Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол-Солонгосын дипломат харилцааны 30 жил: Хэл, соёлын харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 46 секунд

Энэ жил Монгол-Солонгосын дипломат харилцааны 30 жилийн ой болж байгаа аж. Энэ хүрээнд “Хэл, соёлын харилцаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагджээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд олон орны эрдэмтэн судлаачид, ахисан түвшний суралцагчид онлайнаар оролцож, хоёр орны хэл, соёлд холбогдох найман салбар хуралдааныг зохион байгуулсан байна. Энэ талаар МУИС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.Батхишигээс тодруулав.

Тэрбээр "Энэ жил Монгол-Солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон ажил зохион байгуулж буйн нэг нь Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, БНСУ-ын Солонгос судлалын Академиас хамтран зохион байгуулсан “Монгол-Солонгосын дипломат харилцааны 30 жил: Хэл, соёлын харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Уг хуралд монгол, солонгос, орос, хятад, герман, унгар, америк зэрэг орны эрдэмтэн судлаачид, ахисан түвшний суралцагчид онлайнаар оролцож, хоёр орны хэл, соёлд холбогдох найман салбар хуралдааныг зохион байгууллаа.

Монгол, солонгос, орос, хятад, герман, унгар, америк зэрэг орны эрдэмтэн судлаачид

Энэ удаагийн хурлын илтгэлүүд нь монгол, солонгос харьцуулсан хэл шинжлэл, хэлний түүх, сурвалж судлал, нутгийн аялгуу, урлаг, уран зохиол, соёл, боловсролын хүрээн дэх олон асуудлыг хөндлөө. Мөн хуралд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд И Ёхун, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар нар амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ. 

МОНГОЛ-СОЛОНГОСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ ТҮҮХЭНД МАНАЙ ХОЁР ОРНЫ МОНГОЛ СУДЛААЧ ЭРДЭМТДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМРИЙГ ҮНЭЛЖ БАРШГҮЙ

Хэл бичиг судлаач эрдэмтэн И Сөнгюү

Монгол судлал гэдэг ухагдахуун нь монгол хэл, соёл, түүх, улс төр, эдийн засаг гээд өргөн ойлголтыг илэрхийлэх боловч олон улсад Монголын судлал үүсэж хөгжихдөө монгол хэл, бичгийн ухаан, тэр дундаа түүхэн хэл шинжлэлийн асуудалд анхаарсан байдаг. Түүний нэгэн адилаар Солонгосын Монгол судлал ч тэр хэл, бичгийн харилцаа холбоонд анхаарал хандуулж эхэлжээ. Тиймээс хэл бичиг судлаач эрдэмтэд, тухайлбал, Б.Сумьяабаатар, Ц.Шагдарсүрэн, И Гимүн, И Сөнгюү, Юү Воньсү нарын бичгийн мэргэд монгол, солонгосын олон эрдэмтэд хоёр орны түүхэн хэл шинжлэл, бичиг үсгийн судлал, сурвалж судлал, нутгийн аялгуу судлал, харьцуулсан хэл, соёл судлалын академик судалгаанд онцгой гавьяатай. 

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.Батхишиг

Өнөөдөр Солонгосын монгол судлалын хэл шинжлэлийн салбар гэхэд л уламжлалт хэл шинжлэлээс гадна харьцуулсан авиазүй, харьцуулсан бүтээвэрзүй, харьцуулсан өгүүлбэр зүй, харьцуулсан үгийн сан судлал гээд хэлний бүх түвшинд, мөн угсаа хэл шинжлэл, нийгэм хэл шинжлэл, танихуйн хэл шинжлэл зэрэг хэлний олон чиг хандлагын үүднээс академик түвшний өгүүлэл, ганц сэдэвт бүтээлүүд туурвиж байна" гэсэн юм. 

МУИС-ийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Түвшинтөгс

        

 

Caption

Д.Цэрэнчимэг

 

210,012 ширхэг хувьцаа арилжжээ
210,012 ширхэг хувьцаа арилжжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.