“30 гэр бүл”, “лицензийн наймаа”, “баялгийн хулгай” гээд хэлц, хэллэг болтлоо яригдах болсон сэдвээр УИХ нотлох баримтыг шинжлэн судлах ээлжит сонсголоо хийж эхэллээ.
“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зориулалтаар олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” буюу товчхондоо уул уурхайн лиценз тойрсон асуудлуудыг УИХ-ын 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу дөрвөн тусгай шалгалтын асуудал, 10 сэдвийн хүрээнд багцалжээ.
Уул уурхай урт гартай
Сонсголыг даргалагч алх цохин нээх хүртэл УИХ-ын энэ Түр хороо олон саад бэрхшээлийг давж, таамаглаагүй нөхцөл байдалтай тулгарчээ. Түр хорооны хурлын ирц бүрдэхгүй байх, товыг хойшлуулсан зэрэг нь мэдээ төдий ч үүний ард чухам ямар учир шалтгаан үүсч, үйл явц өрнөснийг сонсгол даргалагчийн нээлтийн үг зарим байдлаар тайлав.
Шалгах асуудлын хүрээ хязгаар өргөн ч шинжээчдийн ажиллах хугацаа харьцангуй богино байсан. Үүнийг үл харгалзан хуулийн хугацаандаа багтан сонсголыг зохион байгуулж, олон нийтэд мэдээллийг нээлттэй хүргэхээр шийдвэрлэснээ Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тодотгосон. Харин илүү ноцтой нь шалгалтад шаардлагатай нотлох баримтуудыг холбогдох байгууллагууд гаргаж өгөөгүйг тэрээр нийтэд зарлалаа. Түүний хэлснээр, шалгалтын хугацаанд нийт 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч 41 байгууллага хариу өгч, үүнээс 9 байгууллагын баримт бүрэн бус байжээ. Хариу огт ирүүлээгүй 12 байгууллага байгаа нь энэ удаагийн сонсгол ямар галтай болохыг харуулна. Төрийн зарим байгууллага, албан хаагчид УИХ-ын Түр хороог мэдээллээр хангах хуулийн үүргээ биелүүлэхгүй байх, эс үйлдэхүй гарган сонсголд саад тотгор учруулах оролдлого энэ мэтчилэн багагүй гарсан аж. “Урт гартай” энэ салбарын ужиг асуудлууд нийтэд дэлгэгдэхэд энэ зэргийн саад бэрхшээл тулгарах нь дамжиггүй. Ямартай ч Г.Занданшатараар ахлуулсан УИХ отгон сонсголоо эхлүүлж чадлаа.
Эхний өдөр хүн биш факт анхаарал татав
Өмнөх сонсголуудаар хэний хүүг дуудаж, хэний охиныг улайлгав гэдэг нь сэдэв болж ирсэн. Тэр сайд, энэ гишүүн, нөгөө хэн гээд л нэрсийн жагсаалт хөвөрдөг бол энэ удаад шинжээчдийн бэлтгэсэн тоо баримт, шинжилгээ, холбоо хамаарлын зураглалууд эхний өдрийг тодорхойлж чадлаа.
Товчхондоо бид жинхнээсээ “Эзэн-ээ харав”. 1992 оноос хойш Монгол улс 7 сая га газартаа хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Үүний дийлэнх нь нөгөө “30 гэр бүл”-ийн халаасанд бий гэдгийг нотлох баримт тод харуулав. Шууд болон хамаарал бүхий компаниар дамжуулан эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн тоогоор 40 лицензтэйгээр “Монголын алт МАК” ХХК тасархай тэргүүллээ. Энэ ч утгаараа хамгийн их тусгай зөвшөөрлийг яг энэ цаг мөчид эзэмшиж буй хувь хүмүүсийн жагсаалтын оройг Б.Нямтайшир, түүний гэр бүлийн гишүүд эзлэв. Тэгвэл үүний араас Монголросцветмет, Эрдэнэс Монгол зэрэг төрийн өмчлөлтэй томоохон аж ахуй нэгжүүд эрэмбэлэгдсэн бол улс төрийн нөлөө, хамааралтай гэж болох хэд хэдэн компаниуд зуузай холбосон нь сонирхол татна. Жишээ нь Ч.Сайханбилэг ерөнхий сайдын үед од нь гийж, огцом цойлсон гэж хэлж болох “Цайна инвестмент монголиа” ХХК хайгуулын 12, ашиглалтын 1 тусгай зөвшөөрлөөрөө улсын хэмжээнд нийт 170 орчим мянга га газар нутгийг эзэмшиж байна. Харин Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой хамаарал бүхий “Сакер ресорсус монголиа” ХХК хайгуулын 12 лицензтэй нь илэрч, олны нүдийг орой дээр нь гаргав. Соёлын сайд Ч.Номинтой хамаарал бүхий “Гацуурт” ХХК, бүртгэлтэй 15 лиценз байгаа ч эцсийн өмчлөгч Л.Чинбат сонсголд ирж тайлбар өгсөнгүй. Ямартай ч хамгийн хамгийнаа бид харцгааж чадлаа.
