Жил бүр өсвөр насны 7000-8000 охин жирэмсэлж, 60 гаруй хувь нь үр хөндөлтөөр дуусдаг бол үлдсэн охид нь хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хүүхдээрээ ээж болдог гэдэг судалгааг охид эмэгтэйчүүдийг хамгаалах “Үжин” төвөөс гаргасан байна.
Тэдний нэг нь 10 настай охин гэдгийг ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч бидэнд өгсөн яриандаа онцлов. Хорвоогийн хамгийн цэвэр ариун, эмзэг нандин бүхэнтэй зүйрлэдэг бидний жаахан охид хүүхдээрээ хүүхэд тээж, хүнд ачаа үүрч байгаагийн цаана томчуудын шийдэх ёстой маш олон асуудал бий.
Эцэг эхийн хараа хяналт сул. Түүнийг нь далимлуулж ураг төрлийн хүн нь, хойд аав нь хүртэл хүчирхийлдэг, үл хайхрах хүчирхийллийн улмаас өөрийн хүсэл, өрөөлийн нөлөөгөөр буруу алхам хийдэг гээд маш олон асуудал бий. Энэ бүхнээс шалтгаалсан өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт их байна.
2022 ОНД 10-14 НАСНЫ 21 ХҮҮХЭД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖЭЭ
Мэргэжлийн хүмүүсийн хэллэгээр 20 наснаас өмнөх төрөлтийг өсвөр насны охидын төрөлт гэдэг аж. Манай улсад хамгийн залуу төрөлт хэдэн настай байсан талаарх болон охидын жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотой мэдээлэл хомс юм. Бидэнд олдсон мэдээллээр,
2022 онд 626, 2023-9 сарын байдлаар 435 өсвөр насны охин үр хөндүүлсэн гэсэн тоон мэдээлэл байна. Түүнээс гадна 2022 онд 10-14 насны 21, 15-19-тэйдээ хүүхэд төрүүлсэн 2370 охин байна. Энэ бол эмнэлгүүдээс өгсөн албан ёсны тоо. Нууцаар бүртгэлгүй үр хөндүүлсэн бага насны хэдэн охин байгааг хэн ч мэдэхгүй.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ: ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ЖИРЭМСЛЭЛТ, ҮР ХӨНДӨЛТ, БЗХӨ-ИЙ АСУУДАЛ ЭМЧ НАРЫН САНААГ ХАМГИЙН ИХЭЭР ЗОВООЖ БАЙНА
Эндээс харахад, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт охидтой ээж, аав бүрийн анхаарал хандуулах асуудал болоод байна. Түүнээс гадна эмэгтэйчүүдийн эмч нар ч эл асуудалд санаа чилээж, анхаарал хандуулах цаг болсныг сануулсаар байна. Бид ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч С.АМАРМАНДАХтай уулзаж, энэ талаар тодруулахад, "Би гуравдахь шатлалын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмчээр ажилладаг. Миний санааг хамгийн ихээр зовоодог нэг асуудал байгаа нь өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, БЗХӨ-ий асуудал. 10 настай хүүхэд хүртэл жирэмсэлж байна. 14-18 насны охид БЗХӨ-өөр өвчлөх тохиолдол нэмэгдэж, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлттэй холбоотойгоор УМАЙ, ҮР ДАМЖУУЛАХ СУВГАА авхуулж байна. Янз бүрийн баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглээд бэлгийн хавьталд ордог. Үр дагавар нь үр хөндөлтөд хүргэдэг. 14, 15 настай жаахан охид ийм байдалд хүрч байгаа нь эцэг эхийн хараа хяналт, хүүхдүүдийн хүмүүжилтэй шууд холбоотой. Тиймээс зайлшгүй анхаарахгүй бол болохгүй байна" гэлээ.
ЦЭВДЭГ СЭТГЭЛТ ХҮЧИРХИЙЛЭГЧДЭЭС, ЦЭЦЭГ ШИГ ОХИДОО “НУУЦГААЯ”
Жил бүр өсвөр насны 7000-8000 охин жирэмсэлдэг гэх тоон мэдээллийг бид дээр дурдсан. Эдгээрийн дийлэнх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс үүдэлтэй байдаг аж. "Жил ирэх тусам 10-15 насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байна. 2016 онд 100 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл бидэнд олдсон бол 2023 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 400 болж өссөн байна.
Хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж хүүхэд насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой . Аливаа хүчирхийллийн цаана ямархан хор уршиг дагуулж байдаг нь бидний нүдэнд тэр бүр ил харагдахгүй. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд өөрт тохиолдсон айдас хүйдсээ аль болохоор л дарж нуухыг л чухалчилна. Харин хүчирхийлэл өөрөө ямархан хэмжээний уршиг дагуулдгийг бид бүхэн сонсож, дуулж байсан.
Тиймээс нийт эцэг эхчүүддээ, Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг болсон энэ цөвүүн цагт бага насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй, орой үдэш ганцааранг нь гадуур явуулахгүй байх нь гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа нэгний үйлдлийг нэн даруй таслан зогсоох хамгийн зөв арга юм шүү гэж хэлмээр байна.
Мөн Монгол Улсад өсвөр насны охидын жирэмслэлтээс сэргийлэхийн тулд Засгийн газар, олон нийт, хувь хүмүүс өсвөр насны охидод хөрөнгө оруулалт хийж, тууштай ажиллах шаардлагатай, Монголын өсвөр үе, залуучуудад насных нь онцлогт тохирсон бэлгийн цогц боловсрол олгож, насан туршдаа эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх, өсвөр үеийнхнийг мэдээлэлд суурилсан сонголт хийж, эрүүл аж төрдөг болгохын тулд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээг хүртээмжтэй болгох хэрэгтэй байгааг энд онцлоё.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!