
Бүгд л өнөөдөр үдээс хойш хуралдах МАН-ын Бага хурлыг хүлээж байна. Эндээс гарах шийдвэр Монголын улс төрийн ойрын тав, арван жилийн үйл явцыг ерөнхий дүр зургаар нь зурж үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ намын дарга болон Ерөнхий сайдаараа үлдэх үү. Эсвэл дараагийн дүр гарч ирэх үү гэдэг зүйл юм.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар бол товчхондоо асуудал шийдэгдсэн. Одоо Л.Оюун-Эрдэнээс гадна Ардын намын бүхэлдээ толгойгоо ажиллуулж байгаа зүйл бол яаж унах вэ. Хэрхэн шороо тоос багатайхан шиг, намынхаа хагарал бутралыг өрдчихгүйхэн шиг нэг нь явж, нөгөөх нь ирэх вэ гэдэг дээр л тархи гашилгаж буй биз.
Тэгвэл хамтарсан засаг байх эсэхийг шийднэ гэгдээд буй Бага хурал яг энэ асуудлыг шийдэж чадах уу. Миний л харж буй өнцгөөр бол энэ зүйлийг МАН-ын бага хурал шийдэж чадахгүй байх. Тиймээс Бага хуралтай холбоотой хэд гурван зүйлийн талаар хамтдаа эргэцүүлцгээе.
НЭГ, Бага хурал хамтарсан нь зөв гэвэл Л.Оюун-Эрдэнийн бодлого цаашаа үргэлжлэх ёстой болно
Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хүссэн шиг хамтарсан ЗГ-ын хувь заяа буюу цаашаа хамтраад явах уу, үгүй гэдгийг шийдэх боломжгүй. Яагаад гэвэл МАН-ын Бага хурал дээр “Хамтарсан Засгийн газар байх нь зөв” гээд шийдвэр гаргачихвал яах уу. Ямар ч эргэлзээгүйгээр Л.Оюун-Эрдэнийн хийсэн Засгийн газрын бүтэц, бодлого цаашаа үргэлжлэх ёстой болно. Хоёрдмол утгагүйгээр Ерөнхий сайдын огцрох асуудал энэ удаад зогсоно. Бүгд байр байрандаа үлдэнэ гэсэн үг. Харин үүний гор нь талбай дээр байгаа жагсаал болон нийгмийн хилэн ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүрээнээсээ хальж “Ардын нам зайл” болж өөрчлөгдөнө. Энэ бол Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “Өөрөө өргөдлөө өг” гэдэг үгний цаад углуурга.
Нам дотор багагүй хугацаанд засаглачихсан, дээр нь Д.Амарбаясгалангийн хүмүүс Бага хурлын олонхыг бүрдүүлж буй. Энэ хоёр бол найз гэдэг агуулгаас давж, нэг үеэрээ хамтаараа засаглах гэж хичээж явж ирсэн хүмүүс. Тиймээс Д.Амарбаясгаланг Ерөнхийлөгч хэчнээн шахлаа ч гэсэн өөрийн гараас хийх санал биш тул хүмүүс нь хэрхэн шийдсэнийг эргээд шүүхэд хэцүү.
Тиймээс Бага хурал дээр хамтарсан ЗГ-ын хувь заяаг ярих нь хамгийн эрсдэлтэй. Нэг бол намын даргадаа итгэл үзүүлээд УИХ, парламент дээрээ асуудлыг шийдүүл. Үгүй бол Ерөнхий сайдыг өөрөө асуудлаа шийд гэдэг хувилбарыг Бага хурлын гишүүд тулгах байх.
