Богд хааны ордон музейн хосгүй үнэт үзмэрүүдийн нэг болох Өндөр гэгээн Занабазарын урласан “Ногоон дара эх” шүтээнийг хуурамч, дууриамал гэсэн мэдээлэл олны дунд тархсантай холбогдуулан музейн захиргаанаас мэдэгдэл гаргажээ.
Уг хүрэл цутгамал, алтан шаргал бүтээлийг 1706 оны орчим урласан бөгөөд дахин давтагдашгүй болохыг тус музейнхэн мэдээлжээ. Мөн бодит бус мэдээлэл амнаас ам дамжуулах замаар олон нийтэд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг уриаллаа. “Ногоон дара эх” шүтээний хийцийн нууцыг өнөөг болтол тайлаагүй тул дууриалгах боломжгүй хэмээв.
Музейн захирал Ц.Эрдэнэбаатар “Урлагийн ховор бүтээл гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг ихэд татдаг тул эдийн засгийн утга, монголчуудын эрхэм шүтээн гэсэн утгаар нандигнан хайрлах учиртай. Гэтэл ийнхүү буруу зөрүү санах нь алдаа юм. Хуурамч мэдээллийг газар авахуулахгүй гэсэн үүднээс мэдээлэл хийлээ” гэв.