СЭДЭВ: ТӨХК-иуд руу 58 мянга, гадаад руу 154 мянган дотоодын ажиллах хүч “нүүдэллэжээ“

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
22 минут 30 секунд

Өнгөрөгч өдрүүдийн хамгийн "гал"-тай сэдвээр гадаадын ажиллах хүчтэй холбоотой хуулийн төслүүд түүний эргэн тойронд өрнөсөн хэлцэл, маргааныг нэрлэж болно. Улмаар хэдхэн хоногийн зайтай өргөн барьсан хоёр хуулийн төслийн нэг нь эргүүлэн татагдаж, нэг нь цаашид хэрхэх вэ гэдэг "дэнсэн" дээр зогсож байна. Тэгвэл өнөөдөр "ажиллах хүч" сэдвийн дор хөндөгдөх хөдөлмөрийн зах зээл, түүний эрэлт нийлүүлэлтийн харьцаа, суурь шалтгаан зэргийг нэг дороос хүргэхээр бэлтгэлээ.

-СУДАЛГАА: 2028 он хүртэл ажиллах хүчний хомсдолтой байна-

Ингэхдээ Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгаагаар Монгол Улс 2028 он хүртэл хүн амын насны бүтцээс хамааран ажиллах хүчний хомсдолтой байх үр дүн гарсан байна. Тодруулбал,

2023 онд аж ахуйн нэгж, байгууллагуудын 26.3 хувь нь ажиллах хүчний хомсдолд орж, шаардлагатай ажилтанг авч ажиллуулж чадаагүй нь судлагдсан байна. Өөрөөр хэлбэл, компаниуд шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлж чадахгүй, улмаар бүтээмжид нь өөрчлөлт орж эхлэв. Энэ утгаараа хөдөлмөрийн зах зээл дэх дутагдаж буй хүний нөөцийг гаднаас нөхөх боломж байгаа боловч энэ нь эргээд ААН, байгууллагууд санхүүгийн хувьд хүндрэлтэй сорилттой нүүр тулж буй хэрэг болж буй юм.

-ӨНӨӨДӨР: Цар тахлын дараагаар 3 мянга хүртэл буурч байсан гадаад ажиллах хүчний тоо 2024 онд 17 мянга болж өсөөд байна-

Манай улс өнгөрсөн хугацаанд ч гадаадаас ажиллах хүч авч ирсэн. Ажиллагсдын квоттой холбоотой асуудал нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Ашигт малтмалын тухай холбогдох хуулиар зохицуулагддаг. Тэгвэл Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу хэр хэмжээний ажиллах хүч орж ирж байв гэдгийг дараах графикаас харж болно.

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу 2017-2019 оны хооронд 10 мянга давж байсан гадаад ажиллах хүчний тоо цар тахлын улмаас 2020-2021 онуудад огцом буурчээ. Улмаар ковидын дараагаас эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа өргөжсөнөөр 2022 онд 10.8 мянга, 2023 онд 19.6 мянган гадаад ажилтан тус тус хөдөлмөр эрхэлсэн байна.

Харин 2024 оны эхний 9 сарын байдлаар гадаадын 106 улсын 17831 иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5608 хүнээр буюу 45.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

-СУДАЛГАА: Ойрын хугацаанд 140 мянга гаруй ажлын байр бий болохоор байна-

Тэгвэл цаашид хэчнээн ажлын байр шинээр үүсэх болон түүнд шаардлагатай ажиллах хүч шаардлагатайг дараах байдлаар судлагджээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого, улс орны хэмжээнд хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд

2025 он хүртэл нийт 285 мянган ажлын байр бий болох урьдчилсан тооцоолол гарсан байна. Үүнээс 140 гаруй мянга нь бүтээн байгуулалтын үед буюу ойрын хугацаанд бий болохоор байгаа аж.

Энэхүү таамаглалаар 2025 онд эдийн засгийн өсөлтөөсөө хамаарч, дараах тооны ажилтныг нэмж нийлүүлэх шаардлага үүсэж буй аж.

