Нэг хүнд ногдох ДНБ өссөн гэх “молиго”

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 59 секунд

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ өнгөрсөн онд 5875 ам.доллар болж өссөн хэмээн Засгийн газраас мэдээлсэн. 2022, 2023 онд уул уурхайн салбарын экспорт нэмэгдсэн нь дээрх тоо дээшлэхэд нөлөөлсөн юм. Хэдий энэ мэтчилэн том, “гоё” тоо хэлж буй ч иргэдийн амьдралд нөлөөлж байна уу гэвэл үгүй. Харин ч худалдан авах чадвар нь муудаж, бизнесийн үйл ажиллагаа хумигдсан учраас ийн хэлсэн хэрэг. Нөгөөтээгүүр, жил ирэх тусам төгрөгийн ханш суларсаар байна. Үүсээд буй нөхцөл байдлыг бодитоор харалгүй “хуурай” тоо хэлсээр, арга хэмжээ авахгүй бол эрсдэл их. Тэдгээрийн нэг нь дундаж орлогын хавх (middle income trap) гэдгийг эдийн засагчид анхааруулж байна.

Дундаж орлогын хавх гэдэг нь эдийн засгийн өсөлтийн эхний үеийн эерэг нөлөөллийг зөв ашиглаж чадаагүйгээс иргэдийн орлого нэмэгдэхгүй, гацах үзэгдэл аж. Үүний гол шалтгаан нь буурай хөгжилтэй дийлэнх улс хөгжиж буй орны статуст шилжээд бодлогын алдаа гаргах, популизмд автах зэргээс үүдэлтэй гэнэ. Манай улсын хувьд ийм хавханд хэдийн орсон гэхэд болно. Тодруулбал, уул уурхайн салбарын үйл ажиллагаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улс 2010-аад оноос буурай хөгжилтэй орноос хөгжиж буй улс руу шат ахисан. Гэвч үүнээс хойш нэг хүнд ногдох ДНБ 4000-5000 ам.доллар орчимд гацсан нь дээрх үзэгдлийг илтгэж буй хэрэг.

Эрх баригчдын хавтгайруулсан халамжийн бодлого, төсвийн зардлыг тэлж байгаа нь ч үүнд нөлөөлсөн нь тодорхой. Түүнчлэн аж үйлдвэржилтэд анхаараагүй, авлига, ядуурал нэмэгдсэн, ажил эрхлэлт буурсан зэрэг нь нөлөөлсөн нь мэдээж. Халамжийн бодлого нь иргэдийн хөдөлмөрлөх сонирхлыг бууруулж байгаа бол төсвийн хэт тэлэлт, төрийн том бүтэц нь хувийн хэвшлийнхэн хөгжих, бүтээмж нь нэмэгдэх орон зайг шахаж байгаа учраас аргагүй. Энэ хэвээр “хавх”-наас гаралгүй удвал Мексик, Латин Америкийн орнууд шиг хөгжихгүй, иргэдийн амьжиргааны түвшин, амьдралын чанар сайжрахгүй, популизм газар авах өндөр эрсдэлтэй.

Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг илэрхийлэх гол үзүүлэлт болох цалингийн орлогын ДНБ-д эзлэх хувь манайд өнгөрсөн жилийн эцэст 28 орчим хувь байсан нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас (40 хувь) харьцангуй доогуур гэсэн үг. Бас хэрэглээний зээлийн өсөлт 35.5 хувьтай байсан нь иргэд гар дээрээ мөнгөгүй байгааг илтгэж буй.

Нэгэн эдийн засагч “Өрхийн бодит орлого 2015 оны үнээр 1.3 сая төгрөг буюу сүүлийн гурван жил дээшлээгүй, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөө гүйцэхгүй иргэд улам ядуурч байна. Ядуурлын шугам 30 орчим хувьтай байгаа гэдэг ч хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй. Ер нь манайд дундаж давхарга гэх ойлголт байхгүй болох аюул нүүрлэхийг ч үгүйсгэхгүй” хэмээн ярьсан юм.

