Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Яриагаа мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж чангаруулсан шийдвэр гаргасан асуудлаар эхлүүлье. Арилжааны банкуудын зээл олголтын босго чангарч, ялангуяа хэрэглээний зээл авахад маш их хүндрэлтэй болсон талаар иргэд хэлж буй. Мөнгөний бодлогын хүүг хатууруулсан шийдвэр хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?
-Инфляцын төсөөлөл болон томоохон бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдаж эдийн засгийн орчин эрэлт талаас нэлээд тэлэхээр байна. Эрэлт хаана хамгийн их ажиглагдаж байна вэ гэхээр иргэн, ААН-ийн зээлд буй юм. Тиймээс үүнд болгоомжтой хандах ёстой гэдэг сигналыг Төв банкны зүгээс өгч байгаа нэг алхам юм. Мөнгөний бодлогын хүүг хатууруулсан байдал жил гаруй хугацаанд үргэлжилж, үр дүнгээ гаргана гэж харж байгаа.
Зээлийн өсөлтийг хамгийн их дээш татаж байгаа нь цалин, тэтгэвэр, хадгаламж барьцаалсан зээлүүд. Давхар зээлтэй иргэдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа. Тухайлбал, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна. Тиймээс өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшнийг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг гаргасан.
Төв банкны гаргасан тооцооллоор өнгөрсөн онд зээлийн өсөлт 35 хувь байсан учраас өнөөгийн эдийн засгийн хэвийн түвшинд хүргэхийн тулд бодлогын хүүг хатууруулсан гэж ойлгож болно.
Нөгөө талаас олон улсад мөн инфляц өсөж байгаа. Жишээ нь АНУ-аас тавьж байгаа тарифтай холбогдуулаад европын орнуудад төдийгүй манай урд хөршид инфляц өсөх хандлагатай байгаа учраас энэ тал бүрийн байдлын харгалзан үзэж сая бодлогын арга хэмжээгээ авсан байгаа.
-Цахилгааны үнийг өндрөөр тогтоосон нь инфляцад том нөлөө үзүүлсэн-
-Цахилгааны үнийг нэмэгдүүлсэн. Ирэх тавдугаар сараас эхлээд дулааны үнийг 85 хувиар нэмэгдүүлэх тухай асуудал яригдаж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн өсөлттэй уялдаж инфляц үзүүлэх нөлөөллийг юу гэж харж байгаа вэ?
-Тийм. Ялангуяа төрийн зохицуулалттай бараа ажил үйлчилгээний үнэ өндөр байсан учраас энэ нь инфляц 9.6 хувь болоход нөлөөлсөн. Монголбанкны зүгээс төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнийг огцом нэмэгдүүлсэн шийдвэрүүд гарахгүй л бол сайн гэж харж байгаа.
Анх цахилгааны үнийг нэмэгдүүлэхээр ярьж байхдаа 30 хувиас хэтрүүлэхгүй гэж байсан ч яг шийдвэр гаргахдаа арай өндөрөөр гаргачихсан нь инфляцад үүсэх нөлөөлөл нь нэлээд томоор орж ирсэн.
Анхны тооцооллоор батлагдсан тохиолдолд инфляц нэг нэгж хувиар өсөх тооцооллыг урьдчилсан байдлаар гаргачихсан байсан.
-Нүүрсний экспортын хэмжээ, үнэ буурч, импортын бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас валютын нөөц багасах хэрхэн нөлөөлсөн бэ?
-Өнөөдрийн байдлаар валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар байна. Оны эхнээс жаахан бууралт ажиглагдаж байгаа. Үүнд нөлөөлж шалтгаануудыг та түрүүн асуултдаа дурдлаа. Ялангуяа нүүрсний экспортын хэмжээ багассантай холбоотойгоор орлого буурсан. Импорт талд гарах урсгал хэвээр байна. Тиймээс орох урсгалд түлхүү дарамт ирж байгаа учраас нөөц багасах эрсдэлийг дагуулж буй юм. Гэхдээ төсөвт тусгагдсанаар нүүрсний экспортыг 83 сая тонндоо хүргэх юм уу, биет хэмжээний гарцыг 100 сая тоннд хүргэнэ гэсэн төсөөлөлдөө хүрч чадвал эдийн засгийн өсөлт зорьсон түвшиндээ хүрнэ гэж найдаж байна.
