Айл өрхөөр яривал Монгол Улс жил болгон орлогоосоо давсан зардалтай, илүү гаргасан зардлаа зээл авч нөхсөөр ирэв. Жил жилийн төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж өндөр зарлага тооцдог жишиг ирэх оны төсөвт мөн адил тусгалаа олж байна. Ирэх онд 33.9 их наядын орлого, 35.8 их наяд төгрөгийн зарлага төлөвлөж 83.3 сая тонн нүүрс экспортлохоор зураглаж байна. Хэрэв төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол төсвийн алдагдлыг нөхөхийн тулд гадаад өр үүсгэх болно. Нөгөө нь татвар нэмэх арга бий. Манай улсын хувьд гадаад өр тавих замаар алдагдлаа нөхдөг. Тэгвэл Монгол Улс 2025 оны төсөвт өрийн асуудлыг хэрхэн тусгав. Энэ удаагийн Visual toim булангаар “гадаад өр”-ийг онцолж байна
2025 оны төсвийн хуулийн онцлог нь жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 2 хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр өр төлбөр төлнө гэсэн заалтыг тусгажээ.
Өөрөөр хэлбэл, манай улсын ДНБ өсөх хэрээр өр төлбөрийн барагдуулалт сайжирч, тэр хэрээр Засгийн газрын зээл буурах юм.
МОНГОЛ УЛС 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД 7.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨР ТӨЛБӨР ТӨЛНӨ
Монгол Улс 2025 онд 2.2 их наяд төгрөг, 2026 онд 5 их наяд төгрөг төлөхөөр төлөвлөжээ. Зөвхөн хүүгийн төлбөрт 1.3 их наяд төгрөг төлөх юм. Цар тахал, геополитикийн нөлөөгөөр сэхээнд орсон эдийн засаг сүүлийн хоёр жилийн хугацаанд сэргэж өнөөдөр 5.6 хувийн өсөлтийг үзүүлээд байна. Тэр дундаа 2023 он бол нүүрсний экспорт рекорд эвдэж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарч эдийн засагт ногоон гэрэл ассанаар бид бондын өр төлбөрүүдээ төлж, улсын болон Засгийн газрын өр ч буурсныг эрх баригчид ам нээх бүртээ тодотгож буй. Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны босгон дээр "Монгол Улс “Centure-3” төслийг амжилттай хэрэгжүүлснээр 2024-2025 онд бондын эргэн төлөлтийн хуваарьгүй болсон. 2026 он хүртэл бид валютын нөөцөө хадгалах боломжтой боллоо. Үүнээс хойших хуваарьт 600 сая ам.доллар хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2029 он гэхэд өнөөдрийг хүртэлх тавьж ирсэн бондын төлбөрүүдээ барагдуулж дуусах боломжтой болж байна" гэж байв.
Харин олон улсын байгууллагууд, судлаачид Монгол Улсын гадаад өрийг хэрхэн дүгнэж байгаа бол?
Энэ бол Олон улсын валютын сан (ОУВС)-гийн аргачлалаар Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгаа, түүний цаашдын төлөвийг тооцоолж өрийн тогтвортой байдалд хийсэн дүгнэлт юм. Өнгөрсөн онд танилцуулсан тус судалгаанд дээрх дүгнэлтийг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, деполт зарласан улс орнуудын тусгал нь Монгол Улс болж байна.
Энэ оны хагас жилийн байдлаар улсын нийт гадаад өр 34.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 1.8 тэрбум ам.доллар буюу 5.4 хувиар өсчээ. Хэдий улсын өр жилийн өмнөхөөс 5.4 хувиар өссөн ч өмнөх улирлаас 135.6 сая ам.доллар буюу 0.4 хувиар буурсан нь сайн мэдээ. Гэвч төсвийн өөдрөг төсөөлөл, үрэлгэн зардлаас болж гадаад өр нэмэгддэгт бид нэгэнт гайхахаа больжээ. Дээрх графикаас харвал Монгол Улсын гадаад өр буурах биш өссөн болохыг харж болохоор байна.
2024 ОНД ЗГ-ЫН ӨР БУУРСАН Ч СҮҮЛИЙН 10 ЖИЛ 57 ХУВИАР ТЭЛЭВ
Гадаад өрийн сагсыг Засгийн газар, Төв банк, хадгаламжийн байгууллага, бусад салбарууд, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээл гэж таван хэсэгт хуваан авч үздэг. Засгийн газрын өр энэ оны нэгдүгээр улиралд өмнөх оноосоо 10.9% буурч 7.9 тэрбумд хүрсэн бөгөөд гадаад өрийн сагсны 22 хувийг бүрдүүлэх болов. Гэхдээ сүүлийн 10 жилд компани хоорондын зээллэг тус хугацаанд 30 хувь өссөн байхад Засгийн газрын өр бүр 57 хувь, бусад салбарынх 53.8% буюу нэлээн хурдацтай өсчээ.
Дээрх графикаас харвал Засгийн газрын өрийг ДНБ харьцуулдаг бөгөөд өрийн хэмжээ энэ онд 44.4 хувьтай тэнцэж байгаа бол 5 жилийн дараа 2029 онд 47.5 хувь байхаар 2025 оны төсөвт тусгажээ. Мөн Засгийн газрын өрийг хязгаарлаж, ДНБ-ий 60 хувиас хэтрүүлэхгүй барих шалгуурыг тусгаад байгаа юм. Харамсалтай нь, энэ бодлого өнгөрсөн хугацаанд цаасан дээр хараар бичигдсэн нь гадаад өрийн хэмжээ, олон улсын байгууллаг, судлаачдын дүгнэлт харуулна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!