Улиран өнгөрч байгаа 2024 онд cоёл урлагийн салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
--------------------
"THE MONGOL KHAN" жүжиг түүхийн шинэ хуудас эхлүүлэв
Монголын уран бүтээлчид түүх, соёл урлагаа "The Mongol Khan" жүжгээр дамжуулан Их Британийн алдарт Колизей театрт тунхаглаад ирсэн билээ. Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бүтээл "Тамгагүй төр" жүжгийг шинэчилсэн найруулгаар өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард Их Британийн Лондон хотноо тоглосон нь багагүй амжилт олсон.
Уильям Шекспирийн зохиолуудад өлгийдүүлэн театрын тайзнаа хөл тавьж байсан уран бүтээлчид ийнхүү Монгол бүтээлээ театрын өлгий нутагт толилуулсан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм.
“Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42.000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол 2024 онд, жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30.000 гаруй үзэгчдэд хүргэжээ. “Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали, Малайз зэрэг олон улсын 10 орчим продюсинг компаниуд ирж үзсэн байна.
Тэгвэл “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment Japan компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2025 оны аравдугаар сарын 10-20-нд Токио хотод, аравдугаар сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болжээ.
“Монгол хаан” жүжгийн тоглолт нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.
"THE HU" хамтлаг эх орондоо анх удаа тоглолтоо хийв
"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг Монголын Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо өнгөрсөн долоодугаар сарын 10-нд эх орондоо толилуулсан юм. Түүнчлэн тус хамтлаг Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсон билээ. "The Hu" хамтлагийг 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондог үүсгэн байгуулсан ба Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодгоороо онцлог.
О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг каунтри дуучин болов
О.Энх-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сарын 14-нд Малайзад болсон Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан алдаршуулдаг "The Knights Award" арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” номинацид нэр дэвшин азийн шилдэг каунтри дуучнаар шалгарсан юм.
Анх 20 настайдаа “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болж, өвөрмөц хоолой, чадварлаг дуулалтаараа олонд танигдсан О.Энх-Эрдэнэ сүүлийн жилүүдэд тив дэлхийн чанартай шоу, арга хэмжээнд уригдаж, амжилт бүтээлээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд буй. Тэрбээр дэлхийн хэмжээний super star, өөрийнхөө IDOL буюу Франк Синатра шиг болох мөрөөдөл өвөртлөөд, түүнийхээ төлөө хичээж байгаа аж.
Жүжигчин Б.Барслхагвын тоглосон “Vivant” кино “Tokyo drama awards-2024” наадмын Гранпри шагнал хүртэв
“Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон “Vivant” олон ангит кино “Tokyo drama awards-2024” наадмын Гранпри шагнал хүртсэн. Өнгөрсөн аравдугаар сард Японы Токио хотноо болсон уг арга хэмжээ нь 17 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд уг шагналыг Японы продюсеруудын холбоо, Японы телевизүүдийн холбооны продюсеруудын саналаар сонгож олгодог байна. Сонирхуулахад, “Vivant” олон ангит киноны гол үйл явдал зохиомол Балка улсад өрнөх бөгөөд Улаанбаатар, Дархан, говьд зураг авалтыг нь хийж, бодит эффект болон компьютер график ашиглан Балка улсыг харуулсан байдаг. Түүнчлэн уг кинонд Монголоос жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар дүр бүтээсэн билээ.
Шархалсан зүрхний эм 6х6
2024 онд дурлалдаа шаналсан хүн бүр 6х6 дууг сонсож байна. Магадгүй цаашид ч энэ дуу шаналсан зүрхнүүдийн хань, анагаагч нь байх болов уу. 6х6 дууны үг, аяыг “The Royal Heartaches” амьд хөгжмийн хамтлагийн дуучин Энни өөрийн анхны хайраас сэдэвлэн зохиожээ. 6х6 бол яг одоо энэ цаг хугацаанд байгаа хамгийн гайхалтай дуу. Дууны үг бүр нь, үйл явдал нь үнэн учраас маш сүнслэг гэхэд буруудахгүй болов уу. Тус дуу 9 сарын өмнө цацагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар youtube хуудаснаа 15 сая хандалт авчээ. “The Royal Heartaches” амьд хөгжмийн хамтлаг нь 2022 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Таван гишүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна. Alternative pop, indie урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
"Баавгай болохсон" Оскарт нэр дэвшив
Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон“ УСК 97 дахь удаагийн “Оскар”-ын кино наадамд Монгол Улсын нэрийн өмнөөс нэр дэвшсэн ч харамсалтай нь хасагдсан юм.