-Том төслүүдийг урагшлуулахад валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай-
-Мэдээж 2025 оны төсвийг батлахдаа орлого талдаа нүүрсний экспортын хэмжээ болон үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэж эдийн засагчид ярьсаар ирсэн. Нэгж үнийг 105 ам.доллар байхаар төсөөлсөн ч оны эхний хоёр сарын байдлаар 80 ам.долларт барьж чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Энэ байдлаар Монголбанкны зүгээс инфляцын түвшнээ зорилтот хэмжээнд барьж, эдийн засгийн жилийн өсөлтийг 6-7 хувьд хадгалж чадах болов уу?
-Өнгөрсөн онд бол Монгол Улсын экспорт зургаан хувиар өссөн. Энэ жилийн тухайд Монголбанкны төсөөллөөр 6-9 хувиар өсөх байх гэсэн тооцоолол гаргасан. Импорт өнгөрсөн онд 26 хувиар өссөн. Тэгэхээр энэ онд импорт ямар түвшинд байхаас бүх зүйл хамаарах юм. Хэрэв экспорт өнгөрсөн оныхоо хэмжээнд буюу 15 тэрбум ам.долларын хэмжээнд байвал эдийн засагт ямар нэг төвөгтэй зүйл учрахгүй. Эсрэгээрээ импорт нь өнгөрсөн оныхтой ижил түвшинд өсөөд байвал асуудал тэндээс л гарч ирнэ гэсэн үг.
Өнгөрсөн онд хэдийгээр импорт өндөр хувьтай байсан ч валютын нөөц оны эхэнд 5.5 тэрбум ам.доллар гэж гарсан байдаг. Суурь өнцгөөс харвал энэ онд Монгол Улсын валютын нөөц тэгэж их буурахгүй байх гэж харж байгаа. Гэхдээ мэдээж импорт, экспортын урсгалыг хэрхэн зохицуулахаас шалтгаална.
Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаад энэ оны эдийн засгийн өсөлтийг 7-8 хувь байх болов уу гэж тооцоолсон. Хэдийгээр энэ өсөлт уул уурхайн салбарын орлогоор тэтгэгдэх хэдий ч боловсруулах салбарт нэлээд ахиц гарах байх. Энэ хавар хүндрэл багатай ажиглагдаж байгаа учраас ХАА-н салбар уналтад орохгүй даван туулах байх гэж харж байна. Тиймээс 2025 оны ерөнхий төлөв өөрөө гайгүй. Гэхдээ бидэнд валютын нөөцөө нэмэгдүүлэх эрэлт бол бий. Томоохон бүтээн байгуулалтууд хийгдэх гэж байгаа учраас үүнд хэрэгцээтэй тодорхой хэмжээний валютын нөөц шаардагдаж байна.
- Хятадын бүх ардын төлөөлөгчдийн их хурлаас гангийн үйлдвэрийг бууруулах шийдвэр гаргасан нь нүүрс нийлүүлэгч орнуудын хувьд нэлээд анхаарал татах болсон. Хэдийгээр Монгол Улсаас нийлүүлж байгаа экспортын хэмжээ үйлдвэрлэлд тийм ч нөлөөлөх хэмжээнд биш гэж ярьж байгаа ч түүхий эдийн үнэ ханш унаж байгаа нь өөрөө муу үр дагавар авчирна гэж эдийн засагчид дүгнэж байна?
-Монгол Улс эрчим хүчний нүүрс, төмрийн хүдэр боловсруулах коксожсон нүүрс нийлүүлдэг. Үүний дийлэнх хэсэг нь коксожсон нүүрс учраас асуудал гарахгүй байх гэж харж байгаа. Хятадын бүх ардын төлөөлөгчдийн хурлаар төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрлэлээ бага зэргээр буюу 10 хувиар буурууллаа гэхэд 450 сая тонн байхар яригдаж байгаа юм билээ. Манай нийлүүлдэг нүүрс хорогдох хэмжээнд яригдахаар биш. Харин үнийн уналт төсвийн орлого бүрдүүлэлт талд мэдээж сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ энэ байдал удаан хугацаанд үргэлжлэхгүй байх гэж үзэж байна.
Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!