Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЭХЭН СУРВАЛЖИЛГА: Үерт орон гэргүй болсон иргэдэд олгосон газарт АЙЛ “АМЬДАРДАГГҮЙ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
17 минут 18 секунд

Эл хуль эзэнгүй гэрүүд. Өрх нь бүтээлттэй, ихэнх нь цоожтой. Уулын аманд мөөг шиг энэ хэдэн гэрт хүн амьдардаг нь цөөн. Зэлүүд энэ газар бол үерийн гамшигт орон гэрээ алдсан айлуудад олгосон шинэ суурьшлын бүс. Богдын ам нэртэй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд харьяалагдах энэ газрыг Гадна тойруу ч гэдэг.

ҮЕРТ ОРОН ГЭРЭЭ АЛДСАН АЙЛУУДАД БАРЬЖ ӨГСӨН ГЭРТ ХҮМҮҮС АМЬДАРДАГГҮЙ...

Таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр 4-6 сая төгрөгийн үнэтэй ч айл амьдардаггүй. Энэ гэрийг 2023.08.11-нд айлуудад гардуулж байв.

Харамсалтай нь, Гадна тойруугийнхан бүх зүйлсээс алслагджээ. Эмнэлэг, сургууль байтугай хүний наад захын хэрэглээ болох худаг, дэлгүүр, автобусны буудал байхгүй.

Гэртээ хүрэх зам нь өвөлдөө халтиргаатай хэр баргийн хүн, машин явахааргүй, зун бороотой үед шаварт суухаар бартаатай бас бөглүү. Машингүй бол “хүн, нохойн хоол болох”-оор газар аж.

Бас машин ч найдвартай унаа биш. Өнгөрсөн гуравдугаар сард бид тус суурьшлын бүсийг зорихоор очсон ч халтиргааны улмаас хүрэх газраа хүрч чадаагүй буцаж байлаа. Иймд дахин очсон нь энэ юм. Энхэл донхол зам өглөө орсон бороо /2024.05.09/-ны улмаас шавартай байлаа. Хэрэв үер буусан бол машин явах аргагүй бололтой.

Биднийг очиход 50 орчим насны эрэгтэй хашааныхаа гадна газар шорооны ажил хийж байгаатай таарав. Тэрбээр “Манай энд хөдөөнөөс өөрцгүй. Интернетгүй. Ус долоо хоногтоо нэг удаа ирнэ. Машинтай учраас өөрсдөө хороо руугаа яваад усаа зөөдөг юм” гэв. Түүнийг Н.Бадрах гэдэг.

Гэрийнхээ үүдэнд амбаар барьсан хоёрхон айлын нэг нь тэднийх аж. Үүдээр нь орвол 80 литрийн багтаамжтай саванд хэрэглээний усаа нөөцөлсөн бололтой дүүрэн. Зуухны оронд цахилгаан халаагууртай, тавилгууд нь шинэхэн. Гэрийн эзэгтэй Г.Энх-Өлзий “Үерт хашаа, гэр бүгдийг нь алдсан даа. Төрөөс бидэнд шинэ гэр тавилгатай нь авч өгсөн.

Даанч автобус явахгүй болохоор хүндрэлтэй. Сургуулийн хүүхэдтэй болохоор хэцүү. Худаг, буудлаасаа нэлээн хол. Зөөврийн ус хааяа ирнэ. Өвөл огт ирээгүй.

Усаа төвөөсөө 21 дүгээр хорооныхоо хажуугаас машинтай л очиж авдаг. Сүлжээ барихгүй болохоор интернэтгүй. Харин биднийг нүүж ирснээс хойш долоо хоногийн дараа цахилгаанд холбосон” гэж байлаа.

Өнгөрсөн зуны наймдугаар сард Гадна тойруугийнхан шинэ гэр барьсан ч лаа, дэнлүүтэй өдөр хоногийг өнгөрүүлж байсан юм. Одоо ямартай ч гэрлээ асааж унтраах тогтой болж. Гэвч үүгээр асуудал цэгцрээгүй. Ар араасаа хөврөх тоочоод барахгүй олон саад бэрхшээл алхам тутамд бий.

Н.Бадрах, Г.Энх-Өлзий нар сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Ахлах болон дунд анги боловч автобус унаа явахгүй тул өглөө хичээлд нь хүргэж, орой нь хамт харьдаг байна. Биднийг очиход хүүхдүүд нь хичээлдээ явсан бололтой. Уг нь тэднийх үерт урсахаас өмнө сургууль, цэцэрлэгтэйгээ ойр амьдардаг байж. Харин өнөөдөр 2.6 километр энхэл донхол замыг нааш, цааш туулахаас өөр аргагүй болсон нь энэ юм.