Найруулагч П.Золжаргал өөрийн цахим хуудаснаа "Баавгай болохсон" киногоороо Оскарын шагналын шилдэг гадаад кино төрөлд анхан шатанд оролцсон маань нэр төрийн хэрэг байлаа. Оскар сүүлийн жагсаалтад үлдэж дөнгөсөнгүй. Энэ удаад Монголын Кино Урлагийн Зөвлөлийн коммунист цензур давах гэж үзэж тарж, хамаг тамираа барсан хэдий ч үзэгч олны маань дэмжлэг үнэхээр урам зориг минь байлаа. Амьдрал урт, мөрөөдөл дүрэлзсэн хэвээр. Та бүхэнд баярлалаа" хэмээжээ.
Учир нь Монголын кино урлагийн зөвлөлөөс энэ жилийн “Оскар”-ын кино наадамд нэг ч монгол бүтээл явуулахгүй байх шийдвэрийг анх гаргаж байв. Өөрөөр хэлбэл, “Баавгай болохсон“ киног ямар шалтгаанаар нэр дэвшүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдээгүй байсан учраас олон нийтийн зүгээс энэхүү үйл явдалд ихээхэн бухимдсан. Улмаар иргэд тус киног “Оскар”-ын шалгаруулалтад нэр дэвшүүлэх олон нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулж, Оскарт нэр дэвшсэн нь энэ юм.
"Фантастик" продакшн рекорд тогтоов
Кино театруудын менежментийн холбооноос 2017 оноос 2024 оны тавдугаар сар хүртэлх хамгийн шилдэг борлуулалттай кинонуудыг жагсаажээ. Эл жагсаалтыг "Фантастик" продакшны "Зура-3: Цэвэрлэгээ" уран сайхны кино тэргүүлсэн байна. Тус уран бүтээлийг нээлтээ хийснээс нь хойш кино театруудын дэлгэцнээ нийт 297.645 үзэгч үзсэн аж. Түүнчлэн тус продакшны "Зура-2: Цурам ажиллагаа" уран сайхны кино жагсаалтын гуравдугаарт, "Маш нууц: Байтаг богд" уран сайхны кино дөрөвдүгээрт, "Зүрхний хилэн" уран сайхны кино долдугаар байрт мөн эрэмбэлэгдсэн байдаг.
17 жилийн дараа ГАЛА хамтлаг эргэн нэгдэв
Нэгэн цагт содон төрх, уянгалаг хоолой, шинэ имижээр охид, залуусыг байлдан дагуулж явсан "Гала" хамтлаг 17 жилийн дараа эргэн нэгдсэн. Тэд арванхоёрдугаар сарын 10-нд "Уучлаарай Зулаа" дуугаа шинэ өнгө төрхтэйгээр клипжүүлж цацсан юм. Өдгөө тус хамтлаг эргэн нэгдэж шинэ жилийн арга хэмжээнд ая дуугаа өргөж яваа.
Тус хамтлаг 2004-2007 оны хооронд уран бүтээлээ туурвих хугацаандаа хоёр цомог гаргаж, нэг удаа бие даасан тоглолтоо хийж, тухайн үедээ л шуугиан дэгдээж байв. Гала хамтлагийн гаргасан дуу бүр тухайн үеийнхээ жагсаалтуудийг тэргүүлж байсан юм.
Төрийн соёрхолт "Харанга" хамтлаг 35 жилийн ойн тоглолтоо хийв
Тэртээх 1989 онд ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих эргэлтийн үед Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн байр суурийг тунхаглан хүнд рок урсгалаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн “Харанга” хамтлагийн 35 жилийн ой энэ онд тохиосон.
Улмаар хамтлагийнхан 35 жилийн ойдоо зориулан “Амьдрал” амьд хөгжмийн тоглолтыг өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хийсэн юм.
Монголын амьд хөгжмийн урлагийн түүхэнд тод мөртэй, баялаг түүхтэй, чансаатай уран бүтээлтэй, хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлэн гавьяатын тэмдгийг энгэртээ зүүж, хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртсэн анхны бөгөөд цор ганц хамтлаг бол “Харанга” юм.
