Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Монгол адуучин” үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2025 оны хуралдаанаар дэмжин баталсан Дэлхийн адууны өдрийг угтан зохион байгуулж буй “Монгол адуучин” үндэсний чуулганд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэндчилгээ дэвшүүлж, “Монгол адуучдад тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдэл” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр “Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн амьдралын хэв маяг биш, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах хамгийн хүчирхэг дархлаа гэж хэлж болно. Нүүдэлчин ахуй, мал маллах арга ухаан бол монголчуудын хэдэн мянган жилийн амьдралын турш хуримтлагдсан үндэсний өв, соёл, уламжлал юм. Энэхүү монгол үндэсний дархлаа, соёлын өв уламжлалыг өвлөн тээгч нь малчид. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ танхимд суугаа адуучид та нар юм” хэмээн онцоллоо.
Нүүдэлчин ахуй, нүүдлийн мал аж ахуйн давуу тал, өвөрмөц онцлог нь байгаль орчинтойгоо нягт шүтэлцээтэй, тиймээс нүүдэлчид байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицон амьдрах чадварыг эзэмшсэн ард түмэн. Нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл хамгийн эрүүл, экологийн бүтээгдэхүүн гаргадгаараа орчин үед үнэ цэнтэй болж байна гэдгийг салбарын сайд Ц.Идэрбат илтгэлдээ дурдав.
Нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдэх, нүүдлийн мал аж ахуйг орчин үеийн нөхцөлд зохицуулан хөгжүүлэх, монгол малын удмын санг хамгаалах, залуу малчид, адуучдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, малчдын эдийн засгийг дэмжих талаар тодорхой гарц, шийдлийг сайд танилцууллаа. Тухайлбал, малчин хүний нийгмийн асуудлын шийдэхийн тулд хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийх ёстой. Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэв.
Монгол адуучдад тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийг Монгол дархлаа-Адуун соёл, Дэлхийд танигдах брэнд-Адууны эдийн засаг, Туурайн хээтэй нутгаа бууриараа тамгалсан адуучид гэсэн гурван сэдвийн хүрээнд томъёолжээ.
Илтгэлд дурдагдсан санааг товч дурдвал, адуучид, малчдын нийгмийн асуудал эдийн засагтай шууд холбогдоно. Тиймээс малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь чухал. ХХААХҮЯ ашиглалгүй хаягдаж байгаа арьс, ширийг үнэтэй болгохыг зорьж тодорхой алхмууд хийж байна. Малчин залуустай уулзаж ярилцахад адуунд дуртайдаа л хөдөө байна гэдэг. Адуугаа дагаад отор нүүдэл хийж олон сараар явахад ар гэрийнх нь амьдрал орхигддог. Хүүхдүүд нь сургуульд орохоор хоёр талд амьдрахаас өөр аргагүй болдог гээд тулгамдсан асуудлууд бий. Адуучин хүн үр хүүхэд, гэр бүлтэйгээ хамт байж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа эрхлэн амьдарч, ашиг орлогоо нэмэгдүүлэн, өрх бүлээ авч явах боломжийг олгохыг зорьж байна.
Ган, зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйл малчдын амьдралд хүндээр тусаж байгаа. Тиймээс ХХААХҮЯ-наас мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх “Нутагтаа эзэн 100:1000” төслийг эхлүүлсэн. Малчид хоршиж хамтран ногоон тэжээл тариалж, байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөлд аймаг, сум дамжин отор нүүдэл хийхгүйгээр малаа тэжээж, тарга тэвээрэг авахуулан, ашиг шимийг нь нэмэгдүүлэх боломжийг энэ төсөл олгож байгааг сайд Ц.Идэрбат онцолж, бэлчээр нутаг нь эзэнтэй байж, эрдэнэт сүрэг нь өсөж үржих таатай нөхцөл бүрдэнэ. Нутаг, эзэн, мал гурав байж нүүдлийн соёл иргэншил оршин тогтноно гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд хэллээ.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!