ХОЁР, Хамтрахгүй явах нь Ерөнхийлөгчид ашигтай ч МАН улс төрөө дийлэхгүй
Ерөнхийлөгчийн зүгээс үзүүлсэн шахалт бол дангаараа засаглаад яв гэдэг зүйл. Дахиад л Бага хурал энэ шийдвэрийг гаргаад явах нь Ардын намд эрсдэлтэй. Учир нь энэ удаагийн парламент бол онцлогтой парламент. МАН өмнөх хоёр парламент шиг хэт олонх биш. 126 суудлаас МАН-д ердөө 68 суудал л байгаа. Дөнгөж тавин хувийн босго давсан МАН-ынхан хамтралгүй ЗГ бүрдүүлсэн дараагийн Ерөнхий сайдаа бүгд нэгэн зэрэг кнопдож хамгаална гэдэг шиг үлгэр хаана ч байхгүй. Өчигдөр Б.Дэлгэрсайхан сайдын хэлсэн шиг МАН хэсэгтээ л дотроо хуваагдана. Одоо сандал суудал, эрх ашгаа алдаж буй бүх сайдууд, Л.Оюун-Эрдэнийн талын хүмүүс эсрэг кноп дарна. Дээр нь нэмээд АН-ынхан улс төр хийнэ. “Женко” ч гэсэн эсрэг ажиллана. ХҮН нам засгаас гарчихвал ирэх намар гэхэд л аль хэдийнээ сөрөг хүчний дүрдээ орчихно.
Өөрөөр хэлбэл, Ардын нам 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам 8 суудал, ИЗНН 4 суудал, Үндэсний эвсэл 4 суудал авч бүрэлдсэн парламент дээр МАН дангаараа засгийн эрх барьж явна гэдэг маш хэцүү. Улс төрөө даахгүй.
Мэдээж ингэхийг шахаж байгаа Ерөнхийлөгчийн институтид энэ маш ашигтай. Аль ч цаг үед засаг, парламент тогтворгүй болж тооны харьцаа ойролцоо болсон үед Ерөнхийлөгч асуудлыг хагалдаг. Яг өнөөдрийнх шиг. Үүнийхээ ард улс төрийн бяр нь нэмэгдэж, далд гараараа УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд оролцох оролцоо нэмэгддэг билээ. Үүний хамгийн тод жишээ нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын үе юм.
Өөрөөр хэлбэл, дангаараа ЗГ-ыг байгуулж болно. Гэхдээ үнснээс ч хөнгөн, өднөөс хэврэг байх аюултай. Тиймээс МАН-ын Бага хурал дахиад л хамтрах уу, дангаараа байх уу гэдэг Ерөнхий сайдын хүслийг хэлэлцэх орон зай мухардалд ороод байгааг анзаарч байгаа биз. Хэрвээ хамтрал үргэлжилнэ гэвэл Ерөнхий сайд үлдээд “гал” нь нам руу нь ирнэ. Хамтралаа тараа гэвэл Ардын нам ирэх гурван жил үйлээ үзнэ.
ГУРАВ, Ерөнхий сайдад "ачааг" нь үүрүүлээд өөрөөр нь шийдүүлэх хувилбар тулгана. Эсвэл Ерөнхий сайд өөрөө өргөдлөө өгнө
Одоо тэгвэл шийдэл хайя. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Ерөнхий сайд Бага хурлынхаа эхэнд өөрөө өргөдлөө намдаа өгч магадгүй гэнэ. Намаа улам асуудал руу түлхэхгүй гэсэн л шийдэл байх. МАН бол ямар ч тохиолдолд намынхаа засаглалын хямралыг дэмждэг нам биш. У.Хүрэлсүх, М.Энхболдын үед л дүрмээс гажсан зодоон явсан. Бусад бүх үед алалцаж, алалцаж байгаад инээлдээд тэврэлдээд гараад ирдэг улс.
Хэрвээ Ерөнхий сайд ийм шийдэл гаргахгүй бол Бага хурал нь ёстой асуудлыг өөрөө шийд гэдэг утгатай бүдэг бадаг шийд гаргасан болоод тарах нөхцөл бүрдээд байна. Ерөнхий сайдыг хувийн асуудлаа өөрөө шийд гэдэг шийдвэр бол товчхондоо "Хариуцлагаа хүлээ" л гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд унасан ч үлдсэн ч МАН засаглана. Тэр унасан ч хүмүүс нь дараагийн засаг, улс төрийн үйл явцад оролцоод явна. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй эцсээ хүртэл үзэлцэнэ гэж л шийдээгүй юм бол Бага хурал дээр хамтрах, хамтрахгүй тухай ярих. Үлдэх, үлдэхгүй тухай хэлэлцэх газаргүй л байх.
Юу болохыг хамтдаа харцгааж л байя.
Г.Лхагвадорж
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!