Хэдийгээр нийслэлээс үерт орон гэр нь сүйдсэн өрхүүдэд гэртэй нь хамгийн ойр зайд 2-2.5 километр газар цахилгаан, худаг дэд бүтцийг нь шийдэхээр болж 20 айлд гэр олгож байгааг мэдэгдсэн байдаг ч өнөөдөр бодит байдал дээр иймэрхүү л байна. Хүн амьдрах нөхцөлгүй, уулын мухарт хэдэн гэр бариад л орхижээ. Үерт урсахгүй гэх баталгаа ч байхгүй. Эргэн тойрон нь гуу жалга, хог хаягдалтай.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ

Гадна тойрууд айлууд суурьшсан эсэх нь харахад л андашгүй. Тоотой хэд нь л хашаандаа цоож цуургатай, өрх нь нээлттэй төвхнөөд амжсан байлаа. Зарим нь хашааныхаа гадна машины зогсоол хүртэл тэгшилж бэлджээ. Гэтэл энд баригдсан 20 гэрээс ихэнх нь цоожтой, өрхөө бүтээсэн зарим нь хашаа хороогүй, айл амьдарч буй шинжгүй. Эзэнгүй шинэ гэр, хашаа нар салхинд гандаж, ийм л дүр зурагтай 10 сар өнгөрчээ. Гэтэл нийслэлээс олгосон гэх энэ 20 гэр иж бүрэн тавилгатай, зах зээлийн үнээр нэг нь 4-5 сая төгрөг, цахилгаан бараа, тавилгууд нь тусдаа үнэлгээтэй болохыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн хэлж байсан удаатай.

Даанч хүний наад захын хэрэглээ байхгүй зэлүүд энэ газарт хэчнээн үнэтэй сайхан гэр, тавилга байлаа ч хог дээр хаяснаас өөрцгүй.

Хатуухан хэлэхэд нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчээр орон гэргүй болсон иргэдэд гэр олгосон нэртэйгээр ам таглаж татвар төлөгчдийн мөнгөөр гэр барьж “тоглосон” байдалтай байна.

Тухайн үед /2023.08.11/ Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн мэдээлж байснаар үерт амь насаа алдсан болон орон гэрээ алдаж хохирсон хүмүүст Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс орон сууц болон иж бүрэн тавилгатай гэр олгож буйг мэдэгдсэн байдаг. Гэхдээ Засаг даргын халааснаас хохирсон иргэдэд гэр, орон сууцны зардал гараагүй. Энэ бол төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгө.Төрийн түшээд нарын хэтэвчнээс биш татвар төлөгчдийн халааснаас гарч буй мөнгө уйлдаггүй наад захын жишээ нь энэ.

XXI ХОРОО: ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН АЙЛУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ДҮҮРЭГТ ХҮРГҮҮЛСЭН

Ямартай ч шинэ суурьшлын бүсийг харьяалж буй Баянзүрх дүүргийн XXI хорооноос дээрх нөхцөл байдалтай холбогдуулан энэ жил үерт бэлэн байдлаа хангаж буй эсэхийг нь тодруулахаар орлоо.

Даанч өнөөх л “даргын зөвшөөрөлгүй” гэх үгээр ам таглав. Мөн хорооны нэг ажилтны хэлснээр шинэ суурьшлын бүсэд байгаа айл өрхүүдийн мэдээллийг дүүрэгт хүргүүлжээ.

ҮЕРИЙН УЛ МӨР ОДОО Ч АРИЛААГҮЙ БАЙНА

2023.08.05-ны өдрийн 20:00 цаг: Түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монель орчимд уулын үер бууж дөрвөн хүн амь насаа алдсаны дотор 10 сартай нярай байсан нь олон хүний зүрхийг шимшрүүлсэн юм. Энэ үерт 97 айлын хашаа байшин, гэр, 105 машин, хоёр контейнер усанд урссан байдаг. Тэдний нэг бол иргэн С.Отгонтөгс юм.

