Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.ЭНХМАА: Хоббиндоо цаг гаргадаг эмэгтэйг “ЗАВТАЙ, ЗАВХАЙ, ХИЙМЭЛ“ гэх мэтээр тодорхойлж, үгийн муухайгаар хэлдэг. Одоо тийм өрөвдөлтэй эмэгтэйчүүд байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 10 секунд

UBN сайт "ЭМЭГТЭЙЧҮҮД" ярилцлагын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарын зочин хойморт мото спорт сонирхогч, "Ододтой бүжиглэе" шоуны оролцогч Н.Энхмааг урьж ярилцлаа.

3 хүүхдээ төрүүлснийхээ дараа өөрийн мөрөөдлийг биелүүлэх зорилгоор найзуудтайгаа хамтран “Эгшү” эмэгтэйчүүдийн мото клубийг үүсгэн байгуулсан Н.Энхмаа өдгөө мөрөөдлөө бодит болгож, олон бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болж яваа хүчирхэг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

-Ярилцлагаа мото спорттой холбогдсон түүхээс эхлэх үү?

-Мотоцикл унаж эхлээд гурван жил болж байна. Энэ спортоос маш их кайф, эрх чөлөө, эрч хүчийг мэдэрч байгаа.Манай ээж рок стильтэй байсан учраас багаасаа рок стильд дуртай байсан. Энэ нь мото сонирхоход нөлөөлсөн болов уу гэж боддог. 20 хүрээд мото унаж сурна гэж боддог байсан ч гэр бүл зохиож, ээж болоод тэр мөрөөдөл минь замхарсан. Гэхдээ аливаа зүйлийг сурахад оройтдоггүй юм байна билээ. 3 хүүхэд төрүүлснийхээ дараа найзуудтайгаа ярилцаж байгаад хамтдаа мото унаж эхэлсэн. Тэр нь одоогийн "ЭГШҮ" клубын эхлэл болсон гэх үү дээ.

-Эмэгтэй хүнд мото спорт эрсдэлтэй юм шиг санагддаг. Өнөөдрийн хэмжээнд унаж сурахад хэцүү байсан уу?

-Мэдээж амархан биш. Сургалтандаа суугаад төгссөний дараа ганцаараа зам дээр гарах мэдрэмж бол маш их айдастай байдаг. Худлаа яриад яахав. Хамгийн анх зам дээр гарахдаа оч манартал унаж байсан. Гэхдээ болиогүй, шантраагүй. Би чадна гэж өөрийгөө зоригжуулж, хичээсээр өнөөдрийн хэмжээнд унаж сурсан.

-Гэр бүлийнхэн нь анх яаж хүлээж авч байв?

-Манай нөхөр анх чи гурвын гурван хүүхэдтэй шүү дээ. Наадах чинь амь настай чинь холбоотой асуудал. Ард чинь 4 хүн чамайг бүлтийгээд хүлээж байгаа шүү гэж хэлж байсан. Одоо бол миний хамгийн том дэмжигч болсон. Ээж, аав маань ч гэсэн маш их дэмждэг. Хол замд хөдөө явахаар "Болгоомжтой яваарай" гээд л сүү өргөөд үлддэг юм.

-ДЭЛХИЙ ТЭР ЧИГЭЭРЭЭ Л ГОЁ САЙХНЫГ ХАРАХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙХАД ЯАГААД ДАНДАА СӨРГӨӨР ХАРЖ, БҮХ ЗҮЙЛИЙГ ХАРЛУУЛЖ, ХАР ЭНЕРГИ ЦАЦАЖ БАЙДГЫГ НЬ ОЙЛГОДОГГҮЙ-

-Эмэгтэй моточдыг хүмүүс яаж хүлээж авдаг вэ?

-Эхэндээ маш их харааж, зүхдэг байсан. Одоо бол биднийг илүү их дэмждэг болсон юм шиг санагддаг. Яагаад гэхээр бид чинь бүгдээрээ хөөрхөн ээжүүд. Сайн ээж, сайн хань, сайн гэрийн эзэгтэй байхынхаа хажуугаар хоббиндоо цаг заваа зарцуулж чадаж байгаа ээжүүдийн төлөөлөл гэж хардаг болсон болов уу. Бөөнөөрөө хотын төвөөр хөдөлгөөнд оролцоод явахаар "ЭГШҮ" гээд орилдог болчихсон байна билээ.

