ҮХНӨ-ийн нэг том давуу тал сонгуулийн холимог тогтолцоо, парламентын гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлсэн явдал. Үр дүнд нь байнгын ажиллагаатай парламент анх удаа дөрвөн нам, нэг эвслийн төлөөллийг бүрдүүлж, олон ургалч байдлыг хангаж, мэтгэлцээний зарчмаар хуулийн төслийг хэлэлцдэг болох нөхцөл бүрдэж буй.
УИХ-ын 126 гишүүний 48 нь нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон бөгөөд үүний 18 нь МАН-аас, 16 нь АН-аас сонгогдсон бол ИЗНН-аас 4, Үндэсний эвслээс 4 хүн сонгогдож, харин тойргийн төлөөлөлтэй болж чадаагүй юм. МАН энэ удаагийн парламентад нэр цэвэр, мэргэжил боловсролоороо тэргүүлж буй залуу лидерүүдээ жагсаалтаар дэвшүүлж буйгаа зарлаж, гаргасан. Бусад нам, эвслийн хувьд гол тоглогчдоо “нуувчинд” дэвшүүлж, сонгогдсон гэж хэлж болно. Тэгвэл намын жагсаалтын үнэ цэнэ, утга агуулгыг эргэж хар гэдэг цаг бусын шаардлагыг намрын чуулган дуусахтай зэрэгцэж зарим нь сануулж эхлэв.
-Жагсаалтаас сонгогдсон гишүүд шүүмжлэл дагуулав-
УИХ-ын танхим хов зөөдөг, хошуугаа унжуулдаг хүмүүсийн юу дуртайгаа хэлдэг чөлөөт индэр биш гэдгийг шинээр сонгогдсон гишүүддээ сануулах нь улс төрийн намуудын үүрэг болж байна. Ялангуяа жагсаалтаар сонгогдсон гишүүд эхнээсээ шүүмжлэл дагуулах болсон нь үнэн.
Тухайлбал, жагсаалтын үнэ цэнийг ИЗНН хамгийн түрүүнд муухай харагдуулж, олон нийтийн үнэлэмжийг унагаасан үйлдэл гаргав. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хувийн бизнесээ төрийн ажилтай хослуулах гэж оролдсоноос болж хамгийн анхны сануулгыг хүртээд амжсан. Түүний хувьд цахим хаягаараа бараа сурталчилсан лайв хийж, чуулганы хуралдааны хугацаанд мэдэгдэлгүйгээр гадаад руу зорчсон үйлдэлдээ УИХ-ын ТГ-аас анхааруулга авч, Ёс зүй, дэгийн байнгын хороогоор орж сануулга авсан юм.
Үүгээр зогсохгүй тэрбээр УИХ-ын чуулганы танхимаас “картаа шургуулчхаад хуралдаа суудаггүй Б.Батбаатар даргад хариуцлага тооцох хэрэгтэй” гэж намын даргынхаа нэрийг цоллож, дуэлдсэн удаатай. Товчхондоо шинэ парламентад суудал авсан ИЗНН гал тогооны хэрүүлээ УИХ-ын танхимд хүртэл хийж, төлөвшөөгүй намаар нэрлэгдсэн юм.
Дараа нь эрх баригч МАН-ын жагсаалтын эхэнд бичигдсэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц чуулганаар нийгмийн даатгалын сантай холбоотой асуудал хэлэлцэх үеэр “40 нас хүрэх гээд, дотуур өмдөндөө орчихсон чинь дүү нар ахмадын баярын мэнд хүргээд айдас хүйдэстэй байна” гэж тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоог шүүмжилж буй агуулгаар ярих гэж оролдсон ч мэргэжлийн парламентын хуралдааныг хошигнол болгосон нь удаах шүүмжлэлийг дагуулсан юм.
Мөн МАН-ын жагсаалтын дөрөвт бичигдэж сонгогдсон УИХ-ын гишүүн О.Саранчулуун “Хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд нүхэн жорлонд бие засдаг байсан болохоор хотод ирээд ариун цэврийн өрөөгөө цэвэрхэн ашиглаж чаддаггүй, тийм дадал зуршил суугаагүй” гэж хэлсэн үгнээсээ болж оюутнууд болоод эцэг эхчүүдийн хатуу шүүмжлэлд өртсөн бөгөөд хэлсэн үгэндээ уучлалт гуйж байв.
Тэгвэл саяхан АН-ын жагсаалтын 16 дугаарт бичигдэж сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн асуудал гудамжинд яригдах болов. Монголын багш нарын холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж байхдаа нэг гэр бүлийн дөрвөн өнчин хүүхдийг гэр оронтой болгох хандивын аяныг зохион байгуулахдаа цугларсан мөнгөн хандиваас хууль бусаар хувьдаа зарцуулж, орон сууцны гэрчилгээг тухайн хүүхдүүдийн нэр дээр шилжүүлээгүй гэх асуудал одоо хэр нь маргаан дагуулсаар. Гудамжнаас улс төр хийж, уриа лоозон барьсан бүхэн улстөрч болчихдоггүй гэх хатуу шүүмжлэл амссан түүнийг намын зарим эмэгтэй гишүүд нь төрийг босгогүй болгож, намаа муухай харагдуулсан гишүүнийг эргүүлэн татах хэрэгтэй гэсэн байр суурийг ч илэрхийлж эхлээд байгаа юм. АН-ын Улс төрийн зөвлөл ойрын хугацаанд хуралдах сурагтай бөгөөд үүгээр Ц.Мөнхтуяа гишүүний ёс зүйн асуудал ч хөндөгдөх аж.
-Жагсаалтынхны ТЭНЭГЛЭЛ сонгогдож чадаагүй нам дагасан улстөрчдөд 2028 оны сонгуульд давуу тал болох АЮУЛ-
Иргэдийг төлөөлж төрд сонгогдсон гишүүд болчимгүй алдаа гаргавал намаа татаж унагаах ч хортой. Тиймээс сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн намын зүгээс ёс зүйн зөрчил гаргасан болон авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэйгээ тооцох хариуцлагын заалтаа чангатгах шаардлагатай байна. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намууд дүрэмдээ өөрчлөлт оруулах үүрэгтэй. Тэгвэл энэ хүрээнд намын жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон тохиолдолд тухайн гишүүний хүлээх үүрэг, хариуцлагын асуудлыг ч бодолцох ёстой гэдгийг дээрх гишүүдийн жишээ харуулж буй.
Учир нь УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны хамгийн том давуу тал нь жагсаалтын нэр дэвшүүлэлт. Мэргэжлийн судлаачдын нэрлэдгээр “нууц цэцэрлэг”-т намууд гол гэсэн хүмүүсээ оруулах сонирхол дараагийн сонгуулиудад улам нэмэгдэхээр. Нөгөө талд дэнчингийн босго ч өндөрсөж, лист рүү шуурах улстөрчдийн марафон ширүүсэх магадлалтай юм.
Энэ байдал одоогийн жагсаалтаар сонгогдсон гишүүдээс шууд хамаарах бөгөөд бүрэн эрхийн хугацаандаа намын нэрээ хамгаалж, жагсаалтын үнэ цэнийг унагаахгүй байх хатуу үүрэг ногдохоор байна. Үгүй бол 2024 оны сонгуулиар сонгогдож чадаагүй гомдогсод жагсаалтын сул талыг 2028 оны сонгуульд давуу тал болгож ашиглах орон зайг үүсгэх юм.
Сэтгэгдэл (12)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!