
Хаврын урь хэдийнэ оржээ. Өнөөдөр та сайн ажиглавал, их хотын гудамжнаа хаа нэг тийш яарсаар алхах гартаа цэцэг барьсан залуус, шоколад, ууттай бэлэгтэй охид зөрнө. Саарал хотод өнөөдөр охид, бүсгүйчүүдээ гэсэн залуусын сэтгэл өнгө нэмэх аж.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр амралтын өдөр таарч буй. Гэхдээ ажил, амралтын өдөр гэдгээс үл шалтгаалан баярын энэ өдөр улаан сарнай, шоколад, вино хамгийн гүйлгээтэй “бараа”.
Тиймдээ ч захиалга хэдийнэ эхэлж, ачаалал ихтэй байгаа тул аль болох салбарууд дээр өөрийн биеэр ирж худалдан авалт хийхийг цэцгийн захиалга авч буй дэлгүүрүүдийн менежрүүд зөвлөж байлаа.
Ингэхдээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан захиалга эрс нэмэгдэж байна. Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал зэргээс шалтгаалан цэцэг хүргэлт маань захиалгын дарааллаар очих учраас цагаа нарийн товлох боломжгүй. Тухайн өдөртөө багтаан хүргэж өгөхийг хичээдэг” гэх нийтлэг хариултыг бидэнд өгч байлаа.
-НЭГ ШИРХЭГ САРНАЙ 2014 ОНД 3000 ТӨГРӨГ БАЙСАН БОЛ ОДОО ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

-Хэдхэн хоногийн өмнө Хотын орлогчийн хэлсэн үгнээс болж, "ямааны хоол" гэх нэршил олны дунд түгэв. Сошиал хуудаснаа ямар үнэтэй байхаас үл шалтгаалж, "ямааны хоол" авах дуртай шүү гэх марзан байр сууриуд ч хөвөрч байв. Тэгвэл баяр дээр баяр нэмсэн баглаа цэцэг, тэр дундаа хайрын улаан сарнай ширхэг нь ямар үнэтэй байна вэ. Хэдэн төгрөг болж нэмэгдсэн бол-
Цэцгийн дэлгүүрүүдэд нэг ширхэг сарнай дунджаар 8-10 мянган төгрөгийн үнэтэй байна. Зарим дэлгүүрүүдэд баглаанд багтах нийт цэцгийн тооноос хамаарч хямдрал үзүүлэх буюу нэг ширхэг бүрийнх нь үнэ буурах боломжтойг хэлж байлаа.
Нэг ёсондоо, олныг авбал хямдарна гэх зарчим бүхий л цэцгийн дэлгүүрүүдэд үйлчилж байна.
Мөн цэцгийн жижиглэнгийн үнээс гадна сав, баглаа боодол ч нийт үнийн дүнд голлох нөлөөг үзүүлдэг болсныг та бүгд мэдэх биз ээ. Харин гоёлын баглаа боодол нь харилцан адилгүй байна.
-САРНАЙНЫ ҮНЭ ЧИМЭЭГҮЙ ӨСӨЖ БАЙНА-

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад сарнай цэцэг 1-2 мянган төгрөгөөр ЧИМЭЭГҮЙ нэмэгдсэн байна. Энгийн үед нэг ширхэг сарнай 8000 төгрөг, баярын үеэр 9000 төгрөгийн үнэтэй байсан юм. Харин 11 жилийн өмнө буюу 2024 онд сарнай цэцэг 3000 төгрөг байжээ. Энэ хугацаанд нэг ширхэг сарнайны үнэ гурав дахин өссөн нь энэ. Мэдээж импортлогч улсын хувьд хилийн цаана үнэ нэмэгдсэн бол энд тээврийн зардал, ашиг бүх өртөг шингэсээр дэлгүүрт эцсийн хэрэглэгч буюу бидний гар дээр 10 мянган төгрөг хүртэл үнэтэй зарагдаж байгаа шалтгаан нь энэ. Баярын өдөр залуусын хувьд дунджаар 100 мянган төгрөгт цэцэг сонирхож байгаа ч худалч хүнд 9 сарнай, гоёлын боодолтойгоо л 100 мянган төгрөг хол давахаар байгаа юм.
-Баярын өдөр тул цэцгийн үнэд ач холбогдол өгөх нь бага байна-

Эхнэр, найз бүсгүйдээ цэцэг авахаар явж буй залуусын хувьд цэцэг ямар үнэтэй болохыг, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэд зөвхөн хайртай хүндээ аль болох гоё цэцэг бэлэглэхийг л боддог гэлцэнэ. Дунджаар 100-150 мянган төгрөгт цэцэг авахаар бодож, баярын өдөр багадаа л 300 орчим мянган төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж.
-АЛИВАА БАЯР ЁСЛОЛЫГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭХИЙН ХЭРЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫГ ГАДАГШАА УРСГАЖ БАЙГАА НЬ ТААГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ-

Эдийн засагч Б.Энх-Амгалан: Аливаа тэмдэглэлт баяраар манай улс гаднаас л бараа бүтээгдэхүүн авч байна. Манайхан “хүний доор орохгүй” гэсэн зовлонтой улс учраас ямарваа баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хичээдэг. Энэ хэмжээгээр их хэмжээний валют гадагшаа гардаг. Жишээ нь, Валентины баяр, Мартын-8-нд сарнай хамгийн гүйлгээтэй байдаг шүү дээ. Гэтэл сарнай Монголд ургахгүй. Сүүлийн үед хүлэмжинд тарих туршилтууд байгаа ч гаднаас хямд оруулж ирж буй сарнайтай үнийн хувьд өрсөлдөж чадах уу гэдэг нь бас эргэлзээтэй.
Ер нь баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэхийн хэрээр их хэмжээний валют гадагшаа урсах нь таагүй үзүүлэлт. Улсын валютын нөөц буурахад нөлөөлдөг. Иймд аль болох дотоодын бараа, бүтээгдэхүүнээ дэмжих нь эдийн засгийн цусны эргэлтийг дэмжинэ.
Гэвч манай улс гадны эдийн засгаас хараат нөхцөл, байдалд байгаа юм. Тиймээс ямар нэгэн байдлаар инфляц нэмэгдэхэд энэ өсөлт манай улсын инфляцын өсөлтөд нөлөөлж, улмаар худалдаа эрхлэгчид өөрсдийн ашгаа нэмдэг.
Тиймээс манай улсын хувьд бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хүн ам багатай, үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны зовлон нь энэ. Нөгөөтээгүүр, цалин тэтгэвэр, тэтгэмж тодорхой хугацаанд инфляцтай уялдан нэмэгдэх ёстой. Манай улсын хувьд инфляц өндөр учраас үнэ өснө гэсэн хүлээлт бий болсон.
Цалин, хөлс нэмэгдэнэ гэхээр үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид үнээ нэмдэг бичигдээгүй хуультай болсон. Уг нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал инфляц буурна.
Улс орны эдийн засаг чадавхжих тусам инфляц нам түвшинд очдог. Иймд эдийн засгийн чадавхиа сайжруулах шаардлага байна.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!