
UBN сайт “Эмэгтэйчүүд ярилцлагын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын зочин хойморт их гоо үзэсгэлэндээ энгүй их авьяасыг тээсэн уртын дуучин Батсайханы Батцэцэглэнг онцолж байна.
Хөдөө талд хурдан морь унаж, хурга, ишиг хариулж өссөн Б.Батцэцэглэн өдгөө ардын болон уртын дууг орчин цагийн хэв маягтай сүлж, ховорхон авьяасаараа гайхуулж яваа чадварлаг уран бүтээлч юм.
Үзэгч, сонсогчиддоо бүсгүй хүнд байх ёстой бүх шинжийг өөртөө цогцлоосон "ТӨГС" эмэгтэйн бодит жишээ хэмээн үнэлэгдэж, хайрлагдсан Уртын дуучин бүсгүйн ертөнцөөр хамтдаа аялцгаая.
-21 аймгийн тоглолтын бэлтгэл гээд тун завгүй байх шиг байна. Бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар товчхон мэдээлэл өгөөч?
-Үлэмжийн чанар пянзаа номны хамтаар өргөн бариад, одоо дуучин Б.Алтанжаргал ахтайгаа хамт 21 аймгынхаа аялан тоглолтод гараад тун чиг завгүй гүйж байна. Өнгөрсөн жилийн яг өдийд Хурмаст тэнгэр тоглолтоо СТӨ-нд тоглож байсан. Тухайн үед 6 сартай жирэмсэн байсан болохоор үргэлжлүүлж тоглохоор төлөвлөж байсан аялан тоглолтоо хойшлуулсан. Одоо хүүхэд маань хөөрхөн борогшоод, бор хоолонд орсон учраас Б.Алтанжаргал ахтайгаа хамт 21 аймгынхаа аялан тоглолтоор гарсан.
-Ярилцлагаа дуучин болсон тэр цаг мөчийг эргэн дурсаад үргэлжлүүлье. Урлагийн хүн болох таны мөрөөдөл байв уу?
-Би Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрж өссөн. Хөдөө, монгол ахуйтайгаа ойрхон өссөн маань энэ чиглэлийг сонгоход хамгийн том түлхэц, мэдрэмжийг өгсөн. Харин уртын дууг дуулах үндэс суурийг тавьж өгч, хөтөлж оруулсан хүн бол миний эмээ. Эмээгийнхээ зааж өгсөн дууг говь нутгийнхаа талд морь унаж, хонь хариулж явахдаа дуулдаг байсан нь бас их нөлөөлсөн байх гэж боддог. Яг мэргэжлийн дуучин болох энэ завшааныг Равжаа хутагт сангийн дэмжлэгээр олж авсан. Тийм ч учраас Равжаа хутагтийнхаа дуу хуураас үзэгч олон түмэндээ өргөн барих юмсан гэж бодож, зорьж явдаг. Тэр ч утгаараа дуулах гэж байгаа тайз болгон дээрээ Үлэмжийн чанар дуугаа дуулж явдаг.

-Та ардын дууг орчин үеийн хөгжимтэй хослуулж сүлж, цагийн хэв маягт хувиргаж дуулдаг. Энэ нь ардын дууг залуучуудад илүү ойртуулж, таниулж чадаж байгаа болов уу гэж бодож байна?
-Ардын дууны ая, аялгуу гэдэг монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ёс суртахууны хэмжээг ерөнхий шугамд барьж байдаг зүйл гэж ойлгодог. Тэр ч утгаараа орчин цагийн залуусыг уртын дуу, ардын дуутайгаа ойрхон байгаасай гэж маш их хүсдэг. Сүүлд би үзэмчин ардын дуу "Солонго" гэдэг дууг морин хуурын чуулгатай дуулсан. Гитар хөгжимтэй, электро хөгжимтэй ч дуулсан. Яг энэ гурван хөгжмийн хамсраа нь өөр өөр хэр нь нэг студид бичүүлсэн хоолойгоо электро хөгжимд наагаад дугаргасан ч яг тэр дуу эгшиглэдгээрээ эгшиглээд сонсогч нар нь олон насны ангилалд хүрэх боломжтой болж байгаа юм. Тэгэхээр ардын дууг дуулах гээд маяглуулаад, өөрчлөөд байгаа юм огт байхгүй. Дуулалтыг огт өөрчлөхгүйгээр хамсраа хөгжмүүдийн сонголтыг л өөрчилж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Морин хуурын чуулгатай дуулсан дууныхаа дан хоолойг нь аваад электро хөгжмийн найруулгад хөрвүүлэхээр миний охины ангийнхан сонсож байгаа юм. Энэ нь миний зүгээс ирээдүй хойч үеэ ардын дуунд ойртуулж, дурлуулж байгаа нэг хэлбэр юм болов уу гэж бодож байна.

