Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буддагийн аварга хөшөөнүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 43 секунд

Бурхан багш Буддагийн төрхийг улс орон бүрт өөр өөрөөр дүрсэлсэн байдаг нь дараах зургуудаас харагдана. Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байгаатай холбогдуулан улс орнуудад байдаг аварга хөшөөнүүдийн мэдээллийг хүргэж байна.

1. Аварга чулуун Будда – БНХАУ-ын Сичуань муж

Аз жаргалтай уулын Будда гэж нутгийнхан нь нэрлэдэг байна. 713-803 онд баригдсан бөгөөд өндөр нь 71 метр. Гарын нэг хуруу л гэхэд 3 метр бүдүүн юм. Будда дахин ирэхийг бэлгэдсэн суумал хөшөөг бүтээхэд мянга мянган хүн ажиллаж аварга том хадыг цохиж бүтээжээ. ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй.

2. Том хүрэл Будда – Хонгконг Лантау арал

По лин хийдийн дээр байрлах хөшөөний өндөр нь 34 метр боловч уулын орой дээр байгуулсан нь түүнийг сүрлэг том харагдуулна. Бадамлянхуа цэцгийн суултаар завилсан уг хөшөө цээжин дээрээ нар зөв эргэсэн хас буутай, баруун гараа өргөсөн нь зовлон шаналлыг арилгахын бэлгэдэлтэй ажээ. Харин зүүн гараа өвдөг дээрээ дэлгэсэн нь аз жаргалыг дуудахын бэлгэдэл юмсанж. 1993 онд хүрлээр бүрж дуусгажээ.

3. Хэвтэж буй алтан Будда – Тайландын Бангкок хот

Эртний сүм Ват Фо-гийн цогцолборт алтан Буддагийн хэвтэж буй хөшөө бий. Уртаашаа 45 метр сунасан, өндөр нь 15 метр ажээ. Бангкок хотыг Тайланд улсын нийслэл болгохоос 200 жилийн өмнө бүтээсэн гэхээр 1500-гаад онд хамаардаг. Уг хөшөөг бурхан багшийн нирваан дүн заларсанд зориулан бүтээсэн гэдэг.

4. Аварга будда – Япон улсын Камакура тосгон

Камакура Дайбацү гэж алдаршсан уг хөшөөний нэрийн утга нь “Камакурагийн аварга Будда” гэж тайлагддаг. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэлтэй энэхүү аварга зэс хөшөөг 1252 онд нэгэн ламтны цуглуулсан хандиваар барьж дуусгажээ. 13 метр өндөр боловч 100 гаруй тонн жинтэй гэнэ. Бясалгалын дүртэй хөшөө нь анх модон хийд дотор байсан ч цунамигийн улмаас барилга нь сүйдэж, хөшөө өнөөг хүртэл дангаараа байгаа юм.

5. Будда дорденма – Бутаны нийслэл Тимфү хот

Нийслэл хотын цэцэрлэгт хүрээлэнд байрлах уг хөшөө нь 50 метр өндөртэй. Бясалгалын үрээр энх тайван, сайн сайхныг олохыг бэлгэдсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн бясалгалын өргөөнд алт, зэсээр урласан 100 мянга гаруй Буддагийн дүр байдаг ажээ. Дорденма хэмээх нь “очир титэмтэй” гэх утгатай юм байна.

6. Хэвтэж буй чулуун Будда – Шриланкагийн нийслэл Полнарува

Өмнөд Шриланкийн төв хэсэгт хэвтэж буй Буддагийн чулуун хөшөө бий. 12 дугаар зуунд байгуулагдсан эртний бүтээл. Уртаашаа 14 метр, өндөр нь 7 метр юм. Гал вихара хийдийн цогцолборт байрлах уг хөшөө эхэндээ задгай байсан бол сүүлд дээвэр хийж нар, салхи, борооноос хамгаалжээ. Ганц Буддагийн хэвтэж буй дүрээс гадна эргэн тойрон дөрвөн хөшөө байдаг нь онцлог юм байна.

7. Лин шаны том Будда – БНХАУ-ын Вуши

80 метр өндөртэй, 700 тонн жинтэй зогсож буй Буддагийн хөшөө нь 1990-ээд онд барьж дуусгажээ. Лин шан ууланд ирсэн хүмүүс рүү харц нь чиглэж, инээмсэглэх уг хөшөө нь баруун гараа өргөж, алгыг дэлгэсэн нь айх аюулгүй гэдгийг илтгэдэг байна. Уул өөд 216 гишгүүрээр Буддагийн хөшөөнд хүрдэг байна.

8. Суумал алтан Будда – Лаос улсын нийслэл Паксе хот

Меконг голын эрэг дээр хот руу харж суугаа том хөшөө бол алтан Будда. 2013 онд алтаар бүрж дуусгасан байдаг. Буддагийн бусад хөшөөтэй харьцуулахад хамгийн сүүлийн үед байгуулагдсан нь юм.

9. Хос Будда – Мьянмарын Манюува хот

Дэлхийн хамгийн том хэвтэж буй Буддагийн хөшөө болгож 90 метр урт, 60 метр өндөртэй хөшөөг 1991 онд байгуулжээ. Хэвтээ хөшөөний доторх нь хөндий бөгөөд хана, таазанд зураг, хөргүүдийг байршуулсан байдаг. Харин сүүлд 132 метр өндөртэй босоо хөшөөг байршуулсан нь нэг дор Буддагийн хос хөшөөг сүндэрлүүлсэн хамгийн том бүтээн байгуулалт болжээ.

10. Бурхан багшийн цэцэрлэг – Монголын Улаанбаатар хот

Манай улс 2005 оны зун Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсон билээ. 50 метр квадрат талбайтай уг бүтээн байгуулалт нь бүрэн цутгамал. Инээмсэглэл тодруулсан бурхан багш баруун гараа өргөж, алгыг нь дэлгэснээр энх тайван, айдасгүй амгалан байдлыг бэлгэджээ. Өндөр нь 27 метр юм.

Фото:
Фото: "Student Miss Mongolia-2020" тэмцээн боллоо
 
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Улаанбаатарт шөнөдөө -4 хэм хүйтэн хонох бол өдөртөө 2 хэм дулаан, ялимгүй хур тунадастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.