Хамтарч засгаа байгуулсан МАН, АН, ХҮН намын дарга нарын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний эцсийн зогсоол энэ хүрээд дуусах уу, эсвэл цааш үргэлжлэх үү гэдэг нь өнөөдрөөс хамгийн их шалтгаална. Түүнчлэн Ерөнхий сайдын хүүгийн тансаглал бүсээ чангалсан иргэдийн бухимдлыг төрүүлж, "Огцрох амархан" лоозонтой жагсаал руу найм дахь өдрөө хөтөлж буй. Тэгвэл хамтарсан Засгийн газрын асуудлаарх УИХ-д суудалтай дөрвөн нам, эвслийн гишүүд, дарга нарын байр суурийг хүргэж байна.
-Хамтарсан Засгийн газар анхнаасаа хууль ёсны дагуу байгуулагдаагүй-
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Миний хувьд хамтарсан Засгийн газраас манай намын гишүүд гарах, орох тухай асуудал биш. Бүр анхнаас нь энэ Засгийн газар байгуулагдсан үйл явцыг хууль бус гэж үздэг байсан. Би 2024 оны сонгуульд Ардчилсан нам үүнээс илүү амжилттай оролцох боломжтой байсан гэдэг дүгнэлттэй явдаг.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар аль нэг нам, эвсэл олонх болсон бол Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулах ёстой. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа шаардлагууд зүй ёсных гэж үзэж байгаа. Ерөнхий сайд, МАН-ын даргын хүүтэй холбоотой асуудалд бухимдсан залуучууд өнөөдөр маш эрүүл, энгийн шаардлага тавьж байна. Тэд Ерөнхий сайдыг орлогоо нотол л гэж байгаа юм. Өнөөдөр бид зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд амьдарч байгаагийн хувьд хэн ч ямар ч худалдан авалт хийх хэрэглээтэй байж болох ч тухайн орлого нь хууль ёсных уу, татвар төлсөн орлого мөн үү гэдгийг нотлох шаардлагыг бид хүлээж авах л ёстой. Тиймээс нийгэм, улс төрийг талцуулж байхын оронд орлогоо нотлоод шаардлагатай бол мөнгөн гүйлгээгээ харуулчих хэрэгтэй. Мөнгө мөртэй л гэдэг шүү дээ.
Харин хамтарсан Засгийн газрын асуудлыг намын гишүүд нухацтай авч хэлэлцэх нь зүйтэй. Цаашлаад намын даргад хариуцлага тооцох эсэх асуудлыг дүрмээрээ ҮБХ хуралдаж шийдвэрлэх байх. Одоогийн байдлаар тов гараагүй байгаа.
-Хамтралын гэрээгээ нуусан Засгийн газрын асуудал МАН, АН-ын дотоод улс төр болж хувирсан-
ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Хамтарсан Засгийн газар анх байгуулагдахдаа УИХ-ын 126 гишүүний 118 гишүүний дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Тэгэхээр 118 гишүүний санал гэдэг бол хэт олонхын санал гэсэн үг. Үндсэндээ 118 гишүүн бүхий МАН, АН, ХҮН намын хоорондын засгийн газраа байгуулж, хамтран ажиллах тухай гэрээг миний бие УИХ-ын чуулганы хуралдаан болон Байнгын хорооны хуралдаанд хэд хэдэн удаа танилцуулахыг шаардсан боловч харамсалтай нь гар дээр ирж танилцуулагдаагүй. Нэг ёсондоо тэд Засгийн газар байгуулсан гэрээгээ нуучихсан гэсэн үг. Тэр гэрээг олж харъя гэсэн олон хүмүүс байсан байх. Засгийн газар байгуулах нь эрх зүйт төрийн Үндсэн хуулийн суурь зарчим бүхий улс орны чухал асуудал болохоос улс төрийн намуудын хувийн хамтрал биш.
Хоёрдугаарт, өнөөдөр тэд Засгийн газрын асуудлаа ярьж байгаа нь ерөөс МАН, АН-ын дотоод улс төр болчихлоо. Намынх нь удирдах болон төлөөллийн байгууллагууд нь хуралдахаар болж байна. Цаашид Засгийн газар байгуулагдахдаа УИХ дахь олонх цөөнхийн харьцаа дээрээ цаашид бодолтой байх ёстой юм байна гэдэг өнцөг эндээс харагдаж болохоор. Цөөнх нь хэт цөөнх, хэт олонх гэсэн ийм харьцаатай байгаа тохиолдолд Засгийн газар зөв байх тухай асуудалд хэцүү болох юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй юм байна гэдэг дүгнэлтэд хүргэж буй.
Эцэст нь энэ Засгийн газар Монгол Улсад хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлнэ гэж ажлаа эхэлсэн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мега төслүүдээ оруулахдаа УИХ-ын 118 кнопоо ашиглаж оруулж ирж батлуулсан. Энэ үзэгдэл нь хэт эрх мэдлийг өгсөн гэсэн үг. Хортой үр дагавар нь Засгийн газрын бүтцийг данхайлгаж, зарим шаардлагагүй зүйлсийг хөрөнгө хуваарилах замаар эрх мэдэл өгч ажиллуулах зам руу түлхсэн. Тиймээс энэ нөхцөл байдал өнөөдрийн хамтарсан Засгийн газрын нэг гол асуудал гэж хэлж болно.
