Б.Пүрэв: Дархан төмөрлөгийн үйлдвэрт ажлаа хийж байгаад угаартан, тал бие минь мэдээгүй болсон ч удирдлагууд одоо ч огт тоохгүй, арга хэмжээ авч өгөхгүй байгаад гомдолтой байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
8 минут 44 секунд

Дархан төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байхдаа угаарын хийн хордлогод орж, тархины харвалт үүсэж, биеийн тал хэсэг нь мэдээгүй болж хөдөлмөрийн чадвараа алдаж хохирсон иргэн Б.Пүрэвтэй ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Баяраагийн Пүрэв гэдэг. Одоо 50 настай. Эрүүл мэндээрээ хохироод найман жил болох гэж байна.

-Тухайн үед юу болсон талаар та мэдээлэл өгөөч?

-Би тухайн үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг байсан. Одоо Төрийн өмчит компани болчихсон. Намайг ажиллаж байх үед хувьд байсан юм. 2017 онд арваннэгдүгээр сард шөнийн 27-28-нд шөнийн ээлжид гарч байгаад манай цехийн дахин халаах зуух гэж байдаг. Гадна талаасаа нүүрсээр халаадаг хийн зуухны хийнд хордсон. Оройн 20:00 цагаас өглөөний 08:00 цагийн хооронд ээлжид гардаг хэсгийн ажилчид, краныхан, чанарын ажилчид, тооллогын ажилчид гээд 20-24 хүн нэг ээлжинд хонодог. Хоёр алхмын цаадах бие биеэ харахгүй тийм л утаан дунд ажиллаж байсан даа. Маргааш өглөө нь буугаад харьсан. Унтах гээд жаахан хэвттэл толгой өвдөөд, гэдэс дотор гүйлгээд чацга алдаад эхэлсэн. Тэр үедээ угаарын хийнд хордсоноо мэдээгүй. 48 цаг болох гэж байхад шөнө 00:00 цагийн үед эмнэлгээс залгаад "Та хордсон байна эмнэлэг дээр ирж шинжилгээ өгнө үү" гэж залгасан. Тэгж л анх удаа хордсоноо мэдсэн.

-Тэр үед нийт хэдэн хүн хордсон юм бэ?

-Шөнийн ээлжний 20-24 хүн байсан. Дээр нь өглөөний ээлжнийхэн зөрөөд орсон. Нийт тэр өдөр 34 хүн хордсон байдаг. Тэр дунд жирэмсэн хүн хүртэл байсан. Түүнээс 7-8 хүнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн. Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг зургаан сар ажлын байранд нь ажиллуулахгүй, гадаа нүүрс ялгадаг канвер дээр ажиллуулсан. Эмнэлэгт хэвтээгүй хүмүүс нь шууд ажилдаа буцаж ороод явсан.

-Та тэр үед зүгээр ажиллаад байсан хэрэг үү. Өөр ямар нэгэн хор нөлөө илэрсэн үү?

-Байнгын толгой өвдөлттэй яваад байсан. Мэргэжлийн эмчлэх эрхтэй бариач сувилагчаар орой болгон толгойгоо бариулдаг болсон. Ингэж явсаар тэрхүү хордлогоос дөрвөн сарын дараа 2018 оны гуравдугаар сарын 28-ны орой ажилчдын унаанаас бууж толгойгоо бариулаад харьж явахдаа гудамжинд тархины харвалт гэдэг өвчинд өртөж ойчсон.

-Тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч чадсан уу?

-Ойр хавьд байсан хүмүүс түргэн дуудаж өгөөд, эмнэлэгт очсон. Гэхдээ харвалт нь тархин дотор явагдаад, тархи гэмтчихсэн болохоор хурдан сэргэлт авах нь муу талдаа болчихсон байсан юм билээ.

-Тэгээд хот руу шилжиж ирсэн үү?

-Би Дарханд түр оршин суудаг хотын хаягтай байсан л даа. Хаягийн дагуу Дарханы эмнэлгийнхэн хот руу хүргэж ирсэн. Дүүргийн эмнэлгээр дамжиж явсаар 10 хоногийн дараа хагалгаанд орсон. Түүнээс хойш биеийн зүүн хэсэг ямар ч мэдээ байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй өрөөл татуу хүн болоод найман жил болох гэж байна.

-Тухайн үед хордлогод цуг орсон хүмүүсийн биеийн байдал одоо ямар байгаа вэ?

-Зарим нь тэтгэвэртээ гараад явах нь явсан. Одоо ажиллаж байгаа цөөхөн хэдхэн хүн л байгаа. Нэг нь Дарханд байдаг. Унаж татдаг болсон гэж сонссон. Ихэнхээс нь холбоо тасарсан. Тухайн үед та нар хордлогод орсон. Цусанд чинь хор шингэсэн байгаа. Эрүүл агаарт бай. Алсдаа саармагжиж байхгүй болно л гэсэн юм эмнэлгийнхэн хэлсэн байдаг.

-Тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явахдаа угаарын хийнд хордсон. Эрүүл мэндэд ийм ноцтой асуудал үүслээ гэдгээ байгууллагадаа хандаж хэлсэн үү?

-Би өндөр настай ээжтэйгээ хоёулаа л амьдардаг. Ээж минь түүний араас хөөцөлдөөд явж чадаагүй. Намайг асрах хэцүү ажилтай болсон учраас хөөцөлдөөд явж чадаагүй. Тухайн үед манай цехийн хамт олон эмчилгээний зардалд хандив цуглуулж өгсөн байдаг. Дараа нь би өөрөө хоёр удаа цехийн нөхдөдөө өргөдөл бичсэн. Би харваснаасаа хойш энгийн гутал өмсөж чадахгүй протезын гутал өмсдөг болсон. Түүнийг авахад туслаач гэж хоёр удаа тусламж авч байсан. Түүнээс үйлдвэрийн талаас ямар ч туслалцаа дэмжлэг үзүүлээгүй. Үйлдвэрчний хорооны гишүүн байсан гэж Үйлдвэрчний хорооны дарга нь нэг удаа эмчилгээнд нь хэрэглээрэй гэж 100 мянган төгрөг ээжид минь өгсөн байсан. Түүнээс өөр юм байдаггүй.

-Тэгээд үйлдвэртээ хэзээ яаж хандсан юм бэ?

-Ослоос хойш таван жилийн дараа хуулийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаад ХЭҮК-т хандсан. Хуулиараа явахаар өмгөөлөгч авах, нааш цааш явах боломжгүй байсан л даа. Одоо ч ялгаагүй. Группийн мөнгө, өндөр настай ээжийнхээ тэтгэврээр л болгож байдаг. ХЭҮК-оор дамжуулан үйлдвэрт хандсан боловч одоо болтол шийдтэй хариу өгөөгүй л байна.

-Танаас үйлдвэрийн удирдлагуудын зүгээс уулзаж, уучлалт гуйж ямар нэгэн харилцсан зүйл байдаг уу?

-Одоог хүртэл надтай биечлэн уулзаж, асууж холбогдсон зүйл байхгүй. Эрүүл мэндээрээ хохирсон найман жилийн гомдол цөхрөл л байна даа. Үйлдвэрийн удирдлагууд ирж уулзаасай. Нөхцөл байдлыг минь нэг хараасай. Эрүүл мэндээрээ хохироод найман жил боллоо нөхөн төлбөр гэж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зүгээс энэ хугацаанд нэг ч төгрөг өгөөгүйд үнэхээр гомдолтой байна.

Г.Ууганбаатар: Үйлдвэрийн удирдлагууд "Эвийн журмаар шийдье" гэж гомдлоо татуулсан ч хариуцлагаа хүлээхгүй байгаа нь үнэхээр харамсалтай

Бид иргэн Б.Пүрэвийн асуудлаар ХЭҮК-оос тодруулсан юм.

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Бид иргэний гомдлыг хүлээж авсан. Тус гомдлын агуулга нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Үүнтэй холбоотой хохирол төлбөрийн асуудал шийдэгдэхгүй байна гэсэн гомдол ирүүлсэн. ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, хохирлыг нэхэмжилсэн. Иргэн Б.Пүрэвийн хөдөлмөрийн харилцааны явцад үүссэн хохирлыг барагдуулах, актыг нөхөж тогтоох агуулга бүхий нэхэмжлэл шүүхэд гаргаад, иргэний хэрэг үүсээд явж байсан.

Энэ асуудлаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзсан. Үйлдвэрийн удирдлагууд энэ асуудлаар санаачилгатай ажиллана, хөдөлмөрийн харилцааны дотоод журам, бусад нийгмийн хамгааллын чиглэлээр мөрдөгдөж байгаа дүрэм журамдаа өөрчлөлт оруулж тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна гээд харилцан тохирсон. Ингээд шүүхээс гомдлоо татсан. Гэвч тохиролцооныхоо дагуу ажил явахгүй байсан учраас бид 2026 оны нэгдүгээр сард комиссын гишүүний шаардлага хүргүүлсэн. Харамсалтай Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ирсэн хариунд комиссын гишүүний шаардлагыг биелүүлэх боломжгүй талаар дурдсан байдаг. Бид шүүхээр асуудлыг шийдье гэсэн боловч эвийн журмаар шийдье гэж гомдлоо татуулсан ч хариуцлагаа хүлээхгүй байгаа нь үнэхээр харамсалтай үйл явдал болоод байна" гэлээ.

Барилгын дулаалгын материал, чанар, стандартын талаар санал солилцов
Барилгын дулаалгын материал, чанар, стандартын талаар санал солилцов
 
“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана
“Эрдэнэс Тавантолгой“-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өнөөдөр суллагдана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!