Бодит байдал ийм байхад Засгийн газар эдийн засаг өссөн, иргэдийн амьдрал сайжирсан гэж шүгэлдэж, халамж тараан, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлэн, төсвийг тэлсээр байна. Бүр сонгууль угтуулж, төсвийн зардалд тусгаагүй атал малчдын саналыг авах санаархлаа биелүүлэхээр хууль зөрчин байж “Шинэ хоршоо” гэх таван их наяд төгрөгийн хөдөлгөөн гаргаж ирлээ.

Яг 8 жилийн өмнө буюу 2016 оны зургаадугаар сарын 20-нд нэг ам.доллар 1950.34, 2020 оны мөн үед 2819.57 төгрөгтэй тэнцэж байжээ. Тэгвэл өдгөө нэг “ногоон” 3381.19 төгрөгтэй дүйж байна. Өөрөөр хэлбэл, 8 жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр америк мөнгөн тэмдэгтийн ханш даруй 73.36 хувиар өсчихөөд буй нь энэ. Мөн инфляц найман жилийн өмнөх өдийд 1.2 хувь байсныг Үндэсний статистикийн хорооны цахим хуудаснаас харж болно. Энд нэг зүйл дурдахад, сүүлийн жилүүдэд инфляцын түвшин өндөр, хоёр оронтой тоонд хүрээд байсан билээ. Өнгөрсөн есдүгээр сараас л нэг оронтой тоонд (есөн хувь) шилжсэн. Бодлогын хүү ч өндөр хэвээр байгаа. Тухайлбал, эл хүүг 2022 оны нэгдүгээр сараас хойш тасралтгүй өсгөж ирсэн юм. Дараа жилийнх нь эхний сард 13 хувь болгон дээшлүүлснээс хойш хэвээр хадгалж байгаад 2024 оны гуравдугаар сард 12, тавдугаар сард 11 болгоод буй билээ. Өөрөөр хэлбэл, сонгууль угтуулан багахан бууруулсан гэж хэлж болмоор. Үүнээс гадна нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 2010 оноос хойш өссөнийг статистикаас харж болно.

Эдгээрээс харахад, өнгөрсөн жилүүд иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар халтай байсан нь төвөггүй ойлгогдож буй биз. Тэгэхээр бүтэн найман жилийн өмнө 2016 онд 3681 ам.доллар байсан нэг хүнд ногдох ДНБ-ий үзүүлэлт өнгөрсөн жил 5875-д хүрсэн ч иргэдийн амьдралд эергээр нөлөөлөөгүйд гайхах зүйл үгүй. Өөрөөр хэлбэл, эрх баригчид нэг л их том тоо ярьж, молиго үмхүүлж байгаагаас ялгаа алга.

Нэг хүнд ногдох ДНБ-ийг 6000 ам.долларт хүргэнэ гэж МАН-ынхан хөөрцөглөж буй. Аз таарч уул уурхайн экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ тэгтэл хямдрахгүй байж, дээрх дүнд хүрлээ ч ард иргэдийн амьдралд ямар ч эерэг нөлөө гарахгүй ээ, энэ янзаараа. Товчхондоо, энэ тоо өндөр байлаа гээд иргэдийн орлого нэмэгдсэн гэсэн үг биш учраас баярлах зүйл үгүй. Дахин дурдахад, тавааруудын экспортын ачаар л дээрх дүн өсөж буй билээ.

Б.Сонор

СОНГУУЛЬ 2024: Гадаад дахь монголчуудын санал хураалт үргэлжилж байна
СОНГУУЛЬ 2024: Гадаад дахь монголчуудын санал хураалт үргэлжилж байна
 
Нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа
Нийт таван байршилд 7720 тонн ус сорууллаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц