Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНҮТ ТӨХХК-ийн дарга Б.Отгонсүх: Төр хаана томилно, тэр газар нь очоод ажиллахад бэлэн “менежер“ хүн гэж өөрийгөө бодож байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
21 минут 7 секунд

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хэд хэдэн томилгоо хийгдлээ. Түүний нэг нь Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн даргаар Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Отгонсүхийг томилсон явдал. Тэгвэл ИНЕГ-аас тусдаа бие дааж ажиллах болсон ИНҮТ дээр цаашид ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа болоод бусад цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Өнгөрөгч өдрүүдэд таны томилгоо олны анхаарлыг татлаа. Томилгоо хэзээ албажсан бэ. Ажлаа аваад хэр хугацаа өнгөрөв?

-2025 оны нэгдүгээр сарын 6-нд шийдвэр албажсан. Тухайн өдрөө ажлаа хүлээж авсан.

-Мэргэжлийн бус томилгоо явчихлаа гэдэг шүүмжлэлд өртлөө шүү дээ. Үүнд ямар байр сууринаас хандаж байгаа вэ. Та хэд хэдэн улс төрийн албан тушаал хашиж байсан хүн. Гэхдээ энэ албан тушаалд салбарынх нь ажлаа мэддэг хүн томилогдох ёстой байсан гэх хэсэг байлаа?

-Би төрийн албанд 20-иод жил ажиллаж байна. Анхан шатны байгууллагаас нь авхуулаад яам, төрийн өмчит компани, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зэргийг удирдаж ирсэн дадлага туршлагатай нэгэн. Нэг ёсондоо, төрийн албаны мерит зарчмаар явж байгаа. Өмнө Хотын орлогчоор ажиллаж байсныг та бүхэн мэдэж байгаа байх. Цар тахлын үед Замын-Үүдийн Гаалийн даргаар ажиллаж байсан. Монгол Улсын импортын 70 орчим хувь нь тус боомтоор орж ирдэг. Үүнтэй холбоотойгоор ковидын хатуу хөл хориотой үед нэг жилийн хугацаанд тухайн газарт томилолтоор ажиллаад ирсэн. Дараагаар Монголын Төмөр зам ТӨХК-д ажилласан. Төр хаана томилно, тэр газар нь очоод ажиллахад бэлэн менежер хүн гэж өөрийгөө бодож байгаа.

-Ер нь энэ томилгоо дээр танд ногдсон үүргийг юу гэж харж байгаа вэ. Гарсан шүүмжлэлүүд дээр хэрхэн хандаж байна?

-Олон нийт тал талаас нь л харж байх шиг байна. Зарим нь менежер хүн удирдлагаар хангаад явах ёстой гэдэг байр сууринаас хандаж байгаа бол нөгөө талд нисэхийн салбарын нисгэгч хүн удирдах ёстой гэх хүмүүс ч байна. Манай дэд захирал болон харьяа газрын дарга, мэргэжилтнүүд бүгд мэргэжлийн хүмүүс. Эдгээр хүмүүс дээрээ нэмэгдүүлээд манай төрийн өмчит компаниуд менежментийн асуудлуудаа ярих цаг нь болсон. Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудыг ашигтай, орлоготой , менежментийнх нь хувьд зөв засаглал руу оруулахаар зорьж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор намайг томилсон болов уу гэж бодож байгаа.

- "Монголын төмөр зам" ТӨХК-ийн даргаар ч очсон, Гаалийн даргаар ажилласан. Өмнөх ажлууддаа хэр үр дүнтэй ажилласан гэж харж байгаа вэ?

