OPENDATA: Нөөцийн мах нийлүүлэхээр гэрээ байгуулсан 9 компанийн 2 нь Х.Баттулга, Х.Цэндбаярынх бол 2 нь Дорнодын ИТХ-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийнх байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
5 минут 58 секунд

Мах үнэ өсөж, нийлүүлэлт буурсантай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал "Хүчит шонхор" захад ажилласан. Улмаар нэг өдрийн дотор Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөв. Учир нь нийслэлийн нөөцийн махны нийлүүлэлтийг нийслэл буюу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцдаг. Харин энэ жилийн тухайд 5000 мянган тонн мах нөөцөлсөн ч 2500 тонн нь өнөөдрийг хүртэл худалдаанд гараагүй гэх бөгөөд үүнд нийслэлийн удирдлага хариуцлага алдаж, үнийн зохиомол өсөлт бий болгосон гэж үзсэн юм.

Нөөцийн махны нийлүүлэлтийг нийт 9 компани хариуцахаар холбогдох байгууллагуудтай гэрээ хийсэн аж. Тус 9 компанийн дунд Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын "Мах импэкс" ХК болон түүний эгч Х.Цэндбаярын "ХКҮ" ХХК багтсаныг Ерөнхий сайд хуулийн байгууллагынхантай уулзах үеэрээ мэдэгдсэн.

Тэгвэл бид opendata буюу нээлттэй өгөгдлийн сангаас дээрх 9 компанийн мэдээллийг шүүж үзлээ.

Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын "ХКҮ" компани

-Тус компани анх 2007 оны гуравдугаар сарын 2-нд байгуулагдсан. Хувь эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр нь Халтмаагийн Цэндбаяр бүртгэлтэй байна. "ХКҮ" компани нь Гадаад худалдаа, Консервын үйлдвэрлэл, Хиам, хиаман бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Спортын клубын үйл ажиллагаа явуулдаг аж.

Тус компани байгуулагдсанаасаа хойш нийт 15 удаа тендерийн сонгон шалгаруулалтад оролцсоноос дөрөвт нь шалгарч, 10 удаа хасагдаж байжээ.

Х.Баттулгын "Мах импэкс" ХК

-"Мах импэкс" ХК нь анх 1946 онд Боловсон мах комбинат нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2007 оны хоёрдугаар сарын 8-нд байгуулагдсан гэж тэмдэглэгджээ. Хувь эзэмшигчээр Х.Баттулга болон Баянгол зочид буудал, бусад хувьцаа эзэмшигч гэжээ. Захирлаар Г.Бүдрагчаа, ТУЗ-ийн даргаар Б.Барсболд нар бүртгэлтэй байна. Эцсийн өмчлөгч нь Халтмаагийн Баттулга аж.

Харин нийт 13 тендерийн сонгон шалгаруулалтад оролцсоноос ганцхан удаа шалгарч байжээ. Тэгвэл мөн хамаарал бүхий нийтийн албан тушаалтнаар нийт 5 хүн бүртгэлтэй байна. Тодруулбал,

-Говь-Алтай аймгийн НДХ-ийн Хяналт шалгалт дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Ч.Гунгаажав

-Говь-Алтай аймгийн ЭМНДХ-ийн Хяналт шалгалт дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Ч.Гунгаажав

-Байгаль орчны газрын Албаны дарга С.Мөнхсайхан

-Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа

-Буянт-Ухаа дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Түвдэнрагчаа

-Чингэлтэй дүүргийн НДХ-ийн Тэтгэврийн байцаагч Б.Хишигсайхан

-Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэргэжилтэн Б.Хишигсайхан нар 2017-2018 онд бүртгүүлсэн байна.

"Жагаасанрайс" ХХК

-Тус компани 2008 оны нэгдүгээр сарын 17-нд анх байгуулагдсан. Хувь эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр нь Батхүүгийн Жаргалсайхан бүртгэлтэй байна. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулалт, Гадаад худалдаа, Хагас боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Харин тендерт оролцсон мэдээлэл байхгүй гэжээ.

"Агронэгтгэл трейд" ХХК

-Тус компани 2013 оны гуравдугаар сарын 14-нд байгуулагдсан. Хувь эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр нь Пүрэвийн Сарангэрэл, Захирлаар Л.Нямсүрэн бүртгэлтэй байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, автомашин, сэлбэг худалдаа зэрэг 12 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Нийт 69 удаагийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрийн тендерээс цөөнгүй удаа хасагдаж байжээ.

"Багануур мах маркет" ХХК

-2013 оны зургаадугаар сарын 22-нд анх байгуулагдсан. Хувь эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр нь Мягмарын Бас-Эрдэнэ бүртгэлтэй байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Фермерийн аж ахуй, Мал эмнэлгийн үйл ажиллагаа зэрэг зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тендерт оролцож байгаагүй гэжээ.

"Чойбалсан групп" ХХК

-Тус групп 2012 оны хоёрдугаар сарын 6-нд байгуулагджээ. Хувь эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр Мягмарын Бас-Эрдэнэ бүртгэлтэй байна. Анзаарвал, дээрх "Багануур мах маркет" болон "Чойбалсан групп" ХХК нь эзэмшигч нэгтэй байгаа юм. М.Бас-Эрдэнэ нь Дорнод аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан бол 2020 оноос хойш тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй аж.

Түүний компани мах, дайвар бүтээгдэхүүн худалдан авах зэрэг 25 удаагийн тендерт оролцсоноос 8 удаа шалгарч байжээ.

"И Эн Пи" ХХК

-2015 оны наймдугаар сарын 20-нд байгуулагдсан тус компанийг Намжилын Эрдэнэбат, Эрдэнэбаатар, Бат-Эрдэнэ нар хамтран эзэмшдэг гэж бүртгүүлжээ. Тендерт оролцсон болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

"Гомбо хайрхан" ХХК

2022 оны 11-р сарын 7-нд байгуулагдсан тус компанийн хувь эзэмшигч болон эцсийн өмчлөгчөөр Гантөмөрийн Энхмаа бүртгэлтэй байна. Үйлчилгээний чиглэл нь төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа гэжээ.

"Мийт партнер" ХХК

-2018 оны 10-р сарын 12-нд байгуулагдсан тус компанийн хувь эзэмшигч болон удирдлагаар Хийрэвийн Баярмагнай бүртгэлтэй байна. Харин эцсийн өмчлөгчийн мэдээлэл байхгүй гэжээ.

Хоол хүнсний чиглэлээр 10 удаагийн тендерт оролцсоноос хоёрт нь шалгарсан байна.

Н.Батсуурь: Архангайнханд зөөлөн хандаад байгааг нь ойлгох ухаан алга
Н.Батсуурь: Архангайнханд зөөлөн хандаад байгааг нь ойлгох ухаан алга
 
ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: Татварын багц хууль болон эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсоно
ХҮН НАМЫН ЗӨВЛӨЛ: Татварын багц хууль болон эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаар танилцуулгыг сонсоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!