Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛОЛТ: Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрсний том тоглогч болох эхлэл тавигдлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 30 секунд

Монгол Улс дэлхийн зах зээлд нүүрсний том тоглогч болох амбиц бий. Өмнийн цэнхэр говьд сүндэрлэсэн энэхүү нүүрс баяжуулах үйлдвэр шан татлаа. Хэдхэн хоногийн өмнө үүдээ нээсэн уг байгууламжтай танилцахаар Цогтцэций сумыг сэтгүүлчдийн баг зорьсон юм. Улаанбаатар хотоос 535 км зайд байрлах энэ сум уул уурхайн бүс нутаг гэгдэх.

Жилд 10 сая тонн нүүрсийг нойтон аргаар угааж баяжуулах уг үйлдвэр 472 ажилтантай. Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тул тортог буухгүй. Тиймээс цагаан цамцтай ч явж болохоор цэвэрхэн орчинтой. Энэ утгаараа байгаль орчинд ээлтэй, хүний хөдөлмөрийг хялбарчилж цаг хугацааг хэмнэжээ.

Магадгүй автомат төхөөрөмжөөр нүүрсийг 50 мм хүртэл бутлахгүй бол өчнөөн хүн өдөр шөнөгүй нүүрсийг гараар буталсан ч ийм хэмжээнд хүрэхгүй. Ингэж бодвол технологийн давуу тал олон бий. Үйлдвэр бүрэн автомат тул хоёр агуулахад нийт дөрвөн хүн л ажиллана. Цогтцэций сумаас 30 хүрэхгүй километрт байрлах эл бүтээн байгуулалт эдийн засгийн шинэ гарц болжээ.

Үйлдвэр нийт 67 барилга байгууламжаас бүрдэж байна. Эхний ээлжид жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах бол цаашлаад 30 сая тонн хүртэл үйлдвэрийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй. Ингэснээр “Азид нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэх коксжих нүүрс баяжуулах үйлдвэр болох”-оор зорьжээ.

ҮНЭГҮЙДСЭН БАЙГАЛИЙН БАЯЛАГ МӨНГӨ БОЛНО

Юуны өмнө нүүрс баяжуулах үйлдвэртэй болох нь ямар ашигтай вэ? гэдгийг товчхон тайлбарлъя.

  • Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байна
  • Зөвхөн сайн чанарын коксжсон нүүрсийг сорчлохгүй, муу чанарын борлогдохгүй нүүрсээ хог дээр хаяхгүй мөнгө болно
  • Улс болон орон нутгийн төсөвт нийт 185.8 сая ам.долларын татвар хураамж төвлөрүүлэх боломжтой
  • 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болно.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн ноогдол ашиг, өгөөж нэмэгдэнэ

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР ХИМИ, ГАНГИЙН ҮЙЛДВЭР БАРИХ ШАН ТАТАВ

Гурван модуль бүхий нүүрс баяжуулах үйлдвэр нь бүрэн ашиглалтад орсноор бид дотооддоо химийн болон гангийн үйлдвэр барих суурь тавигдахыг “Эрдэнэс Монгол” ХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт тодотгож байв.

Тэрбээр “Аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний суурийг тавих зургаан үйлдвэр технологийн парк барьж байгуулах, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан болно. Эдгээрийн нэг болох кокс химийн үйлдвэр, кокс эрчим хүчний кластер, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр барих үйлдвэр технологийн паркийн концефц гарсан. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж нээлтээ хийж байна” гэсэн юм.

Дараа нь түүнээс энэ тухай лавлахад “Дарханд гангийн үйлдвэр баригдана. Гангийн үйлдвэрт хэрэглэгдэх гол түүхий эд нь коксжсон нүүрс. Уг түүхий эдийг нь энэ үйлдвэрт бэлдэнэ. Энэ утгаараа аж үйлдвэрийн гинжин хэлхээ 6 байршилд бий болох үйлдвэр технологийн парк бий болох учиртай. Тиймээс гангийн үйлдвэрийн төсөлд бид хүч тавин ажиллаж байна. Ирэх дөрвөн жил үйлдвэрийн суурийг тавьж аль болох ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэх тайлбарыг өгч байлаа.

ИРЭХ АРАВДУГААР САРААС НҮҮРСИЙГ УГААЖ БАЯЖУУЛЖ ЭХЭЛНЭ

Тавантолгой ордыг түшиглэн барьсан энэхүү нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийн модуль нь ийнхүү ашиглалтад ороод байгаа нь энэ юм. Нийт 300 сая ам.долларын өртгөөр боссон уг байгууламжийг одоогоор улсын комисс хүлээн аваагүй. Ямартай ч эхний нэг жилийн хугацаанд туршилтаар үйл ажиллагаа явуулна. Дараа нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлохоор төлөвлөж байгаа аж.

Эрчим хүчний шилжилтийг дагаад нүүрсний үнэ унаж буй эгзэгтэй цаг үед эл бүтээн байгуулалт эдийн засгийн шинэ гарц болсон нь сайн мэдээ.

Одоогоор нүүрс баяжуулах үйлдвэр дээр дурдсанчлан туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ирэх намраас нүүрсийг угааж баяжуулахаар төлөвлөснийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэлсэн.

Тэрбээр “Нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын үйл ажиллагааг эхлүүлсэн. Нүүрсийг бүрэн хэмжээгээр угааж боловсруулахыг бид ирэх намар буюу аравдугаар сарын орчимд төлөвлөж байна” гэсэн юм.