Энэ хэмжээний ажиллах хүчинг бий болгоход дан ганц дотоодоос бус гадаадаас ажиллах хүч татах шаардлага өсөн нэмэгдэнэ гэж үзэж буй аж. Гэвч сүүлийн жилүүдэд гадаад ажиллах хүч хангалттай хэмжээнд орж ирж чадахгүй байгаа талаар салбар салбарын бизнес эрхлэгчид хэлж буй юм. Ингэхдээ тэдний зүгээс гол тулгамдаж буй асуудлаа гадаад ажилтныг оруулж ирэхэд төлдөг ажлын байрны төлбөр гэж нэрлэж байгаагаас үүдэн Засгийн газраас эл төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг тусгасан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслөөр өргөн барив.

Энэ талаар хуулийн төслийн танилцуулгадаа "...дотоодоос хангах боломжгүй, хомсдолтой байгаа ажлын байранд гадаад ажилтан авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадын ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, зарим тохиолдолд чөлөөлөх нь хувийн хэвшилд ирэх ачааллыг бууруулах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, эдийн засгийг сэргээх ач холбогдолтой" гэж дурджээ.

Мөн гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоох асуудлыг цаг хугацааны хувьд улсын төсөв батлагдсаны дараа буюу ирэх оны төсвийн хөрөнгө оруулалт тодорхой болсоны дараа шийдвэрлэх нь илүү зохимжтой байгаа талаар хуулийн төсөлд тусгасан байдаг.

-ХАРЬЦУУЛАЛТ: П.Сайнзориг нарын хууль квотын асуудлыг хөндөж, Засгийн газрын хууль ААН байгууллагуудад ажлын байрны хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх асуудлыг хөндсөн гэв-

Тэгвэл олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа эргүүлэн татсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын болон Засгийн газраас өргөн барьсан ажиллах хүчтэй холбоотой эл хуулийн төслийн заалтуудыг харцгаая.

-Гадаадын иргэдийн квотыг ДАРААХ хуулиудаар тогтоодог-

Засгийн газраас үндсэн дөрвөн агуулгаар хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд квотын асуудлыг огт хөндөөгүй хэмээн өчигдөр мэдэгдсэн юм. Ингэхдээ квоттой холбоотой асуудал нь үндсэндээ гурван хуулийн заалтаар зохицуулагдаж явдаг аж. Тодруулбал,

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд:

27.4 Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо Монгол Улсын харъяат хүн амын гурван хувь үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно.

Ашигт малтмалын тухай хуульд:

43.1.1 Гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй гэж тус тус заажээ. Үүнээс гадна квотын асуудлыг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Ашигт малтмалын тухай холбогдох хуулиар зохицуулж өгсөн байдаг.

-Ёстой л хүний хүчээр явдаг барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын салбарт маш хэрэгтэй байгаа хуулийг ор мөргүй унагаачих вий гэсэн болгоомжлол төрж байна-

Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатараас салбарын нөхцөл байдал, ажиллах хүчний хомсдол болон эл хуулийн төслийн талаар байр суурийг нь сонссон юм.

-Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнд газрын тос тэргүүтэй салбараас бусад салбарт ажиллах хүч оруулж ирж байгаа ААН-үүдийг төлбөрөөс чөлөөлөхтэй холбоотой заалт орж ирж байна. Ажиллах хүчний хомстол хийгээд эл хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай салбарт ажиллах хүчний хомстол нүүрлээд байгаа нь үнэн. Үүнээс шалтгаалж бүтээн байгуулалтууд удааширч, улмаар орон сууц, барилгын үнэ нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөллүүд маш ихээр гарч эхэлсэн. Түүнчлэн ажиллах хүчний хомстлоос шалтгаалж цалингийн өсөлт гэх зүйлтэй бид нүүр тулсан. Төрөөс тогтоож байгаа цалингийн тариф маш бага гэтэл зах зээлийн цалин нь өндөр байдаг. Энэ байдлаас шалтгаалж ажил олгогч нар алдагдал хүлээж, өрөнд орж эхэлсэн. Энэ утгаараа бид сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөр нийгэм, хамгааллын яамтай эрчимтэй уулзалт хийж, гадаадаас ажиллах хүч оруулахтай холбоотой төлбөрийг чөлөөлж өгөх хүсэлтийг тавьсаар ирсэн. Бид гадаад ажиллах хүчний квотыг байхгүй болгох талаар яриагүй. . Гол нь ажиллах хүч оруулж ирэхтэй холбоотой төлбөрийг нь чөлөөлж тэглэж өгөөч гэх санал тавьсан.

