Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Мягмардорж: Монгол Улс ШХАБ болон гуравдагч хөршийн бодлогодоо нарийн мэдрэмжээр хандах ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 4 секунд

Улс төр судлаач П.Мягмардоржтой Монгол Улсын гадаад бодлого болон ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

МОНГОЛ УЛСЫН ӨМНӨӨС ШХАБ-Т ЭЛСЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ГАДНЫН ЯМАР Ч УЛС ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сард болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад оролцох гэж буй. Манай зарим судлаачид, улстөрчид ШХАБ-ын талаар эрс шүүмжилсэн байдалтай хатуу байр суурь илэрхийлж ирсэн. Сүүлд л гэхэд ШХАБ-д элсэх хүсэлтээ гаргасан Беларусь улсын төрийн тэргүүн манай улсад айлчлах үеэр багагүй шүүмжлэлийг дагууллаа. Судлаачийн хувьд үүнийг юу гэж дүгнэх вэ?

- Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн айлчлалын өмнөх нь ШХАБ-ын ажиглагч статустай улсуудын хувиар Беларусь улс өөрөө элсэнэ гэдгээ зарлаж, Монгол Улс ч гэсэн элсэх гэж байгаа гэдэг үгийг тус улсын ерөнхийлөгч ярьсан. Үүний дараа Монгол улсад айлчилсан. Хачирхалтай нь Монгол улсад хийх айлчлалаас 10-аад хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусь улсад айлчилсан. Энэ үйл явдлуудыг холбож үзээд манай зарим судлаачид болон Орос-Украины дайныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлдэг улс төрийн сөрөг хүчнээс хүчтэй шүүмжилсэн. Хардах эрх нь ч тэдэнд бий.

Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко айлчлалын үеэр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ төгсөлд улс төрийн сөрөг хүчнийхнийг шүүмжилсэн магадгүй хувийн байр суурь бүхий зүйл илэрхийлснийг хэвлэл мэдээллийн байгууллагууд анзаарч сонссон. Гэхдээ тэр болон Александр Лукашенко гэдэг хувь хүний л байр суурь. Түүнийг нь манай улсын гадаад бодлоготой холбож тайлбарлах шаардлагагүй байсан гэж үздэг. Бид зөвхөн хоёр улсын найрсаг, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоо хадгалах нь чухал. Ямар ч улстөрч өөрийн гэсэн зан төлөвтэй, шийдвэр гаргах түвшинд янз бүрийн байр суурь илэрхийлэх тохиолдол байдаг. Энэ нь энгийн л үзэгдэл. Тэгэхдээ гол зүйл нь тухайн улстай харилцах харилцаагаа саармагжуулаад, хурц шүүмжлэлийг хэлэх нь өөрөө зохисгүй үйлдэл.

Юу гэх гээд байна вэ гэхээр, Александр Лукашенкогийн эрин үе дуусна. Беларусь улс цаашаа оршин тогтносон хэвээр л байна. Монгол Улс ч мөн олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо цааш үргэлжлүүлээд л явна. Тиймээс хэн ч ямар байр суурь илэрхийлсэн бид гадаад бодлогын хувьд нэгдмэл байх ёстой. Залгамж чанартай байх ёстой гэдгээ мартаж болохгүй.

Нөгөө талаас ШХАБ-т Монгол Улс элсэх эсэх асуудлыг гадны ямар ч улс өмнөөс нь шийддэг асуудал ч биш. ШХАБ-ын бүрэн эрхт байгууллагуудын хувьд Монгол Улсыг элсэх эсэхийг шууд шийдэхгүй. Бид өөрсдөө энэ асуудалд шийдвэрээ гаргах эрхтэй. Одоо хэрэгжиж байгаа манай улсын гадаад бодлогын хүрээнд бид ямар нэгэн эвсэлд үл нэгдэх, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоороо явж байна. Тухайн гадаад бодлогын үндсэн чиглэл нь хоёр хөрш оронтойгоо найрсаг харилцаатай байх. Мэдээж урд хөршийн бодлогоо цааш арчилж өнгөлөөд явах нь тодорхой.

Гэхдээ ШХАБ-т элсэх эсэх асуудлыг бид гаргахдаа томоохон гүрнүүдээс улс төрийн ямар нэг дарамт шахалт, дипломатын тулгалтууд ирэхийг үгүйсгэх арга байхгүй. Ийм тохиолдолд бид асуудалд маш ухаалгаар хандаж, учир байдлаар өөрийнхөө өнцгөөс маш зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Түүнээс биш эрс савласан гадаад бодлого явуулаад байж болохгүй.

