
Азийн наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх томоохон сорилт болох жүдо бөхийн “Их дуулга” энэ сарын 11-нд Унгарын нийслэл Будапешт хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 70 орны 530 гаруй жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн гурван жин, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд нийт 10 тамирчин өрсөлдөхөөр Будапештийг зорьжээ. Тэдний дунд Монголын жүдо бөхийн гол төлөөлөл болсон гавьяат тамирчин Б.Баасанхүү багтсан байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан нар зодоглох бол 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж нар хүч үзнэ. Харин 73 кг-ын жинд Л.Энхдөл, Л.Анхзаяа нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн нар Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх юм.
Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 65 жүдоч бүртгүүлсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 34 тамирчин өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг болон эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн барилдаанууд болно. Харин Монголын тамирчдын өрсөлдөх дарааллыг тодорхойлох сугалааг маргааш зохион байгуулахаар товлосон аж.
Монголын багийг “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар удирдан оролцоно.
Будапештийн “Их дуулга” нь Монголын жүдочдын хувьд энэ оны томоохон зорилтуудын нэг болох Азийн наадам болон Дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ шалгах, чансааны оноо цуглуулах чухал боломж болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!