6 ХҮҮХДИЙН ЭЭЖ: 3 ихрээ тээж байхдаа хүүхдээ сонгох уу, өөрийгөө сонгох уу гэдэг сонголттой тулж ямар ч эргэлзээгүйгээр хүүхдүүдээ сонгосон. Ямар ч эх хүн тийм л сонголт хийх байх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

UBN сайт "Эмэгтэйчүүд" ярилцлагын нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт хүмүүний хорвоод ховорхон тохиох хувь ерөөлөөр 3 ихрийн ээж болж, хүүтэй болох нөхрийнхөө хүсэлтийг давуулан биелүүлсэн 6 хүүхэдтэй алдарт эх Б.Болортуяаг урьж ярилцлаа.

Б.Болортуяа 6 хүүхэд төрүүлж, өсгөхийнхөө хажуугаар өөрийгөө орхилгүй хөгжүүлж, хоббигоо ажил болгон олон бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болж яваа хөдөлмөрч, дайчин бүсгүй юм.

-НӨХӨР МААНЬ ТУУШТАЙ БАЙЖ, ӨДӨР БҮР БУРХАНД ЗАЛБИРЧ, СҮҮ ӨРГӨСӨӨР БАЙГААД 2 ХҮҮ, 1 ОХИН, 3 ИХЭР ДУУДЧИХСАН-

Б.Болортуяа 2008 онд СЭЗДС-ийг Санхүүгийн удирдлага мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн сурч, мэргэжлээрээ ажиллах зорилготой байсан ч ганцхан хүү төрүүлээд өгөөч гэх нөхрийнхөө хүсэлттэй нүүр тулсан байна. Эхнэрийнхээ хүслээс зөрж, орой болгон тэнгэр бурхандаа залбирч, сүү өргөсөн аавын хүүтэй болох чин хүсэл тун удалгүй биелэлээ олж, хосууд 2 хүү нэг охин ГУРВАН ИХЭР хүүхэдтэй болсон гэх сайхан мэдээг сонссон. Жижигхэн биетэй, туяхан бүсгүйд 3 ихрийг тээж, төрүүлэх амар байгаагүй. Жирэмсний 4 сартайгаасаа гэдсээ даахаа больж, тэргэнцэр дээр суун хүний асаргаанд орсон, нөхөр нь хүүхдээ сонгох уу, эхнэрээ сонгох уу гэх хатуу үгтэй нүүр тулсан гээд хүндхэн сорилтуудыг давсны эцэст эх, хүүхэд эрүүл амаржиж Э.Эрдэнэбаатарынх гэх айл ам бүл 7-уулаа болжээ.

Хэдхэн жилийн дараа бага охиноо өлгийдөн авч, алдарт эхийн нэгдүгээр одонг энгэртээ гялалзуулсан байна. Одоо 3 ихэр 13 нас хүрч, "Тэмүүжин өрлөг" сургуульд суралцаж байгаа бол, бага охин Э.Мишээл нь 8 нас хүрч, төгөлдөр хуурч болохоор суралцаж байна.

-САЙН ЭЭЖ БАЙХЫН ХАЖУУГААР ГОО САЙХНЫ САЛОН АЖИЛЛУУЛЖ, ИОГИЙН БАГШ, KEGEL TRAINER, LIFE COACH, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТ ХИЧЭЭЛЛҮҮЛЖ БАЙНА-

Б.Болортуяа 6 хүүхэд төрүүлж, өсгөхийнхөө хажуугаар өөрийгөө орхилгүй карьертаа анхаарч хоббигоороо байгуулсан гоо сайхны салоноо ажиллуулж, иогийн багш, Kegel trainer, Life coach, хувь хүний хөгжлийн сургалт гээд олон ажлыг амжуулан гялалзаж явна. Түүний ажиллуулдаг "NARKA" салон яармагийн "Ханбогд" хотхонд байдаг. Нэг өрөөнд нь ганцаарчилсан иогийн сургалт явуулна. Хажуугаар нь хотын төвд жижигхэн ажлын байр түрээсэлж, бусад сургалтуудаа хичээллүүлнэ гээд хоногийн 24 цагт яаж амжуулдаг юм гэмээр их ажлыг Б.Болортуяа амжуулж байна.

-Б.БОЛОРТУЯАГ ДЭМЖИЖ, БАТТАЙ АР ТАЛ НЬ БОЛДОГ ХҮН БОЛ ТҮҮНИЙ ХАНЬ Э.ЭРДЭНЭБААТАР-

Э.Эрдэнэбаатар ИНЕГ-т инженерээр ажилладаг байсан ч албан байгууллагын цалингаар 6 хүүхдээ өсгөхөд амаргүй байсан тул хувийн бизнесээ эхлүүлсэн байна. Жилийн 365 хоногийн тэн хагасыг нь хөдөө өнгөрүүлдэг ч сайн хань, сайн аавын үүргээ орхигдуулдаггүй гэдгийг Б.Болортуяа онцлов. Товчхондоо бол Э.Эрдэнэбаатар гэр бүлийнхээ санхүүг дааж, Б.Болортуяа хүүхдүүдийнхээ сурлага хүмүүжил, ар гэрийн бусад жижиг асуудлуудаа амжуулдаг байна. Энэ талаар Э.Эрдэнэбаатар хэлэхдээ, "Гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг тасалдуулахгүйг хичээдэг. Уул уурхай, мал аж ахуй гээд хийж болох бүхий л ажлыг хийж, хичээдэг. Ажилд явахдаа хүүхдүүдээ авч явж, ажилд сургахыг хичээдэг. Чи тийм байх ёстой гэж хэлэхээсээ илүү хийлгэж, ажилд сургах нь чухал гэж боддог" гэлээ.

-ХҮҮХДҮҮДЭЭ ИХ СУРГУУЛЬД ОРУУЛАХААСАА ӨМНӨ НЭГ ЖИЛ АЖИЛ ХИЙЛГЭЖ, АМЬДРАЛД СУРГАДАГ-

Б.Болортуяа өөрийгөө хөгжүүлж, хувийн карьертай анхаарахдаа ээжийн үүргээ ч орхигдуулдаггүй. 6 хүүхдийнхээ бахархал үлгэр дууриалал болсон сайн ээж. Том охин Э.Туул нь одоо 24 настай. Дараагийн охин Э.Сувд өнгөрсөн жил ЕБС-иа төгсөөд гэр бүлийнхээ дүрмийн дагуу нэг жил ажил хийсэн. Ирэх хавар гадагшаа сургуульд явахаар бэлдэж байна. Гэрийн эзэд хүүхдүүдээ их сургуульд оруулахаасаа өмнө нэг жил ажил хийлгэж, амьдрал үзүүлээд үргэлжлүүлж сургадаг байна. Энэ дүрэм 2 охинд нь мэргэжлээ сонгож, илүү тууштай байхад их тусалсан учраас 4 дүүд нь ч адилхан үйлчилнэ гэлээ.

Д.Батбаяр: Аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдэд ямар хариуцлага тооцох талаар хэн ч хариу өгөөгүй
Д.Батбаяр: Аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдэд ямар хариуцлага тооцох талаар хэн ч хариу өгөөгүй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!