Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг "Засгийн газар огцор" нэртэй жагсаалыг санхүүжүүлсэн хэмээн мэдэгдэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Хачирхалтай нь тухайн үед түүнийг хуулийнхан шалгаж, цагдан хориогүй бөгөөд одоо хэр нь ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгаагүй байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайдын тухайн үед хийсэн ноцтой мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр улсын нууц задруулсан байж болзошгүй гэх асуудлыг хөнджээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд талбай дээр "Засгийн газар огцор" гэдэг жагсаал болохын өмнө Дотоодын цэргийн командлагч Р.Чингис энэ жагсаалыг санхүүжүүлсэн юм шиг ийм ноцтой мэдэгдэл олон нийтэд хэлсэн байдаг. Миний хувьд гайхаж, цочиж хүлээж авсан. Энэ бараг төрийн эргэлт маягийн мэдэгдэл хийчхэж байгаа байхгүй юу. Би бол итгээгүй. Энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүний хувьд, Р.Чингис гэдэг генералын зам мөрийг зах зухаас нь мэдэх хүний хувьд би бол итгээгүй. Гэхдээ бас далд нууц мэдээлэл байдаг л юм байх даа гэж бодсон. Хэрэв тэр мэдээлэл үнэн бол энэ хүн өдийд цагдан хоригдчихсон, төрийн эргэлт хийх гэсэн гээд явах байсан. Энэ чинь 20 жилийн ялтай, онц ноцтой хэрэг шүү дээ. Гэтэл ийм хүнд гэмт хэрэгт хүнийг буруутгаад яриад явчихсан. Сайд хүн далд, нууц мэдээлэлтэй танилцаад байдаг хүн биш шүү дээ. Энэ жагсаалыг саармагжуулах зорилгоор улс төрийн зорилготой мэдээлэл хийчихсэн. Генерал хүний зам мөр, нэр төр, үр хүүхэд нь байна. Тэгээд энэ чинь цагдаагийн байгууллагын дарга байсан хүн шүү дээ. Би дотроо юу гэж хардсан бэ гэхээр Р.Чингис генерал бол Х.Баттулга гэдэг хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж баривчлах бодитой үйлдэл хийсэн хуулийн байгууллагын цорын ганц дарга гэж харж явдаг. Тиймээс жагсаал далимдуулж улс төрийн өшөө авсан гэж хардаж байгаа. Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнуудыг улстөрчид бие биеэсээ өшөө авах хэрэгсэл болгох юм битгий гараасай гэж бодож байгаа. Хэрэв Ерөнхий сайдад тийм түвшний мэдээлэл байгаа бол тэр хүн гүйцэтгэх буюу "улсын нууц" задалсан хэрэгт орно. Эсвэл тэр хүн ял авах ёстой" гэв.
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!