-МУГЖ гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртээд удаагүй байгаа. Энэ мэдээг анх сонсоод яаж хүлээж авсан бэ. Энэ цол таны ойрын төлөвлөгөөнд байсан болов уу?
-Энэ мэдээг анх сонсоод сүрдсэн. Хэзээ нэг цагт авч магадгүй гэж бүх л уран бүтээлч боддог байх. Би ч гэсэн бодож л байсан. Гэхдээ түмэн олны шуугиад байгаа шиг ийм эрт гэж бас бодоогүй. Тэглээ гээд төрийн өгч байгаа шагнал, хайр хишгийг үгүй ээ гээд буцаах, орхих, үгүйсгэх хүмүүжил надад байхгүй. Тийм ч учраас ямар их хүндэтгэл бөгөөд хариуцлага вэ гэж ойлгож хүлээж авсан. Ардын урлагийн төлөө явж байгаа мянга мянган залуучуудад зориулж өгсөн эрхэм сайхан шагнал. Ид хийж бүтээх насан дээрээ явж байгаа олон сайхан залуучууд энэ шагналыг аваасай гэж бодсон. Энэ шагналыг авснаараа би илүү их хичээх ёстой юм байна. Ардын урлагийнхаа төлөө илүү ихийг ярьж, сэтгэж, хөдөлмөрлөх ёстой юм байна гэж ойлгосон учраас гүн хүндэтгэлтэй хүлээж аваад өшөө илүү шаргуу хөдөлмөрлөж явна даа.
-Шагнал авсны дараа сайхнаар хүлээж авсан хүмүүс олон байснаас гадна сөрөг сэтгэгдэл, дайруултууд ч байсан. Тухайн үед та төрөөд удаагүй, нялх биетэй байсан болохоор яаж байгаа бол гээд дотроо санаа зовж л байлаа. Танд бас амаргүй байсан болов уу?
-Миний өмнөөс надад санаа чилээж байсан хүн маш олон байсан. Тэр хүмүүстээ бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Би уг нь нулимс ойрхонтой, их уйланхай хүн. Гэхдээ хүнд өөрийн гэсэн сэтгэлийн хат байх ёстой. Хүн намайг "Сайн байна, сайхан байна" гэхээр би баярлаж гүйгээд, "Өө чи муухай" гэхээр муухай юм байна гээд гундаад байж болохгүй гэж боддог. Тэр ч утгаараа энэ асуудал дээр сэтгэл янз янз болж, хэцүү байгаад байсан зүйл надад огт байгаагүй. Харин уужрах сэтгэл төрсөн. Хүмүүс намайг дандаа магтдаг. Хүн л юм чинь магадгүй хэзээ нэгэн өдөр алдаа гаргахыг үгүйсгэхгүй. Тэр үед энэ бүх магтаал дайралт болж над дээр ирэх болов уу. Хэзээ ингэж дайрах бол гэж боддог байсан учраас сэтгэлзүйгээ ч бас тодорхой хэмжээнд бэлдчихсэн байсан. Тийм ч учраас гавьяа шагналын үеэр над руу дайрсан дайралтуудад би эмзэглээгүй. Миний буруутай үйлдлээс болоогүй. Надаас шалтгаалсан зүйл биш байсан учраас гуньж, гутраад, эмзэглээд байсан зүйл байгаагүй.

-Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батцэцэглэн гэж зарлуулж гарсан тайз нь хаанахын ямар тайз байсан бэ. Догдлол хэр байв?
-Хамгийн анх алтан хамтрагчийнхаа нутагт Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батцэцэглэн гэж зарлуулж, дуулсан. Маш сайхан байсан. Нэг зүйл жаахан эвгүй байгаа. Миний хувьд эрэгтэй хүнийг дээдлэх, хүндлэх ёс суртахуун өндөрт тавигддаг. МУГЖ гэдэг цолыг авснаас хойш би түрүүлж зарлагддаг болчхоод байгаа маань жоохон тухгүйтүүлж байгаа. Б.Алтанжаргал ахыгаа удахгүй энэ сайхан эрхэм цолыг авах байх гэж бодоод сэтгэл догдлон хүлээж байгаа. Тэгээд ах минь түрүүлж зарлагдах өдрийг л хүлээж байна даа.