БЗД-ийн 27 дугаар хорооны иргэн С.Отгонтөгс: Үерт машинууд урсаж 600 сая төгрөгөөр хохирсон

Түүний хувьд 600 сая төгрөгийн хохирол амсжээ. Авто засварын төв нь усанд автаж хүний өөрийн машин, сэлбэг, эд анги, бараа бүтээгдэхүүн нь урссан байна. Ах дүү, найз нөхөд, эргэн тойрны хүмүүсийнхээ тусламжтай өнөөдөр дахин хөл дээрээ босож авто засварын төвөө хэвийн ажиллуулж байна. Энэ тухай ярихдаа “Гурван жилийн өмнө одоогийн энэ газраа 150 сая төгрөгөөр худалдан авсан юм. Энд авто засварын төвөө ажиллуулаад таван жил ч болоогүй байхад өнгөрсөн жил үер бууж энд зам дагуу цайны газар, дэлгүүр, гутал засварын газар бүгд л урссан. Манайх ч өртсөн. Хүмүүс машинаа засуулахаар тавьсан, зарим нь гараашт оруулж амжаагүй байсан юм. Муу, сайн ч хүний л эд хөрөнгө учраас үерт урссан хохирлыг нь би бүгдийг барагдуулсан. Эргээд үйл ажиллагаагаа явуулахад олон хүн надад тусалсанд баярлаж байна. Нэг алдахад эргээд босох юм. Олон жил хүмүүстэй гэмгүй сайхан нөхөрлөж явсны ач эргээд буян болж ирдэг юм байна” гэлээ. Түүний ярьснаар үер авто засварын төвийг давах хэмжээнд үерлэжээ.

Түүний гараараа зааж буй тоосгоны хэсэг бол өнгөрсөн зуны үерийн ул мөр 2024.05.09

Өнөөдөр ч үерийн ул мөр арилаагүй, ундуй сундуй хэвээрээ. Нурсан байшин, цөмөрсөн газар, тоосгон хашаанд тогтсон усны хар мөр 27 дугаар хорооны зам дагуу ийм дүр зурагтай. Үерт автаагүй байшингийн хана өнөөдрийг хүртэл хатаагүй байлаа.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эхэд 10 сарын дараа ч үер өчигдөрхөн болсон мэт тод аж.

2024.05.09-нд орсон түр зуурын борооны дараа Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эх орчимд

Иргэн Д.Сугарынх өнгөрсөн зуны үерт хашаа гэр нь урсжээ. Золоор хүү нь гэртээ байсан тул хүүхдээ тооноор гаргаж улмаар модон жорлон дээрээ тавьж эсэн мэнд гарцгаасан байна. Тэрбээр "Үерт гэр хашаа маань урссан. Гэвч амьдрах өөр газар байхгүй учраас засварлаж янзлахаас өөр сонголтгүй болсон. Бидэнд шинэ гэр өгснөөс өөр хохирол барагдуулаагүй. Үерийн дараа хүүтэйгээ хамт амьдарч байна. Харин үерээс хамгаалах ямар ажил хийснийг хэлж мэдэхгүй байна" гэлээ.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Д.Сугар

Түүний хэлснээр үерийн дараахан гэр, хашаа нь нүд хальтрам дүр зурагтай байж. Ингээд өөрсдийнхөө мөнгөөр 10 ковш шороо асгуулж янзалжээ.

Үерийн дараа шороо асгасан байдал. Хонхор үүссэн хэсэг нь үерийн ул мөр аж. БЗД-ийн 27-р хорооны оршин суугчийнх. Харин цаана модон жорлон бол хүүхдийг эсэн мэнд гаргахад тусалсан энэ хашааны ганц өндөр хэсэг байжээ.

Үерийн улмаас хохирсон иргэд бүгд л энэ зун борооноор дахин урсаж хохирохгүй байх гэдэгт итгэнэ. Ийм мөртлөө гамшигт үзэгдлийн дараа дүүрэг, хороонд нь үерээс урьдчилан сэргийлэх ямар ч ажил хийгдэхгүй байгааг бас шүүмжилж байлаа.

Одоогоор Дарь-Эхийн орчимд үерээс сэргийлсэн ажил одоогоор хийгдэж амжаагүй болохыг Геодизи, усны барилга байгууламжийн газрын инженер С.Батсайхан хэлсэн.

Тэрбээр “Өнгөрсөн зун манай байгууллага маш өндөр ачаалалтай ажилласан. Одоогийн байдлаар үерийн хор уршгийг арилгах, хамгаалах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ажлын явц 70 орчим хувьтай байна. Баянзүрх дүүрэгт үер болсон хэсэгт зургийн ажил хийгдэж байна” гэлээ.

