Д.Болорсүрэн: Сонгуулиар Ц.Нямдоржийн эсрэг нэр дэвшиж байгаа гээд Х.Баттулга аавд маань 150 сая төгрөг өгсөн

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
37 минут 54 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн зочноор Төгрөг нуурын ордын лиценз эзэмшигч Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн оролцлоо. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн үед болоод буй асуудлаар таны байр суурийг сонсох гэж урилаа. Та ч өөрөө олон нийтэд хандаж, мэдээлэл хийлээ. Ер нь энэ асуудал хэзээ эхэлж, нөхцөл байдал хэрхэн өрнөв?

-Төгрөг нуурын ордын тусгай зөвшөөрөл Чилхаагийн Тэгшсайхан гэдэг хүний эзэмшилд 100 хувь байсан юм билээ. 2005 онд манай аавд хандаад “Дүгэржав аа! Төгрөг нуурын орд дээр хэдүүлээ утаагүй түлшний үйлдвэр барья. Монгол Улсыг утаагүй болгоё. Энд оролцооч ээ” гэсэн юм билээ. “Тусгай зөвшөөрлийн 100 хувь эзэмшил надад байна. Чамд 20 хувийг нь өгье. Хүрэн нүүрс шатааж, утаагүй түлш гаргах төслийг хамтдаа хэрэгжүүлье” гээд нэг ёсондоо аавд санал тавьсан юм. Манай аавын “толгой-г үнэлж, 20 хувийг нь өгье гэсэн үг.

Ингээд Тэгшсайхан гэж хүнтэй гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийхдээ манай аавд 20 хувийг, өөртөө 20 хувийг, үлдсэн 60 хувьд нь хөрөнгө оруулалт татахаар тохиролцсон. Тэр үед CAMEX компани гарч ирсэн юм болов уу даа. Энэ компани хөрөнгө оруулагчаар орж ирээд, 2008 онд утаагүй түлшний үйлдвэр байгуулж, тухайн үед “Ноён BT” гэсэн утаагүй түлш гаргасан. Манай аавын компанийнхан нийслэлийн тендерт оролцож, тухайн үедээ нэг тэрбумын төсөлд шалгарч, утаагүй түлшний туршилтын үйлдвэрийг Төв аймгийн Баян суманд байгуулсан. 2012 он гэхэд Улаанбаатар хотыг утаагүй болгоё гэсэн төсөл байсан.

Одоо Улаанбаатар хотод түлж байгаа утаагүй түлшийг хийх л санаачилга байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Эрдэмтэд хэдэн алхмын урд явдаг шүү дээ. Тэрний нэгэн адил л хийж эхэлсэн. Утаагүй түлш үйлдвэрлэхэд зориулж, 2009 онд улсын төсөвт 17 тэрбум төгрөг суулгасан байдаг юм. Зүгээр нэг төсөвт мөнгө суулгая гээд суулгачихдаггүй. Аавын компани төсөл бичиж, шалгарсан ч энэ мөнгө хоёрдугаар цахилгаан станц руу очоод замхарсан юм. Уг нь энэ төсөл амжилттай хэрэгжсэн бол өнөөдрийн энэ утааны асуудал байхгүй л байсан болов уу.

Хоёрдугаар цахилгаан станц руу яваад замхарсан 17 тэрбум төгрөг нь утаагүй түлшний үйлдвэрийг тус станцад барина гэж татаж аваад, юу юу ч үгүй болсон төсөл мөн үү?

-Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа “Camex” компаниас татаад, үйлдвэрлэлээ эхэлж байтал улс “Бид ч гэсэн энийг чадна” гээд 17 тэрбум төгрөгийг хоёрдугаар цахилгаан станц уруу татчихсан. Тэгээд тэр мөнгө замхарсан. Хоёулаа бараг 17-20 жилийн өмнөх юм ярьж байна л даа.

Ер нь энэ ордын эзэмшлийг аав минь тархи толгойгоо үнэлж авснаас биш геологич эсвэл эрх мэдэлд ойр байснаараа авсан юм биш. 2008 онд Төгрөг нуурын ордын туршилтын үйлдвэрийг ашиглалтад оруулах үеийн зураг энэ байна. Тухайн үеийн Засгийн газрын гишүүн Х.Баттулга, Л.Гансүх нар байгаа.

Одоо хоёулаа үндсэн асуудал уруу оръё. Хөрөнгө оруулалт хэрэгтэй болсныг хоёр тал буюу танай аав Дүгэржав, Тэгшсайхан нар хүлээн зөвшөөрсөн байна. Энэ хөрөнгө оруулалтаа хаанаас татсан юм. “Camex” гэж компани яг ганцаараа орж ирсэн үү, эсвэл өөр сонголт байсан уу ?