Үнэхээр монгол улсад ажиллах хүч олдохгүй байна. Өдрийн 100-150 мянган төгрөг санал болгоод ч ажиллах хүн ирэхгүй байна. Ирсэн ч нэг хоёр өдөр ажиллаад л яваад өгнө. Эсвэл цалингаа буухаар алга болчихдог. Өөрөөр хэлбэл, тогтвортой ажиллах хүчин олдохгүй байна. Тэр чинээгээрээ салбарын бүтээн байгуулалт, бүтээмжид нөлөөлж байгаа юм.

Энэ асуудлыг тавьж явсаар Л.Энх-Амгалан сайд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл энэ хуулийг өргөн баригдахаас нэг хоногийн өмнө П.Сайнзориг тэргүүтэй гишүүд хоёр заалт бүхий ажиллах хүчтэй холбоотой хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулж, улмаар хуулийн төслийг буцаан татлаа. Нөгөө талдаа бидний гайхаж байгаа зүйл бол, П.Сайнзориг нарын гишүүд энэ салбарынхантай уулзаж үзсэн үү, ямар хэрэгцээ шаардлага байгааг судалсан уу гэдэг явдал. Гэтэл бид асуудал хариуцсан салбар яамтай нь хоёр жил санал тавьж ярилцсан. Ингээд 12 дугаар сарын 19-нд ГБХНХяамнаас хуулийн төслөө өргөн барьсан.

Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан нь цоо шинэ хууль биш. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар өргөн барьсан хуулийн төсөл юм. Ингэхдээ төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх талаар асуудлыг багтаасан. Энэ хуульд квотыг байхгүй болгох талаар нэг ч үг үсэг байхгүй.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар, гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа компаниуд дээр 50 хувийн төлбөрийн хөнгөлөлт үйлчилж байгаа. Гэхдээ ингэж хөнгөлсөн ч ажил олгогчдод гадаадаас ажиллах хүч оруулж ирэх зардал өндөр дарамт үүсгээд байгаа учраас гаднаас хангалттай хэмжээний ажиллах хүч орж ирэхгүй байгаа юм.

-Зэрэг шахуу өргөн баригдсан хоёр хуулийн төслөөс гол шүүмжлэл дагуулах өнцөг нь квот тогтоох уу, эс тогтоох уу гэдэг асуудал байлаа. Та мэргэжлийн хүний хувьд харахад үүнд ямар байр сууринаас хандах ёстой вэ?

-Тоо хэмжээний хувьд, хязгааргүй квотгүйгээр оруулж ирэх асуудлыг бид дэмжихгүйь ер нь хэн ч дэмжихгүй шүү дээ. Гэхдээ Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар квот нь тогтоогдчихсон байгаа. Үүнийг хуульчид, УИХ-ын гишүүд гэлтгүй хууль судалдаг хүн бүр мэдэж байгаа шүү дээ. Ард түмэн үүнийг сайн мэдэхгүй байж магадгүй. Арга ч үгүй шүү дээ. Монгол чинь 800 гаруй хуультай. Тэр дотроо төөрч эхэлж байгаа асуудал байхгүй юу. Ийм будлианаас шалтгаалж ийм чухал хууль улс төрийн акц, шоу маягийн зүйл болж хувирах гээд байна шүү дээ. Магадгүй үүнээс болж хөдөлмөрийн зах зээл дээр ёстой л хүний хүчээр явдаг барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын салбарт маш хэрэгтэй байгаа хуулийг ор мөргүй унагаачих вий гэсэн болгоомжлол төрж байна.

-Ийм чухал хуулийн төсөл дээр "улс төр" орж ирээд байна уу гэх хардлага байна?

-"Баахан хятадууд оруулж ирэх гэж байна" гэж улс төрийн акц хийгээд байгаа нь бүтээн байгуулалт, ажиллах хүч хэрэгтэй байгаа салбарт хүнд цохилт өгч байна.

Зөвхөн бүтээн байгуулалт, барилга гэлтгүй боловсрол, эрүүл мэндийн салбарт ч өнөөдөр хомстол бий болчихсон байгаа нь үнэн шүү дээ. Гэтэл гаднаас үүнийг нөхөх боломж байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Квот тогтоох асуудал цаанаа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиараа өөрийн гэсэн зохицуулалттай. Гэтэл 280 мянган хятад оруулж ирэх гэж байна гэх мэтээр яриад байна. Хаанаас ч гаргаж ирсэн тоо юм. Ард түмний дунд айдас төрүүлээд, буруу тийш нь мушгиад байна. Гадаад ажиллах хүч гэхээр хятад гэж ойлгодогоо болих хэрэгтэй.

