Сүүлийн 20 жилийн хугацаанд хүмүүс зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг халдварт бус өвчний улмаас нас барах нь ихсэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өргөн хүрээг хамран явуулсан судалгаа харуулжээ.
Өвчнийг эрт оношлох нь нас баралтын тоог эрс бууруулах боломжтойг ДЭМБ онцлон тэмдэглэв. 2000-аад оны үед хүмүүсийн нас барсан арван гол шалтгааны дөрөв нь халдварт бус өвчин байсан бол 2019 онд энэ тоо 7 болсон байна. “Халдварт бус өвчинтэй тэмцэх төдийгүй цар тахлын нөхцөлд ажиллах замаар эмнэлгийн анхны тусламжийн системийг эрс сайжруулах нь хэчнээн чухал болохыг харуулж байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус онцлон тэмдэглэжээ.
Судалгааг коронавирусний цар тахал дэгдэж эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн хийжээ.
- Нас баралтын зонхилох шалтгаанууд (2019)
- Зүрхний титэм судасны өвчин
- Цус харвалт
- Уушгины архаг бөглөрөлт өвчин
- Амьсгалын доод замын халдвар
- Нярайн халдвар
- Гуурсан хоолой, уушгины хорт хавдар
- Альцгеймерийн өвчин, солиорлын бусад хэлбэрүүд
- Суулгалт
- Чихрийн шижин бөөрний өвчин
Зүрхний титэм судасны өвчин нас баралтын зонхилох шалтгаан болсон хэвээр байна. Энэ өвчин нас баралтын шалтгаануудын 16 хувийг эзэлж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд зүрхний титэм судасны өвчний улмаас нас барсан тохиолдлын тоо 2 сая гаруйгаар нэмэгдэж, жилд 9 сая орчим тохиолдол бүртгэгдэх болжээ.
Нярайн өвчин жагсаалтын тавдугаар бичигдэж байга хэдий ч бага орлоготой орнуудад нас баралтын гол шалтгаан болсон хэвээр байна. Харин нярайн эндэгдэл сүүлийн жилүүдэд огцом багасжээ. Тодруулбал, өнгөрсөн онд 2 сая хүүхэд эндсэн нь 2000-аад оныхоос 1.2 саяар бага үзүүлэлт юм.
Арван зонхилох өвчнүүдийн тоонд Альцгеймер болон солиорлын бусад хэлбэрүүд мөн багтжээ. Ийм төрлийн өвчин Европ болон Америкт гуравдагуурт жагсаж байна. Ийм өвчнөөр дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүд шаналж байгааг ДЭМБ онцолсон байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд чихрийн шижин өвчний улмаас нас барсан тохиолдол 70 хувиар нэмэгджээ. Ойрхи Дорнодын орнуудад энэ үзүүлэлт хамгийн их өссөн байна.
Халдварт өвчнүүд
Сүүлийн жилүүдэд дэлхий дахины халдварт өвчнийг даван туулах чадвар харьцангуй сайжирч байгааг ДЭМБ-ын мэдээлэл харуулжээ. Тодруулбал, сүрьеэ, ХДХВ зэрэг өвчин ази, африк болон бага орлоготой бусад оронд амь насанд халтай өвчинд тооцогдсон хэвээр байгаа ч дундаж үзүүлэлтээр нас баралтын зонхилох арван шалтгааны жагсаалтаас хасагджээ.
Харин халдварт өвчнүүд дундаас амьсгалын доод замын халдварт өвчин тэр дундаа вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин хамгийн аюултайд тооцогдсон хэвээр байна. Өнгөрсөн онд энэ өвчин нас баралтын шалтгааны жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэж байсан хэдий ч 2000-аад оныхтой харьцуулахад нас баралтын тоо 460 мянгаар бага байжээ.