Яг тэр дундын процессыг би сайн мэдэхгүй ш дээ. Бид утаагүй түлшний үйлдвэр барья гээд хайгаад л хамтарсан. CАМЕX хөрөнгө оруулалтаа хийж, ажилчдын цалингаа тавиад, харин бид нүүрсээ угааж, төслөө үргэлжлүүлж байсан. Харин дараа нь Тэгшсайхан гуай CAMEX компанид 20 хувиа зарж, тэдний эзэмшил 80 хувь болчихсон байсан. Манай аав бол 20 хувиа зараагүй ээ. Өөрийн хувиа хадгалаад, гүйцэтгэх захирлаа хийгээд л явж байсан. 2009 онд манай аавд 20 хувь нь байсан.

Та яг нарийн ширийн асуудлыг мэдэхгүй, арын албанд зүтгэж байсан гэлээ. Тэгшсайхан гуай өөрийн хувиа ямар нөхцөл, шаардлагаар зарсан юм бол? Танайд санал болголгүй шууд CAMEX компанид зарсан юм уу ?

-Гэхдээ CAMEX компанид зарсан гэж хэлэхэд яг хэцүү. Би нэг бичиг үзүүлье. 2008 оны юм ярих гэж байна. 2008 онд УИХ-ын ээлжит сонгууль болсон. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга аавыг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа гээд 150 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг би ээжтэйгээ очиж авсан юм. Энэ манай ээжийн гарын үсэг байна. Тэгээд яг хүлээж авахад, 140 сая төгрөг байсан. Сонгуульд оролцож ялагдаж ирчхээд, бид үйлдвэрийн ажлаа хийж л байгаа шүү дээ.

2008 оны 8 дугаар сарын 31-нд манай аав цагаан шорт, шар пудволктой гарсан. Тэгээд 30-40 минут болсон бил үү яалаа, орж ирсэн. Орж ирэхдээ аав маань зүрх нь салгалчихсан, хар бараан царайтай болчихсон орж ирээд “Болор оо, аавдаа 50 грамм хийгээд өг дөө” гэж хэлсэн. Тэгсэн “150 сая төгрөгөө маргаашийн дотор өг. Эсвэл 20 хувиа өг” гэсэн байсан. Аав өгөхгүй л гэсэн юм байна лээ. “Тэгвэл одоо та нараас хүүгийн хүү, алданги тооцоод, нэлээн их мөнгө авна шүү” гэсэн байсан. “Шүүхдээд аваарай” гээд аав мөнгийг нь өгөөгүй юм билээ.

Аав маань тэр цагаас хойш их дарамттай байсан. Тэгээд тэд нар нэг арга бодож олсон байгаа юм. Би тэгж харддаг юм. ”Чингис хаан” банк Сүхбаатар дүүргийн шүүхэд 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Аав, ээжийн минь амьдарч байсан, одоо бидний амьдарч байгаа нэгдүгээр 40 мянгатын 3 өрөө байдаг юм. Тэр байрыг, мөн ордын 20 хувийг нэхэмжилсэн. Гэнэт л “Шороон орд майнинг” гэж компанитай аавыг хутгасан. Тэр компани нь “Чингис хаан” банкнаас 150 мянган доллар зээлж авсан юм шиг байгаа юм. Энэ мөнгөө Дүгэржав өгөөгүй гээд “Чингис хаан” банкнаас нэхэмжлэл гаргасан.

Таны аав энэ компанитай ямар холбоотой юм бэ ?

-Аав энэ компанитай ямар ч холбоогүй. Болгарын Элчин сайдын яамны цаадах барилгыг зарахын тулд болгар хэлтэй хүн хэрэг болсон. Аав Болгар улсад Уул уурхай, геологийн их сургууль төгссөн шүү дээ. Аавыг орчуулагч хийгээч гэсэн юм шиг байгаа юм.

За түр байж байгаарай. Ахин нэг зүйл тодруулъя. Энэ ойлголцлын бичигт “150 сая төгрөгийг Х.Баттулгад Дүгэржав хүсэлт гаргасны дагуу харилцан ойлголцсон учир гурван сарын дараа эргэн төлөхөөр тохиролцов” гээд хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг, хүлээн авсан Дүгэржав гээд хүний гарын үсэг байна.

-Энэ бол аавын гарын үсэг биш. Ээжийн гарын үсэг. Нанзадын Баяртай гээд миний ээжийн гарын үсэг юм. Ээж очиж авсан.

-Энэ мөнгийг та тайлбарлахдаа сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбоотойгоор ав гэсэн хэлсэн гэлээ. Мөнгийг та бас ээжтэйгээ хамт очиж авсан байна. Энэ мөнгийг аваад юунд зарцуулсан юм бэ. Сонгуульд зарцуулсан уу ?

Аав маань 2008 онд УИХ-ын сонгуульд өрсөлдсөн шүү дээ. Энэ мөнгийг юунд зарцуулсан тайлангаа СЕХ-нд өгсөн. Тэр үед томсгосон тойргоор сонгууль болсон. Тойрогт ажиллах, ухуулагч, хэвлэл мэдээлэл гэх мэт зүйлд зарцуулсан. Тэгээд бид ялагдчихаад ирсэн.