-Нэрний тухайд тайлбарлаач. "Эгшү" гэдэг сонин нэр байна?

-Эгшү гэдэг нэрийг анх "Шилийн богд" гэдэг номыг уншаад өгсөн. Тухайн номд оройн ганц модон дээр амьдардаг Агшу, Эгшү гэх хоёр шонхор шувууны амьдралын тухай гардаг. Агшу нь эрэгтэй, эгшү нь эмэгтэй. Шонхор бол Монголын бэлгэдэлт дээдэлж явдаг, хүчтэй шувуу учраас энэ нэрийг өгсөн.

-Н.Энхмаа мото унахаас гадна цахим орчинд маш их идэвхитэй байдаг. Эерэг, сөрөг сэтгэгдлийг хэр хүлээж авдаг вэ?

-Анх сөрөг сэтгэгдэл маш их эмзэглэдэг байсан. Одоо бол харьцангуй дасчихаж. Гэхдээ нэг зүйл дээр сэтгэл дундуур байдаг. Намайг болон манай гишүүдийг огт танихгүй хэрнээ маш их доромжилдог. Г...., п.... гээд хэлэхгүй үг байхгүй. Тэрнээс гадна "Тэр тэрэнтэй явдаг. Энэ энэнтэй явдаг. Тэр нь я...., энэ нь хиймэл" гээд л. Гэтэл бид чинь өөрсдийгөө үнэлж, хүндлээд, дуртай зүйлдээ цаг заваа зарцуулаад мото унах гэж нэгдсэн л хүмүүс. Ихэнх нь ээжүүд. Зүгээр л мотогоо унаад хэнд ч гай болохгүй явж байхад ийм хандлага гаргадаг хүмүүсийг маш их гайхдаг. Дэлхий тэр чигээрээ л гоё сайхныг харах гэж хичээж байхад яагаад дандаа сөргөөр харж, бүх зүйлийг харлуулж, хар энерги цацаж байдгыг нь ойлгодоггүй юм. Мэдээж маш гоёоор хүлээж авч, дэмждэг хүмүүс олон бий.

-Өөрт тань хаяглагдаж ирдэг сөрөг сэтгэгдлүүд ихэвчлэн ямар агуулгатай байдаг вэ. Тэдгээрт товчхон хариулт өгөөч гэвэл?

-Муулж байгаа зүйлүүдийг нь харахаар хүний гадаад өнгө үзэмж, өөрчилж болохгүй өндөр нам гэх мэт зүйлээр доромжилдог. Би яг яах ёстой вэ. Өөрийгөө сунгах ёстой юу. Угаасаа өндөр биш юм чинь яах вэ. Тэртээ тэргүй би өөрийгөө хүлээн зөвшөөрчихсөн. Би байгаа нь л энэ. Би хамгийн хичээж байгаагаараа энэ. Өөрийгөө 100 хувь дайчилж байгаа. Сайн ээж, сайн хань, сайн гэрийн эзэгтэй байхаас гадна өөртөө хайртай байхыг хичээж байгаа. Түүнээс гадна нийгэмд сайн оролцоотой байж, туслах боломжтой зүйлээрээ хэн нэгэнд тус дэм болохыг хичээдэг. Би муу зүйл рүү хэзээ ч хазайхгүй.

-ЭРЧҮҮДИЙГ АМЖИЛТТАЙ ЯВАХААР МУНДАГ, САЙН ГЭЧХЭЭД ЭМЭГТЭЙЧҮҮД АМЖИЛТТАЙ ЯВАХААР БАЯН НӨХӨР ЭСВЭЛ ИВЭЭН ТЭТГЭГЧТЭЙ ГЭЖ ЯРЬДАГ. ОДОО ТИЙМ ӨРӨВДӨЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙХГҮЙ. АРД НЬ ЗААВАЛ ЭРЭГТЭЙ ХҮН БАЙЛГАХ ГЭДЭГ ЯДУУ СЭТГЭЛГЭЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

-Гүтгэлгийн чанартай худал мэдээллээр нэр төрд тань халдаж байсан удаа бий юу?