НҮҮРС ЗАХ ЗЭЭЛЭЭС ШАХАГДАХГҮЙ

Одоо ч нүүрсээ түүхийгээр нь автомашинаар урд хөрш рүү зөөдөг манай улсын хувьд нэмүү өртөг шингээж борлуулахаас өөр аргагүй цаг үед байна. Учир нь манай улсын эдийн засаг, худалдааны гол түнш Хятадын нүүрсний хэрэглээг танах, улмаар дэлхийн зах зээлд хэрэглээнээс шахах бодлого чангарахын хэрээр Монгол донсолно. Эдийн засаг нь уул уурхайгаас хараат тэр дундаа зэс нүүрсийг орлох боломжгүй өнөөдрийн нөхцөлд нүүрсний үнэ унах, экспорт буурах нь аюулын дохио!

Тэр дундаа эдийн засаг нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад хамаагүй жижиг манай улсын хувьд нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орж байгаа нь эдийн засагт бодитоор эерэг нөлөө үзүүлэх эсэх нь анхаарал татна. Энэ тухайд Х.Мөнхжаргал үргэлжлүүлэн хэлэхдээ “Эхний ээлжийн 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тооцож дараа шатны хэсгүүдийг нээхээр төлөвлөсөн.

Ер нь Эрдэнэс Тавантолгой ХК хатуу коксжсон нүүрснээс гадна сул коксжсон нүүрс буюу чанар муутай нүүрснүүд борлогддоггүй нүүрсээ борлуулах үндсэн гол зорилготой. Бид энэ жил 32 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэхдээ Баяжуулах үйлдвэрээс шалтгаалан экспорт нэмэгдэх боломжтой.

Эрчим хүчний нүүрсний хувьд дулааны хэрэгцээгээр ашиглагдаж байгаа. Харин манай үйлдвэрийн коксжих нүүрс ган төмрийн үйлдвэрт зориулагдаж буй түүхий эд. Гангийн үйлдвэр, ган төмрийн хэрэглээ байгаа цагт коксжих нүүрсний хэрэглээ зах зээлээс ачигдахгүй” гэсэн юм.

АЛТЫГ НЬ УХСАН Ч АВДАР ХАЯГДАХГҮЙ

Тавантолгой нүүрсний орд нь Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат, Ухаахудаг гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг аж. Өмнөговь аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 километрийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний энэхүү чулуун нүүрсний ордыг түшиглэсэн баяжуулах үйлдвэр нь байгалийн баялгийг жинхэнэ утгаар нь өнгөлж өгөөжийг нь нэмэгдүүлэх эерэг хүлээлт үүсгээд байна.

Эхний ээлжид 10 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нүүрсний борлуулалтын үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тооцжээ.

Учир нь Тавантолгой ордоос сайн чанарын коксжих нүүрсийг л сорчилж борлуулдаг байсан бол хаягдал болсон муу чанарын нүүрсээ мөнгө болгох боломж бүрдэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, алтыг нь аваад авдрыг нь хаядаг байсан үе ард хоцорч байгалийн баялаг үнэд хүрэх нь. Энэ тухай хэн юу гэж хэлснийг онцолъё.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

Бид олон жил нүүрсээ түүхийгээр нь олборлож зарим хүмүүсийн шүүмжилдгээр нэлээн хэмжээгээр сорчилж олборлосон. Үнэ цэнийг хямдруулсан. Ам нөхцлөөр зарсан, үр ашиг багатай ажилласан зэрэг нэлээн шүүмжлэлтэй явж ирлээ. Энэхүү үйлдвэрийн гол ач холбогдол нь нүүрсээ бүрэн ашиглаж бүрэн боловсруулна. Үүн дээр нэмэгдэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж үйлдвэрийн цогцолбор барьж байгуулна. Ингэснээр бид дэлхийд үнэ цэнтэй чанараараа гайхуулдаг “Эрдэнэс Тавантолгой”-н бүх давхаргын нүүрсийг бүрэн ашиглаад бүх түвшний боловсруулалтыг нь хийж утааг нь хүртэл ашиглах ийм үйлдвэр технологийн паркийн концепцыг боловсруулаад дуусаж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга:

Та бүхний барьж ашиглалтад оруулсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл нь тэртээ 1978 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс хойш ашиглалтад орсон Монгол улсын төрийн өмчийн хамгийн том үйлдвэр бүтээн байгуулалт болж байгаагаараа онцлог.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэхтэй зэрэгцэн цар тахал дэгдсэн хүнд жилүүдтэй нүүр тулсан. Гэсэн ч төслийн багийнхан богино хугацаанд барьж байгуулсанд талархал илэрхийлье.

Энэхүү нүүрс баяжуулах бүтээн байгуулалтын төсөл нь усан хангамж, нүүрс бутлах байгууламж, нүүрс ачилтын нэгдсэн төв, конверын системийн иж бүрдэл зэрэг дэд төслүүдээс бүрдэх бөгөөд та бүхнийг цаашид конверын бүтээн байгуулалтыг системийн бүтээн байгуулалтын ажлаа амжилттай гүйцэтгэж үргэлжлүүлж төслийн хоёр, гурав дахь модулыг барьж манай улсын иргэдийн хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо иргээдүйд иргэдийн үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

МОНГОЛ, ХЯТАДЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА ДАРААГИЙН ШАТАНД ГАРАХАД ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин:

-Өвлийн тэсгим хүйтэн, зуны халуунд говийн шуурганд ажиллаж, үйлдвэрээ барьж дууслаа. ЭТТ ХК-нд амжилт хүсье. БНХАУ, Монголын стратегийн түншлэлийн харилцааг дараагийн шатанд гаргахад бидний хамтын ажиллагаа чухал гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм хүртэл хална
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 27 хэм хүртэл хална
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.