-Нэг гадаад ажилтныг оруулж ирэхэд хэдэн төгрөгийн төлбөр төлдөг юм бэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг төлдөг. Өөрөөр хэлбэл, 1.32 сая төгрөг гэсэн үг. Энэ бол хуульчлагдсан төлбөр. Үүнийг хүнд байна гэж саналаа хэлсээр байгаад 50 хувь хөнгөлүүлсэн. Ийм байсан ч гадаадаас хангалттай ажиллах хүчээ оруулж ирж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дүн ч өндөр байна л гэсэн үг. ААН-үүд үүнийгээ тэглээд өг гэсэн саналыг л тавьж байгаа.

Жил болгон барилгын салбарт ажиллах гадаад ажилтны тоог 7 мянга гэж тогтоож өгдөг. Гэтэл энэ тоондоо бараг л хүрч чадаагүй. Дотоодын ажиллах хүчний нөөц бий. Гэхдээ тогтвортой ажиллаж өгөхгүй байна.

-Ажиллах хүчтэй холбоотой асуудлыг олон талаас нь харж, бусад улс орны жишгээс суралцах хэрэгтэй-

Эдийн засагч Б.Лакшми "Дотооддоо аваад үзвэл, ажиллах хүч хомсдолтой байгаа нь үнэн. Нөгөө талдаа манай залуус дотооддоо гэхээсээ илүү гадаадад ажиллах сонирхолтой байна. Тэр талаас нь харвал илүү зүйтэй болов уу. Авч байгаа цалин мөнгөний хувьд ч нийгмийн баталгааг нь хангаж чадахгүй байгаа учраас аль аль талдаа хүндрэлүүдийг авч ирж байгаа. Гаднаас ажиллах хүч оруулж ирэх бодлого нь урт хугацаандаа ямар үр нөлөөтэй вэ гэдгийг бодолцож үзэх нь зөв. Жишээлбэл, Герман улс 60,70-аад оны үед ажиллах хүчний хомсдолд орж Туркээс ажиллах хүч оруулж ирж байсан. Тухайн үед өөрсдийн гол гэсэн бүтээн байгуулалтын ажлууд дээр дайчилж, сүүлдээ тэр хүмүүсээ Германаас гаргах боломжгүй болж байв. Суурьшчихсан нөхцөлд гаргахад хүндрэлтэй.

Хоёрдугаарт, квоттой, төлбөр төлдөг байдлаа хэвээр нь авч үлдвэл зүйтэй. Учир нь, гадаад ажиллах хүчинд төлж байгаа тэрхүү төлбөрөө тусгай санд төвлөрүүлдэг, түүгээрээ дамжуулаад дотоодод ажиллаж хөдөлмөрлөх залуустаа ажлын байр бий болгох тал дээр зарцуулбал илүү боломжтой. Өмнө ч, одоо ч ялгаагүй барилга гэлтгүй гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа байгууллагууд нь төлбөрөө төлөөд л явдаг байсан шүү дээ. Тэгэхээр бид энэ асуудлыг олон талаас нь харах ёстой. Монгол Улс анх удаа ажиллах хүчний асуудлыг хөндөж байгаа биш шүү дээ. Бусад улс орны жишгийг давуу болон сул талыг харж, сургамж авах ёстой гэж бодож байна" гэв.

-Амьдрахын эрхээр харь орныг зорьсон иргэдээ гадны ажилчдаар солиход хүрч байгаадаа дүгнэлт хийх ёстой-

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Халамж гэх зүйл хэтэрхий хавтгайрсан байна, иргэдээ бид ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоог нь бий болгож, шударга хөдөлмөрлөсөн иргэн өөрийн сайн сайхан амьдралыг бүтээх боломжийг бий болгох ёстой.

Монгол хүмүүс эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж хангалттай цалин орлого олдог болсны дараа бид халамжийн тухай ярьж, нийгмийн халамжилбал зохих ёстой хэсгээ л халамжлах ёстой. Хавтгайрсан халамж нь үндэстнийхээ эсрэг хийж буй үйл ажиллагаа л гэж хардаг. Гэтэл халамжилж, халамжинд улам дасгасныхаа дараа зарим нь гаднаас хөдөлмөрийн нөөцийг чөлөөтэй оруулж ирэх тухай хууль батлуулах жишээтэй. Тодорхой салбарт ажиллах хүч хэрэгтэй байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг ойлгож байна. Тэгэхээс ч өөр аргагүй байдалд байгаа. Гэхдээ яаж яваад ийм байдалд хүрсэн бэ гэдгээ бодох ёстой.

