Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөөлөгчид 2024 оны долдугаар сарын 31-нээс 2024 оны наймдугаар сарын 2-ны өдрүүдэд ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.
Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан Ажлын хэсгийн төлөөлөгчид Германы парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Др. Д.Шиндлер болон тус хүрээлэнгийн судлаач О.Канненбэрг нартай 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн байранд уулзаж, Германы Эвслийн Засгийн газар байгуулах, эвслийн гэрээний хэлэлцээ хийх үе шат, эвсэлд нэгдсэн улс төрийн нам хоорондын хамтын ажиллагааны туршлага солилцов.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг нар байлцав.
Уулзалтын үеэр Др. Д.Шиндлер 1949 оноос хойш ХБНГУ-д байгуулагдсан Эвслийн Засгийн газар, тэдгээрийн үйл ажиллагаа бөгөөд Германы эвслийн гэрээ байгуулах хэлэлцээний үе шат, 2021 онд байгуулагдсан ХБНГУ-ын “Гэрлэн дохио” Эвслийн Засгийн газрын үйл ажиллагаа, эвслийн гэрээний зохицуулалт, тус гэрээг хэрэгжүүлэх механизм, хэрэгжилт болон эвсэл байгуулах германы туршлагын талаар төлөөлөгчдөд танилцуулга хийсэн бол Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газар, Хамтарсан гэрээний төслийн талаар танилцуулж, Ажлын хэсгийн гишүүд эвслийн гэрээ, түүний хэрэгжилтийг хангах механизм, улс төрийн нам хоорондын хамтын ажиллагааны талаар асуулт асууж, туршлага солилцов.