалтгаан нь юу вэ гэдэг дээр л анхаарах ёстой. Өөрийн тань хэлсэн түлш, шатахууны тасалдлаас шалтгаалсан байж болно. Хоёр жилийн өмнөх мал аж ахуйн салбар дахь зуднаас үүдсэн хүчтэй цохилтоос бий болсон байж болно. 2025 оны эдийн засгийн өсөлт нь 6.8 хувьтай гарсан. Түүний тал шахуу хувь нь ХАА тэр дундаа мал аж ахуйн салбараас хамаарсан гэж байгаа боловч мал тооллогын статистик дүнг харвал малын тоо толгой тийм ч их өсөөгүй. Мах, махан бүтээгдэхүүний эксортын хэмжээ өссөн. Эдгээр хүчин зүйлс бүгд нөлөөлсөн. Ганцхан хүчин зүйлээр тайлбарлагддаг эдийн засгийн асуудал ховор л доо. Тэгэхээр энэ олон хүчин зүйлээс шалтгаалж үнэ өсөөд байна шүү дээ. Үнэ өсөх нь иргэдэд цохилт өгч байгаа боловч эдийн засгийн агуулгаараа мал аж ахуйн салбар, мах бэлтгэлийн тогтолцоон дээр тодорхой асуудал байна гэдгийг л илэрхийлж байна. Чөлөөт эдийн засгийн онолын дагуу үнэ гэдэг нь өөрөө асар их мэдээллийг тээгч байдаг. Нэг ёсондоо 35-36 мянга хүрч яваа махны үнэ нь эргээд бидэнд асар олон зүйлийг хэлж өгч байгаа гэсэн үг. Хаана доголдол байгаа юм, юунаас болов гэх мэтээр.
Бид цаашид төрийн оролцоогүйгээр энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт л анхаарал хандуулах ёстой. Монгол Улсын хувьд төрийн оролцоо хэмээх зүйлээ харьцангуй өөрөөр ойлгодог. Төрийн оролцоо гэдгийг төр шууд оролцох тухай гэж л хардаг. Мөн чанартаа төр бодлогоороо, хууль эрх зүйн орчноор, суурь дэд бүтэц, зам харгуй түлш шатахуун, цахилгаан эрчим хүчээр нь бүрэн хангаж өгөх ёстой. Бусдыг нь зах зээл өөрөө аваад явчих боломжтой гэж хардаг. Төр огт оролцохгүй гэсэн үг биш. Нөгөө талдаа бид үүнийг үнийн гажуудал гэж харах ёстой. Үнэ хаанаас, юунаас болж өсөв гэдгийг л тодруулах ёстой.
-Эдийн засгийн зөв бодлого, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах бодлоготойгоо хамт явбал үнийн өсөлтөөс макро түвшинд ангижирч чадна-
-Нэг талд Монголбанкны зүгээс мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 11 хувиар өсөөд байгаа ч тухайн өсөлт нь улирлын шалтгаантай холбоотойгоор эргээд тогтворжих хүлээлттэй байгаа талаар мэдэгдэж байсан. Гэтэл үүнтэй зэрэгцээд нөгөө талд Засгийн газар “Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр болсон. Цаг хугацааны хувьд харахад, ЗГ ийм шийдвэр гаргасан нь хэр цагаа олсон алхам бэ?
