Нийслэлийн хэмжээнд тохиолдож буй аюулт үзэгдэл ослын ихэнх хувийг орон сууцны хороололд гарч буй гал түймэр, осол, үер усны дуудлага мэдээлэл эзэлж байгааг НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням хэлэв. Тэрбээр "Гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах ажлыг эрчимжүүлж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний нэгдсэн зохион байгуулалтыг хангах нь чухал байна" гэсэн юм.
Хамгийн сүүлд, Дүнжингарав худалдааны төвийн орчимд газ дэлбэрсний улмаас 207-р байр шатаж, иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохироод байгаа юм.
Өнөөдөр Онцгой байдлын газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр уулзалт зохион байгуулсан байна.