Энэ мөнгийг өгөөч гэж танай аав яг хүсэлт тавьсан юм уу ?

-Үгүй ээ, тавиагүй. Аав 2000 онд Авдай гуайтай өрсөлдөөд, ялагдчихсан. 2004 онд Нямдорж гуайтай аймгийн төвд өрсөлдөөд ялагдчихсан. Увс бол улаан тойрог шүү дээ. Манай аав Ардчилсан намын Үндэсний зөвлөлийн гишүүн байсан. Ардчилсан намаас та дэвш л гэдэг байсан юм шиг байгаа юм. 2008 онд аав “Би энэ удаа дэвшихгүй ээ. Төгрөг нуурын ордыг түшиглээд, утаагүй түлшний үйлдвэр байгуулж байгаа” гэсэн юм билээ. Гэсэн ч намаас нь яах аргагүй л аавыг Увс аймагт дэвшүүлчихсэн. “Надад мөнгө төгрөг байхгүй ээ” гэтэл Баттулга “Надаас ирээд ав” гэсэн. Тэрнээс мөнгө авъя гэж ямар нэгэн хүсэлт гаргасан зүйл огт үгүй. Бид сонгуулийн хандив маягаар өгч байна гэж ойлгосон ч гурван сарын хугацаа байсан. Ээж аав руу залгаад “Нэгд, энэ чинь 140 сая байна. Хоёрт, гурван сарын хугацаатай юм байна” гэтэл аав “Зүгээр л авчих” гэсэн.

Тэгээд гурван сарын дараа та бүхэн 20 хувиа алдах хэмжээнд хүрсэн гэж тайлбарлах гээд байна уу?

2008 оны 5 дугаар сарын 27-нд мөнгө авсан. 8 дугаар сарын 31-нд “Мөнгөө өгөө” гэсэн. Тэгээд “Яг маргаашийн дотор өг” гэхээр хэнд мөнгө байх вэ дээ. Сонгуульд ялагдчихсан байдаг. “За, тэгвэл 20 хувиа өг” гэхэд аав “Чадахгүй” гээд гараад ирсэн байсан.

Энэ хүн ерөөсөө 20 хувиа өгөхгүй юм байна гээд “Чингис хаан” банкнаас 2 сарын дараа 20 хувийг нь гурван өрөө байртай нь авъя гээд нэхэмжлэл ирсэн. Шүүхээс бичиг ирсний дараа Сүхбаатар дүүргийн шүүхээс аавыг дуудна биз дээ. Аав өмгөөлөгчтэйгөө очсон. Тэгээд бид шүүхэдсэн. Гурван шатны шүүхээр явсан. 2009 оны 7 дугаар сарын 7-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 381-р тогтоолыг би энд аваад ирсэн. Дээд шүүхийн энэ тогтоол дээр “Дүгэржав гэж хүн “Шороон орд майнинг” компанитай ямар ч холбоогүй юм байна. 20 хувь өгөх ямар ч үндэслэл алга” гэсэн шийдвэр гараад, хэрэгсэхгүй болсон. Та энийг харж болно. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “Чингис хаан” банк 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр УБЕГ-т бичиг өгсөн байдаг. Дүгэржавын гурван өрөө байр, Төгрөг нуур ордын 20 хувийг нэхэмжлээд, битүүмжилсэн боловч шүүхийн шийдвэр гарсан тул битүүмжийг нь гаргаж өгнө үү гэсэн албан бичиг өгсөн. Гэтэл “CAMEX” компани Дүгэржавын мөнгө гээд 25 мянган долларыг “Голомт” банкнаас “Чингис хаан” банк руу шилжүүлчихсэн байдаг юм. Хамгийн сүүлийн шилжүүлгийг 2010 оны 3 дугаар 30-нд хийсэн байна. Ийм л зүйл болсон. Гадуур болохоор Дүгэржав Төгрөг нуур ордын 20 хувийг 1.3 сая доллароор зарсан гэх мэдээлэл гараад байна. Бид бол ямар ч мөнгө аваагүй.

1.3 сая доллароор “Төгрөг нуур энержи” гэдэг компани дээр байсан ордыг “Camex” компанид өгсөн гэх мэдээлэл анх гарсан л даа. Тэр хувьцаа худалдсан ч юм уу, тэдний хооронд ярьсан мөнгөн дүнг та ер нь мэдэх үү ?

150 сая төгрөгийг сонгуулиар авсан гээд би танд хэллээ шүү дээ. Миний аав утаагүй түлш л гэж явсан болохоос энэ төслөөс хувьдаа 1.3 сая доллар байтугай 1000 төгрөг ч аваагүй.

-Манай аав маш их дарамтад орсон, бид ч бас айдастай байсан-

-“Чингис хаан” гэдэг банк яагаад гарч ирээд, энэ банк руу яагаад мөнгө шилжих болов ?

-Би одоо энийг сайн ойлгодоггүй юм. Яагаад ч “Чингис хаан” банк манай аавд 20 хувь байгааг мэдчихдэг юм. Гурван шатны шүүх яасан ч хурдан шийдвэр гаргачихдаг юм. Би яг нарийн процедурыг мэдэхгүй байна. Би ааваасаа асуусан. 2009 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая доллароор IPO зарлалаа. 10 хувьд нь 25 сая долларын бэлэн мөнгө өглөө гээд байсан шүү дээ. Тэгэхэд “Энэ чинь юу болчхов оо? Яагаад орд зарагдчихав аа” гэдэг асуудал үүссэн. Тэгээд л манай аав энэ төслөөс гарсан даа.

250 сая доллароор Төгрөг нуурын орд гадаадын хөрөнгийн бирж дээр зарагдчихлаа. Ямар ч зөвшөөрөлгүй, ямар ч оролцоогүйгээр зарагдчихсан юм уу? Мөн 20 хувьд ногдох мөнгийг та бүгд авсан уу?

-Аваагүй. Манай аав бол их эх оронч хүн. “Яагаад ч 20 хувиа зарахгүй” гээд байсан нь ойлгомжтой. Хэрвээ 20 хувиа өгсөн бол гадаадын бирж дээр зарна гэдгийг нь мэдэж байсан байх. Эх орныхоо газар нутгийг харийнханд зарахын эсрэг байсан. Маш их дарамтад орсон. Бид ч бас айдастай байсан. Аав олон жилийн турш олон эрдэмтэн судлаач нартай нийлж, нүүрс нэрж, утаагүй түлш гаргах ажлыг судалсан. Энэ бүх хөдөлмөр нь нурсанд миний аав маш их сэтгэлээр унасан.

Таны өмнөх болон одоо ярьж буй ярианд их дарамтад байсан гэж олон удаа хэллээ. Дарамтад байсан гэж ярих нэг өөр. Яг тодорхой ямар баримт байна вэ. Тухайн үед таны аав та бүхэнд ярьж байсан, хуваалцаж байсан зүйл бий юу ?

Би нэг удаа дарамтад орсныг нь чамд хэллээ шүү дээ. Яг 8 дугаар сарын 31-нд их уурлаж бухимдсан ирсэн байхгүй юу. Ер нь тэгээд аав маань эрдэмтэн хүн байсан учраас сэтгэл хөдлөлөө тэр бүр гаргаад байхгүй л дээ. Тэгэхдээ л уурлаж бухимддаг байсан.

Хожмоо 2009 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр зарагдсаныг нь бид саитаас үзчхэж байгаа байхгүй юу. Тэгээд л процессыг нь ойлгосон. Аав маань удалгүй дараагийн төслөө эхэлж, Антарктид тив рүү явсан даа. Гэхдээ бид зогсоогүй. Бид өмгөөлөгчийнхөө нүдэн дээр хамаг хөрөнгөө CAMEX-д алдчихлаа шүү дээ. Манай өмгөөлөгч Энхтуяа байнга л CAMEX руу албан бичиг явуулж байсан. “Та нар ядаж энэ хүмүүст олон жилийн хөдөлмөрийг нь бодоод “Чингис хаан” банканд өгсөн 178 мянган долларыг нь өгөөч ээ” гэсэн. Ямар ч хариу өгдөггүй байсан. Тэгээд удалгүй хамтарсан Засгийн газрын үед аав маань Болгар руу Элчин сайдаар томилогдоод явсан.

CAMEX руу хүсэлт гаргаад, танай өмгөөлөгч явсан юм байна. Энэ компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлууд их олон солигдсон юм байна лээ. Ер нь яг эхэлж байсан Я.Батсүх гэдэг хүнтэй холбогдож байсан уу ?

-Аав 20 хувь, Тэгшсайхан гэж хүн 20 хувь, CAMEX компани 60 хувь эзэмшиж байгаад, Тэгшсайхан гэж хүн 20 хувиа тус компанид зарчихсан. Яг ааваас 20 хувь авах гэж байсан шиг юм болсон уу гэдгийг би мэдэхгүй. Тэгж авсаар байгаад 100 хувь болгоод л IPO гаргачихсан юм билээ.

Та бол нарийн ширийнийг мэдэхгүй л гэж байна. Гэхдээ энэ бол бага мөнгө биш шүү дээ.

Одоо ч гэсэн бага мөнгө биш шүү дээ. Ийм их мөнгө, ийм их ажлыг, оюуны бүтээлийг, хийсэн ажлыг, цаг хугацааг, эзэмшлийн хувийг нь үнэгүйдүүлээд л авчихсан. Бид бол маш гомдолтой байдаг. Би АТГ дээр яах гэж очсон бэ гэхээр бид энд утаагүй түлшний үйлдвэр барих гэж байсан шүү. Манай аав ямар нэгэн байдлаар эрх мэдлээ урвуулж, 20 хувийг аваагүй шүү. Охин нь гэнэт гарч ирээд асуудал үүсгэж байна гэнэ. Гэнэт гарч ирсэн ч юм биш. Би Ардчилсан намын Үндэсний зөвлөлд байдаг. Өмнө нь ч олон асуудлаар шүгэл үлээж байсан. Өнөөдөр гэнэт хохирогчийн дүрээр гарч ирсэн юм биш.

