Монголд гадаадын банк оруулж ирэх тухай олон жил яригдсан ч сүүлдээ итгэл үнэмшил төрүүлэхээ больсон нь нууц биш. Харин Шадар сайд С.Амарсайхан “Оросын банк Монголд салбараа нээх боломжтой” гэж хэлсэн нь орон нутгийн сонгуулиас гаднах халуун сэдвийн нэг боллоо. Хэрэв Оросын банк салбараа нээвэл Монголд гуравдагч хөршийн бодлого алдагдаж, гадаадын хөрөнгө оруулагч нар нүүрээ буруулах, олон улсын хоригт орох дараагийн улс болох вий гэхчлэн олон асуулт бас нийгэм, эдийн засгийн хувьд болгоомжлол үүсэж буй.
Юуны өмнө Шадар сайд С.Амарсайханы хэлсэн үгийг онцолбол “Хоёр улсын хооронд төлбөр тооцоо хийхэд хүндрэл байсаар байгаа тул хамтарсан ажлын хэсэг гаргасан. Төлбөр тооцооны шинэ систем нутагшуулах уу, Оросын банк Монголд салбараа нээх үү гэх мэтээр хувилбаруудыг авч үзнэ. Тус улсын банк Монголд салбараа нээх нь боломжтой, Засгийн газар үүнд нээлттэй ханддаг” гэсэн юм. Мөн энэ асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгч тус улсын Төвбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, оны сүүлээр хоёр улсын Засгийн газрын комисс хуралдаж, төрийн тэргүүнүүд дахин уулзах тухай өнгөрсөн даваа гарагт "Made in Russia" нэрийн дор МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан бизнес уулзалтын үеэр мэдэгдсэн юм.
Одоогоор Монголбанканд энэ асуудал яригдаж эхлээгүй ба салбар банк байгуулах хүсэлт ирээгүй тухай тус банкны албаны эх сурвалж мэдээлсэн.
ГАДААДЫН ТОМООХОН БАНКНУУДЫГ ТАТАХАД БОДИТ ҮР ДҮН БОЛОХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЭРГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ
Өмнө нь гадаадын банктай холбоотой асуудалд Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсад гадаадын томоохон банкуудыг татах асуудал байна. Монгол Улсад дэлхийн зургаан банкны төлөөлөгчийн газар байсан ч бүх банкууд гарч явсан. Одоогийн байгаа хувь эзэмшил нь нөлөө бүхий гэж заасан хэдий ч үйл ажиллагаанд нь бодитоор оролцож, нийгэмд үр дүнтэй санхүүжилт олгох боломжгүй байгаа учир бодит үр дүн болох хуулийн заалтыг эргэж харах зайлшгүй шаардлага бий” гэх байр суурийг өмнө нь илэрхийлж байсан юм.
Тэгвэл Оросын банк Монголд орж ирэх боломжтой эсэх ирээдүйд үүсэх эрсдлийг эдийн засагчид хэрхэн харж буй талаарх байр суурийг хүргэе.
ОРОСЫН ТОМООХОН 20 БАНК ХОРИГТ ОРСОН ТУЛ МОНГОЛД САЛБАРАА НЭЭХ БОЛОМЖГҮЙ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Эдийн засагч Н.Энхбаяр: Бид аль нэг улсын банк гэж сонгож болохгүй. Учир нь аль ч улсын банканд адил үйлчилнэ. Хууль эрхзүйн хувьд нөхцөл хангасан банк үйл ажиллагаа явуулах эрхтэй гэх шаардлага л бий. Монголбанкны тухайд харьцангуй дүрмийн сангийн хязгаарлалт байхгүй, нөхцөл шаардлагыг харьцангуй зөөлрүүлсэн. Гэхдээ манай улсын зах зээл маш жижиг, үр ашиг багатай ажиллах боломж бага.
Оюутолгойгоос хойш томоохон төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалт буурсан, томоохон төсөлгүй, эдийн засгийн идэвхжил байхгүй. Үүн дээр бид тодорхой төслүүдээ хувийн хэвшилд өгч л банк ажиллах боломжтой. Тиймээс биш улс бүх зүйлд хөрөнгө оруулалт хийсээр байвал гадаадын банк санхүүгийн байгууллага ажиллах орон зай үүсэхгүй.
