Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбарт, тэр дундаа нүүрсний экспортоос хамаарч хөл дээрээ тогтож, мөн л түүнээс болж унасаар ирсэн нь өнөөдөр хэн бүхэнд тодорхой болсон бодит үнэн. Бид уул уурхайн бүтээгдэхүүн зарахаас бусдаар гадаад ертөнцөөс дорвитой валют олдог үйлдвэрлэл, эдийн засгийн өөр тулгуур баганатай болж чадаагүй хэвээр. Монголын төсөв, төгрөгийн ханш, валютын нөөц гээд бүхий л макро үзүүлэлтүүдийн ард нүүрс л байсаар байна.
2023 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 83 хувийг нүүрс эзэлж, уул уурхай нийт ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлсэн. Нүүрсээс олсон орлогоороо барилга, дэд бүтцэд хөрөнгө оруулж, төсвийн алдагдлаа нөхөж, баяр ёслолоо тэмдэглэж, иргэдийнхээ хэрэглээг санхүүжүүлдэг цикл үргэлжилсээр. Харин тэр орлогоо дэд бүтэц, бүтээмжтэй хөрөнгө оруулалтруу чиглэсэн үү гэвэл эргэлзээтэй.
Алтан дээр суусан гуйлгачид уу, эсвэл…
Монгол Улсад өнөөдөр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татсан, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн салбарын төсөл хоёрхон л бий. Оюу толгойн төсөл гэхэд 17 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, 20 мянга гаруй ажлын байр бий болгож, манай валютын нийт нөөцийн 40 орчим хувийг бүрдүүлдэг. Үүний араас цэвэр эрчим хүчний шинэ эрин эхлэж буй энэ үед Монголыг дэлхийн ураны зах зээлд тоглогч болгож чадах Францын “Орано майнинг” компанитай Засгийн газар саяхан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь ирээдүйд стратегийн өндөр ач холбогдол бүхий төслийн нэг болох боломжтой.
Гэвч уул уурхайн эсрэг улс төржилт, нийгмийн эсэргүүцэл, хууль эрх зүйн тогтворгүй байдал, зэрэг нь салбарыг тасралтгүй доройтуулсаар байна. Энэ бол зөвхөн эдийн засгийн бус, стратегийн чухал салбарыг чөдөрлөх чөдөр юм.
Нэг зах зээл…
Өнөөдөр Монгол нүүрсээ бараг 100 хувь урд хөрш рүү экспортолдог. Хятад улс бол Монголын нүүрсний экспортын цор ганц худалдан авагч бөгөөд үүнээс үүдэх стратегийн хамаарал маш өндөр.
Гэвч бид энд нэг чухал тоог анхаарах ёстой. Хятад бол өөрөө нүүрсний дэлхийн хоёр дахь том нөөцтэй орон бөгөөд 2024 оны байдлаар 669 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй, жилд 4.78 тэрбум тонн нүүрс олборлодог. Мөн 2024 онд гадаадаас 543 сая тонн нүүрс импортолжээ. Цэвэр эрчим хүчний хэрэглээ огцом өсч байгаа энэ цаг үед тэд 2035-2040 он гэхэд нүүрсний хэрэглээгээ шат дараатайгаар бууруулахаа мэдэгдсэн.
Бид ойрын 15 жилд жил бүр дунджаар 100 сая тонн нүүрс экспортоллоо гэхэд нийт 1.5 тэрбум тонн нүүрс гаргана. Энэ нь Тавантолгойн 8.1 тэрбум тонн нөөцийн дөнгөж 20 хувь. Харин үлдсэн 6.6 тэрбум тонн нүүрс хаашаа, хэзээ, хэрхэн зарагдах вэ гэдэг асуултад хариу алга.
Худалдааны дайн ба геополитик
АНУ-Хятадын худалдааны дайн нь дэлхий даяар худалдааны урсгал, ложистик, нийлүүлэлтийн сүлжээг өөрчилж, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгосон. АНУ Хятадыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэгч гэж тодорхойлж, экспорт, технологийн хориг тавьж, харилцан өндөр тариф тогтоочихлоо. АНУ зарим стратегийн бүтээгдэхүүнд 145%-ийн татвар ногдуулсан бол Хятад 125% хариу татвар тавьсан.
Энэ мэт эрсдэлтэй, урьдчилан таамаглах аргагүй нөхцөлд Монгол ганц экспортын цонх болсон Хятад руу нүүрс гаргах бодлогоосоо хэт хамааралтай байгаа нь ноцтой асуудал юм. Зах зээл байгаад, үнэ өсөөд ч бидний экспорт нэмэгдэх эсэх нь Бээжингийн хүсэл, хил дээрх ложистик, боомтын багтаамжаас шууд хамаарна.
Ганц мод боомт дах нүүрс ачиж буулгах талбайн хүчин чадал 4.8 сая тонн. Энэ хэмжээ давсан тохиолдолд тээвэр зогсож, ачаалалд дарагдан, хилийн цуваа олон арван километрээр сунан үргэлжилдэг. Энэ бол логистикийг сайжруулах тухай биш, бодлогын асуудал.
Уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа бол энгийн бараа бүтээгдэхүүн шиг амар хялбар арилжаа биш. Арилжааны үнийн дүн өндөр, олон улсын хууль, стандарт, геополитик, эрэлт нийлүүлэлтийн динамикаас шууд хамааралтай.
Цахилгаан станц, гангийн үйлдвэрүүд зэрэг эцсийн хэрэглэгчид асар их хэмжээний нөөцөө нэг дор худалдан авах боломжгүй тул дийлэнх тохиолдолд олон улсын худалдааны компаниар (бидний нэрэлдэгээр ченжүүдээр) дамжуулан олборлогчтой гэрээлэхийг илүүд үздэг.
Бодитой байцгаая
Монгол Улс уул уурхайг “улс төрийн зэвсэг” бус, “эдийн засгийн хөшүүрэг” болгон хөгжүүлэх шаардлагатай.
Үүний тулд бид:
• Хууль, эрх зүйн орчноо тогтвортой, ойлгомжтой болгох,
• Уул уурхайн салбарыг улс төржилтөөс ангид байлгаж, нийгмийн ойлголтыг зөв болгох,
• Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын итгэлцлийг бий болгох шаардлагатай байна.
Нөгөө талаас, бодит байдлыг бид хүлээн зөвшөөрөх нь асар чухал. Монгол хичнээн нүүрс олборлож, экспортлох хүсэлтэй байсан ч урд хөршийн бодлого, эрэлт хэрэгцээгүй бол бид мянга тийчлээд ч нэмэргүй. Бээжин үгүй гэвэл бид “алтан дээр суусан гуйлгачид” хэвээр үлдэнэ.
Тиймээс Геополитикийн нөхцөл байдал тогтвортой байгаа үед, мөн Хятадын эрэлт, импортын бодлого эерэг хандлагатай байгаа мөчид, боломжийг алдалгүй ашиглах нь бидний ухаан зарах асуудал юм.
Товчхондоо, уул уурхайгаа зөв ойлгож, зөв ашиглаж, зөв харилцаж чадвал Монгол эдийн засаг “гутлаа чирсэн” байдлаас “хөлөө олсон” хөгжил рүү дэвших бүрэн боломжтой.
Э.Очбаяр
2025 оны 4 дүгээр сарын 11
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!