Төгрөг нуурын ордын тухай би өмнө нь бас сонсож байсан юм. Хоёулаа яриагаа цэгцтэй болгох үүднээс CAMEX гэдэг компанийн талаар тодруулъя. Та тэр компанийн тухай хэр мэдэх вэ? Захирлынх тухай мэдэх үү?

-СAMEX гээд компани 60 хувийн хөрөнгө оруулсан гээд байгаа шүү дээ.

-Сүүлдээ 80 хувь болчихсон.

-Бараг 100 хувь ч болчих шиг боллоо. Тэнд маш олон инженер ажиллана. Тогоочоос эхлээд л бүхий ажилтнууд оролцоно шүү дээ, үйлдвэрлэл явуулж байгаа учраас. Тэр хүмүүсийн цалин, хангамж гээд үүснэ. Хөрөнгө оруулалтдаа бодоод л өгдөг. Тухайн үед CAMEX-ын захирал Денис гэж хүн байсан. Гэхдээ одоо бол Денис гэдэг хүн нас барсан юм билээ. 2017-2018 оны үед юм шиг байна лээ. Нас барсан тухай нь сүүлд сонссон. Тухайн үед ТУЗ-ийн дарга Я.Батсүх гэж хүн байсан. Бас нас барсан. Манай аав бас нас барсан. Аав маань Увс аймгийн Тэс сумын хүн. Маш чийрэг биетэй. Ажлаа хийсээр байгаад л нас барсан. 7 удаа Антарктид явсан. Эрүүл чийрэг хүн байсан.

-Аав маань эрүүл чийрэг байсан ч гэнэт л шалтгаангүй өвдчихсөн-

-Уучлаарай, аавын тань нас барсан шалтгаан юу вэ?

-2022 оны 2-р сарын 23-нд Орос, Украины дайн гардаг өдөр нас барсан. Өмнөх өдрүүдэд нь хүмүүс хөдөө дуудаад л юм хум хийлгээд л байсан. Эрүүл чийрэг байсан хүн гэнэт л шалтгаангүй өвдчихсөн. Тэгсэн ч гэсэн ажлаа хийгээд л байсан. Тэр дунд дахиад Антарктид явсан. Эрдэмтэн хүмүүс чинь тэтгэвэртээ бүрэн гардаггүй юм байна. 75 нас хүрчхээд 40 хувийн багш хийгээд ажилладаг. Манай аав тэтгэвэртээ гарсан ч гэсэн Антарктидын нийгэмлэгээ хариуцаад л явж байсан.

-Танд ер нь хардлага байдаг уу? Нас барахаасаа өмнө ер нь яг ямар оноштой өвчнөөр өвдсөн бэ?

-Би аавтайгаа ойр байсан. Хэвлэлээр юм хум ярихаар бол би бичиг цаасыг нь бэлтгэж өгдөг, бүхий ажилд нь оролцдог дэмждэг байсан охиных нь хувиар. Ерөнхийдөө бол хийхийг зорьж байсан утаагүй түлшнийх нь үйлдвэрийг булаагаад авчихсан, эх оронч хүний газар нутгийг нь гадагшаа зараад явчихсанд нь манай аав бусдад юу гэж хэлэх юм? Хүүхдүүддээ юу гэж хэлэх юм гээд их эмзэглэсэн. Их шаналдаг байсан байх.

Шүүхэд энэ 20 хувь эзэмшдэг асуудлаараа яагаад хандалгүй орхисон юм бол? Та бүхэн өмнө нь шүүхдээд ялсан байна. 20 хувиа яагаад орхив? Үндсэн шалтгаан нь юу байсан юм бол?

-Бид бичиг өгөөд л яваад байсан юм. Тэр хооронд аав Антрактид яваад. 2013 оны 1-р сард манай аавыг Элчин сайд болгохоор болсон шүү дээ, төрд хамтарсан гээд. Элчин сайдаар явсан. Ядаж “Чингис хаан” банканд өгчихсөн тэр 178 мянган доллароо өгчих байх гэж горьдсон байх. Эцсийн мөч хүртэл юу ч өгөөгүй.

Уржигдар би АТГ-ын гадаа мэдээлэл хийчхээд, өчигдөр ахин АТГ дээр очиж, зарим нэг баримт нэмж өглөө. Бид одоо шүүхэдье гэхээр хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан юм биш үү. Уг нь огт үйлдэл хийгээгүй биш, хийгээд л байсан. “Чингис хаан”-тай бол шүүхэдсэн шүү дээ.

