
Тойргийн гишүүдэд тус бүрт нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдэгдсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл.
МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мессеж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав. Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж Мөнхтөрийн Нарантуяа-Нара гишүүний хэлдгээр шүгэл үлээв" гэх байр суурийг илэрхийлсэн бол СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Номин "Тойргийн гишүүдэд 15 тэрбум "тараах" байдлаар нөлөөлөхийг дэмжихгүй. ЗГ төсвөө захиран зарцуулах ажлаа хий. УИХ хуулиа баталж, хяналтаа тавина" гэлээ.