Асуудал байна
Эхний өдөр яригдсан нотлох баримтууд, тайлбарууд үүнийг харуулж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл явц, шалгаруулалт үнэхээр олон нийтийн хяналттай, хууль журмын дагуу явж буй эсэх нь хамгийн их эргэлзээ дагуулсаар ирсэн. Ашигтай, өгөөжтэй гэх талбайнуудыг сорчлон түүх, ингэхдээ холбоо хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан шийдвэр гаргуулах, болохгүй бол хуулийн цоорхой ашиглан шалгаруулалтыг будлиантуулах, бүр нууцаар ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй баримтууд гарч ирэв. Харамсалтай нь үүнийгээ хуулийн дагуу, журмын хүрээнд, нотлогдоогүй гэх хэр барагхан тайлбараар эрх мэдэлтэй этгээд өөрийгөө хаацайлан суухыг харцгаав. Төрийн байгууллага хооронд болон орон нутгийг засаг захиргаа мэдээллийн солилцоо дутмаг байдлаас болж газрыг давхардуулан олгож, иргэд, ААН-үүд, гол ус байгаль хохирсон олон арван кэйс яригдав. Энэ бүхэн асуудал байгааг харуулна. Мөн хууль зөрчсөн, гэмт хэрэг, авлигын шинж чанартай, үгсэн хуйвалдаж, буруутай үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллага зохих журмын дагуу анхааралдаа авах нь гарцаагүй биз ээ.
Баялгийн тэгш хуваарилалтын эхлэл цэг
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх, байгалийн баялгийг ашигласнаас олох орлого, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтоосон. Бид саяхан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа ч баталсан. Мөн баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих боломж УИХ-д бий болж, Хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж байна. Үүний дагуу энэ удаагийн парламент нийтийн ашиг сонирхлыг хөндсөн олон том асуудлаар шүгэл үлээж, Түр хороо байгуулан, сонсголуудыг ээлж дарааллан зохион байгуулж, шинэ жишиг тогтоолоо.
Үндсэн хуульд оруулсан баялгийн сантай холбоотой 6.2, УИХ-ын хяналт шалгалтын түр хороо байгуулахтай холбоотой 28.2 дахь заалтууд нэг автортай нь хачирхалтай. УИХ-ын дарга Г.Занданшатар уг сонсголд ач холбогдол өгч буйгаа чуулганы индэрээс хэдэнтэй зарлаж, шахаж шаардан ажиллаж, энэ хүртэл зүтгүүлсэн нь ч үүнтэй холбоотой биз. Тэрээр хүн биш хууль засаглаж, шударга ёс үйлчилдэг төрийг тогтоохын тулд эрх мэдлийн боломж бүрээ ашигласныг онцлох ёстой. Ямартай ч Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн байх, хамгийн гол нь баялгийн тэгш бөгөөд шударга хуваарилалтыг эхлүүлэх түүний эрмэлзэл, мөн л түүний авторлосон УИХ-ын хяналт шалгалт, нээлттэй сонсголоор дамжуулан бодит ажил хэрэг болох эхлэлийн цэгээ ийнхүү амжилттай хатгалаа.