Та бүхний талд гарч болох байсан зүйл дээр яагаад шүүхдээгүй юм болоо гэж?

-Харин тийм ээ.

-Харилцан тохиролцсон яриа хэлцэл байсан юм болов уу?

-Яриа хэлцэл энэ тэр байхгүй байх аа. Аав тэгээд Антарктид гээд явчихдаг байлаа шүү дээ.

Яг энэ ордтой Х.Баттулга гэдэг хүн холбоотой юу. CAMEX гэдэг компанитай Х.Баттулга гэдэг хүн холбоотой юу. Хамтрал нь Х.Баттулга, Дүгэржав гэдэг хүмүүс байв уу эсвэл өөр хүмүүс байв уу?

-Би үүнийг өчигдөр л мэдлээ. 4-р сарын 1-нд над руу Х.Баттулгын хуульч Д.Пүрэвбаатар гэдэг хүн залгасан. Тэгээд над руу зураг явуулаад “Энэ ээжийн чинь гарын үсэг мөн үү?” гэж асуусан. “Би яасан ч нөхрийнхөө ар гэрт муу юм хийхгүй. Энэ туйлын үнэн” гээд бичихээр нь би болгоомжилсон. Муу юм хийхгүй гэдэг үг өөрөө аймаар санагдаад.

Миний энэ утас одоо битүү улайчихсан байгаа биз дээ. Аваагүй дуудлагуудаар дүүрчихсэн. Танихгүй, мэдэхгүй дугаараас залгаад “Дүгэржав уу?” гээд л. “Аав маань байхгүй ээ. Нас барсан” гэж хэлнэ. Тэгээд л “Төгрөг нуурын орд танайх уу” гээд л янз бүрийн дугаараас асуугаад л. Сүүлдээ би айж эхэлсэн байхгүй юу. Ордын асуудал яригдахаа болиод, зөндөө удчихсан. Аав маань нас бараад, 3 жил болчихсон. Асуудлыг бараг мартаж, тайвшрах дээрээ тулчихсан байхад, энд тэндээс залгахаар айсан. Магадгүй энэ баримтуудаа хадгалж яваад, надад муу юм болох вий гэж айсан. Би чинь ээж хүн. Ээжтэй, ах дүүтэй, гэр бүлтэй хүн учраас айсан. Тэгээд мэдээлэл хийе гэж шийдсэн. Манай байгууллагын 35 жилийн ой боллоо шүү дээ. Хүмүүс зарим нь тоглоом шоглоом болгож хэлж байна. “Чи чинь 1,3 сая доллартой баян хүн байна шүү дээ” гээд л. Зарим нь болохоор аав нь мөнгө идчихсэн луйварчин юм байна гэж хараад л байх шиг.

Тэгээд л тайлбар хийхгүй бол магадгүй надад муу юм болбол яах билээ гэж бодоод дуугарахаар шийдсэн. АТГ руу өргөдөл бичээд л очсоноос үзүүлэх харуулах материалаа бэлтгээгүй байсан. Харин өчигдөр материал, баримтуудаа аваачиж өгсөн. Над руу янз бүрийн хүмүүс залгаж байна. Утсаа авахаас айж байна.

Асууж тодруулахаар ч хандаж байж магадгүй. Хэвлэл мэдээллийнхэн ч хандаж байж болно. Гэхдээ яг дарамт мэдрүүлэхээр дуудлага ирсэн үү?

-Намайг мэдээлэл хийсний дараа нөгөө өмгөөлөгч миний тухай бичсэн байна лээ. “Энэ авгай нас барсан аавынхаа ясыг өндөлзүүллээ” гээд ажил, албан тушаалыг маань ч биччихсэн байсан. Доор нь “Шуналтай авгай байдаг” гээд биччихсэн хүмүүс ч байна лээ. Сошиал гарч байгаа энэ бүхэн чинь 1 ёсны дарамт шүү дээ. “Айвал бүү хий, хийвэл бүү ай” гэдэг.

Шударга ёс ялах ёстой. Монгол Улсын газрын баялаг эх орондоо байх ёстой. Ард түмэн хүртэх ёстой. Мөн аавын минь мөрөөдөл болсон утаагүй түлшний үйлдвэрлэл явах ёстой. Маш олон сэтгүүлч ярилцлагад урьж байхад ганцхан хүнд өгье гээд энд хүрээд ирсэн. Тэр сэтгүүлчдээс уучлал хүсье.

-Та хуулийн байгууллагад мэдээллээ өгөхдөө “Надад дарамт ирж байна. Намайг хамгаалалтад аваач ээ” гэдэг хүсэлт өгсөн юм байна. Тодорхой хугацаа өнгөрлөө. Хамгаалалтад авах талаар холбогдсон уу?

