Танилц: Энэ сараас хэрэгжиж эхэлсэн ХУУЛЬ, ТОГТООЛУУД

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 19 секунд

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиудыг танилцуулж байна.

-------------

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасан байдаг.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус, тус шинэчлэн тогтоосон.

Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Тус зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын /2024.12.25/ хуралдаанаар шийдвэрлэсэн.

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэнэ.

Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1.166.000 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954 мянган төгрөг болж нэмэгдэнэ.

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЛИЙГ 10-25 ХУВЬ БОЛГОНО

2024 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчилсэн. Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчдын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчилснээр тэдний амьдралын баталгаа сайжран, албандаа зүтгэх зүтгэл нэмэгдэж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэнэ гэж үзжээ. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгохоор шийдвэрлэсэн юм.

20 жилийн дараа шинэчилсэн уг журамд:

  • Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч – 10 хувь
  • Дотоодын цэргийн офицер, ахлагч – 15-25 хувь
  • ШШГБ, Хорих байгууллага- албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ТЭТГЭВРИЙГ ХУВЬДАА ЗАВШДАГ ПАРАЗИТУУДЫГ 6 САРААС 1 ЖИЛЭЭР ХОРЬДОГ БОЛНО

Ахмад настны тухай хуулийг 2017 онд УИХ-аас баталж, улмаар 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэхдээ ахмадуудын эсрэг эдийн засгийн хүчирхийлэл, дарамтыг арилгахын тулд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэх шинэ заалтыг оруулжээ.

Тэгэхээр эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг празитууд 2025 оноос Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг болох нь.

ОДОНТОЙ ЭХЭД ОЛГОДОГ МӨНГӨН ТУСЛАМЖИЙН ХЭМЖЭЭГ 2 ДАХИН НЭМЖ 400 МЯНГА БОЛГОНО

Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийн хэмжээг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.

"Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Тэгвэл олон хүүхэд төрүүлж, өсгөсөн болон өсгөж байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Эхийн алдар” одонтой эхийн мөнгөн тусламжийн хэмжээг Монгол Улсын төсвийн нөхцөл, боломжид уялдуулан 2025 оноос хоёр дахин нэмэгдүүлсэн. Уг шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр Эхийн алдар нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байгаа юм.

АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛЖ, ОЮУТНУУД ҮНЭГҮЙ ЯВАХАА БОЛИНО

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулахаар болсон. Уг тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа.

Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө.

Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

ДУЛААНЫ НЭМЭГДСЭН ТАРИФЫГ 9-Р САРЫН 15-НААС МӨРДӨЖ ЭХЭЛНЭ

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмсэн. Харин дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс буюу 2025 оны халаалтын улирал эхлэхэд бодит өртөгт хүргэж, мөрдүүлэхээр болсон юм.

Айл өрхүүд 2025 оны есдүгээр сарын 15-наас халаалт нээхэд, албан байгууллагууд 10-р сарын 1-нээс дулааны төлбөрөө нэмэгдсэн тарифаар төлж эхэлнэ.

Тухайлбал, 50 ам.метр талбайтай орон сууц бүхий дөрвөн ам бүлтэй дундаж өрхийн дулаан төлбөр сард 42 мянган төгрөг гардаг. Тарифыг хоёр дахин нэмснээр 84 мянган төгрөг болно гэж ЭХЗХ-ноос мэдэгдсэн юм.

ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КИРИЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ

Монгол хэлний тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нд батлагдсан. Энэ хуулийн:

11.1.4. төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн заалт бий бөгөөд энэ заалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 4-Р САРЫН 1-НЭЭС 792 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОЖ НЭМНЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь нэмж, 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргав. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 онд 660 мянган төгрөг байна. 2026 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэх талаар санал гаргаад буй талаар ГБХНХЯ-наас мэдээлсэн юм.

Амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ
Амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ
 
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦЕГ: Согтуугаар жолоо барьсан гэх эмэгтэйг илрүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!