Тиймээс улс төрийн шийдвэрүүд яаж ч гарсан ИЗНН-ын даргын хувьд цаад агуулгаар нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг тодорхой хүмүүст зориулж хийх ёсгүй гэдэг байр суурьтай байгаа.
-Засаг өөрчлөгдсөн ч төрийн ажил явдагаараа л явна-
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Мэдээж иргэдийн тавьж байгаа шаардлага зүй ёсны асуудал. Хуулиараа ч төрийн албан тушаалтан орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Хэрэв буруу мэдээлэл өгсөн бол зөрчлийн хуулиар шийтгэгддэг. Зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавиад байгаа шаардлага ч биш хэнд ч энэ шаардлагыг тавьж болно.
Тэртээ тэргүй УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. Ойрын өдрүүдэд нэгдсэн чуулганаар 2026 оны үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг хэлэлцэж байна. Энэ өөрөө хуулиар зохицуулагддаг учраас хувь хүнээс огт хамаарахгүй. Төрийн ажил явдгаараа л явна. Түүнээс биш засаг өөрчлөгдөхөөр зогсчихгүй байх.
-Бид итгэсэн. Үр дүнд нь юу болов гэдгийг дүгнэх цаг болсон-
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Намын бүлгийн хуралд Ерөнхий сайд өөрөө сууж тайлбараа хийсэн. МАН өөрийн гэсэн дүрэм, журамтай. Түүгээрээ ёс зүй, сахилга хариуцлагын асуудлаа ярьдаг. Миний хувьд МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд улс төрийн шийдвэрээ гаргах хэрэгтэй л гэж бодож байна. Намын бага хурлаар хамтарсан Засгийн газар энэ маягаараа байх нь зөв үү, үгүй юу гэдгийг ярилцана. Манай намын улс төрийн хувьд энэ зөв шийдвэр байсан уу, үгүй юу гэдгээ дүгнэх цаг болсон байна.
Бид итгэсэн, найдсан. Эвлүүл гээд хамтарсан Засгийн газрыг байгуулаад өгсөн. Үр дүнд нь юу болсон гэдгийг дүгнэх цаг ирж байна. Ялангуяа улс төрийн бодлого, шийдвэрийн хувьд намын байгууллагууд хуралдаж ярих л ёстой. Харин хувь улстөрчтэй холбоотой асуудлаа өөрөө шийдэх ёстой байх.
-Монголын эрх ашигт нийцэх зүйл огт биш гэж үзвэл хамтарсан Засгийн газар солигдох ёстой-
ХҮН намын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Том төслүүд олон ч жил гацсан. Бүгд нийлж байгаад зоригтой, эрч хүчтэйгээр том төслүүдээ явуулъя гэж анх хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Мэдээж эдгээрийг хийхийн тулд орлого сайн олох хэрэгтэй. Миний хувьд энэ Засгийн газрыг айхтар муу ажилласан гэж бодохгүй байна. Тэр дунд манай намын нөхдүүд ч бий.
Гэвч суурь орчин нөхцөл нь өөр болж ирж байна. Түүхий эдийн үнэ уначихлаа. Мөнгө олдохгүй байна. Үүнд дүгнэлт хийгээд Газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төсөл зэрэг гол юмаа барьж аваад түүндээ төвлөрөөд явах ёстой атал том мега төслүүдээ заавал нэгэн зэрэг хөдөлгөнө гэж зүтгэж байгаа нь буруу. Тэгээд мөнгө хаанаас олох юм гэхээр Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлаад ордуудаараа бартер хийчихье гэдэг асуудал хүртэл чуулганаар яаралтай горимоор оруулж ирсэн. Тэр үед миний хувьд шууд л эсэргүүцлээ илэрхийлсэн. Олон ч гишүүд дуугарсны дүнд буцаасан.
Дараа нь гурван том мега төслийг төсвөөс гадуур гаргаж, зээл татаж оруулаад буцааж улсын өр дээр нэмэх санаархлыг хийж байна. Энэ мэт олон асуудлуудыг ярьж болно. Энэ утгаараа Монголын эрх ашигт нийцэх зүйл огт биш гэж үзвэл хамтарсан Засгийн газар солигдох ёстой гэж үзэж байгаа. Тиймээс өнгөрсөн амралтын өдөр талбай руу гарч залуучуудын эрүүл шаардлагыг дэмжиж гарын үсгээ зурсан.
Эцэст нь хэлэхэд надад Ерөнхий сайд, сайд нар таалагдахгүй байна гэсэн зүйл байхгүй. Гол нь Засгийн газар яагаад аюултай үйлдэл хийгээд байна вэ гэдгийг бартерын хуулиас авхуулаад илэрч байгаа санаагаар нь хараад байгаа юм. Үүндээ тулах юм бол огцорсон нь дээр л гэж үзэж байгаа юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!