-Хуулийн байгууллагын журам гэж байдаг юм байна. Би ямар 1 хүний нэр хэлж, АТГ-д хүсэлт гаргаагүй шүү дээ. “Янз бүрийн хүмүүс залгаад байна аа. Та бүхэн хамгаалаач ээ” гэсэн чинь 1 хүн рүү гомдол гаргаад, тэр нь шүүхээр яваад, прокурорт очиж байж, энэ хүнийг хамгаалъя гэдэг юм байна.

Өнөөдрийг хүртэл хамгаалалт аваагүй байна гэсэн үг үү?

-Өнөөдрийг хүртэл хамгаалалт өгөөгүй. Тэнд 1 өмгөөлөгч байснаа эндээс хэдэн материал аваад, манай өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Твиттерт бас хэд гурван хүн хамгаалалтад санаа зовж, жиргэсэн байсан. Хуульч зүйн сайд асан Б.Энхбаяр “Д.Болорсүрэнг гэрч хохирогчийг хамгаалах хамгаалалтад аваач ээ” гэсэн байсан. Дундговь аймгийн засаг дарга Мөнхчулуун бас энэ талаар бичсэн байна лээ. Би өөрөө твиттерт идэвхтэй л дээ.

-Таны өчигдрийн мэдээллийг харахад Денис гэдэг хүн нас барсан байна. ТУЗ-ийн дарга Я.Батсүх нас барсан байна. Танай аав мөн нас баржээ. Энэ хүмүүсийн дунд учир шалтгаан байна уу. Энэ талаар бодож үзэж байв уу?

-Би тийм учраас айж, намайг хамгаалаач ээ гэсэн юм. Миний аав бол 7 удаа Антарктид явж байсан, Увс аймгийн Тэс сумын, эрүүл чийрэг геологич хүн байсан. Энэ давхцал ч байж магадгүй. Би мэдэхгүй шүү дээ.

-Таныг ямар зорилгоор хэлсэн юм бол гээд?

-Би айсан юм. Одоо над руу хүмүүс залгаж бариад байдаг. Би чинь эх хүн. Хүүхдүүдтэй, өндөр настай ээжтэй. Алдах зүйл ихтэй хүн. Алдах юм ихтэй гээд бас чимээгүй суугаад байж болдоггүй. Яагаад Засгийн газрын түвшинд яригдаад эхэлчхэв? Засгийн газраас 507 хуудас баримтыг хуулийн байгууллагад өглөө гэж байна. Үнэн мөн ялах байх. Түүнээс би хэн нэгэн хүнийг хэрэгт холбогдуулах гээд эсвэл хэн нэг хүнээс мөнгө авах гээд байгаа зүйл байхгүй шүү.

Улс төрийн агуулгатай байж магадгүй гэдэг хардлага олон нийтэд байна. Та ер нь Н.Учрал сайдтай уулзсан уу?

-Би Н.Учрал сайдыг харж байсан л даа. Би АН-ын хүн шүү дээ. Огцор могцор гэж шүүмжилж л явсан байх. Сошиал орчинд бол. Харин сая зурагтаар намайг хамгаалалтад аваач гэж хэлэхийг сонссон. Уулзах хүсэлт тавиад уулзаж үзнэ дээ гэж бодож байна. Энд байгаа материал, тэнд байгаа материал юу байна.

Тантай 1 намын гэдэг утгаар нь та Х.Баттулга гишүүнийг мэдэх байх. Хэр зэрэг ойр харилцаа холбоотой хүн бэ?

-Х.Баттулга гэдэг хүнийг би жүдо бөхөөр нь мэднэ. Мундаг хүн л гэж бодож байсан. Анх удаа бол 2005 онд ээжид мөнгө өгөх үеэр нь харсан. Гэхдээ би тэгэхэд гадаа нь хүлээж байсан шүү дээ.

Тэр үед мөнгө авахдаа өөрөөс нь авсан юм уу. Нягтлангаас нь авсан юм уу?

-Нягтлангаас нь авсан, Эрдэнэтуяа гээд. Дараа нь манай намын “Үндэсний бодлогын идэрчүүд” гээд вайбер группийн залуучууд Ерөнхийлөгч байхад нь орж уулзсан. Сүүлд нь “Баянгол” зочид буудалд намын залуусаараа уулзсан. Түүнээс биш ганцаарчилж уулзаж байгаагүй.

2017 он хавьцаа энэ асуудал яригдаж байсан шүү дээ. Тухайн үед яагаад хөөцөлдөөгүй юм бэ?

-Хаячихсан байсан гэх үү дээ. Сая нас барсан аавыг минь мөнгө идсэн барьсан гэхээр нь дуугүй байж тэссэнгүй.

Одоо улс төрд өрнөж байгаа энэ процессыг та юу гэж харж байна? Та дундаас нь л орж ирлээ гэж тайлбарлаж байна.

