Монгол Улс цахим үндэстэн болох хөгжлийн зорилт тавьснаар тав дахь онтойгоо золгох гэж байна. Гэвч “Цахим үндэстэн” болох Засгийн газрын гол зорилго биелэх эсэх эргэлзээ дагуулсаар. Хамгийн сүүлд гэхэд 2024 оны арваннэгдүгээр сард "Интермед" эмнэлэг өвчтөнүүдийн хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг алдсан. Тухайн үед төрийн байтугай хувийн байгууллагуудын цахим аюулгүй байдал "тэг" заасан талаар дарга, цэрэггүй ам булаалдан ярьцгааж байв.
Үнэндээ төрийн байгууллагууд IT чиглэлийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд төрийн байгууллагад ажиллах гэхээр цалинг нь голдог. Чадвартай инженерүүд нь гадагшаа гараад явчихдаг нь нууц биш.
Үлдсэн хэд нь хувийн хэвшилд ажиллаж байгааг салбарын судлаачид хэлж байв. Жилд 400-500 инженерээ гадаадын улсууд руу алддаг гэх "гашуун" судалгаа хүртэл байна.
Цахим засаглалын нэгдсэн удирдлага, зохицуулалт хангалтгүй, бодлого, хүний нөөц тогтворгүй гэж дүгнэжээ
Ядаж байтал Цахим засаглалыг хэрэгжүүлж буй институтууд нь давхардал ихтэй. Жишээлбэл,
- ЦХИХХЯ
- Үндэсний дата төв
- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
- “И-Монгол академи” УТҮГ
- Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- Мэдээлэл холбооны сүлжээ ХХК
- Мэдээлэл технологийн үндэсний парк ААТУҮГ
- Монголын цахилгаан холбоо ХК
- Бусад яамд, төрийн байгууллагууд байна.
Тэгвэл Хүний Эрхийн Үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн Хүний эрх ба технологи гэх гуравдугаар бүлэгт "Цахим хөгжлийн салбарын манлайлал сул, удирдах албан тушаалтны өөрчлөлт, чиг үүргийн давхардал зэргээс цахим засаглалын нэгдсэн удирдлага, зохицуулалт хангалтгүй, бодлого, хүний нөөц тогтворгүй" гэж дүгнэжээ. 2022 онд “E-Mongolia” системийн фэйсбүүк хуудас хакерт өртөж байв. Тус системийн үйлчилгээний системийн аюулгүй байдал, ачаалал даах чадвараа сайжруулахад анхаарах шаардлагатай талаар ч ХЭҮК-ын 24 дэх илтгэлд онцолсон байна.
Л.Галбаатар: Иргэдийнхээ мэдээллийг алддаг улс цахим үндэстэн болж чадахгүй
Монгол Улс цахим үндэстэн болохын тулд юун дээр анхаарах ёстой талаар мэдээллийн аюулгүй байдал цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн хуульч, судлаач Л.Галбаатараас лавлахад "Е-Mongolia системийн хувьд төрийн үйлчилгээ заавал фейсбүүк хуудсаар дамжих албагүй. Бусад улс орнууд фейсбүүкээр төрийн үйлчилгээг явуулдаггүй буюу фейсбүүкт итгэхээ больсон. Гэтэл Монголд бүх зүйл нь эсэргээрээ төрийн бүх байгууллагын мэдээлэл нь фейсбүүк хуудсаар дамжиж байна. Ер нь Монголын төр фейсбүүкээс хэт хамааралтай болчихсон. Сонгууль дөхөхөөр төрийн байгууллагууд фейсбүүк компанийн төлөөлөлтэй уулзалт хийх нь ихэсдэг.
Хамгийн чухал нь ажлаа сайн мэддэг чадвартай хүмүүсээр ажлыг нь хийлгэмээр байна. Кибер аюулгүй байдлыг хамгаална гэдэг чинь зүгээр нэг "цүнх баригч"-ийн хийчих ажил биш.
Иргэдийнхээ мэдээллийг алддаг улс цахим үндэстэн болж чадахгүй. Бидэнд мэдлэг, чадвар, хүний нөөц нь алга. Иргэдийн мэдээлэл гадагш алдаад байгаа нь манай төрийн байгууллагууд нийтээрээ цоорхойтой буюу лицензгүй программ ашигладагтай холбоотой. Энэ нь хамгийн их эрсдэл дагуулдаг. Программыг тогтмол сайжруулах ёстой. Сайжруулалт нь зогссон үед тэр сувгаар халдлага орж ирдэг. Тиймээс бидэнд албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй лицензтэй программ ашиглах шаардлага тулгарч байна. Программын лицензиийг сайжруулчихвал олон асуудал шийдэгдэнэ. Кибер аюулгүй байдлыг хамгаалахад эцсийн зогсох цэг гэж байхгүй. Байнга тасралтгүй явагддаг зүйл" гэв.
Төлөвлөгөө: 2022-2026 онд бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдтэй болно
Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2022-2026)-д "Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг дээшлүүлэн, тоон хуваагдлыг бууруулж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн ололт амжилтад тулгуурлан нийгэм эдийн засгийн бүхий л салбарт инновац хийх чадвартай бүтээлч иргэдтэй болно" гэж заасан.
Гэвч бодит байдал дээр орон нутгийн сургууль, зарим айл өрхүүдэд компьютер байхгүй, харин тоног төхөөрөмжтэй айл өрх нь интернэтгүй байх жишээний. Хот болон төвлөрсөн бүс нутгуудад цахим боловсролын хөтөлбөрүүд илүү хөгжсөн бол орон нутагт энэ асуудал нь орхигдсон. Нөгөө талдаа нийт иргэдийн дунд мэдээллийн аюулгүй байдлын ойлголт хангалтгүй байгаа нь өөрөө том эрсдэл.
Тухайлбал, азтан шалгаруулах лайвын доор утас, регистрийн дугаараа бичих жишээний. Ямар мэдээллийг хэнд өгөх, өгч болохгүй вэ гэдгээ иргэд мэдэхгүй байгаа нь ийн харагдаж буй.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!