-Та өөрт нь энэ талаараа өөрт нь хэлсэн үү. Юу гэж байх юм?
-Би хэлсэн. "Б.Алтанжаргал ахаа эхлээд эмэгтэйг нь зарлахаар тухгүй байна" гээд. "Зүгээр шүү дээ ахын дүү" гэж хэлээд инээсэн. Манай ах чинь аливаа зүйлийг маш хөнгөхөн хүлээж авдаг. Их гоё хүн байдаг шүү дээ.
-Ардын дуучин Б.Алтанжаргалтай хэзээнээс хамтарч эхлэв. Хамтарсан уран бүтээл дээр түлхүү ажиллаж байгаа харагддаг?
-Тийм ээ. Хамгийн 2016 онд Ардын дуучин Б.Алтанжаргал ахтай хамтарч Монгол ардын дууны охь манлай дуу гэгддэг "Сүнжидмаа" дууг дуулсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Нэлээдгүй уран бүтээлийг хамтарч хийсэн. Энэ удаагийн 21 аялан тоглолтоороо хамтралуудаа дуулна. Тоглолтдоо зориулж "Есөн эрдэнийн орон" дууг Б.Алтанжаргал ахтайгаа хамтарч албан ёсны эрхтэйгээр дуулсан. Хүсэж, мөрөөдөж дуулсан учраас энэ дуундаа маш их хүндэтгэлтэй хандаж байгаа.
-Б.Батцэцэглэнг хүмүүс ардын дуу дуулж, үндэсний хувцсаа өмсөөд намбайгаад л явж байдаг төрхөөр нь мэднэ. Өнөөдөр уулзаад эрх дураараа, сахилгагүй, дэггүй Б.Батцэцэглэнг олж харлаа. Ер нь олны нүднээс далд энгийн үедээ хэр сахилгагүй вэ?
-Би ер нь аягүй сахилгагүй. Эмэгтэй хүн сахилгагүй, эрх зан чанартай байх нь их чухал. Тийм учраас эмэгтэйчүүдийгээ эрх зангаа битгий гээгээсэй гэж боддог.

-Эмэгтэй хүн ийм гоё эрх дураараа, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө байхад сайн ханийн нөлөө их байдаг байх?
-Яг зөв. Сайн ханийн буянд өнөөдрийг хүртэл муу, муухай зүйлээс холуур санаа амар сайхан амьдарч байна. Миний ханийг Гончигдоржийн Наранбат гэдэг. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Монгол Улсын хошой мэргэн залуу бий. Бид хоёр 3 хүүхэдтэй. Хамгийн бага маань одоо 7 сартай.
-Хамт авахуулсан зурагнуудынх нь сэтгэгдлийг харахаар ах нөхөртэй юм уу гэсэн асуулт их харагддаг. Энэ зөвхөн Б.Батцэцэглэнд ирдэг асуулт биш. Амжилттай яваа эмэгтэйчүүд бүгд л ийм асуулттай тулгардаг байх. Гоё сайхан байгаад амжилттай явбал ард нь заавал өөрөөс нь ах баян хүн байгаа гэж харддаг хандлага их байх шиг. Энэ дээр та өөрийн байр сууриа илэрхийлж болох уу?
-Ах нөхөртэй юм уу гэдэг асуулт их ирдэг. Ер нь ах байна уу, дүү байна уу хэнд хамаатай юм бэ. Би энд ийм зүйлд тайлбар өгөөд сууж байх нь утгагүй л дээ. Гэхдээ ийм асуулт маш их ирдэг учраас хариулт өгье. Манай хүн надаас 3 насаар ах. Гэхдээ би дандаа та гэж дууддаг. Бид 2 тийм их мөнгөтэй төгрөгтэй баян цатгалан гэхээсээ илүү үргэлж хөдөлмөрлөж байдаг хөдөлмөрч гэр бүл гэж хэлмээр байна. Анх гэр бүл зохиоход би оюутан байсан. Манай хүн түрүүлж төгссөн учраас урлагийн салбарт морин хуурч хийдэг байлаа. Би гэртээ толгой оройвч хийж зараад манай хүн ажлын бус цагаараа миний хажууд шүрийг нь хэлхээд л суудаг байсан. Ер нь бол хөдөлмөр хэзээ ч хүнийг орхихгүй, хуурахгүй. Зогсолтгүй хөдөлмөрлөснөөрөө л өөрийгөө болон гэр бүлээ босгоно.