-Монгол Улс ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч орон шүү дээ. Тэгэхээр цаашид ажиглагч орны статусаа хадгалж авч үлдэх нь чухал гэж үзэх нь бий?

-Бид энэ асуудалд нэлээд ул суурьтай хандах ёстой. Нэн тэргүүнд ШХАБ болон гуравдагч хөршийн бодлого хоёрынхоо хоорондын зөрчилдөж байгаа зүйлсэд мэдрэмжтэй хандах ёстой. Үнэхээр ШХАБ-т элсэх талаар яригдлаа гэхэд бид дотооддоо судлаачдын түвшинд, улс төрийн шийдвэр гаргалтын түвшинд бүр цаашлаад нийгмийн түвшинд авч хэлэлцэх ёстой болно. Түүнээс биш аль нэг том гүрэн, ШХАБ-т нэгдсэн улс орнуудын хамтын ажиллагааны түвшинд хийж буй айлчлал, уулзалтын түвшинд яригдах асуудал биш юм.

Ялангуяа олон улсын харилцаа хүчний төв рүү шилжиж байгаа энэ нөхцөлд Монгол Улс хаашаа, яаж явах вэ гэдгээ маш мэдрэмжтэйгээр зураглах ёстой. Ямар ч байсан одоогийн бидний баримталж байгаа хууль, эрх зүйн концепц бол эвсэлд үл нэгдэх, нээлттэй, энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлогоо баримталж байгаагаа цааш үргэлжлүүлэх нь зүйтэй.

ДОТООД УЛС ТӨРИЙН АСУУДАЛ МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГОД ХОРТОЙ НӨЛӨӨЛЖ БАЙНА

-Та сая хэллээ. Томоохон гүрнүүдийн улс төрийн тулгалтад орох эрсдэл гарахыг үгүйсгэхгүй гэж. Энэ жижиг улс орнуудыг нэг том зовлон байх?

-Тийм. Түүхийг харвал жижиг улс орнуудын сонголт маш хүнд байдаг. Төвийг сахих бодлого тийм ч муу бодлого биш. Атал хүйтэн дайны үед төвийг сахиад явж байсан Швед,Финляндыг хар. Одоо ОХУ-ын Украинд хийсэн дайны дараа Финлянд улс сонголтоо хийгээд нэг тал руугаа гараад явчхаж байна. Тэгэхээр зарим хүмүүс Монгол Улс яваандаа нэг тал руу гарах ёстой юм биш үү. Сонголтоо хийх ёстой юм биш үү гэж ярьдаг. Бид геополитикийн байршлыг заавал тооцож бодох ёстой. Мөн гадаад худалдаа, экспорт, импортын бодлогоо бодох хэрэгтэй. Миний хувьд бодоход хоёр хөршийн худалдаанаас хэт хамааралтай байгаа энэ цаг үед, ялангуяа эрчим хүчний хараат байдал, хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд дотооддоо хангах боломжоо судалж, ажил хэрэг болгох ёстой. Нуулгүй хэлэхэд дотоод улс төрийн асуудлаас болж бид хүнд байдалд ордог. Жишээ нь эрчим хүчний төслүүд явахгүй байх. Худалдаа, эдийн засгийн хувьд хэн нэгнээс хамааралтай байх гэх зэрэг.

Эцэст нь хэлэхэд одоо УИХ-ын сонгууль болж байна. УИХ-ын 126 гишүүн сонгогдоно. Тухайн хүмүүс нэг зүйлийг маш сайн ойлгох ёстой. Гадаад бодлогын хувьд нэгдмэл байх нь хамгийн чухал гэдгийг л чухалчлах нь зүйлтэй. Ямар нэгэн гадны гар хөл, дуу хоолой болоод байж болохгүй. Эсрэгээрээ нэгдмэл, залгамж чанар бүхий улс суурьтай шийдвэрүүд гаргаад явах ёстой.

Ярилцсанд баярлалаа

ТОМИЛОЛТ: Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрсний том тоглогч болох эхлэл тавигдлаа
ТОМИЛОЛТ: Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрсний том тоглогч болох эхлэл тавигдлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.