Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Гурвансайхан суманд баригдаж буй кольцо замын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Миний бие Гурвансайхан сумын уугуул хүн хэдий ч аймгийн Засаг даргын хувьд улсын төсвөөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд баригдах гэж байгаа кольцо замын ажлыг шүүмжлэхгүй, дуугарахгүй байж чадахгүй нь ээ.
Өнгөрсөн оны 12-р сард улсын төсөв хэлэлцэж байх үед аймаг, орон нутгаас санал өгөөгүй, салбарын яамнаас эрэмбэлээгүй, Засгийн газраас өргөн мэдүүлээгүй шинэ ажил болох Гурвансайхан сумын төвийг тойрсон “кольцо” замын ажлыг манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд УИХ-ын чуулган дээр санал оруулж улсын төсөвт суулгуулсан байдаг.
Зураг дээрх улаанаар зурсан замыг хараарай. Сумын төв тойрсон замаар яг яах гээд байгааг ойлгохгүй юм, машинаар сумаа тойрч гороолох юм уу.
Үүнийг ярьж байгаа нь зам хэрэггүй гэж байгаа юм биш, улсын төсөв хүнд, аймагт шийдэх шаардлагатай олон тулгамдсан асуудал байхад хөрөнгө оруулалтаа зөв эрэмбэлэх ёстой гэдэг асуудал юм.
Хамгийн харамсалтай нь олон жил гацаж байж хөдлөхөөр болсон Төв Халхын дуулалт жүжгийн театрын барилгын 2026 онд санхүүжих санхүүжилтээс хасаж байж энэ ажлыг оруулсан байгаа юм.
Энэ 9.5 тэрбум төгрөгөөр:
-Төв Халхын дуулалт жүжгийн театраа урагшлуулах,
-Аймгийн төвийн дотоод замын асуудлыг шийдэх,
-Сум дотроо замгүй сумдын төвийг замтай болгох боломж байлаа. Одоо энэ ажлын тендер зарлагдаж, гэрээ байгуулах шатандаа явж байгаа юм байна.
Иймд Зам, тээврийн яам, УИХ-ын Төсвийн байнгын хороо уг асуудлыг дахин нягталж, боломжтой бол гэрээ байгуулах ажиллагааг зогсоон, хөрөнгийг аймгийн нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудад шилжүүлж засаж залруулах боломжийг судалж өгөхийг хүсэж байна.
Үнэхээр улс, аймаг, сумандаа элэггүй, өгөөжгүй хөрөнгө оруулалт гэж харж байна. Цаашид аймаг, орон нутгийн саналгүй, бодлогын яамдын эрэмбэд ороогүй, Засгийн газраас өргөн бариагүй ажлуудыг улсын төсөвт оруулдаг байдлыг таслан зогсоох нь төсвийн сахилга, хариуцлагын чухал асуудал гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хөндөж байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!