-Б.Батцэцэглэнг дуулахаас гадна үйлэнд уран гэдгийг нь мэдэхгүй хүн ховор байх. Хувийн урлангаа бас нээсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Урлан нээх миний зорилго байсан. Ардын дууг хувцас хэрэглэл, зүүсгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ бүгд нийлээд Монголчуудын өв соёл болж харагдаж байгаа юм. Монголчуудын өв соёл учраас үүнд суралцаж бас түгээн дэлгэрүүлэх ёстой гэж боддог. Тийм ч учраас Монгол дээл хувцасныхаа урланг нээе гэж зорьж бас нээсэн. Тун амжилттай явж байгаа. Би өөрөө ч Монгол тэрлэг хувцсаараа гангаръя бусдад гайхуулъя гэж боддог. Өнөөдөр гэхэд урлангийнхаа, энэ өвлийн загвараас өмсөөд сууж байна. Гоё харагдъя гэхээрээ л Монголд тэрлэг хувцсаа шүүрч аваад өмсөөд л гараад ирдэг.

-Үйл урлахыг эзээ, хаана сурсан юм бэ?
-Эмээ минь надад зүү ороож, үйл урлахыг зааж өгсөн. Манай ээж ч үйлэнд уран. Эмээ маань надад маш их зүйлийг заасан. Урлагтай холбогдсон түүх минь ч нутагт устай, эмээгийн маань үг сургуультай холбоотой юм.
-Урлангийн ажил, уран бүтээлийн ажил, 3 хүүхдийн ээж гээд энэ бүхнийг ер нь яаж амжуулаад тун банг нь тааруулж амжилттай ард нь гараад байна вэ?
-Манай бүсгүйчүүд чинь их дайчин. Аливаа зүйлийг бүгдийг нь зохион байгуулж чадна гэж боддог юм шүү дээ. Мэдээж зохион байгуулалт маш их хэрэгтэй. Би өөрөө бараг санаандгүйгээр үсээ ч угаадаггүй хүн шүү дээ. Үс угаах хүртэл тооцоололтой л байдаг. За би маргааш ямар арга хэмжээтэй билээ, нөгөөдөр яах билээ ямар тэрлэг хувцас өмсөх билээ гээд бүгдийг яг үнэндээ зохицуулахыг хичээдэг.
-Сошиалын эерэг сөрөг коммент сэтгэгдэлд хэр дархлаатай болж байна вэ?
-Мөнгө л бүх хүнд таалагддаг гэсэн шүү дээ. Би мөнгө бишээс хойш цааш зарим хүнд таалагдана. Зарим хүнд таалагдахгүй. Хүний сайхныг үзэх үзэл, хүмүүжилд нөлөөлж чадахгүйгээс цааш тэр хүнд заавал таалагдах гээд байх албагүй. Заримыг нь орхих хэрэгтэй. Уран бүтээлчийнхээ хувьд сайхныг үзэх үзэлд нь нөлөөлөх ёстой зүйл байвал уран бүтээлээрээ л нөлөөлөхийг хичээдэг.

-Хүчирхэг эмэгтэй гэж ер нь таны хувь хувьд таны бодлоор ямар эмэгтэйг хэлэх юм бэ. Мундаг карьертай явж байгаа эмэгтэйг хэлэх юм уу, сайн ээжийг хэлэх юм уу. Ер нь яг ямар эмэгтэйг хүчирхэг эмэгтэй гэх бол?
-Зохион байгуулалтуудаа л сайн хийдэг хүн хүчирхэг эмэгтэй байж чаддаг юм байна гэж боддог. Хүчтэй байх гээд дэндүү хичээгээд. Тэрэндээ өөрөө ядраад байх нь надад хэцүү санагддаг. Тийм хүмүүс зөндөө харагддаг л даа. Миний хувьд бол маш удаанаар ч хамаагүй зогсолтгүй л хөдөлмөрлөх нь маш чухал гэж боддог. Гэхдээ энэ зөвхөн миний бодол.
