
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Хувийн дунд сургуулиуд үнээ нэмдэг, төлбөрөө бүтэн жилээр авдаг асуудалд зохицуулалт хийхээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн ч ачир дээрээ энэ нь хувийн сургуулиудад хэрэгжихгүй байна. Жил бүрийн хавар ирэх хичээлийн жилийн суудлаа баталгаажуулж, төлбөрөө хийхийг шаардсан мэйл хувийн сургуульд сурдаг хүүхдүүдийн эцэг эхэд ирдэг. Гэхдээ төлбөрөө үндэслэлгүйгээр нэмэх, инфляцтай уялдуулахгүй байхыг юман чинээ бодохгүй, дур зоргоороо аашилсаар энэ нь сүүлдээ хэвийн үзэгдэл болтлоо даамжирчихлаа. Үүний нэг тод жишээ нь, ХБНГУ-ын соёлыг түгээх зорилготой Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулдаг “Дойче шуле” сургууль 2024-2025 онд 55, 2025-2026 онд 20, 2026-2027 оны хичээлийн жилд 55 хувиар сургалтын төлбөрөө нэмэгдүүллээ.
Сургалтын төлбөрийг нэг жилийн дотор 50–56 хувиар огцом нэмэх шийдвэрээ тавдугаар сарын 15-ний дотор төлбөрийн 50 хувийг төлөхгүй бол алданги тооцож, дараагийн жилүүдэд төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхгүй гэх сүрдүүлсэн агуулгатай мэйлээр сурагчид руу явуулсан байв. Ялангуяа 2026-2027 оны хичээлийн жилийн төлбөрийн 50–56 хувийн өсөлтийг сургуулийн багш нарын цалин нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа ч бодит байдалд багш нарын цалин маш бага хэмжээгээр нэмэгдсэн, эцэг эхчүүд төлбөрийн өсөлтийн бодит үндэслэл, сургуулийн цаашдын төлөвлөгөө, мөн нэмэгдсэн төлбөрийг юунд, хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй тооцоо мэдээллийг хүссэн ч хариу өгөөгүй аж.
ХБНГУ-ын соёлыг түгээх зорилготой Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулдаг “Дойче шуле” сургууль боловсролын үйлчилгээний чанар, багш нарын тогтвор суурьшил, герман хэлний хөтөлбөрт суралцаж буй хүүхдүүдэд зориулсан мэргэжлийн герман хэлний багшгүй байна. Энэ асуудлаар эцэг эхчүүд удаа дараа шаардсан ч биелүүлээгүй, “Хүүхдүүдээ аваад шилжиж болно шүү” гэж дарамталдаг. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ өөр сургуульд шилжүүлэх нь хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байдаг. Хүүхдийн орчин, найз нөхөд, хэлний орчин, дассан багш, сэтгэлзүйн тогтвортой байдал зэрэг нь маш чухал асуудал юм. Гэвч сургуулийн зүгээс төлбөрийн ийм өндөр өсөлт, шахуу хугацаатай төлбөрийн шаардлага тавьж байгаа нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд үзүүлэх бодит нөлөөллийг үл тоомсорлож, явцуу амин хувийн эрх ашгийн төлөө байна. Нөгөө талдаа салбарын сайдаасаа давсан эрх мэдэлтэй, аархуу бяртай байна.
Тус сургуулийн эцсийн өмчлөгчөөр Г.Булган ажилладаг. Тэрбээр Ардчилсан намын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа "Алт-дилерийн хэрэг"-т холбогдож байсан Да.Ганболдын охин юм. Тус сургууль 600 гаруй хүүхэдтэй. Ирэх хичээлийн жилд төлбөрөө ийн 50-56 хувиар нэмж буй нь магад 2028 оны сонгуулийн мөнгө хүүхдүүдийн сургалтын төлбөрөөр дамжуулан босгох гэсэн башир арга юм биш биз гэх хардлага төрж байна. Г.Булганы аав “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-д мөн байсан бөгөөд Монголын төр, боловсролын салбар энэ гэр бүлд өртэй мэт даналзаж буйн цаад эрх ашгийг хөөж, аудит оруулж шалгах шаардлага бийг илтгэж буй юм. Тийм ч учраас тус сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, УИХ-ын холбогдох байнгын хороо, ХБНГУ-ын Хилийн чанад дахь ЕБС-уудын асуудал эрхэлсэн төв газарт гомдол гаргаад байна.
Сургалтын агуулга, хөтөлбөрөө сайжруулдаггүй, герман хэл болон байгалийн ухааны хичээлийн багшгүй байгаа асуудлыг эцэг эхчүүд хөндөхөд, үл ойшоогоод зогсохгүй эргэх холбоогүй, үгийг нь сонсохгүй, дээрэнгүй үйлдэл нь герман соёлыг Монгол Улсад маш сөргөөр харуулж, нэвтрүүлээд зогсохгүй Монгол Улсад хувийн сургуулийн асуудалд төр тэр бүр оролцдоггүй сиймхийг ашиглаж даварч, үр дүнд нь хүүхдүүд хохирсоор байна.


Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!