Монголын сонгууль мөнгөнөөс хараат болоод удаж буй. Хандив, сонгуулийн сурталчилгаа, зардалтай холбоотойгоор энэ мөнгөний уралдаанд хэн ихийг "хаяж чадсан" нь урдуур алхах зүй тогтол бичигдээгүй хууль мэтээр үргэлжилсээр өнөөдөртэй золгосон байна. Тиймдээ ч УИХ-ын гишүүд сонгуулийг мөнгөнөөс хараат бус болгох эрх зүйн өөрчлөлтийг дараагийн сонгуулиас өмнө хийх хэрэгтэйг сануулсаар буй.
Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Ө.Шижир чуулганы индэр дээрээс төрийн сонгууль мөнгөнөөс хэр хараат байгаад судалгаа хийсэн талаараа мэдэгдсэн. Харин түүний судалгаанд тун сонирхолтой үр дүнгүүд гарсан байх аж. Харин эл тоон үзүүлэлтээс харахад, иргэдийн санал бодитойгоор биеллээ олж байгаа эсэх нөгөө талдаа шударга сонгууль болсон эсэхэд ч эргэлзээ үүсэхээр байгаа юм. Хэдийгээр сонгуулийн тогтолцооноос хамааран сурталчилгааны хугацаа л гэхэд 14-20 хоног үргэлжилдэг боловч улстөрчид сурталчилгаагаа хамгийн багадаа 1-6 сарын өмнө уртдаа нэг жилийн өмнөөс эхлүүлдэгээс хамааран зах зээл дэх бэлэн мөнгөний гаралт ч нэмэгдэх зүй тогтол бий болж байгаа нь үнэн.
-2018 оноос хойш арилжааны банкуудаар дамжуулан 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БЭЛЭН МӨНГИЙГ зах зээлд НИЙЛҮҮЛЖЭЭ-
2018 оноос хойш зах зээл дэх суурь мөнгөний эргэлт дээр НЭМЖ 1.4 их наяд төгрөгийн бэлэн мөнгө нийлүүлэгдэж, арилжааны банкуудаар дамжин гарчээ. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх суурь бэлэн мөнгө гэж бий. Энэ нь тогтмол дүн гэсэн үг. Харин эл суурь мөнгөн дүн дээр нэмж орж ирж байгаа мөнгөн дүн нь ямар зориулалтаар орж ирж байгаа вэ гэдгийг л бүх эргэлзээтэй асуултын хариулт болох учиртай.
Дээрх графикаас харахад, сүүлийн 7 жилээс 2021,2021, 2023, 2024 онууд хамгийн өндөр дүнгээр буюу 300 давсан тэрбум төгрөг зах зээлд нэмж нийлүүлэгдсэн байгаа юм. Сайн ажиглавал, эдгээр нь бүгд сонгуультай ойр болоод сонгууль болох жил болохыг харж болохоор байна.
-Нэг жилийн хугацаанд зах зээлд нийлүүлэгдсэн бэлэн мөнгөний 88-94 хувь нь зөвхөн СОНГУУЛИЙН САРУУДАД гүйлгээнд гарчээ-
Өмнө дурдсанчлан сонгуультай жилүүдэд зах зээлд нэмж нийлүүлэгдэж буй бэлэн мөнгөний хэмжээ 300 тэрбум давж байна. Харин тэрхүү мөнгөн дүнгийн 88-94 хувь нь зөвхөн сонгуулийн сарууд буюу 1-6 дугаар саруудад гарч байгаа нь сонгуультай шууд утгаараа холбогдож буй юм.
Доорх графикаас жишээ татахад, өнгөрөгч 2024 он бол УИХ-ын сонгуультай жил байсан. Тухайн жилд зах зээлд 302 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө нэмж нийлүүлэгджээ. Үүний 94.05 хувь буюу 284 тэрбум төгрөг нь 1-6 дугаар сар буюу сонгуулийн саруудад гарсан байх бөгөөд үлдсэн 6 сард нь 17 тэрбум төгрөг нь бэлэн мөнгөөр гарчээ. Хэрэв энэ нь үнэхээр сонгуульд зориулсан мөнгө биш байсан бол сард дунджаар 12-13 тэрбум төгрөгийн л бэлэн мөнгө нийлүүлэгдэх ёстой буюу ямар нэгэн хардлага үүсгэхүйц зүй тогтол харагдахааргүй байлаа.
-Ө.ШИЖИР: Аливаа сонгууль хэт их мөнгөнөөс хамааралтай болчихсон байгаа учраас хуулиараа улс төрийн намуудын санхүүжилт, хандивыг ИЛ ТОД БОЛГОХ ёстой-
Тэгвэл сонгуулийн жилд зах зээлд арилжааны банкуудаар нэмж нийлүүлэгдэж байгаа бэлэн мөнгөтэй холбоотой эл судалгааны талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах байр суурийг нь сонслоо. Түүний хувьд шударга сонгууль гэж ярихын тулд улс төрийн намын санхүүжилт болоод Монгол Улсын Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 48.1.1 буюу мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх зэрэг хууль бус сурталчилгааг хориглох тухай заалт хэрэгжиж байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстойг хэлж байлаа
Тэрбээр "Бид Сонгуулийн тухай хуулийг заавал ярих ёстой. Тус хуулийн 48.1.1-т сонгуулийн жилд хууль бус сурталчилгааг хориглох тухай заасан заалт хүчинтэй хэвээр байгаа. Гэтэл сүүлийн хоёр удаагийн сонгуультай холбоотой бэлэн мөнгөний гаралтад судалгаа хийж үзлээ.