-Өмнө миний бие Монголын төмөр зам ТӨХК-д ажиллаж байсан. Намайг ажлаа хүлээж авахад хүнд л нөхцөл байдалтай байсан. Ашиг орлого тааруу, хасах баланстай гарч байсан. Энэ байдалд бид багаараа ажиллаж, менежментийг зөв хэрэгжүүлж засаглалыг сайжруулж, хэмнэлтийг хийсний үндсэн дээр сүүлийн 2024 оны санхүүгийн балансаар 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс харахад, удирдлагаар хангахад нэг талдаа менежер хүн байх ёстой. Нөгөө талдаа мэргэжлийн хүн байх ёстой. Энэ хоёр зүйл нь хоёр туйл биш. Хоорондоо нэгдэж байж, тодорхой үр дүн ахиц гаргаж урагшилна гэж харагдаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор гэж хэлэхэд, өмнө би Хотын орлогч байхдаа хэд хэдэн төслүүдийг хийж хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт, Налайхын зам. Налайхын зам дээр ашиглалтад орсноос нь хойш нэг ч эвдрэл гараагүй. Хоёр жилийн хугацаанд эл төслийг багаараа мэргэжлийн хүмүүстэй нь нийлж нэгдээд менежментийг нь сайжруулаад хийсний дүнд нэг ширхэг ч эвдрэл гэмтэл гараагүй байх жишээний. Хоёрдугаарт, олимпын гүүр. Эл төслийг миний бие бас удирдаж хийсэн. Мөн адил эвдрэл гэмтэл огт гараагүй. Ингээд яривал мэргэжлийн, мэргэжлийн бус гэх хоёр туйл биш менежер хүн мэргэжлийн хүмүүстэйгээ хамтраад ирэхээр харьцангуй үр дүнтэй ажиллана гэдгийг харуулаад явж байгаа гэж бодож байна.

-Дарга нь солигдоход дотоод бүтэц, орон тоо дээр халаа сэлгээ их гардаг гэх шүүмжлэл бий. Бүтэц хүний нөөцийнхөө тогтвортой байдал тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Миний хувьд ч тогтвортой байдлыг эрхэм болгож ажилладаг. Шинэ удирдлага ирэхээр халлаа, солилоо гэдэг асуудал яригддаг шүү дээ. Тухайлбал, иргэний нисэхийн үндэсний төв дээр нислэгийн удирдагч, инженер техникийн ажилтан алба хаагчдыг халж солихгүй. Харин ч эсрэгээрээ эдгээр ажилчдаа дэмжиж, олон улсын стандартад нийцсэн сургалтад нь хамруулж, дадлагыг нь хийлгэх хэрэгцээ шаардлага бий гэж харж байгаа.

-ИНҮТ тусдаа үйл ажиллагаагаа хариуцаад явснаар ИНЕГ жинхэнэ утгаараа хяналтаа тавих боломж бүрдэж байгаа юм-

-Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа юм байна. Гэхдээ энэ хугацаанд ажилтайгаа хэр танилцаж амжив?

-Ажлаа хүлээж авсныхаа дараагаар мэргэжлийн анги байгууллага, салбар нэгжүүдээрээ орж ажилласан. Бид нэн тэргүүнд нислэгийн хөдөлгөөний аюулгүй байдал дээр анхаарч ажиллах нь хамгийн чухал юм байна гэдгийг хамт олонтойгоо ярилцсан.

Хоёрдугаарт, аюулгүй байдлыг хангахын тулд техник тоног төхөөрөмж хэрэгтэй. Иргэний нисэхийн үндэсний төв энэ чиглэл дэх томоохон шинэчлэлийг 17 жилийн өмнө л хийсэн байна. Мөн хүний нөөцийг чадамжийг нэмэгдүүлж, чадавхыг сайжруулах, гадаад дотоодод сургах шаардлага байна. Бид чинь олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй. Алба хаагчдаа дээгүүр нисэж буй онгоцнуудыг аюулгүй байлгах, үйлчилгээ үзүүлэх зэргээр сургахаас гадна нийгмийн баталгааг нь хангаж ажиллах нь чухал.

