Хаашаа ч юм яарсан иргэд хөгшин залуугүй гартаа кофе барьсаар зөрнө. Хотын завгүй өглөө ингэж л эхэлдэг. Бас бүгд л утсаа ширтэж, чихэвч зүүсэн харагдана. Өнөөдөр бид утас, интернет, кофегүй өдөр тутмын амьдралаа төсөөлөх аргагүй. Бас vape тамхи. Харин нэг аяга кофены үнэ, vape тамхи, интернэтийн төлбөр хэдэн төгрөгөөр нэмэгдэж, хэр их өссөнийг тэр бүр анзаардаггүй. Үндэсний статистикийн хорооны нэг өрхийн хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний зарлага дотор ч энэ бүгд алга.
Цаашилбал, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, утас, таблет, интернетээр ном уншдаг төхөөрөмж, чихэвч зэрэг төрөл бүрийн электрон бараа, аялал жуулчлалын бүтээгдэхүүн зэрэг хэрэглээний сагснаас гадуурх бараа бүтээгдэхүүний үнэ өсөх тусам инфляцыг өдөөх шалтгаан болж байна. Харин бид өнөөх л мах, гурил, шатахуун, өндөг, ундаа ус, хувцас бөс бараагаар хэрэглээний сагсыг тодорхойлсон хэвээрээ байгааг нэгэнт анзаарч харах, өөрчлөх цаг нь болжээ. Нэг үгээр хэлбэл, өдрөөс өдөрт монголчуудын хэрэглээ өөрчлөгдөж байна гэсэн үг.
ХЭРЭГЛЭЭНИЙ САГСАНД БАГТДАГГҮЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ ИНФЛЯЦЫГ ӨДӨӨЖ БАЙНА УУ?
Энэ бол монголчуудын хэрэглээний сагс хэрхэн өөрчлөгдснийг 2001 оноос хойш харуулсан дүн мэдээ. Өнөөдөр хэрэглээний сагсанд 13 бүлгийн 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн багтаж байна. Энэ бол 2022 онд буюу гурван жилийн өмнө шинэчилсэн дүн. Тэгвэл таван жилийн өмнө 2020 онд 12 бүлгийн 370 гаруй нэр төрлийн бараа үйлчилгээг тооцдог байв.
Харин 1992 онд ердөө 123 нэр төрлийн бараа үйлчилгээ багтаж байв. Хэрэв өнөөдөр сагсанд багтаагүй бараа, үйлчилгээг нийлүүлж тооцвол хэрэглээний сагс улам томрох нь тодорхой.
Өнөөдөр улсын хэмжээнд инфляци аравдугаар сард 7 хувьд хүрсэн. Энэ тоог хоёр оронд хүргэхгүй барих тухай Монголбанк ярьсаар л байдаг. Өөрөөр хэлбэл, энэ үзүүлэлтийг нэг орон дээр тогтоох нь чухалд үзэж тоонд ач холбогдол өгсөөр ирсэн. Ирэх жил 5 хувьд хүргэхээр зорьж буй. Гэтэл инфляци ачир дээрээ өнөөдрийн нөхцөлд аль хэдийн хоёр оронтой тоонд хүрсэн байх магадлалтайг зарим эдийн засагчид хэлдэг.
Инфляци өсөх, тогтвортой байхад бидний өдөр тутмын худалдан авалтад ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн зонхилдог, тэдгээрийн үнээр инфляцыг тооцож буй юм. Жишээ татвал, инфляцид голлон нөлөөлдөг махны тухайд, өдийд өвлийн идэшний үе учраас мах их хэмжээгээр бэлтгэн нийлүүлдэг тул мах үнэд ордоггүй, хямд байдаг. Иймээс үнийн өсөлтийг дагаж инфляцид нөлөөлөх нь бага. Харин хавар болоход махны нийлүүлэлт хомсдож мах магнаг болж үнэ өсөхөд дагаад инфляци өсөх шалтгааны нэг болдог нь нууц биш.
ОРЛОГООС ХАМААРЧ ХЭРЭГЛЭЭ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА ТУЛ БҮЛГИЙН ЯЛГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Гэхдээ орлогоос хамаарч хэрэглээ өөрчлөгдөж байгаа нь бодит байдал дээр инфляцын дарамтыг бага орлоготой иргэд илүүтэй мэдэрч байгааг эдийн засагч Х.Цэвэлмаа хэлсэн юм. Тэрбээр "Хүн амын дундаж орлоготой давхарга хүчтэй бол инфляцид өртөх эрсдэл харьцангуй бага байна. Өнөөдөр инфляцид бага орлоготой давхарга л хамгийн их өртөж байна. Сүүлийн жилүүдэд анзаарч байхад, орлогын тэгш бус байдал асар их нэмэгдэж байна.
Хэрэглээ зарим орлогын бүлэгт эрс өсөж байна. Зарим хэсэгт сайн нэмэгдэж чадахгүй байна.
Тиймээс нийгмийн сайн сайхан байдлыг хангахын тулд Засгийн газар өнөөдөр өөрийнхөө үйл ажиллагааны үр ашигт өөрөө хяналт тавимаар байна" гэсэн юм. Иймд орлогоос хамаарч хэрэглээ өөрчлөгдөж байгааг тэр яриандаа онцолсон билээ. Энэ талаар ярихдаа "Сүүлийн үед орлогоос хамаарч хэрэглээ өөрчлөгдөж байна. Монгол Улсын хувьд орлогын бүлгийн хэрэглээг анхаарах хэрэгтэй байгаа юм.
Магадгүй орлогын бүлгийг тав хувааж, үүнд тохирсон хэрэглээний үнийн индексийг тооцохоор сагс бүрдүүлбэл өөр, өөр үзүүлэлт гарна.
Өнөөдөр нийт улсын хэмжээнд ерөнхий инфляцийг харуулж байна. Тиймээс орлогын олон бүлгээр ангилбал хэрэглээний сагсны өөрчлөлтийг их зөв илэрхийлэх болов уу" гэсэн юм.
Өнөөдөр инфляцид нөлөөлж буй асуудлыг тодорхойлохдоо тэрбээр,
- Нэгдүгээрт, шинээр хэрэглээнд нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хэрэглээний өөрчлөлт.
- Хоёрдугаарт, Технологи. Бид инновацийн туршилтыг янз бүрээр хийж, технологийг янз бүрийн салбарт хөгжүүлэх гэж оролдож байна. Ийм шинэ бараа бүтээгдэхүүн тэр бүр хэрэглээний сагсанд орохгүй.
- Гуравдугаарт, шинээр хэрэглэж эхэлж буй бараа бүтээгдэхүүнүүд байна. Жишээ нь, өнөөдөр хүмүүсийн хүнсний хэрэглээнд гурил, мах, жимс, ногоо, сүү сүүн бүтээгдээхүүн зэрэг тав, зургаан бүтээгдэхүүн бол өдөр тутмын хэрэглээнд байдаг л зүйл. Гэтэл сүүлийн үед эрүүл байхад анхаарч хэрэглэж буй бүтээгдэхүүнийхээ орц найрлагад илүү анхаарч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэх болсон. Энэ нэмэлтээр хэрэглэж буй бүтээгдэхүүн нь цахим худалдаа, худалдааны цахим сүлжээ, импортоор ихэнхдээ ирж байна. Шууд худалдаа болон хувь хүмүүс ч өөрсдөө оруулж худалдаалж байдаг. Энэ өөрчлөлтийг инфляци хэрхэн тусгах вэ гэдэг асуулт гарна.
- Дөрөвдүгээрт, Хүмүүсийн хэрэглээнд шинэ шинэ өөрчлөлт гарсан. Үүний нэг жишээ нь, залуус өдөр тутамдаа кофе их хэрэглэж байна. Хэрэглээнд орсон шинэ өөрчлөлт тэр бүр шууд хэрэглээний үнийн сагсанд орохгүй учраас үнийн өөрчлөлтийг тооцоход хүндрэлтэй байдаг гэсэн юм.
Нэг үгээр хэлбэл, сагсанд орсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг ҮСХ тогтмол бүртгэн, долоо хоног, сарын давтамжтай мэдээлдэг. Өргөн хэрэглээний барааны үнэ өсөж уруудах нь бидний орлого зарлага, худалдан авалт, цаашлаад амьдралын чанарт шууд нөлөөлдөг. Мөн сагсанд багтсан бараа, үйлчилгээний үнийн өсөлтөд үндэслэн инфляц хэдэн хувьд хүрснийг тогтоодог юм. Үндэсний статистикийн хороо таван жил тутамд хэрэглээний сагсыг шинэчилдэг байсан бол одоо 3 жил тутамд шинэчилж байна. Энэ сагсанд монголчууд бидний өдөр тутам хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг багтаадаг юм. Хэдийгээр хэрэглээний сагсанд иргэдийн хэрэглэдэг бүх барааг оруулах боломжгүй ч хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг оруулж тооцдог. Гэсэн ч айл өрхийн хэрэглээ өнөөдөр зөвхөн "Атар талх", нарийн боов, өндөг, мах, гурил шатахуунаар хязгаарлагдахгүй болсныг нэгэнт анзаарах цаг нь болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!