2019 онд 156 тэрбум төгрөг арилжааны банкуудаар нэмж бэлэн мөнгө хэлбэрээр гүйлгээнд гарсан бол сонгуулийн жил буюу 2020 онд 268 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Эл 268 тэрбум төгрөгийн 88.9 хувь нь зөвхөн сонгуулийн буюу эхний 1-6 дугаар саруудад гарсан. Үлдсэн 11 хувь нь үлдсэн 6 сард гарсан. Хэрэв тэгш гаралттай байсан бол дунджаар 20-30 тэрбум төгрөг л гарах байсан байх. Мөн сонгуулийн жилтэй холбоотойгоор улсын төсөв 20-25 хувиар байнга тэлж байдаг. Энэ нь бараг зүй тогтол болчихсон.
Гэтэл 2024 онд 302 тэрбум төгрөг бэлэн мөнгө хэлбэрээр арилжааны банкуудаас гарсан бол үүний 286 тэрбум нь эхний 6 сар буюу сонгуулийн саруудад гарсан. Өөрөөр хэлбэл, аливаа сонгууль хэт их мөнгөнөөс хамааралтай болчихсон байгааг энэхүү тоон баримт илтгэж буй юм. Энд гадаад валют огт дурдагдаагүй гэдгийг санах нь зүй. Зөвхөн үндэсний мөнгөн дэвсгэртээр гарсан мөнгө юм.
Гэтэл 2020 он буюу сонгуулийн жилийн эхний зургаан сард гарсан нийт мөнгөн тэмдэгт өөрөө тухайн жилийнхээ бэлэн гарсан мөнгөний 88.9 хувийг эзэлж байна гэдэг нь сонгуульд зориулсан мөнгө гэдгийг илтгэж байгаа юм. 2024 онд 302 тэрбум төгрөг нэмж гарсны 288 тэрбум нь зөвхөн сонгуулийн саруудад гарсан нь ч сонгуульд зориулсан мөнгө. Тиймээс бид Сонгуулийн тухай хуулийн 48.1.1 буюу одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа бэлэн мөнгө тараах, эд зүйл тараах, арга хэмжээ зохион байгуулах, гадаад дотоодод аялуулах, урлагийн наадам түүнийг ивээн тэтгэх гэсэн энэ заалтыг давхар ярих ёстой.
Би дахиад хэлье. Бид улс төрийн намын санхүүжилтийг ил болгох ёстой. Сонгуулийн хандивыг ч ил тод болгох ёстой. Улс төрийн намууд санхүүжилт авах эрхтэй ч компаниудаас хандив авч байгаа нь логикийн хувьд зарчимгүй зүйл. Хувь хүн тухайн нам, нэр дэвшигчид хандив өгч болно. Энэ бол тухайн хүний үзэл бодол дээрээ үндэслэн хийж буй үйлдэл. Харин компани ашиг олж, бизнесийн орлого олдгоос биш хувь хүний үзэл бодлыг илэрхийлэхгүй. Тиймээс бид цаашид улс төрийн намын санхүүжилт болон Сонгуулийн тухай хуулиараа бэлэн мөнгөний гаралт дээр тодорхой хэмжээний заалтуудыг нэмж тусгах шаардлагатай. Тэгж байж бид шударга сонгууль, тэгш эрх ярина, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх байдал руу орно. Тэгэхгүй бол маш их мөнгө сонгуульд гарч байна гэж ярьдаг. Тэгэлгүй яах юм бэ. 302 тэрбум төгрөгийн чинь 288 тэрбум нь л сонгуулийн саруудад гарчихсан байна шүү дээ. Ийм байхад бид яаж шударга сонгууль болсон гэж үзэх юм бэ" гэв.
-2024: Сонгуулийн дараах саруудад ИНЦЛЯЦ ӨССӨӨР жилийн эцэст 9 хувьд хүрсэн-
Тэгвэл бид сонгуультай жилүүдэд ялангуяа бэлэн мөнгө ихээр "эргэлдсэн"-ий дараагаар нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд ямар өөрчлөлт гарахыг сонирхлоо.
Дээрх графикаас харахад, их хэмжээний бэлэн мөнгө нь инфляцад шууд нөлөөллийг бий болгоно. Тухайлбал, 2020 онд зах зээлд нэмж нийлүүлэгдсэн бэлэн мөнгөний 88.89 хувь нь эхний 1-6 дугаар саруудад гүйлгээнд гарсан. Тэгвэл 2020 оны зургаадугаар сард инфляц 2.8 хувьтай байсан бол дараагийн сард буюу долоодугаар сард 3.4 болж өссөн байгаа юм.
Харин 2024 онд зах зээлд нэмж нийлүүлэгдсэн бэлэн мөнгөний 94 хувь нь 1-6 дугаар саруудад гарсан. Харин тус оны зургаадугаар сард 5.1 хувьтай байсан инфляц долоодугаар сард 5.5 болж нэмэгдсэн. Улмаар инфляцад буурсан үзүүлэлт байхгүй байсаар оны эцэст 9 хувьд хүрчээ.
-2024 оны сонгуулийн дараа ТАЛХ, МАХНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ-
Зах зээлд их хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэгдэх сурагаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тэгвэл сонгуулийн жилд иргэдийн хамгийн түгээмэл худалдан авдаг хоёр бүтээгдэхүүний /атар талх, хонины цул мах/ үнэд ямар өөрчлөлтийг бий болсон байгааг дараах графикаар харъя.
Дээрх графикаас харахад, сонгуулийн жилд өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ нэмж, буурсан ялгаатай байдал харагдаж байгаа юм. Гэхдээ 2024 оны үзүүлэлтийг харахад, сонгуулийн дараах саруудад атар талх болоод махны үнэ огт буураагүй байгааг харж болохоор байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!