-Засгийн газар өнөөдрийн тулгамдсан асуудлыг л түр намжаах сонголт дээр л тулж очсон гэж би харсан. Учир нь нөөцийн мах дээр дугаарлаж байгаа иргэдийн нөхцөл байдалд бидэнд эмгэнэлтэй дүр зургийг харуулж байна шүү дээ. Иргэдийн маань бодит орлогын өсөлт хангалттай биш байна. Гэтэл инфляц 10.1 хувь хүрнэ гэдэг бол энгийн үзэгдэл биш. Учир нь инфляцын өсөлтөд гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох мах, хүнсний ногоо дотор төмсний хэсэг жин дардаг. Мөн тээврийн асуудалтай холбоотой буюу гуравдугаар сарын сүүлээр нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой нөлөөлөл инфляцт орж ирсэн. Тэгвэл 10.1 хувийн инфляц гэдэг чинь бидний өмнө нь ярьсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэвэр авдаг ахмадууд, 1-1.5 саяас доош орлоготой өрхүүдэд хэдэн хувь болж очих вэ гэдэг чинь хэрэглээний бүтцээсээ хамаардаг. Хэрэглээний бүтцэд нь хүнсний бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байгаа гэдэг утгаараа 10.1 хувийн инфляц тухайн иргэдэд илүү өндөр байдлаар бууна.

Монголбанкны зүгээс хийх ёстой ажлуудаа бүгдийг нь хийж байгаа гэж бодож байна. Өнгөрсөн жилээс хойш бодлогын хүүгээ 12 хувь дээр барилаа. Хэрэглээний чиглэл дэх мөнгөний тэлэлтийг хязгаарлах гэж оролдлоо. Валютын ханшийг тогтворжуулах чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Дөнгөж саяхан валютын нөөцийг, урсгалыг тэнцвэржүүлэх зорилготой валютын эх үүсвэр дээр бодлогын зохицуулалт хийж байх шиг байна. Монголбанкны зүгээс бие даасан мөнгөний бодлогын хүрээнд боломжийн арга хэмжээнүүдээ авч байгаа гэж харж байна.
Улирлын нөлөөлөлтэй инфляц монголд байдаг. Гэхдээ энэ жилийн махны үнэ өмнөх жилүүдийн жишигтээ байсангүй. Улирлын нөлөөлөл нь, нөөцийн махны нөлөөлөл нь ч байсангүй. Тийм болохоор махны нийлүүлэлт нэмэгдэх хандлага, төмс хүнсний ногоон дээр ирэх дарамтууд, нефтийн бүтээгдэхүүний дарамт харьцангуй саармагжих зэргээс шалтгаалж буурах хүлээлт байгааг үгүйсгэхгүй.
Засгийн газрын хийж байгаа үйлдэл нь хүсүүштэй, эдийн засагт тийм ч зохимжтой үйлдэл биш ч гэсэн ямар ч гэсэн нийгмийн хүлээлтийг намжаах, иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлд үр нөлөөгөө үзүүлэх л арга хэмжээ.
-Гэхдээ бид түр зуурын гал унтраах гэхээсээ илүүтэйгээр цаашдын үр дагавараа харах ёстой биш гэж үү?
-Одоо бид энэ арга хэмжээг авч байгаа ч дараагийн жилүүдэд бодлогын түвшинд мал аж ахуйн салбар дээр байгаа махны нийлүүлэлтийн тогтолцооны хаана нь ямар гажуудал илрээд байна вэ, нөөцийн махыг их хэмжээгээр нөөцлөх нь зөв үү зэрэгтээ үнэлгээ хийх ёстой. Ийнхүү эрэлт талаа сайн харж байгаад нийлүүлэлтийн талаа шийдэж чадахгүй бол муу жишиг болж магадгүй болчхоод байна. Жишээ нь, махны үнэ өсөнгүүт төр оролцдог тогтолцоо руу явж мэднэ.
Бид өнөөдөр цахилгаан, дулаан, гол нефтийн бүтээгдэхүүн гээд суурь хэрэглээнд хүчтэй нөлөөлдөг голлох хэсгүүд дээрээ төрийн оролцоотой явж ирсэн шүү дээ. Үр дүнд нь энэ салбарууд сайжирсан уу гэвэл үгүй. Өнөөдөр цахилгаан эрчим хүчнийхээ үнийг чөлөөлж чадахгүй сууж байна.