-Гэрийн үйлчлэгчтэй. Хүүхдээ асрагчаар харуулчхаад мото унаад зугаалаад явж байдаг гэсэн сэтгэгдэл маш их ирдэг. Та нар манайд орж ирээд харлаа. Манайд асрагч байна уу. Гэрийн үйлчлэгч байна уу. Байхгүй л байгаа биз дээ. Хүүхэд харах хүнгүй үедээ бусдын л адил ээжийгээ, эгчийгээ, дүүгээ гуйгаад хүүхдүүдээ харуулдаг. Мото бол миний чөлөөт цагаараа хийдэг хобби.

Хоногийн 24 цагийг мото унаад өнгөрүүлдэг гэж ойлгож болохгүй шүү дээ.

-"Баян хүнтэй суусан. Салгаад суучихсан" гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа бас их байдаг. Үүнд тайлбар хийгээч гэвэл?

Манай нөхрийг н.Галданбилэгт гэдэг. Автын инженер мэргэжилтэй. Бид хоёр гэр бүл зохиогоод 10 жил болж байна. 1 хүү, 2 охинтой. Манай хүн өмнө нь амьдрал зохиож байсан нь үнэн. Хөөрхөн хүүтэй. Гэхдээ өмнөх амьдралдаа цэг тавьж, хоёр тийшээ болсноос нь хойш 2 жил гарангийн дараа бид танилцсан. Гэтэл салгаж авч суусан гээд байдаг. Тийм зүйл байхгүй. Би тийм зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Ээж аав маань ч надад тэгж зааж сургасан.

Тэнд амьдрал нь болж бүтээгүй учраас хоёр тийшээ болсон байна. Дараа нь надтай учраад гэр бүл зохиогоод, үр хүүхэдтэй болоод амьдралаа босгоод явж байна. Энэ тийм буруу зүйл юм уу.

"Баян нөхөртэй" гэдэг дээр бол бид хоёр амьдралыг тэгээс эхэлсэн. Орох оронгүй, унах унаагүй, аав ээжийнхээ хажуу өрөөнөөс л амьдралаа эхэлж байсан. Манай нөхөр анхнаасаа л мундаг зорилготой, зоригтой, алсын хараатай залуу байсан. Мэдээж эрэгтэй хүн эхнэрээсээ потенциал өндөр, дээгүүр байх ёстой. Тэгж байж би тэр хүнд найдаж, тэр хүн миний түшиг тулгуур, хана байх ёстой шүү дээ. Тэгээс эхэлсэн амьдрал илүү амттай байдаг юм билээ. Бүх зүйлийг хамтдаа эхэлж, тэмцсэний үр дүнд өнөөдрийн энэ амьдралаа бий болгосон. Эрчүүдийг амжилттай явахаар мундаг, сайн гэчхээд эмэгтэйчүүд амжилттай явахаар "Баян нөхөр эсвэл ивээн тэтгэгчтэй" гэж ярьдаг. Би бол нөхрийнхөө өлмийн дороос нь ивээс болж өгсөн гэж боддог. Миний бас амжилттай явж байгаа нь миний ханийн ивээс. Хоёр хүн хоёр биеэндээ дэм болж, хүч өгч, хамтдаа хичээсний үр дүнд энэ амьдрал бий болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол арга билэг.

Ганц бие эмэгтэйчүүдийг болохоор ард нь нэг хүн байгаа гэдэг. Одоо тийм өрөвдөлтэй эмэгтэйчүүд байхгүй. Ард нь заавал эрэгтэй хүн байлгах гэдэг ядуу сэтгэлгээгээ болих хэрэгтэй.

Э.Ариунтөгс

Орон нутагт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх анхны төвийг Орхон аймагт нээлээ
Орон нутагт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх анхны төвийг Орхон аймагт нээлээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.