Гуравдугаарт, 15 жилийн хугацаанд баригдаж дуусаагүй барилга байна. Энэ барилгыг ашиглалтад оруулахгүй бол ажилтан алба хаагчид маань байрандаа багтдаггүй, орчин нөхцөлийн хувьд ч хүндрэлүүд гарсаар байна. Ажлын байрны нөхцөл нэлээн муу байгаа учраас 2025 ондоо энэ гурван асуудалдаа анхаарч ажиллая гээд яам, тамгын газар болон бусад холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулаад явж байгаа.

-ИНЕГ болон ИНҮТ-ийг чиг үүргийн хувьд давхцалтай гэх шүүмжлэл байдаг. Гэхдээ энэ хоёр байгууллага чиг үүргийн хувьд ялгаатай тал нь юу вэ гэдгийг асуумаар байна?

-Иргэний нисэхийн Ерөнхий газар бол маш том бүтэц. Хяналт шалгалт, үйлчилгээ зэрэг чиг үүрэг нь нэг дор явж ирсэн. Тэгвэл яагаад ИНҮТ ИНЕГ-аас тусдаа бие дааж ажиллах ёстой вэ гэдэг шалтгааныг дурдах нь зүйтэй болов уу. Олон улсын жишгээр иргэний нисэхийн ерөнхий газрын дор бодлого барьдаг хяналт зохицуулалт хийдэг агентлаг нь тусдаа байдаг. Жишээлбэл, иргэний нисэхийн үндэсний төвд багтаж байгаа алба салбарууд яагаад тусдаа гарах шаардлагатай юм бэ гэхээр ИНЕГ өөрөө эдгээр байгууллагуудыг гэрчилгээжүүлдэг. Гэрчилгээжүүлсний дараагаар үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, гэрчилгээ өгдөг газар нь хяналт шалгалтаа тавих эрх үүрэгтэй. Гэтэл урьд эдгээр нь цуг байснаас олон улсын стандарт шаардлагыг хангахад нэг зөрчил үүсдэг байсан. 123 орныг эгнээндээ нэгтгэсэн иргэний нисэхийн байгууллага байдаг. Үүний нэг гишүүн орон нь манай улс мөн. Гишүүн орны хувьд хүлээсэн үүргээрээ хяналт зохицуулалт, үйлчилгээ хоёр нь тус тусдаа байгууллагын хэлбэрээр байх ёстой. Олон улсын жишиг стандарт нь ийм. Хяналт зохицуулалт, үйлчилгээ цуг байх нь нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай байдаг. Жишээлбэл, ИНЕГ нь бодлого хяналт зохицуулалтаа хариуцдаг, ИНҮТ нь үйл ажиллагаагаа хариуцдаг. Иргэний нисэхийн үндэсний төвд ажиллаж байгаа удирдагч онгоц удирдаж байгаад алдаа гаргалаа гэж бодоход ИНЕГ, ИНҮТ нь цуг буюу нэг даргатай байгаа тохиолдолд асуудал үүсэх, нуун дарагдуулах магадлал өндөртэй. МИАТ-ыг бол хөндлөнгөөс гэрчилгээжүүлчихээд хариуцлага тооцож болж байна шүү дээ. Үүнтэй адилаар ИНҮТ ИНЕГ-аас салснаар ИНЕГ гэрчилгээжүүлэх ажлаа үргэлжлүүлээд хариуцлагаа тооцох боломж бүрдэнэ. Олон улсынхаа стандарт жишигт хүрч байна гэсэн үг. Тиймээс 2019 оноос хойш бэлтгэл ажлаа хийж эхэлсэн. Гэхдээ төсөв санхүүгийн хувьд салаагүй байсан. Иргэний нисэхийн үндэсний төв нь Монгол Улсын агаарын орон зайг тэр чигт нь аюулгүй ажиллагаагаар хангаж байгаа байгууллага. ИНҮТ дотроо нислэг хөдөлгөөний үйлчилгээний алба, холбоо навигацийн алба, нислэгийн мэдээллийн алба зэрэг онгоц бүрийн аюулгүй байдлыг хангахын тулд 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг. ИНЕГ гэрчилгээжүүлчихээд хяналт тавьдаг. ИНҮТ үйл ажиллагаа чиглэл дэх ажлуудаа хийнэ. Монгол Улсын агаарын орон зайд нисэж байгаа бүх агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлж байгууллагууд нь нэг дороо болоод тусдаа гарч байгаа л гэсэн үг.