Үнийг харьцангуй чөлөөтэй явуулаад, нөгөө талд нь эдийн засгийн зөв бодлого явуулах замаар үнийн өөрчлөлт болон иргэдийн орлогыг тэнцвэржүүлэх ёстой. Хамгийн гол нь зах зээлд их хэмжээгээр мөнгө нийлүүлдэг байдал байна. Эдийн засаг халах эсхүл агшсан үед төсөв халамжийн бодлогоороо дамжуулаад эдийн засаг руу зохиомлоор мөнгө хийхгүй байх тогтолцоог бий болгох ёстой. Эдийн засгийн зөв бодлого, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах бодлоготойгоо хамт явбал бид үнийн өсөлтөөс макро түвшинд ангижирч чадна. Салбарын түвшинд гэвэл МАА-н салбар дахь махны нийлүүлэлт дээр л гол асуудал байна.
-Дотооддоо асуудал нь юу байгаа вэ гэдгээ шийдэлгүйгээр муйхраар экспортыг хориглоно гэдэг шийдэл байж болохгүй-

-Махны асуудал дээр гол шүүмжлэл дагуулж байгаа зүйл нь татаас. Нөөцийн мах бэлтгэхээр гэрээлсэн ААН-үүдэд татаас олгох байдлаар ажиллахаар болоод байгаа шүү дээ?
-Татаасаар шийдэх нь сайн зүйл биш. Нөөцийн мах бэлтгэж болно. Нөөцийн мах бэлтгэх эрхийг нь олгож болно. Ер нь эрх олгох нь ч бизнесийн зарчмаараа л явах нь зүйтэй. Гэтэл татаас, хөнгөлөлттэй зээл олгох байдлаар мах нөөцөлж бэлтгэх эрхийг ААН-үүдэд давуу байдлаар олгож байгаа нь иргэдийн худалдан авах чадвартай холбоотой. Хаврын цагт үнийн өсөлт явагддаг. Түүнийг нь иргэд даадаггүй. Хэдий болтол бид махны үнийн өсөлтийг даадаггүй иргэдтэй байх юм бэ. Хэдий болтол бид эрэлтэд нь тохирсон нийлүүлэлттэй эдийн засгийн тогтолцоог кластер сүлжээг бий болгож чадахгүйгээр явах юм бэ гэдэг асуудал л даа.
Миний ойлгож буйгаар, урт хугацаандаа бид үнийг хүчээр тогтоох гэдэг, түүнд оролцдог тогтолцооноосоо ангижрах ёстой. Ийм алхам хийгээгүй цагт бодит үнэнийг олж харахгүй байна шүү дээ. Хэрэв ингээд орхичихвол махны үнэ хаана, юунаас болоод өсөөд байна вэ гэдэг учир шалтгаантай нь тэмцэх боломж, орон зайгаа алдана. Тэгээд зөвхөн өссөн цагт нь төр оролцъё, өсгөхгүйн тулд төр оролцъё гэдэг тактикын сонголт дээр бид очиж байна. Харин бид бодлого дээрээ иргэдийн орлого нэмэгдэх бодлогыг баримталъя. Инфляцыг өдөөхгүй төсөв мөнгөний бодлогыг барья. Салбар болгон дээрээ нийлүүлэлтийн зөв тогтолцоотой болъё. Эргэлзмээр зүйл олон шүү дээ. 60,70 сая малтай мөртлөө махныхаа үнийг дийлэхгүй. Энэ нь эргээд асуудал байна гэдгийг харуулаад байна шүү дээ.
-Махны экспортын биет хэмжээ өнгөрөгч онд нэмэгдээгүй гэх мэдээллийг албаныхан өгсөн. Түүнчлэн дотооддоо ийм асуудалтай нүүр тулж байгаа хэр нь гадагш экспортолж буй махаа хэд дахин хямд үнээр өгч байна гэх асуудал. Ер нь махны экспорт чиглэлд барьж буй бодлогыг та хэрхэн харж байна вэ?