Үргэлжлүүлэн түүнээс зөвшөөрөлгүй буусан болон эрсдэлтэй айлуудын нүүлгэн шилжүүлэх талаар ямар ажил хийгдэж байгааг асуувал “Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөлгүй буусан айлууд болон эрсдэлтэй бүсийн айлуудын судалгааг дүүрэг, дүүргээр нь гаргасан. Одоогоор нийслэлийн газар чөлөөлөлтийн хэсэгт чөлөөлөх ажлыг эхлүүлэх тухай яригдаж байна” гэлээ. Харин энэ тухайд Нийслэлийн Захирагчийн ажлын албаас эхлээд Газрын алба, Онцгой байдлын газар өнөөдрийг хүртэл чимээгүй байна. Угтаа бол өдийд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил тод нээлттэй мэдээллээ өгөх ёстой атал “хуралтай”, “амжихгүй” “судалж байна” “завгүй” “ойн баяртай” гэх зэргээр өнөөх л үгсээ тоть шиг давтаж шалтаг тоочсон байдалтай байна.

ХЭҮК-оос 2023 онд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтээр, нийслэлд үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад сөргөөр нөлөөлж байгаа хэд, хэдэн шалтгаан, хүчин зүйл байна гэж үзжээ. Үүнд:

Нэгдүгээрт, Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний дийлэнх нь 30-аас дээш жилийн насжилттай болж хуучирсан.

Хоёрдугаарт, Нийт шугамын 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагддаг. Хагшаас гэдэг нь усны урсгалаар гол мөрөн, нуур, цөөрөмд хөвмөл, умбуур, тунамал байдлаар оршдог, уулын чулуулаг болон хөрсний элэгдэл зэргээс үүссэн хатуу талстууд аж.

Гуравдугаарт, Газрын хүрэлцээ хангалтгүйгээс хотод шинээр шилжин ирэгсэд голын сав газар, гуу жалга, сайр, уулын бэл, үерийн далан, ус зайлуулах хоолойг хааж төвхнөдөг.

Дөрөвдүгээрт, Аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа уулын бэл, үерийн ус зайлуулах хэсэгт асгаж булдаг.

Тавдугаарт, Зөвшөөрөлгүйгээр эрсдэлтэй газарт буусан зарим айл өрхөд газрын зөвшөөрөл олгодог, эсхүл олгоно гэж итгэл төрүүлдэг байдлыг дурдаж болно. Дээр дурдсан нөхцөл байдлыг нэн даруй шийдвэрлэх, ус зайлуулах шугам сүлжээг засварлах, шинээр үерийн барилга, байгууламж барих ажилд хөрөнгө оруулалт хийх, угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх, холбогдох эрх зүйн орчин, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай.

С.АМАРСАЙХАН: БҮХ ШАТАНД ДУУГАРАХ ЦАГ БОЛСОН

УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “НҮБ-ын Гамшгийн эрсдэлээс хамгаалах үнэлгээний тайлангаар ирэх жилүүдэд бидний өмнө тулгамдаж буй гамшиг эрсдэлийн тоо хэмжээ 30 хувиар нэмэгдэх тооцоо гарсан.

Бидний тооцоолж байгаагүй буюу уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан аюулт үзэгдэл гурав дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа гарчээ.

Тэгэхээр эрсдэлийг багасгахын тулд хот төлөвлөлт, барилга, зам дэд бүтэц, эмчилгээ оношилгооны үйлчилгээ зэрэг олон зүйлсээ өөрчлөхгүй бол болохгүй байна. Бүх шатанд дуугарах цаг болсон” гэж байв.

2023 ОНД ҮЕРИЙН 107 УДААГИЙН ДАВТАМЖ БҮРТЭГДЖЭЭ

Жилээс жилд гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй. Өнгөрсөн оны найман сарын байдлаар зөвхөн үерийн аюул 107 удаа тохиолджээ. Статистик мэдээллээр, зөвхөн үерийг авч үзвэл 2020 онд 60 удаа болж байсан бол энэ тоо 2023 онд 107 болж нэмэгджээ.

Зуны дэлгэр цаг наашилж буй энэ өдрүүдэд ахиад л бороо орно, үер болох нь цаг хугацааны асуудал. Харин дахин эрдэнэт хүний амь үрэгдэж гэр бүл өнчирч, өчнөөн хүн орон гэрээ алдаж хоргодох байр бараадахгүй гэх баталгаа байхгүй. Муу л бол хойд захын хар овоохой гэдэг шиг зөвшөөрөлгүй буусан гэх шалтгаантай иргэд рүүгээ бурууг нийслэлийн удирдлагууд нь тохоод суух вий. Ганц зуны борооноор хүн хотгүй урссан гашуун сургамжийг энэ жил дахин давтагдах вий гэх болгоомжлол хаана ч бий.

Сумын заан А.Амархүүг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгажээ
Сумын заан А.Амархүүг үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.