Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ дээр ийн яриа өрнөв. Насаараа мал малласан малчин эрэгтэй насны бөгсөнд харамсан ярьж байна. Хэдэн малтай ноцолдоод 40 жил боллоо. Байгаагаас таван ханатай гэр, хэдэн мал, яахав үр хүүхдийнхээ сургалтын мөнгийг төлсөн, эцсийн бүлэгт мал дагаад хорт хавдартай, мал маллаж олсон бүх мөнгөө эмчилгээнд өгөөд даший шог–гэх маягтай.
Өөр нэг эмэгтэй элэгний элэгний хорт хавдрын хоёрдугаар шатанд яваа мөртлөө хөдөө үлдсэн хэдэн мал, хадлан бэлчээртээ санаа зовох аж.
ХСҮТ-өөр өдөртөө 2000 гаруй хүн орж гардаг бол жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг байна. Үйлчлүүлж буй хүмүүсийн 50 гаруй хувь нь орон нутгийнхан. Тэдгээрийн тал нь малчид.
Хоргүй хавдар байсан бол хавдар нь аль хэдийн гуравдугаар үе шат руу шилжсэн, хэд хэдэн эрхтэн рүү нь үсэрхийлсний дараа л эмнэлэгт ирдэг
Говь-Алтай аймгийн хавдрын эмч Г.Төмөрхуяг "Элэгний хорт хавдрыг үүсгэж байгаа нийт шалтгааны 90-95 хувь нь зөвхөн элэгний B, C, D вирус. Орон нутагт B, C, D вирусийг тоолж чаддаггүй. Манай аймагт компьютер томографи байдаг ч тодосгогчтой томографи байхгүй. Тэр нь их өндөр үнэтэй учраас бүсийн оношилгоо эмчилгээний төв болон ХСҮТ-д байдаг. Хэрэв аймагт тодосгогчтой томографи байдаг бол иргэд хот руу ирэх ачаалал багасна. Элэгний хорт хавдрын үед шинжилгээг заавал тодосгогчтой хийлгэх шаардлагатай. Учир нь элэг, цөс, нойр булчирхай, өөөр, ходоод, давсаг зэрэг олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг нэг дор хянадаг.
Алслагдмал, баг, сумийн иргэд мал, хадлан зэрэг ажилдаа санаа зовоод эмнэлэгт үзүүлдэггүй. Үзүүллээ гэхэд товлолын 3-6 сараас хэтэрч ирдэг. Ер нь бол усанд хаясан чулуу шиг алга болчихдог.
Хоргүй хавдар байсан бол хавдар нь аль хэдийн гуравдугаар үе шат руу шилжсэн, хэд хэдэн эрхтэн рүү нь үсэрхийлсний дараа л эмнэлэгт ирдэг. Тэр нь маш харамсалтай" гэв.
Малчид ихэвчлэн үүрийн 4-6 цагт босдог. Тооцоод үзэхэд малчид өдөрт дунджаар 15-20 цаг ажиллаж байна гэсэн үг. Мөн тэд хавар, намар, зуны улиралд мал төллөх, сааль сүүний үеэр цаг наргүй ажилладаг. Тиймээс малчид мал аж ахуйн ажлаас болоод тэр бүр эрүүл мэнддээ анхаардаггүй гэдгийг 2022 оны ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд дурджээ. Тухайлбал, судалгаанд 6 аймгийн 18 сумын нийт 1244 малчдыг хамруулан хийсэн бөгөөд энэхүү судалгаа нь малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн, анхдагч түүвэр судалгаа аж.
Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс дунджаар 23.5 км алслагдмал амьдардаг
Судалгааны үр дүнгээс харахад малчид эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай авч чаддаггүй байна. Эрүүл мэндийн байгууллагад өөрсдөө зорьж очин эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан малчид цөөн. Судалгаагаар эрүүл мэндийн үйлчилгээ авсан хувь өндөр гарсан шалтгаан нь багийн эмчийн явуулын үзлэгтэй түлхүү холбоотой.
Харин ганцаарчилсан ярилцлагын дүнгээс харахад малчид ажлын онцлогоос хамааран хүссэн үедээ эрүүл мэндийн байгууллага, нарийн мэргэжлийн эмчид хандаж чаддаггүй, ихэвчлэн аливаа өвчнийг хүндэрсэн үед нь оношлуулж, эмчлүүлдэг гэж хариулжээ.
Ялангуяа туслах малчдын тухайд гэнэт өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхээр малаа шууд орхиод явах боломж байдаггүй гэжээ. Малчдын 80 хувь нь эрүүл мэндийн асуудал тулгараагүй гэсэн шалтгаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй байна. Тэд эмнэлгийн тусламж, үйлчилгээнээс дунджаар 23.5 км алслагдмал амьдрах нь түгээмэл.
Гэвч малчдад эрүүл мэндийн асуудал тулгараагүй гэхээсээ илүүтэй ажлын зав болон сум, аймгийн төвд очиж удаан хугацаагаар эмчилгээ, үйлчилгээ авах боломж муу байдгаас шалтгаалан тухай бүр эмнэлэгт үзүүлж чаддаггүй гэнэ.
Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагад хандах талаар мэдлэг ойлголт хангалтгүй учраас эрүүл мэнд нь илт муудаагүй бол эмнэлэгт очдоггүй нь ажиглагдсан байна.
Харин эдийн засгийн боломж тааруу, эрүүл мэндийн даатгал төлдөггүй зэрэг шалтгааны улмаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг зорьдоггүй гэж хариулсан малчид цөөн хувийг эзэлжээ.
Малчид болон тэдний гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн тулгамдсан асуудал байгаа эсэхийг тодруулахад малчдын ажил мэргэжлийн онцлогтой холбоотой хөл, гар, бөөр зэрэг эрхтнүүдийн өвчлөл нийтлэг байхын зэрэгцээ элэг, цөс, ходоод, нойр булчирхайн өвчлөл түгээмэл байдаг гэжээ.
2023 онд төрийн мэдлийн эмнэлгүүдэд компьютер томографийн 32 аппарат бүртгэгджээ
Дээр дурдсанчлан Эрүүл мэндийн яамнаас тодосгогчтой томографи аймаг бүрт байдаг эсэх талаар лавлахад тодорхой мэдээлэл авч чадсангүй. Ямартай ч 2023 онд төрийн мэдлийн эмнэлгүүдэд компьютер томографийн 32 аппарат бүртгэгджээ. Гэхдээ эндээс хэдэн нь хөдөө орон нутагт бүртгэлтэй эсэх талаар үйлдвэрлэсэн улс, компьютер томографийн загвар бүр нь харилцан адилгүй гэх үгээр ам таглав.
Компьютер томографийн оношилгоог ямар өвчин илрүүлэх гэж байгаагаас шалтгаалан тодосгогч бодис хэрэглэх шаардлагатай эсэхийг шийддэг аж. Өөрөөр хэлбэл, тодосгогч бодисыг хүний биед тарьсны дараа рентген туяагаар харахад тодорч харагддаг. Ялангуяа хавдар нь их судсархаг байдаг тул тодосгогч бодис шахсанаар илүү тодорч харагддаг байна. Ингэхдээ төрийн болон хувийн эмнэлгүүд тодосгогч бодис худалдан авах тендерийг зарладаг аж.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!