-Дотоодод зарагдаж буй үнээс хямд мах экспортолж байна гэх мэдээлэл сүүлийн үед гарч байна. Миний олж харснаар 2025 онд Монгол Улсын экспортолсон махны нийт үнийн дүн нэлээн өссөн дүр зурагтай байна. 500 гаруй сая ам.доллар байсан шиг санагдаж байна. Экспортын тоо хэмжээг нарийн хэлж мэдэхгүй байна. Экспортын хувьд малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа махан дээр өсөлт гарсан. Гэхдээ дотоодод махны үнэ өсөж байгаа тохиолдолд мах экспортлох ёстой юу гэдэг бодлого байх нь зүйтэй.
Гэхдээ дотооддоо асуудал нь юу байгаа вэ гэдгээ шийдэлгүйгээр муйхраар экспортыг хориглоно гэдэг шийдэл байж болохгүй. Аливаа бизнесийг хориглоно эсвэл бизнесийн үнийг хүчээр тогтооно гэдэг бол тийм сайн зүйл биш. Нэг юм гарангуут л экспортыг нь хориглоод байж болохгүй.
Сүүлийн жилүүдэд ХАА-н салбар өсөлттэй байгаа. Энэ салбар дээр төрийн зүгээс ямар бодлого баримтлах вэ тэр дундаа хувийн хэвшлийг ямар бодлого, орон зайгаар дэмжих вэ гэдгээ л тодорхой болгож шийдэх ёстой.
-Сүүлийн 10-аад жилийн дотор эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо 10 орчим хувиар буурсан. Гэтэл одоо буцаагаад түүнийгээ өсгөнө гэсэн зорилт тавиад л явж байна шүү дээ-

-Эдийн засгийг солонгоруулах ёстой гэж бид олон жил ярьж байгаа. Нэг үеэ бодоход хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт гэж ярьдаг болсон нь авууштай. Гэхдээ л уул уурхайгаас хамааралтай байдал арилаагүй. Тиймдээ ч олсныхоо хэрээр үрж байна, хадгалж хуримтлуулахгүй байна, төсвөөрөө дамжуулан зөв зүйлсэд шингээхгүй байна гэх шүүмжлэл их гардаг шүү дээ. Тэгэхээр бид одоогийн нөхцөл байдалтайгаа экспортын бодлогоо хэрхэн уялдуулах ёстой юм бэ?
-Монгол Улсын хөгжлийн бодлого нь тодорхой бус байна. Бид эх орноо ямар улс болгох гээд байгаа юм, түүний тулгуур хүчин зүйл нь юу юм, түүндээ бид яаж хүрэх юм гэдэг арга замаа тодорхойлж чадаагүй. Бодлого нь нарийн, зөв тодорхойлогдож чадаагүй учраас тодорхой стратеги байхгүйгээр тактикийн манивераар л тулгамдсан асуудлуудаа шийдэх гэж оролдсоор өнөөдрийг хүрсэн. Тиймээс нэн тэргүүнд бид бодлогоо тодорхойлох ёстой. Таны хэлж байгаа үнэн. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, эмзэг бүтэцтэй. Эдийн засгийн өсөлтийн бүтэц нь хүртэл санамсаргүй бөгөөд эмзэг. ХАА, уул уурхай,бүтээгдэхүүний цэвэр татвар гэсэн гуравхан хүчин зүйлээс хамаарч эдийн засаг нь өсөж эсвэл унаж байдаг.