Нөгөөтээгүүр, Оросын томоохон банк санхүүгийн салбар бүгд эдийн засгийн хоригт орсон учраас Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Томоохон 20 банк эдийн засгийн хоригтой байгаа шүү дээ. Харин жижиг хэмжээний буюу иргэдэд үйлчлэх банк бус санхүүгийн байгууллага л орж ирэх боломжтой байх.
Иймээс томоохон банкны салбар үйл ажиллагаа явуулах боломжгүй. Хууль эрхзүйн орчны хувьд Монгол Улсын хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай олон улсын конвецэд нэгдсэн учраас ямар нэгэн хоригт орсон банк үйл ажиллагаа явуулах боломжгүй. Ер нь гадаадын банкны бүртгэлийг Монголбанк шийднэ.
МОНГОЛД ОРОСЫН БАНК НЭЭХ НЬ ЗӨВ СОНГОЛТ БИШ
Эдийн засагч, санхүүч Ж.Дэлгэрсайхан: Монгол Улсад гадаадын банк оруулж ирэх тухай сүүлийн 6 жил яригдаж байна. Энэ үед аль улсын банкны салбарыг Монголд нээх вэ гэдгийг ухаалгаар зөв сонгох нь зүйтэй болов уу. ОХУ-ын хувьд Монгол Улсын хувьд найрсаг харилцаатай хөрш мөн ч өнөөдөр тус улсын банк санхүүгийн байгууллагуудын эсрэг олон улсын хориг хүчтэй байна.
Ялангуяа SWIFT-ээс хассан учраас хоёр улсын хооронд төлбөр тооцооны хувьд хүндрэл үүссэн ч гадаадын банк оруулж ирэх гэж буй тохиолдолд нэн тэргүүнд ОХУ-ын банк санхүүгийн салбарыг сонгох нь зөв сонголт биш. Тиймээс гадаадын банк оруулж ирэх тухайд болгоомжтой хандаж, өндөр шалгуур тавих хэрэгтэй.
Хэрэв ОХУ-ын банкны салбарыг нээх тохиолдолд Монгол Улсад гарч болзошгүй эрсдлийг нь маш сайн тооцох ёстой. Ер нь Монголбанкны хуулиар гадаадын банк оруулж ирэх тухайд аль улсынх гэдгийг нь сонгох бүрэн эрхтэй.
ОРОСЫН БАНК МОНГОЛД НЭЭГДВЭЛ ТӨЛБӨР ТООЦОО ХЯЛБАР БОЛОХ Ч ОЛОН УЛСААС ШАХАЛТ ҮЗҮҮЛНЭ
МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан: ОХУ-ын банкны салбар Монголд нээгдсэн тохиолдолд төлбөр тооцооны хувьд хялбар болно. Төлбөр болон системийн хувьд зөрүү үүсэхүй. Гол асуудал нь, төлбөр тооцооны хувьд Оросын банктай холбоотой асуудалд зарим банкны шилжүүлэг, гуйвуулгад бага зэрэг хүндрэл үүсэх байх.
Гэхдээ Монголын улс төр, эдийн засагт Оросын банк орж ирснээр олон улсаас шахалтууд үзүүлэх болов уу. Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбоотой зарим улс орнууд дургүйцлээ илэрхийлсэн.
Өөрийн улс орны эдийн засгийн нөхцлийг бодвол зөвхөн ОХУ-ын биш шаардлага хангасан гадаадын банк нээх боломжтой. Монгол Улсын хувьд эдийн засгийн хувьд Хятад болон ОХУ гэсэн хоёр хөрш орноос өндөр хамааралтай. Экспортын бараа бүтээгдэхүүний 90 хувь нь Хятадаас хамааралтай. Хэрэв Хятад, ОХУ хоёрын хоорон дахь харилцаа таарамжгүй нөхцөлд Оросын банк Монголд нээх тухай яригдах нь эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй.
Эдийн засгаас илүү улс төрийн хүрээнд, иргэдийн хувьд гадаадын улс орнуудад аялах зорчиход хүндрэл бэрхшээл үүсэх болов уу. Түүнээс биш Оросын банкны салбар Монголд нээгдэхэд олон улсын хоригт шууд орох нөлөөлөл өндөр биш.
Мөн Оросын банкны салбар Монголд нээгдсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч компаниуд шууд хөрөнгөө татаж гарахгүй. Харин ирээдүйд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой түвшинд буурах магадлалтай гэв.
Сэтгэгдэл (22)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!