-Хариуцлагын механизмаа утгаар нь ажиллуулах боломж бүрдэж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Яагаад гэвэл ИНЕГ одоо л жинхэнэ утгаараа хяналтаа тавьж эхэлнэ. Хэнд хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхой болно. Одоо хариуцлага өндөрсөнө, нислэгийн аюулгүй байдал сайжирна. Үүнийг дагаад агаарын навигаци үйлчилгээний хураамж нэмэгдэнэ. Компанийн статустай болсон учраас ИНҮТ-д ажиллаж байгаа нислэгийн удирдагч, инженер техникийн ажилчдын нийгмийн хангамж, цалинг тодорхой хэмжээнд нэмэгдэх боломжтой гэж харж байгаа.

-Танай бүтэц дээр одоо ямар ямар байгууллагууд хамаатаж явж байгаа гэсэн үг вэ?

-ИНЕГ-аас гэрчилгээжүүлдэг найман салбар нэгж манайд хамаатаж явдаг. Эдгээр нь нислэгийн үйл ажиллагаанд шууд оролцдог байгууллага. Түүнээс гадна гэрчилгээждэггүй тусгай үйлчилгээний авто бааз, шатахууны алба, аюулгүй хамгаалалтын алба зэрэг алба салбарууд бий.

-Орлого, хураамж ИНЕГ дээр төвлөрч, захиран зарцуулагддаг. Манай төсвийг ЗТЯ-наас баталж өгдөг-

-Төсөв санхүүгийн хувьд ч ИНЕГ-аасаа тусдаа болсон гэсэн үг үү?

-Өдөртөө 200 гаруй нислэг Монгол Улсын агаарын орон зайд нисэж өнгөрч байгаа. Эдгээрт үйлчилгээгээ манайх үзүүлж байгаа. Хураамж нь ИНЕГ дээрээ төвлөрдөг. Үүнийг хэлэхгүй бол ИНҮТ хамаг орлогыг нь төвлөрүүлээд захиран зарцуулаад байгаа юм шиг буруу ойлголт байдаг.

-Тэгэхээр танай байгууллагын төсөв хөрөнгө хаанаас гарна гэсэн үг вэ?

-Манай төсөв хөрөнгийг Зам тээврийн яам болон сайдын багцаас баталж байгаа. Яам баталдаг гэсэн үг. Навигацийн орлогоос тодорхой хэмжээгээр улсад төвлөрүүлээд ажилчдынхаа цалин хөлсийг шийдвэрлээд явдаг.

-Том дүр зургаар нь авч үзэхэд, ИНЕГ, ИНҮТ тусдаа байснаар гарах үр дүнг нь юу гэж харж байгаа вэ?

-Аюулгүй ажиллагааг сайжруулах үүднээс салж байгаа юм. Зарим улсуудад хамтарсан байдлаар нэг явдаг юм билээ. Гэхдээ санхүү эдийн засаг, үйл ажиллагааны хувьд саланги байх систем рүү л бид явж байгаа. Анх удаа энэ шийдлийг гаргаж, ИНЕГ-аас тусдаа гарч байгаа. Тодорхой асуудлууд тулгарах байх. Гэхдээ бид олон улсад ижил төстэй байгууллагуудын үйл ажиллагааг судалж даван гарна гэж бодож байгаа.