Эдийн засгийг төрөлжүүлэх асуудал үнэхээр хангалтгүй байгаа. Угтаа бол бид энэ асуудлыг 28 жилийн өмнө олж харсан юм.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хамаарч эхэллээ шүү гэж ярьж эхэлсэн. 1998 оноос хойш 28 жил ярьсан. Тэр үед эксортын бүтцэд уул уурхайн салбарын эзлэх хувь 68 хувь байсан. Одоо эзлэх хувь нь тогтмол 90 орчим хувьтай явж байна шүү дээ. Тэгэхээр төрөлжилт гэхээсээ илүү улам илүү уул уурхайгаас хамаарсан болсон. Эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбарын эзлэх хувь сүүлийн 20 жилд тасралтгүй нэмэгдсэн. ХАА, боловсруулах үйлдвэрлэлийн салбар буурсан. Худалдаа, үйлчилгээний салбар нь давамгайлсан. Тэгэхээр уул уурхай, худалдаа үйлчилгээ төвлөрсөн улс л болчхоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ эрдсийн хэлбэрээр нь гаргаж зардаг. Тэндээс бий болсон зүйлээр худалдаа үйлчилгээ нь сэргэдэг ийм л тогтолцоо.
Дараагийн асуудал бол уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг зөв зарцуулж чадсан уу, үгүй юу гэдэг асуудал. Бид мордохын хазгай гэдэг л болсон.
2004 оноос эхлээд улс төрийн амлалтууд явж эхэлсэн. Хүний хөгжлийн сан гэж эхлээд иргэдэд 1072 хувьцаа, нэг сая төгрөг тараах гэдгээс эхлүүлээд халамжийн чиглэл рүү гол төлөв орчихсон л доо. Тэгэхээр уул уурхайгаас олж ирсэн орлогоо тийш чиглүүлсний улбаа нь одоо хүртэл алдагдаагүй. Бид төсвийн орлогынхоо тодорхой хувь хэмжээгээр урсгал зардлаа нэмж, цалин тэтгэмжээ дийлж чадахгүй болчихсон л яваа.
Миний бодлоор, үндсэн загвар нь уул уурхайгаас орж ирсэн орлогыг зөв хуваарилах хэрэгтэй байна. Боловсрол, эрүүл мэнд зэрэг суурь салбарууд руугаа зөв хуваарилж, нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах болон бусад салбарыг дэмжихэд чиглүүлэх. Дэмжинэ гэхээр шууд татаас өгөөд явна гэсэн үг биш. Уул уурхайн салбараас орлого олж байгаа нөхцөлд бусад салбаруудаа татварын болон бусад бодлогын арга хэмжээгээр дэмжих боломжууд бий. Нэгдүгээрт, бид уул уурхай дээрээ бид нэмүү өртөг шингээх асуудлыг 15 жилийн хугацаанд шийдэж чадсангүй. Оюу толгойг эхлүүлсэн нь зөв. Гэхдээ Оюу толгойн гэрээгээ засаж сайжруулж чадсангүй. Уул уурхайн бусад салбартаа нэмүү өртөг шингээх үйлдвэрүүд барьж чадсангүй. Тодорхой хэмжээ нь хулгай зэлгийгээр явдаг юм шиг байна. Зарим хэсэг нь халамж руу, төсвийн тэлэлт рүү явж байна. Мөн төрийн өмчит компаниуд гэсэн алдагдалтай бүтэц байна. Тэгэхээр бид уул уурхайгаас орж ирж байгаа орлогоо зөв хуваарилж чадахгүй байгаа нь үнэн.
Үүний үндсэн шалтгаан нь, Монгол Улсын хөгжлийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх стратеги нь, барьж явах хөгжлийн эдийн засгийн загвар нь тодорхой биш. Та бүхэн хар л даа. Төр суурьтай эдийн засаг байх юм уу, хувийн хэвшил суурьтай эдийн засаг байх юм уу гэдэг дээр одоог хүртэл эцсийн хариугаа олоогүй. Аман дээрээ бол хувийн хэвшилд суурилсан гээд шийдчихсэн. Яг бодит байдал дээр төрийн оролцооны түвшин хүчтэй буурч чадахгүй. Төрийн өмчийн компаниудтайгаа нийлвэл төрийн оролцоо бүр л өндөр болно. Сүүлийн арваад жилийн дотор эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо 10 орчим хувиар буурсан. Буцаагаад түүнийгээ өсгөнө гэсэн зорилт тавиад л явж байна шүү дээ.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!