-Засаг хамтарчихсан байна. Стратегийн 39 ордыг төрд буцаан авах нь зөв гэж харж байгаа. Хуулийн дагуу бүх процесс явагдаасай гэж хүсэж байна. Магадгүй энэ процесс өрнөөд, аавын маань 20 хувь гараад ирж магадгүй шүү дээ. Тэгээд биднээс асуувал манай гэр бүл тэр 20 хувиа улсдаа өгнө гэж бодож байгаа.

Танай аав Төгрөг нуурын ордоос үйлдвэр байгуулаад, хувь авсан гэж байна. Өөр ямар орд газруудтай холбоотой вэ?

-Манай аав Болгарт сургууль төгссөн. Мэргэжил нь бол өрмийн инженер хүн л дээ. Би Хотгоршанагатай холбоотой мэдээллийг өгч байсан. Лиценз нь 100 хувь манай аавын нэр дээр байсан. Өмчлөгч биш эзэмшигчээр. Яагаад гэхээр баруун аймгуудыг тогтой болгоё гэж 2000 оны эхээр ярьж байсан юм. Тухайн үед аав маань баруун аймгуудад энэ уурхайг түшиглээд, эрчим хүчний эх үүсвэр бий болгоё гээд ярьж явсан. 2019 онд нийслэлийн прокурор Нямдорж гэдэг хүнээс “Танай хөөн хэлэлцэх хугацаа дууслаа” гэж хэлсэн. Хуулийн байгууллагаар явахаар ингэж хугацаа хожсоор байгаад хүчингүй болгочихдог юм байна. 2 том уурхайг түшиглээд, хөгжил дэвшил юу байна гэдгийг эрэлхийлж явсан шүү дээ.

Хотгоршанагын уурхайтай холбоотой мэдээллээ тодруулахгүй юу?

-Хотгоршанага дээр солонгосчуудтай нийлээд, мөнгө угаачихсан гээд зөндөө ярьсан. УИХ-ын гишүүн Мөнхбат ярьж байсан. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ч гэсэн ярьж байсан. Сонгуулийн өмнө би бас тэр талаар гаргаж ирж ярьж байсан. Би ер нь дуугүй суудаг хүн биш, яриад л явдаг хүн. Аль нам улс төрийн хүчинтэй холбоотой байх нь хамаагүй.

-Ярилцах цаг дуусаж байна. Миний асууж амжаагүй үлдээсэн зүйл бий юү?

-Би бол Дүгэржавын охин. Миний аав 2 уурхайг түшиглэж, эрчим хүчний хараат байдлаасаа гаръя, утаа униараа арилгая гэж хичээж явсныг одоо 20 гаруй жилийн дараа Б.Чойжилсүрэн сайд ойлгож байх шиг байна. Дараагийнх нь Антарктидын төсөл. Өчигдөр намайг “20 хувиа зараад, мөнгөтэй болоод Антарктидад газар авдаг хэн бэ” гээд биччихсэн байсан. Тэр бол судалгаа хийж байгаа хүмүүсийн өмч. Тэнд газар зардаггүй. Судалгаа хийж байгаа судлаачид гэрээ бариад, энэ манай газар гэж тугаа зоож, судалгаа хийдэг юм. 2015 онд УИХ-аас захирамж гарч, конвенцод орсон.

Би аавыгаа Дэлхийн хүн байсан гэж боддог. Шинжлэх ухааны доктор, эрдэмтэн, профессор, туйл судлаач. 1350 метрт аавын минь нэрээр Дүгэржав пик гээд ноён оргилыг нэрлэсэн байдаг. Би ааваараа бахархдаг. Аавын бүтээж амжаагүй тэр төслүүдийг хэн нэгэн аавын хүү үргэлжлүүлнэ гэж найддаг.

-Төгрөг нуурын уурхайн тухай яригддаг байсан. Хэн ч сөхдөггүй байсан. Одоо өндрийг авчхаад байгаа учраас хар төрөөд байна. Х.Болорсүрэн гэж хүн аль 1 улс төрийн намын тоглоом болоод явж байгаа юм биш биз?

-Би дээрх 2 уурхайтай холбоотойгоор үгээ хэлэх ёстой юм байна гээд АН-д орсон. 1 эмэгтэй гадаа үг хэлээд, хэн тоох юм бэ? Аав минь ҮБХ-ны гишүүн байсан. АН-аас 2 ч удаа УИХ-д нэр дэвшиж байсан. Би аавынхаа намд л орно гэж боддог байсан. Би өөрөө улстөрч хүн. Би өчнөөн олон хүний асуудалд идэвхтэй оролцдог хэр нь өөрийнхөө оролцсон асуудалд дуугүй байж чадаагүй. Би дуугарах ёстой, одоо ч дуугарах ёстой, цаашид ч дуугарах ёстой гэдэг үүднээс дуугарсан. Цаашид ч шударга үнэний төлөө явна гэж бодож байна.

Махны үнэ буурч килограмм нь 22628 төгрөг болжээ
Махны үнэ буурч килограмм нь 22628 төгрөг болжээ
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (28)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!