Өнөөдөр Монголд байгаа олон ажилгүй хүн, амьдрахын эрхээр харь орны зорьсон иргэдээ гадны ажилчдаар солиход хүрч байгаадаа дүгнэлт хийх ёстой.

Энэ нь таны асуултад байгаа зах зээлийн тогтолцоонд шилжсэн нэртэй 30 гаруй жил болж байгаа ч бид түүнийгээ ойлгож хэрэгжүүлж чадаагүйн илрэл" гэв.

-ШАЛТГААН 1: Төр рүү чиглэсэн 58 мянган ажиллах хүчний НҮҮДЭЛ-

Тэгвэл гадаадын ажиллах хүчний асуудлыг сөхөхөд хүргэсэн гол шалтгаан юу байв. Мэдээж дотоодын ажиллах хүч. Ажиллах нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгаа, аюулгүй байдал зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байгаа. Гэвч эдгээрээс гадна төрийн данхгар бүтэц, гадаад руу чиглэж буй шилжилт хөдөлгөөн ч суурь шалтгаануудын нэгд зүй ёсоор орно.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар төрийн албанд 228 мянган хүн ажиллаж байна. Сүүлийн арван жилд төрийн албан хаагчдын тоо 45 мянгаар нэмэгдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний хүний нөөц төр рүү орсон гэсэн үг. /Үүний дэлгэрэнгүйг дараах графикаас харж болно/

Ажиллах хүч маань дан ганц төрийн алба ч бус төрийн болон орон нутгийн өмчит 122 компани руу чиглэн "нүүдэллэжээ".

-ШАЛТГААН 2: Хилийн чанад руу чиглэсэн 154 мянган ажиллах хүчний НҮҮДЭЛ-

Харин удаах шалтгаанд гадаад руу чиглэж буй дотоодын ажиллах хүчийг дурдах нь зүйтэй. Хилийн чанадад сурч боловсрох төдийгүй гэрээгээр, хараар ажиллаж амьдарч байгаа иргэд олон бий. Одоогоор Монгол Улсаас гадаадын улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн мэдээллээр 216 мянга гаруй иргэн хилийн чанадад оршин сууж байгаа юм.

Үүнээс ажиллах эрхгүй буюу 0-18 насны хүүхэд 19,989 байгаа бол 41631 оюутан байна. Өөрөөр хэлбэл, үлдсэн 154 мянган иргэн нь ямар нэгэн байдлаар тус тусын оршин сууж буй улсад ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, энэ тооны ажиллах хүч хилийн чанадад очиж ажиллах сонголтыг хийжээ. Улмаар тэд цаашдаа ч тухайн улсдаа амьдарна гэх бодлоор амьдралаа төлөвлөөд эхэлснийг дараах нэгэн судалгаа харуулна.

Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос 2023 онд гадаадын 15 улсад суугаа 18-51 насны 1865 хүнээс судалгаа авчээ. Судалгаагаар, БНСУ-д ажиллаж байгаа эрэгтэйчүүд сард дунджаар 7.6 сая төгрөг, эмэгтэйчүүд 5.8 сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Монгол руу буцахгүй шалтгааныг лавлахад цалин өндөр, одоо амьдарч байгаа орчин нөхцөл нь таатай, түгжрэл багатай, Монголд амьдралын баталгаа хомс, нийгмийн стресс ихтэй, өр, зээлийн асуудлаа шийдвэрлэж дуусаагүй байгаа гэсэн шалтгааныг дурджээ. Мөн судалгаанд оролцогчдын 23.1 хувь нь хүүхдүүдийнхээ ирээдүйг бодолцож оршин суугаа улсынхаа иргэн болно гэсэн байна.

Эл том хоёр "нүүдэл" нь ажиллах хүч багасаж буй шалтгааны ердөө нэг хэлтэрхий нь. Үүний цаана бидний хөндөх ёстой олон хүчин зүйлүүд бий тул нийтлэлээ энэ хүрээд дуусгая.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!