42 дахь удаагийн “Болор цом”-ын эзнээр А.Лхагва тодров
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом-42” яруу найргийн наадам арваннэгдүгээр сарын 27-нд болж өнгөрлөө. Тус наадамд Дундговь аймгийн уугуул Монголын зохиолчдын эвлэл болон Нацагдоржийн нэрэмжит шагналт А.Лхагва тэргүүлж, “Болор цом”-ын эзэн болсон. Энэ удаагийн наадамд нийт 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагчийг шалгаруулж, тайзнаас шүлгээ унших эрхтэй болсон юм.
МУГЖ С.Жавхлан Халимагийн Гавьяат жүжигчин болов
Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Халимагийн Ерөнхийлөгч Бату Хасиковын зарлигаар Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Самандын Жавхланд Халимагийн Гавьяат жүжигчин цол олгосон. Ингэснээр Самандын Жавхлан нь Монгол, Тува, Буриад, Халимаг улсын Гавьяат жүжигчин болсон юм.
2024 оны шилдэг ДИСС: Rokit bay VS FLA
Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн FLA гуравдугаар сарын 24-ны 16:00 цагт гаргасан дуундаа Rokit bay-ыг "Нийгэм ийм новшийн байгаа нь чиний фенүүдийнх л байх. Бүх репперүүд айж яв, намайг амьд сэрүүн байхад. Золбин репперүүдийг би үргэлж зуурсаар л байна. Ах зах надад хамаагүй зүгээр холхон бай" гэсэн бол Rokit bay хариуг нь долоон цагийн дараа барьж алдарт BLAAVGAI нэртэй дуугаа цацсан юм.
Rokit bay-ийн дээрх дууг улс төрийнхөн хүртэл хэрүүлдээ ашиглаж байв Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй "алалцаж" байх үедээ "Би чиний тархинд удаан оршино, түрээсгүй" гэх BLAAVGAI дууны үгнээс иш татсан байдаг.
Дэлхийн одод Монголд цуглав
Өдгөө 42 настай БНСУ-ын дуучин, ая зохиогч, бүжигчин, жүжигчин Rain есдүгээр сарын 15-нд Монголд тоглолтоо хийсэн. Тэрбээр дуучны хувиар долоон цомог, 28 сингл, 20 гаруй бие даасан тоглолт хийж, жүжигчний хувьд БНСУ, БНХАУ, Холливүүдийн 20 орчим дэлгэцийн бүтээлд дүр бүтээгээд буй. Түүнчлэн Rain Солонгосын энтертаймент салбарын тэргүүлэгч 100 хүний жагсаалтын гуравт бичигдэж, 2006, 2011 онд Time сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарч байв.
Дээрх тоглолтод , 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара оролцсон юм. БНСУ-ын хоёрдугаар үеийн охидын хамтлагийн тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигддэг 2NE1 хамтлагийн гишүүн Сандара нь авьяаслаг дуучин, жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт шүтэн бишрэгчидтэй олон улсын супер од.
2016 онд хамтлаг үйл ажиллагаагаа зогсоосон ч 2024 оны аравдугаар сарын эхээр хамтлаг эргэн нэгдэж, 15 жилийн ойгоо тохиолдуулан олон улсад бүрэн хэмжээний аялан тоглолтоо хийгээд явж буй.
Зуныг зугаатай өнгөрүүлэх олон тоглолтууд болж өнгөрөв
“Төв цэнгэлдэх хүрээлэн”-д жилдээ 12-15 удаа тоглолт болдог бөгөөд 2024 онд харьцангуй цөөхөн тоглолт болжээ. Төв цэнгэлдэхийн тоглолтын салхийг зургаадугаар сарын 8-нд реппер, продюсер Desant-ын "Big Fish" тоглолтоороо хагалж, наймдугаар сарын 10-нд “The Night” with us, наймдугаар сарын 17-нд "Энэ мөч" live concert, наймдугаар сарын 24-нд Харанга, есдүгээр сарын 14-нд "Пуужин Баяраа" тоглолт болжээ.
Харин HIT PARK-д наймдугаар сарын 9-нд Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан “All in HIT” тоглолт, наймдугаар сарын сарын 17-нд “JAH KHALIB Mongolia-2024”, наймдугаар сарын 24-нд BIG GEE”-ийн "THE LEGACY" тоглолт, есдүгээр сарын 15-нд БНСУ-ын дуучин Rain-ий "Super concert", есдүгээр сарын 20-нд Outlaw, хамтлаг 20 жилийнхээ ойд зориулсан "Зүрхэн тэнгэрийн наран" тоглолтоо тус, тус хийжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!