-17 жил шинэчлээгүй техник тоног төхөөрөмж, 15 жилийн турш баригдаж дуусаагүй нислэг хөдөлгөөний удирдлагын төв байр зэрэг "улаан гэрэл" нь асчихсан асуудлуудыг нэн тэргүүнд анхаарч ажиллана-

-Нэн тэргүүнд хийх ёстой шинэчлэлүүдээ юу гэж тодорхойлов?

-Тавигдсан. Ер нь бидэнд одоогийн нөхцөлд улаан гэрэл асчихсан асуудлууд бий. Түүн дээрээ нэн тэргүүний бодлогоо боловсруулаад явж байгаа. Нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд инженер техникийн ажилчин алба хаагчдын нийгмийн асуудал дээр онцгой анхаарах ёстой. Монгол Улсын Засгийн газраас Go Mongolia болон бусад хэрэгжүүлж буйтай холбоотойгоор Өмнөговь аймгийн нисэх онгоцны буудлын аэродромын шинэчлэх шаардлага байгаа. Хоёрдугаарт, нислэг хөдөлгөөний удирдлагын төв байрыг ашиглалтад оруулж, ажилчдыг ажиллах орчин нөхцөлөөр нь хангахын тулд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө хэрэгтэй. Энэ барилгын ажил 15 жилийн өмнө эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Шинэ баг бүрэлдэхүүн энэ жилдээ багтаагаад нислэг хөдөлгөөний удирдлагын төв байрандаа орж, түүндээ холбоо навигацийн бүхий л тоног төхөөрөмжөө суулгаж, нэг дороос аюулгүй ажиллагаагаа хангаад явах боломж бүрдэх юм.

-Та өмнө яриандаа техник тоног төхөөрөмжийн хувьд 17 жил шинэчлэгдээгүй гэдэг зүйлийг ярьсан. Одоогийн нөхцөл байдал болоод цаашид шаардлагатай техник тоног төхөөрөмж нь юу байгаа вэ?

-Ажлаа авсныхаа дараагаар үндсэн үйл ажиллагаа явуулдаг алба салбаруудтайгаа очиж уулзсан. Очиж ажилласны үр дүнд нэн шаардлагатай аюулгүй ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмжүүдийг ярилцаж, ойрын хугацаанд шийдэхээр болсон. Нислэгийн үйл ажиллагаатай холбоотой бүх агаарын хөлгийг харж удирддаг нислэг хөдөлгөөнийг удирдах системийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, радио лакатор нь шинэчлэл хийгдэлгүй удсан учраас яаралтай солих ёстой юм байна. Гуравдугаарт, нислэг хөдөлгөөн удирдлагын төв байр шинээр ашиглалтад орохтой холбоотойгоор тоног төхөөрөмжид төсөвлөх хөрөнгө хүлээгдэлтэй байгаа. Хэрэв энэ төв байр ашиглалтад ортлоо удна гэвэл одоо байгаа нислэг хөдөлгөөний удирдлагын төв дээрээ өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй. Хэрэв удахгүй гэвэл тухайн байрандаа зориулж тоног төхөөрөмжөө захиалж авах хэрэгтэй. Тухайн нислэг хөдөлгөөний удирдлагын төв байр ашиглалтад орохгүй удсанаас тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой ажил удаашраад буй юм.

-Нислэг хөдөлгөөний удирдлагын төв байр нь ашиглалтад ороогүй байгаа гэлээ. Одоо байгаа удирдлагын төв байр нь ямархуу нөхцөл байдалтай байгаа вэ?

-1995 онд баригдсан барилга л даа. Агаарын орон зайд нисэж байгаа агаарын хөлөг нэмэгдсэнээр одоо байгаа тоног төхөөрөмжөө багтааж чадахаа больсон. Нислэг нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт агаарын орон зайд 200-230 нислэг үйлдэж байна. Тэдгээрийн үйлчилгээг бид 24 цагаар хангаж байгаа. Гэтэл тухайн үйлчилгээ явуулдаг байр маань шаардлагад нийцэхгүй, тоног төхөөрөмж нь багтахгүй нөхцөл байдалд байгаа юм.

-Хүний нөөцөө чадавхжуулах чиглэлд ямар бодлого барихаар төлөвлөж байгаа вэ. Дан ялангуяа танай салбарт ажиллагсдын чадвар маш чухал шүү дээ?

-Нислэгийн аюулгүй албууд дээр шууд үйлчилгээ үзүүлж байгаа инженер техникийн ажилчдаа дадлага сургуулилтыг тогтмол хийх хэрэгтэй байна. Үүний тулд дадлагажуур буюу биетээр онгоц удирдаж байгаа мэт дадлага сургуулилтыг хийдэг. Үүнийг хийдэг дадлагажуур нь он удаан жил солигдоогүй байсаар хуучирсан. Үүнийг энэ онд шинээр авах гэж байна. Ингэж авснаар нислэгийн удирдагч нар маань байнгын тогтмол хийдэг сургуулилтаа хийж чаддаг болно гэсэн үг. Үүнийг дагаад аюулгүй байдал сайжирна гэсэн үг.

-Төсвөөс гадуурх зардал гэж байж болохгүй. Төрийн хэмнэлтийн хуулийг маш сайн хэрэгжүүлэх ёстой-

-Төрийн өмчит компаниуд дээр төсвийн сахилга баттай холбоотой асуудал ихээр хөндөгддөг. Дан ялангуяа өнгөрсөн хугацаанд ИНЕГ, ИНҮТ дээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн, үр ашиггүй худалдан авалтуудтай холбоотой мэдээлэл гарч, олны шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Санхүүгийн сахилга бат чиглэлд ямар бодлого барьж ажиллах вэ?

-Манай баг хамт олны хийж хэрэгжүүлэх ажлын нэг бол Төрийн хэмнэлтийн хуулийг маш сайн хэрэгжүүлэх ёстой. Хоёрдугаарт гэвэл, төрийн мөнгө гэж байхгүй. Ард түмний, татвар төлөгчдийн мөнгө гэж бий. Үүнийг үр ашигтай зарцуулах нь маш нарийн чанд зохион байгуулах ёстой зүйл гэж харж байгаа. Бид цаашдаа бүтэц орон тооноос авхуулаад бүх түвшинд нарийн чамбай ажиллана. Энэ нь нислэгийн хөдөлгөөний удирдагч болон инженер техникийн ажилчид, албан хаагчдын цалин урамшууллын асуудал яригдана. Цалин урамшууллыг нь олгох хүнд нь олгох ёстой. Харин эргээд хариуцлагын үүргийн асуудлыг сайн суулгаж өгөх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар төсвөөс гадуурх зардал байж болохгүй гэдгийг би өмнө удирдсан компаниуд дээрээ харуулсан гэж бодож байгаа. Менежментийг сайжруулах ёстой. Үрэлгэн байдлыг багасгах ёстой. Гэхдээ тухайн орлого нь манай төвд төвлөрдөггүй.

-Нөгөө талд төр цомхон бүтэц гэж ярьдаг мөртлөө төрийн өмчийн нэг компаниа дахиад дотор нь хуваагаад бүтэц нэмж байна гэх шүүмжлэлд өртөж байна шүү дээ?

-Цугтаа байсан хоёр байгууллага л салж байгаа явдал. Тэрнээс биш бүтэц нэмсэн зүйл байхгүй. Цаашдаа бид яг төрийн алба шиг цомхон, чадварлаг бүтцээр ажиллаж, төрийн ашгийг нэмэгдүүлж Үндэсний баялгийн сан зэрэгт хуримтлуулах мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана.

Ярилцсанд баярлалаа

ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
ЦЕГ: Б.Ариунзаяаг мэдүүлэг авах дуудан ирүүлэх хуудас гардуулах зорилгоор СБД-ийн цагдаагийн хэлтэст авчирсан
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.